fbpx Э.Буянтогтох: Аав минь сайхан хүү төрүүлжээ гээд тэнгэрээс хараад баярласан байх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
13 минут 10 секунд

Э.Буянтогтох: Аав минь сайхан хүү төрүүлжээ гээд тэнгэрээс хараад баярласан байх

Төл таван эрдэнийн дуу малчны хотонд цангинасан хаврын энэ өдөр наран ургах Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат аймгийн арслан Э.Буянтогтохыг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор урьж, ярилцлаа.

-Хурдны өлгий нутгийн хүү багаасаа уяа морь унаж, сойж өссөн болов уу. Морь уях эрдмээс бөхийн зүлэг ногоон дэвжээ рүү сэтгэл шулуудсан хүмүүсийн нэгийг таныг гэж сонссон?

-Манай нутагтай залгаа Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Батхаан уулын тахилга наадамд 20 хүрээгүй арван хэдтэй хүү морь хөтөлж очоод өмд цамцтай бөхийн барилдаанд нь зодоглоод нэгийн даваанд унаж байлаа. Дараа жил нь даагаа нэхэж, зодог шуудгаа бүсэлж очоод түрүүлсэн юм. Манай энэ хайрхны тахилгад 32 бөх барилддаг. Би дөрвөн удаа түрүүлсэн дээ. Хүлэг морьдоо цагаан өвсөөр нь уядаг байх үед өслөө. Одоогийнх шиг нэмэлт тэжээл гэж байсангүй. Хурдан морины хүүхдүүд уяан дээрээ барилдаж, энэ спортод дурлаж сонирхож эхэлсэн.

-Таны аав бөхийн удамтай хүн. Гурван хүүгийнхээ эр бяр, эв дүйг гэртээ багахан сорьдог байсан болов уу?

-Аав минь байхдаа байшиндаа гудас эгнүүлж дэвсээд бид гурвыг барилдуулдаг байсан. Дүүгээ бол давчихна. Ахыгаа арай барахгүй. Эгнэж сууж байгаад зурагтаар наадам үзнэ. Д.Сумъяабазар аваргыг их дэмжинэ. Сургуульд бүлэг бүлгээрээ хоорондоо барилдана. Ингээд аймгийн аваргадаа орох гээд бэлтгэл хийж эхлээд, 2013 онд ахыгаа цэргээс чөлөөгөөр ирэхэд нь хэд барилдтал давдаг болсон байсан. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат аймгийн хурц арслан Г.Отгонбаатар гээд аавын талын үеэл ах маань бий. Хамаатнуудынхаа бөхийн удам гэвэл бид байна даа.

-Бөх сонирхогчид таныг улсын цолонд хүрэхийг ерөөж, хүлээлт их тавьдаг шүү дээ?

-Зөв яваа хүнийг ард түмэн хараад мэддэг. Бор зүрхээрээ ард түмнийхээ дунд явна даа. Өдий хүртэл цалин мөнгөтэй минь залгуулж яваа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хурандаа А.Намсаманд даргад баярлаж явдаг. Манай аймагт сүүлийн жилүүдэд үндэсний бөхийн спорт сайхан хөгжиж, залуу хүчтэнүүд ар араасаа төрж байна. Эв нэгдэл, эв зүй нь тэгшрээд ирвэл Сүхбаатар нутгаас улсын цолтнууд олон төрөх байх аа. Заал, өргөөний барилдаанд тогтмол үнэн хүчийг үзэж байна.

сонин mn

-Тамирчин хүний унах, босох цаг бүрд түшиг тулгуур нь болж, эр нөхрийнхөө бат ар тал нь болдог гэргийтэй байна гэдэг сайхан. Айлын эхнэр моринд дуртай байвал морь сайхан хурдалдаг гэдэг. Бөх хүний эхнэр ялгаа юу байх вэ?

-Миний хань Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул. Б.Пүрэвдарь гээд сайхан бүсгүй бий. Багш мэргэжилтэй. Бид хөөрхөн хүү, охин хоёртой. Хөлстэй хувцсаа үүрээд бэлтгэлээ тараад гэртээ ирэхэд хүү маань зодог шуудгаа өмсчихсөн хүлээж байдаг. “Аав хоёулаа барилдъя” гэнэ. Хөдөө ахынхаа адуун дээр их авч очдог болохоор адуучин болно гэх нь бас бий. Сумын заан байхдаа эхнэртэйгээ Бөхийн өргөөнд танилцаж байсан. Б.Гончигдамба гардийг улсын начин цолтой байхаас нь дэмжсэн юм билээ. Наадмын бэлтгэл, барилдаанд явахад сэтгэлээрээ дэвжээд, ар гэрээ бүтэн хариуцаад сууж байдаг ханьдаа их баярладаг.

-Бөх хүний дээл, малгай, гутал бас их утга учир, бэлгэдэл дагуулах юм. Аймагт түрүүлдэг тэр жил өмссөн шар дээлийнхээ тухай дурсамж хүүрнэвэл?

-Аймгийн арслан болоход өмсөж байсан улбар шардуу дээлийг ээж минь хийлгэж өгч байсан юм. Тэр дээлтэйгээ олон түрүүлсэн. Урд жил нь тод цагаан цэнхэр торгон дээлтэй очиход дээл маань нэг л эвгүй санагдаад байсан. Удалгүй гурвын даваанд унаж байлаа. 2020 онд хань маань ямар дээлээ авч явах юм гэхэд нь нөгөө дассан шар дээлтэйгээ очоод түрүүлсэн юм. Ээжийнхээ хийлгэж өгсөн тэр дээлтэй л зорьсондоо хүрэх гээд байж. Дассан юм сайхан. Би олон дээл солиод байдаггүй ээ. Ингээд аймгийн арслан болчхоод буцаж байхдаа Хэнтийгээс “Найз нь мөнгийг нь шилжүүлчихье. Тэмдэг бэлдэж байгаач” гэж Архангай аймгийн харьяат сумын заан Цэрэнпунцаг найз руугаа ярьсан юм. Найз минь “Тэгье” гээд ирэхэд мөнгө хэрэггүй гээд бэлэглэж байсан юм. Би 2020 онд аймагтаа түрүүлснээс хойш дахиж шөвгөрч чадаагүй байлаа. Өнгөрсөн зун үзүүрлээд, үзүүрийн чимэг залаандаа нэмсэн.

-Амьдралынхаа сайхан мөч бүрд аавыгаа дурсдаг байх. Тэр дунд хамгийн их өгүүлэгдэж, энэ мөчид хамт байсан бол гэж гүнээ бодсон мөч хэзээ байв?

-Аав минь сумын начин цолтой хүн. Хүү нь болж төрсөн хүний хувьд аавынхаа дутууг гүйцээж, 2016 оны наадмаар сумандаа түрүүлж, заан цол хүртсэн тэр үед их бодсон. Тэр жил их хуртай зун болсон. Шагайгаар татсан усан дунд барилдаж байлаа. “Аав минь байсан бол хүүгээ сумын заан болохыг харах байсан юм. Үзэж чадсангүй дээ” гэж баярлахын сацуу сэтгэл гонсойж, уйлж байлаа. Сүүлд аймгийн арслан болоход бас “Аав минь сайхан хүү төрүүлжээ гээд тэнгэрээс хараад баярлаж байгаа болов уу” гээд хоолой зангирсан. 2020 он болтол суманд гурав түрүүлээд цолоо хэд баталчихсан байлаа. Цэргээс халагдаж ирээд заалны барилдаануудад шөвгөрөөд аймгийн цол хүлээгдээд эхэлсэн. Ингээд аймгийн начин болъё л гэж очсон. Унахад минь хамт унаж, давахад минь хамт давдаг гэр бүлийнхэн, өмөг түшиг ах минь энэ бүхний ард байна. Дөрвийн давааны дараа ах маань “Миний дүү түрүүлж чадах уу” гэж асуухад нь “Чадна аа” л гэсэн. Монгол хүн амны бэлгээр гэж биеллээ олсон.

-Цол дагаж хариуцлага, барилдах бөхчүүдийн чансаа нэмэгдэнэ. Зургаан жилийн өмнөх залуу арслан одоогийн Э.Буянтогтох хоёрын хооронд туршлагаас эхлээд их зөрүү байгаа болов уу?

-Сумын начин байхдаа найзтайгаа хамт Лүнд очиж барилдаад аймгийн начин Батбаяр гээд ахыг их гоё уран давсан юм. Гарыг нь хажуу тийш цохиод, хөлийг нь шагайгаар нь шүүрч түрээд даваад түүнээсээ их урам авч байлаа. Сумын заан байхдаа түргэн шуурхай барилддаг байж. Аймгийн арслан болоод Бөхийн өргөөнд хэд барилдахад цолондоо нэг л дасдаггүй. Хурдан шуурхай барилдаад байж боломгүй санагдаад өөртөө их дүгнэлт хийсэн. Цол нэмээд түвшин ахиад ороод ирж байгаа болохоор илүү няхуур, бодлоготой байхыг зорих болсон. Улсын начин Э.Ванданцэрэн ахтай наадмын бэлтгэлд хамт гараад хүний бяр гэдэг ийм ангид өөр байдаг юм байна гэж гайхаж байлаа. Аймгийн арслан гэдэг том цол шүү дээ. Нэг, хоёрын даваанд унаад байж болохгүй. Энэ цолыг яаж өндөрт хадгалж явах вэ, цолондоо дүүрэн бөх байх вэ гэдгээс хариуцлага мэдэрч, хөдөлмөрлөсөн. Багштайгаа их ажилласан. Ингээд ганц, хоёр жилээс цолондоо дасаж, улсын цолтнууд давж эхэлсэн. Одоо улсын цолонд хүрэхийг зорьж, бэлтгэлээ алгасалгүй хийж, барилдаан алгасалгүй зодоглож байна даа. Сэтгэл зүйгээ сайн бэлдэж байна. Зөв явбал төрийн цолонд хүрэх байх аа.

-Та Н.Батсуурь, П.Бүрэнтөгс аваргуудыг давж байсан удаатай. Аваргыг давна гэдэг залуу бөхөд их урам зориг өгдөг болов уу?

-ТВ9 телевизийн 20 жилийн ойн барилдааны гурвын даваанд П.Бүрэнтөгс аваргыг шуудагнаас түрээд гүйхээр нь хавирчихсан. Төрийн наадмын том аваргатай сайхан барилдаад үзье гэж бодож байлаа. Давсан мөч сайхан байлгүй яах вэ. Дараа нь Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын заан Д.Мягмарын нэрэмжит барилдаанд Н.Батсуурь аварга намайг амлаж авсан. Барилдааны явцад хашлага дөхөөд аварга над руу гараа өгөөд явж байхдаа анхаарал нь сулрах шиг болсон юм. Тохойг нь татаж өхийлдөөд хөлийг нь хар тавхайгаар нь шүүрч аваад давж байсан. Энэ хоёр барилдаанаасаа их урам аваад “Төрийн наадамд хоёр түрүүлсэн, гурав түрүүлсэн хүн давлаа. Одоо сайн барилдах хэрэгтэй” гэж дотор хүнтэйгээ ярьж, хичээж явна. Тэрнээс хойш Сүхбаатарын Э.Буянтогтох зүүн ташаатай, эвгүй барилдаантай гэж ярих болсон.

-Улсын начин А.Алтанхуяг багш дээр хэзээнээс бэлтгэл хийв. Хүний төлөө сэтгэл сайтай хүн гэдэг. Өөрөөрөө шавь нартаа их үлгэрлэдэг юм билээ?

-Миний анхны багш аймгийн начин Д.Ганбаатар гээд Сүхбаатарын аймагт ажиллаж, амьдарч байгаа хүн бий.

Улсын начин А.Алтанхуяг багш дээр сумын заан байхдаа 2019 оноос бэлтгэл хийсэн. Багш маань их төлөв даруу хүн. Монголын ард түмний хүсэн хүлээсэн цолтон шүү дээ. Хүнийг сэтгэлээр нь их онгойлгож, сэтгэл зүйг нь сайн бэлдэж өгдөг. Намайг түрүүлдэг жил “Миний хүү аймгийн наадамд долоохон давна шүү дээ” гэж байлаа. Одоо биднийг “Та нар удахгүй улсын цол авна” гээд их гоё юм ярьж өгдөг. Бидэнтэй цуг бэлтгэл сургуулилалтаа хийгээд ямар ч үед өөрийгөө бэлэн байлгаж байдаг хүн дээ. Багшийгаа, ахмад цолтноо хүндлэх, эрэмбэ дараа үндэсний бөхөд чухал юм. Наадмын бэлтгэлд багшийгаа дагаад гарна. Арван хэд хоногийн хугацаанд наадмын бэлтгэлээ сайхан төвлөрч хийнэ. Заримдаа залуу бөхчүүдээс эхлээд авьяасаа үзүүлнэ. Залуучууд мэддэгээ гээд болох болохгүй дуу дуулах нь бий. Багш маань “Та нар ээж аав, эх орноо магтсан зохиолын ч юм уу дуу дуулж болохгүй юу” гэнэ.

-Үндэсний бөхийн спорт, энэ өв соёлыг үргэлжлүүлэн тээх залуу хойч үедээ хандаж, үг хэлбэл?

-Сахилга баттай байж, бэлтгэл сургуулилалтаа таслахгүй тууштай хийвэл нэг л өдөр ногоон дэвжээ ивээдэг гэх сайхан үг бий. Энэ үг мөнхөд үнэнийг өгүүлж байдаг. Түүнчлэн хүнтэй зөв боловсон харьцаад явж байхад амжилт өөрөө ирнэ дээ. Бэлтгэлээ сайн хийж байхад өдрөөс өдөрт ахиж, дэвшинэ.

Пүрэв-Очирын ЛХАГВАЖАРГАЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.Найдалаа Эрчим Хүчний Сайд болно
Б.Найдалаа Эрчим Хүчний Сайд болно
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​