Оросын Думын гишүүн, тэрбумтан Сулейман Керимов Францын Ницца хотод саатуулагдлаа. Түүнийг даваа гаригт Ницца хотын онгоцны буудалд буухад нь баривчилжээ.
2014 оноос хойш Францын хар дансанд мөнгө угаасан хэргээр бүртгэгдээд байсан Оросын Думын гишүүн, тэрбумтан Сулейман Керимовыг францад хөл тавингуут саатуулсан байна. Тэрээр паспортоо таван сая долларын хамт тушаах шаардлага хүлээж байна.
2014 оноос хойш Сулейман Керимов болон Швейцарийн хоёр бизнесменүүд мөнгө угаасан хэргээр францад бүртгэгдсэн юм.
Сулейман Керимов ногоон паспорттой боловч даваа гаригт хувийн шалтгаанаар явж байсан учраас дипломат паспортоо ашиглаагүй байна. Энэ үед францын хилийн албаныхан баривчилсан байна.
Түүнийг баривчилсанд Оросын талаас дургүйцэж, Думын гишүүд аливаа улс орны дипломат ажилтныг саатуулахгүй байх Венийн гэрээг зөрчиж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Хариуд нь Францын гадаад хэргийн сайд: Керимов Оросын улс төрч, одоо ч албаа хашиж байгаа гэдгээрээ тусгай эрх эдэлж байгаа гэж тэмдэглэлээ. Гэхдээ Францын талаас түүнийг хэзээ суллах талаар ямар ч мэдээлэл хийгээгүй байна.
Керимовт тулгаж байгаа хэргийг тодорхойлбол: Францад олон тооны барилга байшингуудыг худалдаж авахдаа, үнийн дүнг нь буруулуулж, татвараас зайлсхийсэн. Түүний татвараас зайлсхийсэн дүн нь хэдэн арван сая еврогоор хэмжигдэнэ гэж мэдээлж байна.
Форбес сэтгүүлийн жагсаалтад чинээлгээрээ ОХУ-д 21-т бичигддэг Керимовын хөрөнгө 7 тэрбум доллар гэж яригддаг. 51 настай тэрбумтан Францад нэлээд алдартай. Тэрбээр 2006 онд Ницца хотод Феррари маркийн автомашинтайгаа осолдож шуугиан тарьж байсан юм.
С.Сэнгүм