fbpx Х.Мөнгөнцэцэг: Гэр бүлийг бурхан хуваарилдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
29 минут 7 секунд

Х.Мөнгөнцэцэг: Гэр бүлийг бурхан хуваарилдаг

-ОТГОН ГҮНЖ ГЭХ ТОДОТГОЛ ОЛНЫ ӨМНӨ ҮРГЭЛЖ ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БАЙХ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ОНОГДУУЛСАН-

Цэл залуухан, үзэсгэлэн гоо энэ дуучин бүсгүйд нэг гайхалтай чанар байдаг нь дэндүү өөрийнхөөрөө, элдэв ааш маяггүй.Бүгд л нийгмийн дунд амиа тээж явахын тул ямар нэг баг өмсөх ёстой болчихсон гэх амьдрал дунд тэр өөрийнхөөрөө, дур зоргоороо зорчиж явна.Магад залуу насны гялбаа биз.Эсвэл юугаар ч дутагдаагүй өссөн буюу гэр бүлээсээ авсан чанар ч байж болох.Нүүрэндээ makeup хийхгүй алхаж явсан ч өгөгдсөн гоо үзэмж нь хүртэл өөлөх юмгүй.Ийм тохиолдолд дур зоргоороо, өөрийнхөөрөө амьдрахгүй гээд ч яах.Айхтар том, хэн хүнд заяадаггүй эрх чөлөө, том хувь заяа билээ.

Оны сүүлээр ТВ25 телевизийн “Дуэт Дуэль” нэвтрүүлгт  /дашрамд зүгээр нэг шоу энтертайнмент хөтөлбөр нь хүртэл цаанаа агууламжтай, нийгмийн хариуцлага нэвт үнэртсэн, иргэнлэг байдаг ТВ25 телевийн хамт олонд жирийн үзэгчийн хувиар талархаж явдгаа хэлмээр санагдав/, жүжигчин Г.Эзэнмөнхтэй хамтран “Эзэмдэгч” нэрээр оролцож, тэргүүн байрын эзэн болсон дуучин Х.Мөнгөнцэцэг “Чин үнэнч” дуугаар анх олны танил болж байв. Оюутан ахуйгаасаа уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн дуучин хамгийн сүүлд “Улаан пальто” киноны дуу, УГЗ Б.Бямбабаярын аялгуугаар бүтсэн “Бүүвэй аялгуу”-г дуулсан. Сургуулиа төгсөөд удаагүй дууны урлагт бүхнээ зориулсан он жилүүд нь түүнд нийтийн дууны отгон гүнж хэмээх алдрыг өгчээ.Энэ нь зүгээр нэг зүс царайнд бус түүний мөн чанар, түүнээс үүдэлтэй авьяас, хүн чанарт нь өгсөн үнэлгээ гэж надад санагдах.

-Нэг л уйтгартай ч гэх үү, шинэ содон юмгүй болчихсон нийтийн дууны ертөнцөд өөрөө сүүлийн үед цэл залуу нас, гоо үзэсгэлэн, өвөрмөц хоолойгоороо өнгө жавхаа нэмж орж ирлээ гэж харж байгаа.Нийтийн дууны отгон гүнж гэх нэр алдрын эзэн ч болчихлоо.Энэ цаг үед юу бодогдож байх юм?

-Ямар аймаар асуулт вэ? (бодолхийлэв). Юун түрүүн нийтийн дууныхнхаа өмөөрмөөр санагдаж байна.Нийтийн дуу шинэ содон юмгүй, уйтгартай, сонирхолгүй болчихсон гэж байгаа чинь ч арай дэндүү сонсогдож байнаа, яг үнэндээ.Аливаад үе гэж байдаг нь үнэн, бидний өмнөх үед нийтийн дуу хөгжлийнхөө оргил үед байсан ч байж болох юм.Гэхдээ л бидний үеийнхэн хийдгээ хийгээд явж байгаа.

Яг энэ цаг мөчид Я.Одсүрэн багшийн үг санаанд орж байна.“Харанга” хамтлагийн гитарчин, Монголын рок попын домог болсон хүмүүсийн нэг шүү дээ, би гитар заалгадаг юм.Багш маань, моголчууд нийтийн дууныхныг хөдөөнийхөн, хотынхон бид хөдөөний хөгжим сонсдоггүй гэж ярьцгаадаг.Яг үнэндээ энэ чинь маш том урлаг юм, яагаад гэвэл хүн төрөлхтний 66-аас дээш хувь нь каунтри хөгжим буюу манайхнаар бол нийтийн дууг сонсдог гэсэн албан ёсны судалгаа гарсан байдаг.Ард түмэн буюу ихэнх массын таашааж байгаа тэр урлаг бол хамгийн том урлаг.Гол нь манайх зөвөөр хүлээж авч, ойлгож чадаагүйдээ учир нь байгаа гэж ярьж байсан.Тэгэхээр тэгтлээ их таашааж хүлээж авдаг нийтийн дуучдын нэг гэдгээрээ би бахархдаг.Гол нь ард түмний тэр таашаал, хүндэтгэлийг бид хүлээж авч, уран бүтээлээрээ бэлэг барих нь бидний эрхэм үүрэг гэж бодож явдаг даа.

-Нийтийн дууны отгон гүнж гэх тодотголыг ямраар хүлээн авч байна вэ?Яагаад ийм тодотгол, алдрын эзэн болсон гэж бодож байна?

-Яг үнэнийг хэлэхэд гүнж гэхээр ичмээр санагдсан.Яагаад ингэж нэрлэснийг ч ойлгоогүй.Миний бодлоор “Улаан пальто” киноны нээлтэнд “Бүүвэй аялгуу” дуугаа дуулсны дараа хэвлэлийнхэн тэгж бичснээс үүдэлтэй байхаа.

Гүнж гэдэг чинь их л гоё, эрхэмсэг байх ёстой үг биз дээ, тийм үү?Тийм ч болохоор мэдээж ний нуугүй хэлэхэд гоё санагдсан.Дараа нь биеэ маш гоё авч явах ёстой юм байна гэж бодогдсон.Яг үнэндээ бодит амьдрал дээр би чинь их хамаагүй, хэнэггүй ч гэмээр хүн ш дээ (инээв).Тэгээд гүнж, бүр отгон гүнж гээд эхлэхээр би гоё байх ёстой юм байна гэж бодоод байгаа.Үүрэг хариуцлага оногдуулсан гэх үү дээ.

-Өөрөө бол манай уншигчдад шинэ танил.Бага нас, аав ээжийнхээ талаар яриач?

-Миний бага нас Говь-Алтай аймгийн Жаргалан суманд өнгөрсөн.Энэ нутагт төрж өссөндөө баярлаж, бахархаж явдаг.Бага нас хөдөөнийхний жишгээр бүр хөдөө өнгөрсөн.Мал хариулах, ус түлээ бэлдэх, хонь ямаагаа саах, бүр морь уралдуулах гэх мэтээр өнгөрсөн.Би 3 охинтой айлын том нь.Тиймдээ ч тэр үү, уралдааны морь унадаг байлаа.Сумын наадамд гуравт орж байсан.Одоо ч хөдөө ахуйд их дуртай, хааяа маш их санагалздаг.

Аав ээжийн тухайд гэвэл ёстой л үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулсан жинхэнэ монгол, цаанаасаа буянтай хүмүүс бий.Удам судар ярьвал аавын тал том биетэй, барилддаг, монгол эр хүний шинжийг агуулсан улсууд байсан бол ээжийн тал дуу хууртаа сайн хүмүүс байсан гэдэг. Ээжийн маань аав уртын дуу сайхан дуулдаг, хөдөө бол найрын ахлаач гэнэ,орчин үеийн хотынхоор бол хуримын хөтлөгчийн үүрэг гүйцэтгэдэг хүн байсан гэсэн. Найрын ахлаач бол уртын дуу сайхан дуулахаас гадна ерөөл, магтаал хэлдэг нэг ёсондоо урлагийн авьяастай хүн байх ёстой байдаг.Ийм сайхан хүмүүсийн үр удам болж төрсөн хувь заяандаа талархаж амьдардаг.Миний ингэж яваа нь тэдний маань ерөөл, буян гэж санаж явдаг.

-Дуучин болох нь таны мөрөөдөл байсан уу, эсвэл хэн нэгний хүсэлт, ятгалга эсвэл хувь тавилан байсан юм болов уу?

-Ерөөсөө багаасаа дуучин л болно гэж боддог байсан.Ихэнх хүмүүст олон сонголт байдаг бол надад дуучин болно доо гэсэн цор ганц хүсэл, мөрөөдөл байсан.Тэгсэн хэрнээ бүрэг ичимхий.Энд тэндхийн тэмцээн уралдаанд оролцохгүй.Гэтэл миний доод талын дүү, одоо ЭМШУИС-д сурч байгаа Улаанаа маань багаасаа дуулж хуурдахаас гадна урлагийн үзлэг ч юм уу, олон нийтийн арга хэмжээнд их оролцоно.Бүжиглэнэ. Тэр эрчээрээ бол дүү маань л урлагийн хүн байх байсан.Би болохоор дотроо л дуучин болно гэж мөрөөдөөд явахаас олны өмнө гарч дуулдаггүй, жаахан дотогшоо, ичимхий хүүхэд байсан юм уу даа.Ямар сайндаа л манай гэрийнхэн намайг гэрийн л дуучин гэдэг байсан.Гэвч миний дуучин болох чин хүслийг аав, ээж хоёр маань маш сайн мэддэг төдийгүй ойлгодог байсан.Тэгээд 6-р ангийн байхаа, төрсөн өдрөөр гэрийн караокены машин авч өгч байсан.Тэр нь микрофонтой.Бас нэг магнитофон авч өгч байсан.Тэрэн дээр нь “Бүстийн цэнхэр нуур” гэдэг дууг дуулж кассетан дээр рекорд хийгээд буцааж сонсоно.Тэгээд өөрийгөө шүүнэ.Нэг тиймэрхүү.Одоо даанч энэ караоке, магнитофон байдаггүй.Хадгалж байхгүй дээ гэж их харамсдаг.Хүүхэд бага насны маань хамгийн сайхан, сэтгэлд тод дурсамжуудын нэг нь.

-Тийм бүрэг, ичимхий охин хэзээ анх задарч, өөрийгээ нээсэн юм бол?

-Магад дуучин болсон нь хувь тавилан байсан юм болов уу гэж боддог.Бодлын хүч гэж ярьдаг даа, юу бодно, түүнийгээ дууддаг гэдэгт би итгэдэг.Яагаад ч юм хар багын дуучин болно гэж боддог байсан тэр хүчтэй мөрөөдөл намайг дуучин болгосон.Анхны тайз, анх олны өмнө дуулсан нь гэвэл 8-р ангид урлагийн үзлэг болж, манай ангийнхан л оруулсан байх, тэнд оролцож би түрүүлэв ээ.Хэрвээ тэр урлагийн үзлэгт орж түрүүлээгүй бол аав, ээж маань намайг яах ч бодолтой байсан юм бол, бүү мэд.Би хичээлдээ тийм ч сайн би, бас муу ч биш, алтан дундаж хүүхэд байсан.Ганц мөрөөдөл нь дуучин болох.Тэгээд урлагийн үзлэгт орж түрүүлсэн нь аав ээжид бага ч болов урам, итгэл өгсөн байх.Өнөөг хүртэл хамгийн ихээр урамшуулж, дэмжиж ирсэн хүмүүс гэвэл аав, ээж хоёр, гэр бүл минь.Анхны “Гэгээн хайр” дуугаа дуулж, клипжүүлэхэд бүхий л мөнгө зардлыг аав, ээж хоёр маань гаргаж байсан.

-Тэгвэл анхны том тайз нь юу байсан бол?Харьцангуй залуу, оюутан байхдаа уран бүтээлийнхээ гарааг эхлүүлсэн байх шүү.

-Тийм шүү.Хоёрдугаар курстээ анхны дуугаа дуулсан.“Гэгээн хайр” гээд ая зохиогч Пүрэвсүрэн ахын дуу.Ер нь анхны гэсэн тодотголтой юм бүхэн сэтгэлд ойр, сайхан байдаг.Наддаа л анхны том тайз гэвэл 2-р курстээ МБӨ-нд 21 аймгийн залуу дуучдын нэгдсэн тоглолтын тайз байсан.Энд Говь-Алтай аймгаа төлөөлж орсон.Нэг дуучин нэг л дуу дуулах ёстой, гэтэл намайг дахиуллаа.Үнэхээр гоё санагдсан.Аав, ээж 2 маань тэр тоглолтыг үзсэн юм л даа.Тэгээд үзэгчид дахиулахад аав маань уйлж суусан гэж ээж дараа нь хэлдэг юм байна.Аав маань угаасаа их уяхан хүн л дээ.Магадгүй тэрнээс хойш л аав, ээж маань надад хамгийн ихээр итгэсэн болов уу гэж санагддаг.Тэрнээс хойш аав, ээж хоёр надад аймаар их эрх дарх өгөв өө.Би багаасаа их ажилсаг, гэрийнхээ хамаг л ажлыг голж шилэлгүй хийдэг байсан.Гэтэл аав, ээж хоёр тэр өдрөөс хойш Мөнгөө цаашид гэрийн ажилд оролцохгүй, 2 Улаанаа бүх гэрийн ажлаа хийнэ, эгч нь зөвхөн хичээлээ хийнэ гэлээ.Бөөн баяр.

-Ингээд л гүнж болох замаа эхлүүлсэн байх нь?

-(инээгээд) түүнээс хойш гэрийн ажил хийхээ больсон. Залхуу болсон гэх үү дээ.Түүнээс бусдаар хамаг л хар бор ажлыг голж шилэлгүй хийдэг байлаа.Айлын том болохоор хийхээс өөр арга байхгүй.

-Итгэмээргүй юм, харахад их л эрх танхи, энхрий өссөн юм шиг харагддаг?

-Мэдээж эрх өссөн л дөө.Аав ээжийн анхны хүүхэд, хамгийн хайртай охин нь эрхэлж өссөн.Гэхдээ л хөдөөний хүүхэд, хийх ёстой ажлаа хийж өссөн.

-Тэгвэл өөрийгөө эмэгтэй хүн тэр дундаа магадгүй ихэнх эмэгтэйчүүдийн мөрөөдөл үзэсгэлэнтэй дуучин бүсгүй гэдгээ хэзээ анх мэдэрсэн бол?

-Өөө гоо үзэсгэлэнтэй гээд та намайг хэт дөвийлгөөд байнаа.Гоо үзэмжтэй гэснээс муухай эмэгтэй гэж байдаггүй, ялангуяа манай Монголд. Бүгд хайрлуулж, дурлуулж, хэн нэгний хувьд гүнж нь, хатан хаан нь болж амьдардаг.Тэгэхээр гоо биш бүсгүй гэж байдаггүй байгаа биз.Гол нь эмэгтэй хүн өөртөө арчаатай байх нь чухал юм шигээ.Арчилж, тордож чадвал, хайрлуулж эрхэлж чадвал эмэгтэй хүн болгонд өөрийн гэсэн давтагдашгүй гоо үзэсгэлэн байдаг.

Асуултаасаа халиад явчихсан уу (инээв).Магадгүй тайз надад эмэгтэй хүн гоо сайхан байх ёстойг, өөртөө арчаатай байх ёстойг ойлгуулсан хамгийн том хүчин зүйл болов уу.Би чинь эгэл бодит амьдрал дээр хайнга ч гэмээр хайш яйш хүн.Харин тайзан дээр бол өөр.Өөрийгөө, үзэгчдээ хүндлэх үүднээс эмэгтэй хүн, ялангуяа урлагийн хүн гоо сайхан байх ёстойг ойлгосон.

-Тэгвэл эмэгтэй хүний гоо үзэсгэлэн хаанаас эхэлдэг юм бол?

-Дотоод сэтгэлээс эхэлдэг юм болов уу.Гадаад үзэмж гэвэл үснээс эхэлдэг байж болох.Үсээ сайхан янзалчихад аятайхан болоод явчих шиг санагддаг ш дээ.

-Орчин цагт тайзны одууд ялангуяа гоо сайхандаа ихээр анхаарч, косметик мэс заслаас ч буцахаа больчихсон.Шулуухан асуучихад өөрөө косметик мэс засалд орж байсан уу?

-Ер нь хүн өөртөө л таалагдаж байвал нөгөө лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, падлийгүй гэдэг шиг хэнд ч хамаагүй.Өөрөөр хэлбэл өөрөө л хүсч байвал косметик мэс засал хийлгэж яагаад болохгүй гэж?Өөртөө таалагдах чинь хамгийн том таашаал юм биш үү.Би хувьдаа өөрийнхөө гадаад төрхөнд зуун хувь сэтгэл хангалуун байдаг.Өнөөдрийн байдлаар бол юугаа ч өөрчлөхгүй.Гэхдээ цаг хугацааны явцад ямраар өөрчлөгдөхийг яаж мэдэхэв.Та шулуухан асуусан шиг шулуухан хариулахад одоогоор ямар нэг косметик мэс засал хийлгээгүй явна.

-Гоо сайхан сэтгэл зүрхэнд оршиж байхад амжилт, карьер хувцасны чинь дор оршдог гэж нэгэн олны танил алдартай бүсгүй ишилсэн байдаг нь санаанд орж байна.та санал нийлэх үү? Хувцаслалтандаа хэрхэн ханддаг вэ?

-Яасан гоё, үнэн үг вэ.Хэн хэлсэн юм бол?Хувцаслалтандаа мэдээж анхааралгүй яахав.Урлагийнханд эгэл жирийн хүмүүсээс ялгарах нэг онцлог байдаг нь тэдний гоо үзэмж, гадаад төрх зөвхөн өөрийнх нь төдийгүй олон нийтийн өмч байдаг.Тиймдээ ч муухай байх, муу амьдрах эрхгүй гэх үү дээ.Яагаад гэвэл тэднээс үлгэр дуурайл авч бусад хүмүүс амьдралынхаа хэв маяг, идеалыг бий болгодог юм гэсэн.Жүжигчин хүн халзан байх эсвэл хөгшрөх, бүр төрж хүүхэдтэй болох нь хүртэл тухайн театрын, найруулагчийн өмч байдаг гэдэг шиг бидний хувьд ч гэсэн олны өмнө муу, муухай харагдах эрх байхгүй.Тэр үүднээс тайзны хувцаслалтандаа маш ихээр анхаардаг.Аль болох шинэлэг, сайхан байхыг хичээдэг.Харин өдөр тутмын амьдралдаа бол биед тухтай, өөрт эвтэйхэн байхыг чухалчилдаг даа.Гангарах үедээ гангарна, навсайх үедээ навсайна (инээв).

-Гадаад гоо үзэмж амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг гэж та боддог вэ?Миний бодлоор ялангуяа тайзны од эмэгтэй хүнд их чухал үзүүлэлт юм шиг санагддаг.

-Монголчууд эртнээс хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэж ярьдаг байсан.Энэ бол үнэхээр үнэн үг юм шиг санагддаг.

-Ингэж асуугаад байгаагийн учир нь та бол цэл залуухан, гоо бүсгүй.Одоо цагт ховордоод байгаа өвөрмөц монголжин төрх чамд байдаг.Үүнийхээ давуу талыг амьдрал дээр хэр их мэдэрдэг бол?

-Намайг хөөрхөн, царайлаг гэхээсээ илүү монголжин төрхтэй гэж олон хүн хэлдэг.Бараг хүн болгон хэлдэг юм.Нүүр буддаг эгч маань хүртэл ховордчихсон монгол төрхтэй гэдэг.Надад сайхан санагддаг.Тайзан дээр монгол үндэсний хувцсаа өмсөхөд энэ төрх маань давуу тал болдог бол өдөр тутмын амьдрал дээр хүн бүхэн монголжин төрхтэй гэж магтаалын аястай үг хэлэх нь мэдээж сайхан байдаг.Сайхан үг хүнд их сайхан энерги, эрч хүч өгч байдаг шүү дээ.

-Эмэгтэй хүн нууцлаг байх ёстой гэцгээдэг.Энэ нь юу гэсэн үг юм бол?

-Эмэгтэй хүн энэ ертөнцөөс буцахдаа маш их нууцаа аваад явдаг гэдэг дээ.Үнэн байхаа.Дэлгэсэн ном шиг хамаг байдгаа нуухгүй байх нь хаашаа юм, гэхдээ нууцлаг байна гээд бүхнээ нуух нь хаашаа юм.Энэ цэвэр дотоод сэтгэл, мөн чанарын тухай асуудал байх аа.

-Ингэхэд уран бүтээлийн чинь талаар жаал ч болов ярилцъя гэж бодлоо.Хамгийн сүүлд ТВ25 телевизийн “Дуэть Дуэл” нэвтрүүлэгт жүжигчин Эзэнмөнхтэй хамтран оролцож, тэргүүн байрын эзэн болсонд баяр хүргэе.Шинэхэн 2015 онд уран бүтээлийн ямар төлөвлөгөөтэй ирсэн бол?

-Баярлалаа. “Дуэт Дуэль” бол телевизийн маш том шоу нэвтрүүлэг.Үзэгч болоод нөлөөлөл өндөртэй юм билээ.Үзэгчдийг байлдан дагуулахаас гадна оролцогчдоос сэтгэхүйн хурд, тал талын авьяас шаарддаг, түүгээрээ хүний нууц авьяасыг ч нээж, задалдаг гэдэг утгаараа маш үр өгөөжтэй шоу нэвтрүүлэг.Оролцохоосоо өмнө чадах болов уу, яах бол гэж өөртөө эргэлзэж байсан.Хүн чинь ямарваа нэг уралдаан тэмцээнд орохдоо түрүүлнэ л гэж оролцдог биз дээ.Өрсөлдөгчид маань их чанга, миний төдийгүй үзэгчдийн хайр хүндлэл хүлээсэн уран бүтээлчид байсан.“Дуэт Дуэль” гэдэг нь цаад утгаараа хоёр хүний оролцоог чухалчилсан.Би гол нь маш сайн партнертай оролцсон.“Эмоци” продакшны жүжигчин Г.Эзэнмөнх ах маань маш их авьяаслаг, хамгийн гол нь мэдлэг, мэдрэмж сайтай уран бүтээлч.Бид 2 маш сайн хоршсон гэх үү дээ.

Шинэ оны уран бүтээлийн төлөвлөгөөгөө яримааргүй байна.Болсон хойно нь л ярья.Төлөвлөсөн сайхан зүйл олон бий.

-Дуэт Дуэль гэснээс нийтийн сүлжээний лайкаар бол та хоёрын өмнө “Холи Доли” тэргүүлж байсан.Та хоёрын тэргүүлсний шалтгаан юу байсан юм бол?

-Нийтийн сүлжээний лайк энэ тэмцээнд түрүүлэх нэг л шалгуур байсан.Түүнээс гадна шүүгчдийн үнэлгээ чухал.Энэ нь сэтгэмж, өнгө төрх, эмоци зэргийг чухалчилдаг.Бид хоёрын тухайд дуу болгондоо чин сэтгэлээ зориулсан.Үзүүлбэр болгоны маань цаана үзэл санаа нуугдаж байсан учраас түрүүлсэн юм болов уу.Жишээ нь, “Дижитал”-ын “Гандан буурахгүй” дууг дуулахдаа Монголын үрс маш олон болтугай гэсэн санааг залуустаа хэлэхийг хүссэн.Монголын хүн ам одоо л 3 сая хүрэх гэж байна.Бидний аав ээж, өвөг дээдэс ямар олон хүүхэд төрүүлж, яаж эрүүл саруул бойжуулж байсан юм бэ?Ажлаа хийнгээ маш олон хүүхэд төрүүлж өсгөж байж.Гэтэл орчин үеийнхэн ганц, хоёр хүүхэдтэй болоод л зогсчихож байна.Хэт хотжоод, бүх юм нь бэлэн болчихоор залхуу болчихдог юм уу даа.Тэр үед памперс ч гэж байсангүй ш дээ.Одоо бүх зүйл нь бэлэн зэхээний болоод байхад улам л төрөлт багасаад байх шиг.Тийм ч учраас залуус нь ихээр төрж, өнөр өтгөн болоосой гэдэг үзэл санааг түгээх үүднээс энэ үзүүлбэрээ бэлдсэн.Хүн нэмвэл хүнс нэмнэ гэж монголчууд ярьдаг. Анхны хүүхэд төрлөө газартай боллоо, дараагийн хүүхэд төрлөө, гэр байшинтай боллоо, 3 дахь хүүхэд төрлөө машинтай боллоо гэх мэтээр 7 хүүхэдтэй хос хүүхэд төрөх тоолонгоор амьдрал ахуй нь дээшилж байгаагаар клипээ хийсэн нь үзэгчдэд ихэд таалагдсан байх. Түүний дараа өлгийний рекламд тоглох санал ирсэн.Тоглосон мөнгөөрөө асрамжийн газрын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг авч өгсөн.

Түүнчлэн “Сэтгэлийн драм” дуу байна.Юу ч үгүй, зөвхөн хайр сэтгэлтэй хоёр залуу нийлээд сайхан амьдрал босгож болдгийг харуулахыг хичээсэн.Үзэгчид анзаарсан бол эхлээд жирийн нэг сандал дараа нь том, тав тухтай буйдан болж томорч байх жишээний.Ер нь чинь сэтгэл, зөв бодол байхад амьдрал сайхан болдог гэх үзэл санааг үзүүлбэр болгондоо шингээж өгөхийг хичээсэн.Энэ бүхнийг шүүгчид маань, мэргэн үзэгчид маань олж харан онцолж үнэлсэнд баяртай байна.

-Миний бодлоор чамд дуулахаас гадна жүжиглэх авьяас байгаа юм шиг санагдсан.Магад дуулахаас чинь илүү ч байж мэдэхээр анзаарагдсан.Тэгээд ч дүр төрх чинь монголжин учраас одоо цагт олдох нь ховор болсон түүхэн дүр бүтээвэл илүү амжилт гаргах ч юм билүү.Энэ талаар бодож үзсэн үү?Хэн нэгэн найруулагчаас кинонд тоглох санал ирсэн үү?

-Үнэхээр ч “Дуэт Дуэль” нэвтрүүлэгт орсноос хойш цөөнгүй хүн чиний жүжиглэх авьяас илүү юм биш үү, кинонд тогловол яасан юм гэж байсан.Чин үнэнийг хэлэхэд Г.Эзэнмөнх ахын маань авьяас, нөмөр нөөлөг надад маш их түшиг болсныг хэлмээр байна.Жүжиглэнэ гэдэг үнэндээ хэцүү юм билээ.Би дуулах дууртай.Ганцхан тайзан дээр л би бүх зүйлээс тасарч, зөвхөн өөрийнхөө ертөнцөд амьдарч, хамгийн их жаргалтай болдог учраас дууны урлагтаа үнэхээр хайртай.Гэхдээ залуу хүн учраас хэрэв гоё санал ирвэл жүжиглэхээс буцахгүй.Хэрэв хэн нэгэн намайг үнэлээд, ийм санал тавибал би түүхэн кинонд л дүр бүтээж чадна байх.Эсвэл хөдөө ахуйг харуулсан эгэл монгол бүсгүйн дүр ч юм уу.Өөр бусад нь надаас хол санагдаж байна.

-Чи хэр баргийн дуучинтай хамтарч дуулдаггүй гэгддэг Г.Ганзориг гавьяаттай хамтарч дуулдаг.Нутаг усны сэжим байна уу?

-Г.Ганзориг ах маань манай Говь-Алтай нутгийн төдийгүй монголчуудын хайрлаж, хүндэлж явдаг чадалтай, авьяастай дуучин.Хамгийн гол нь төрмөл авьяастай, ховор цээл хоолойтой хүн.Тиймдээ ч ган хоолойт Ганзориг гэгддэг.Миний хувьд ийм сайхан дуучинтай хамтарч дуулсандаа маш их талархаж явдаг.Бурхан өөрийн хамгийн хайртай хүнээ урлагийн хүн болгодог юм гэсэн.Би бурханы хайртай охин болсон хувь заяандаа баярлаж явдгийн минь нэг шалтгаан нь Г.Ганзориг ахтайгаа хамтарч дуулдагтаа бяцхан омогшиж явдаг.Энэ бол миний л хувьд үнэ цэнэ юм.Өнгөрсөн жил бид 2 хамтарч “Санахын жаргал” нэртэй кино концерт хийсэн нь үзэгчдэд маш их таалагдсан.Цаашид ч хамтарч олон сайн уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа.

-Тань шиг залуухан, олны танил бүсгүйгээс хайрын тухай асуухгүй өнгөрч чадахгүй нь.Хайр гэж таныхаар юу вэ?Мөнхийн хайр гэж байдаг уу?

-Та мэдээж хайр дурлалын талаар асууж байгаа байх.Мөнхийн хайр гэж байдаг байхаа.Миний л бодол шүү.Гол нь тэр хайрынхаа эзэнтэй үргэлж хамт байх эсэх нь л хүний хувь төөрөгтэй холбоотой болов уу.

-Чи ер нь асч, шатаж дурлаж байсан уу.Хамгийн сүүлд хэзээ болзоонд зогссон бэ?

-Залуу хүнээс юу асуугаад байгаа юм бэ?Би ямар робот биш дээ, хайрлаж дурлаж, хаягдаж, хаяж, шаналж байсан л байлгүй яахав дээ.Тэр бүхэн залуу насны сайхан, гэгээн дурсамж болоод үлддэг нь сайхан, тийм биз дээ.Болзоонд ойрд яваагүй ээ.

-Залуу насны завгүй, гэгэлгэн, эрч хүч дүүрэн өдрүүд, хайр, болзоо, бүтэлгүйтэл, хөнгөн шаналал, битүүхэн хүлээлт, дурсамж, дурлал.Энэ бүхэн залуу насыг бүрэлдүүлдэг гол эд эс нь юм шигээ.Та залуу насаа юутай зүйрлэхсэн бол?

-Нартай зүйрлэнэ.Дур нь хүртэл хамаг амьтан, хамаг ертөнцийг гэрэлтүүлж, дулаацуулаад л. Дургүй нь хүрвэл үүлний цагуур ороод бороогоо асгачихна.Хүний оршихуйг халуун, дулаан элч, энерги гэвэл нарны хурц гэрэл нь залуу нас юм.

-Залуу насыг алдаа нь хүртэл чимдэг гэх.Хэр их чимэг зүүлттэй болж байна даа?

Алдаа...Яг үнэндээ одоо л жинхэнэ амьдралд хөл тавьж байна.Оюутан байхад ээж аавдаа эрхэлж, багш нараараа бөөцийлүүлж явсан гэнэн ч гэмээр гэгэлгэн өдрүүд байдаг.2013 онд СУИС төгссөн.Тэр цагаас хойш бие дааж амьдрах гээд хэрэндээ хичээж л явна.Болох байхаа.Сэтгэл зөв, цагаахан байхад бүх зүйл болдог гэдгийг л маш сайн ойлгож явна даа.

Алдааны тухайд алдаагүй амьдрал гэж юу байхав.Хамгийн гол нь алдсан алдаан дээрээ суралцаж, дахиж давтахгүй байх нь л чухал юм болов уу.Одоохондоо чимэг зүүлт гэчихээр ч юм алга, чимэг зүүлттэй болохсон эсвэл алдаагүй амьдрахсан гэж бодож байгаа ч юм алга, өөрийнхөөрөө л амьдарч явна.

-Хайрлаж дурлаж, гэр бүлтэй болох талаар бодож төлөвлөж байна уу?

-Хүн чинь сэтгэлийн амьтан болохоор гэр бүлийг төлөвлөж болохгүй байх аа. Нэг л өдөр сайхан хайртай учраад сэтгэл догдолвол бас хувь заяа байвал суучихна. Үгүй бол би одоо л хүнтэй суух ёстой, хүний эхнэр болох ёстой гэж бодож, төлөвлөөд байгаа юм алга.Бурхан гэр бүлийг хуваарилдаг гэдэг байх аа.Мэдээж хүн л болсон хойно сайхан хайртай учирч, сайн ханьтай болохыг хүсдэг.

-Найз залуутай юу?Ер нь эр хүний ямар зан чанар таалагддаг вэ?

Алга, алга.Найз залуу маань ийм, тийм байгаасай гэж бодсон юм байдаггүй.Ерөнхийдөө эр хүн нөмөр түшигтэй, нүнжиг ааштай байх сайхан.Гэхдээ хайр дурлал зүрх сэтгэлээс гардаг учраас яг ийм, тийм гэж тодорхойлоход хэцүү ш дээ.

Ярилцсан Д.Цэгц

Эх сурвалж: Гранд сэтгүүл, №54

Монголын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд /фото/
Монголын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд /фото/
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​