Испанийн Каталони мужийн тэргүүн асан К.Пучдемон Германд баривчлагджээ


Испанийн Каталони мужийн захирагч асан Карлес Пучдемоныг Германы цагдаа нар баривчилсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
 
Өнгөрсөн оны аравдугаар сард Каталони мужийн парламент Испаниас тусгаар тогтнож байгаагаа дангаар зарлан тунхагласантай холбогдуулан Испанийн төв Засгийн газар тус мужийн өөртөө засах эрхийг нь түдгэлзүүлж, К.Пучдемон болон түүний засгийн газрын гишүүдийг албан тушаалаас нь огцруулж, парламентыг нь тарааж, орон нутгийн сонгууль явуулах шийдвэр гаргасан билээ.
 
Бельги рүү зугтсан К.Пучдемоныг Испаниас тусгаар тогтнох асуудлаар Каталонид бүх нийтийн санал асуулга явуулахыг хориглосон хэдий ч санал асуулга явуулж, тусгаар тогтнолоо дангаар тунхаглан Үндсэн хууль зөрчиж, хөл үймээн дэгдээсэн гэх үндэслэлээр Испанийн холбогдох албаны хүмүүс эрэн сурвалжилж байсан юм. Түүнийг Финландын нийслэл Хельсинки хотод болсон нэгэн хуралд оролцоод Бельги рүү автомашинаар буцаж явахад нь Германы хойд нутгийн Шлезвиг-Гольштейн мужаас ням гарагийн буюу өчигдөр үдийн 11:19 цагт баривчилсан байна.
 
Германы цагдаа нар мэдэгдэхдээ “Европын Холбооны гишүүн улс орнуудад мөрдөгддөг сэжигтнийг баривчлах тогтолцоонд үндэслэн түүнийг баривчилсан” гэжээ.

 Германы шүүх түүнийг Испанид шилжүүлэн өгөх эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Эх сурвалж: Монцамэ


Энэ мэдээ таалагдаж байвал: