Монголын шүүхийн байгууллага нь сүүлийн жилүүдэд голцуу эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүмүүст үйлчилдэг болоод байна. Ерөөсөө шүүгчид нь шат шатандаа зохион байгуулалттай бүлэглэлд хуваагдан, бусдын захиалгаар хэрэг шийддэг болсон гэхэд хэтрүүлэл болохооргүй байгаа юм. Ялангуяа Улсын Дээд шүүхийн шүүгчид нь бүр ч нарийн зохион байгуулалттайгаар ажилладаг болсон бөгөөд тэд ихэвчлэн Дээд шүүхийн дарга буюу Ерөнхий шүүгч Ц.Зоригийнхоо таалалд нийцсэн, түүний үзэмжээр албан тушаалд томилогдсон хүмүүс юм байна. Иймээс өдгөө төрийн ордонд иргэдийн өргөдөл гомдолыг хүлээн авсан зарим шударга улс төрчид нь аргаа бараад “Ц.Зориг чинь мафийн толгойлогч юм уу. Түүнд таалагдаагүй хүн Дээд шүүхийн шүүгч болдоггүй ээ” хэмээн гайхаж сууна.
Ц.Зориг нь Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад 2010 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ивээлээр Улсын Дээд шүүхийн дарга, Ерөнхий шүүгч болжээ. Тэгээд хоёр жилийн өмнө Ц.Элбэгдорж нь түүнд Монгол улсын Гавъяат хуульч гэдэг эрхэм алдарыг хүртээсэн нь олон томоохон хэргүүдийг өөрт нь болон хамсаатнуудад нь ашигтайгаар шийдэхэд нөр их хүчин зүтгэл гаргасных нь шан гэх хүмүүсч бас цөөнгүй аж. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Худалдаа хөгжлийн банкны эзэд буюу Ц.Элбэгдоржийн хамсаатнууд нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар авсан дуулиант хэргийг одоо болтол жонхууруулсан хэвээрээ байгаа юм. Тиймээс Ц.Зоригийг Монголын шүүх байгууллагын мафийн удирдагч гэдэг болсон нь оргүй зүйл биш юм байна. Түүний доор ажиллаж буй шүүгчид нь ч мөн ялгаагүй хуулийг гууль болгож хаядаг ажээ. Жишээлэхэд, Улсын дээд шүүхийн шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Б.Ундрахын илэрхий буруу шийдсэн хэргийн балагаар арваад жилийн турш бөөн хохирол амсаж яваа Б.Ганбаатар гэдэг хүн саяхан Авлигатай тэмцэх газарт хандан алд дэлэм урт өргөдөл гомдол бичиж өгсөн байна. Нэлээд хэдэн жилийн өмнө тэтгэвэрт гарсан Б.Ганбаатар нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байдаг өөрийнхөө байрыг зарахаар шийдсэн байв. Тэгээд санаандгүй явж байгаад Ц.Баярсайхан гэгчтэй тааралдан байраа зарах талаар ярьжээ. Ц.Баярсайхан нь тэр дороо түүнийг дагаж очин байрыг нь үзээд шууд худалдаж авахаар болжээ. Гэвч энэ нь мань эрийн анхнаасаа тооцоолсон залилан мэхлэлт байсныг Б.Ганбаатар харин нэлээд хожуу мэдсэн юмсанж. Ц.Баярсайхан нь түүнээс “Байранд чинь орсон хойноо мөнгөө төлчихнө, санаа зоволтгүй” гэхээр нь итгээд, худалдах худалдан авах гэрээ хийж амжилгүй байрандаа суулгасан байна. Гэвч байрныг нь 60 сая төгрөгөөр худалдаж авна гэж тохиролцсон Ц.Баярсайхан нь бүтэн жил тойроход нэг ч төгрөг төлөөгүй ажээ. Б.Ганбаатар нь түүнийг мөнгөө өгнө биз гээд тэвчээртэй нь аргагүй хүлээсээр дахиад нэг жил гаруй хугацаа өнгөрчээ. Тэгээд сүүлдээ бүр тэвчихээ болиод иргэний шүүхэд гомдол гаргажээ.
Угийн хар буруу санаагүй, гэнэн цайлган, тусархуу зантай Б.Ганбаатарын хувьд хэдийгээр Ц.Баярсайхантай албан ёсны гэрээ хийгээгүй ч гэсэн амаар тохиролцон байраа түүнд худалдана гээд оруулж суулгасан болохоор хожмын нэг өдөр байрных нь хана туургыг нурааж, хэлбэр төрхийг нь өөрчлөөд өөдөөс нь “Би энэ байранд чинь хорь гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж зассан” гэх мэтээр баахан мөнгө нэхэх юм гэж яахан санах билээ. Гэлээ гэхдээ иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс Ц.Баярсайханыг буруутган хувийн орон сууцанд нь дур мэдэн амьдарч байсан, хууль бус эзэмшигч, мөнгө нэхэмжлэх эрхгүй этгээд гээд байрнаас нь албадан нүүлгэх шийдвэр гаргасан байв. Гэтэл Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах нь нэхэмжлэлийн шаардлагад огт байхгүй зүйлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод, байрны эзэн Б.Ганбаатарыг 21 сая 787 мянга 152 төгрөгийн өрөнд унагаж орхижээ. Яагаад ийм илэрхий буруу шийдвэр гаргав гээд судлаад үзэхээр шүүгч Б.Ундрах нь Ц.Баярсайханы өмгөөлөгч Ц.Алтанцолтой шүүгч байхад нь хамт ажиллаж байсан танил төдийгүй Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийг Баянгол дүүргийн шүүхэд ажиллаж байх үед хамт байснаараа гул барин тийнхүү хууль бус зүйл хийжээ.
Мөн өмгөөлөгч Ц.Алтанцолынх нь эхнэр, шүүгч Байгалмаа гэгч нь уг хэргийг өөр дээрээ татаж аван шийдэх гэж улайрч байсан бөгөөд түүнтэй хамт ажилладаг шүүгч Н.Сарангүн нь Б.Ганбаатарыг шүүгчээс татгалзах хүсэлтээ өгсөөр байхад хүчээр шүүх хурал зарлан хуралдуулжээ. Ингээд эцэст нь шүүгч Б.Ундрах нь “...Б.Ганбаатарын нэхэмжлэлийг шүүх өмнө нь гэрээнээс татгалзсаны үр дагаварыг зохицуулсан иргэний хуулийн холбогдох заалтад үндэслэн шийдвэрлэж байсан тул нэхэмжлэгч Ц.Баярсайханы гомдолыг хангаж, магадлалыг хүчингүй болгов...” гэж Улсын Дээд шүүхийн тогтоолдоо бичсэн байгаа юм. Гэтэл анхнаасаа байр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй, гэрээнээс татгалзсан зүйл огт байхгүй байхад шүүгч Б.Ундрах нь тийнхүү ор тас худал зүйлээр тогтоол гаргасан байлаа. Иймээс Б.Ганбаатар нь Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдолдоо “...шүүгч Б.Ундрах нь худал хуурмаг дүгнэлтээр Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгон, эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээд болох Ц.Баярсайханы талд асуудлыг шийдвэрлэн жирийн иргэн намайг хохироосонд маш их гомдолтой байна... Шүүгч Б.Ундрах нь хуууль зөрчсөн шийдвэрийнхээ төлөө хэргийн оролцогч Ц.Баярсайханаас авлига хээл хахууль авсан байж болзошгүй тул шалгаж өгнө үү” гэжээ.
Эдгээрээс үзэхэд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн таалалд нийцэн, шүүгчээр ажиллаж буй Б.Ундрах мэтийн хуульчид нь хуулийг уландаа гишгэж хаяад хэнийг ч хохироохоос сийхгүй болжээ. Иймд шүүхийг орвонгоор нь цэвэрлэхийн тулд дээрээс буюу Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригийг албан тушаалаас зайлуулахаас эхлэх хэрэгтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой болоод байна.
О.Баяр