Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан Н.Энхбаатарыг саатуулах 30 хоногийн хуулийн хугацаа өнөөдөр дуусч байна. Тиймээс прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх цагдан хорионы хурлыг өнөөдөр хэлэлцэхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг батлан даалтад гаргах магадлалтай байгаа гэж байна.
Юутай ч өнөөдөр батлан даалтад гаргах уу, үргэлжлүүлэн хорих уу гэдгийг хэлэлцэж шийдвэрлэх юм.
Түүнийг 600 сая гаруй төгрөгийн хэргээр саатуулсан хэмээн хэвлэлээр мэдээлсэн ч АТГ-аас үгүйсгэсэн. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "МИАТ компанийн дэд захирлын тухайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаа шиг 600 сая төгрөгийн хахууль авсан, үйлдэл дээр нь барьсан гэсэн асуудал байхгүй. Энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа. Хойшлуулшгүй баривчилгааг хийсэн. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авсан. Ямар үндэслэлээр холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн юм.
Тэгвэл түүнд холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа аж. Тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.
Н.Энхбаатар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад түүний туслахаар ажиллаж байжээ. Дараа нь МИАТ-ийн дэд захирлаар томилогдон ажиллаж байхдаа ийнхүү саатуулагдсан байна.
Б.Анир
Zaluu.com