Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордоны “А” танхимд эхэлнэ.. “Токио 2020” олимпийн наадам болох хариуцлагатай жил учраас энэхүү тэмцээнд бүх бөхчүүд өндөр ач холбогдол өгч байгаа билээ. УАШТ-д түрүүлсэн бөхчүүд Энэтхэгт болох Азийн АШТ, гуравдугаар сарын 27-29 – нд БНХАУ-ын Шиань хотноо болох Азийн олимпийн эрх олгох тэмцээнд оролцох учиртай.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -57 кг,- 65 кг,-70 кг,-86 кг, эмэгтэйчүүдийн -50 кг,-55 кг,-59 кг жингийн барилдаанууд тус тус болно. Эрэгтэй 57, 65, 86 болон эмэгтэй 50 кг олимпийн жин учраас эдгээр жингүүдэд ширүүн өрсөлдөөн явагдах учиртай. Сугаалааны байдлаас харвал 65 кг-ын жингийн гол бөхчүүд болох Г.Мандахнаран-Т.Тулга нар өрсөлдөгч бөхчүүдээ ялбал гуравдугаар тойрогт таарна. Мөн Н.Лхамгармаа , Б.Батмагнай нар эхний өрсөлдөгчөө ялбал хоёрдугаар тойрогт таарна. 57 к-д Эрдэнэбатын Бэхбаяр, Түмэнбилэгийн Түвшинтулга нар өрсөлдөгч бөхчүүдээ ялбал хагас шигшээд барилдахаар сугалаа татсан байна. 86 кг-д О.Үйтүмэн, Г.Ганхуяг нар эмэгтэй 50 кг-д Н.Анударь, Ц.Намуунцэцэг нар хагс шигшээд таарах төлөвтэй. Барилдаан 11:00 цагаас эхэлнэ.
Шуурхай.мн