“Монголын төмөр зам” ТӨХК болон “Чайна энержи коксжих нүүрс” компанийн хоорондын нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээнд өнгөрсөн сарын 14-ний өдөр гарын үсэг зурсан. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг хил дамнасан төмөр замаар холбох ажлын хүрээнд “Чайна энержи” группийн худалдан авсан нүүрсийг төмөр замаар тээвэрлэх урт хугацааны түүхэн гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК байгуулж, анхны тээвэрлэлтээ энэ сарын 24-нд Тавантолгой өртөөнөөс эхлүүллээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, “Эрдэнэс Тавантолгой” компани, “Чайна энержи цахим худалдаа” компанийн ТУЗ-ийн дарга Жан Яньшөн болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Нээлтийн үеэр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “2003 оноос эхлэн ярьж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийтдээ 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийсний эцэст хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдааны асуудал эцэслэн шийдвэрлэгдэж, 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Монголын төмөр зам” ТӨХК нь “Чайна энержи коксжих нүүрс” компанитай “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-г байгуулж, тус гэрээний дагуу нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагааг албан ёсоор нээж, эхний ачаатай галт тэргийг хөдөлгөх түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа баяртай байна.
Энэ нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээгээр 16 жилийн хугацаанд 247 сая тонн ачаа тээвэрлэх, нүүрсний экспорт жилд дунджаар 83 сая тонн байгааг 113 саяд хүргэх. Зөвхөн төмөр замын тээврээс 3.7 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой. Түүнчлэн жилд 30 сая тонн ачааг тээвэрлэх техникийн үзүүлэлт, технологийн чадамж бүхий нэгдүгээр зэрэглэлийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ашиглалтыг сайжруулж, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэн, бүрэн хүчин чадлаар ажиллуулах суурь бололцоо, эхлэлийг тавьж байна” гэлээ.
Харин БНХАУ-ын “Чайна энержи цахим худалдаа” компанийн ТУЗ-ийн дарга Жан Яньшөн “Дэлгэр зуны сайхан цагт Монгол Улсын Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн урилгаар “Чайна энержи цахим худалдаа” компани болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний хүрээнд хийхэд бэлэн болсон анхны тээврийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ нь Хятад, Монгол хоёр орны “Гурвыг цогцоор” хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг. Тавантолгойн ордын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг холбосон хөшүүрэг төдийгүй Монголын ашигт малтмалын нөөцийг Хятадын зах зээлд холбон өгч буй зангилаа болж, талуудын ирээдүйн 16 жилийн урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэх кнопыг дарлаа.
Өнөөдрийн анхны тээвэрлэлтийн үйл ажиллагаа хоёр талын аж ахуйн нэгжүүдийн хөгжлийн түүхэнд бичигдээд зогсохгүй хоёр улсын худалдаа, тээвэрлэлтийн хамтын ажиллагааны түүхэн хуудаст тэмдэглэгдэн үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. “Сайн эхлэл нь амжилтын үндэс” гэсэн Хятадын ардын хэлц үг бий. Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний Хятадын талын хариуцагч байгууллагын хувьд “Чайна энержи цахим худалдаа” компани нь хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагааг урагшлуулах анхны зорилгоо хадгалан, эрчим хүчний худалдаагаар хоёр орны иргэдэд бодит үр шимийг авчрах эрхэм үүргээ ямагт санаж “Чайна энержи” группийн олон талт үйл ажиллагаа, борлуулалтын сүлжээний давуу талыг сайн гаргаж, өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаагаар дамжуулж, Монголын нүүрсний борлуулалтын зах зээлд нэвтрэх шинэ хуудсыг нээж байна” гэсэн юм.
Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Арга хэмжээнд оролцогчдын сэтгэгдлийг хүргэе.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун: Нэг тонн нүүрсийг ойролцоогоор 15 орчим ам.доллараар эцсийн цэгт хүргэж байгаа
-Та бүхэн мэдэж байгаа өнгөрсөн сарын 14-нд Хил холболтын төмөр замын барилгын анги ажлыг эхлүүлэх гэрээг “Эрдэнэс Тавантолгой” компанитай хийсэн байгаа. Энэ хүрээнд хоёр улсын Засгийн газрын хоорондын тохирсноор бол гурван гэрээ хийсэн. Эхнийх нь саяын гэрээ. Хоёр дахь нь Эрдэнэс тавантолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх. Гурав дахь нь нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгаа. Энэ гурван цогц гэрээний хүрээнд нэмэлтээр 16 жилийн турш “Монголын төмөр зам” ТӨХК “Чайна энержи” компанийн тээвэрлэх 247 сая тонн нүүрсийг хил холболтын төмөр зам ортол эхний ээлжинд галт тэрэг, авто замын холимог тээврээр хүргэнэ. Хил холболтын төмөр зам орсны дараа бид шууд төмөр замаар тээвэрлэнэ. 16 жилийн гэрээнд эхний гурван жил таван сая, дөрөв тав дахь жилд зургаан сая, зургаа дахь жилээс 20 сая тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэхээр хуваариа гаргасан байгаа.
Багахангай, Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалттай холбоотой Засгийн газрын нэлээдгүй тогтоол, шийдвэр гарсан. Энэ хүрээнд бид 102.5 км замыг энэ ондоо, эхний ээлжинд буюу 87.5 км замыг аравдугаар сард хүлээлгэн өгөхөөр ажлаа эхэлсэн байгаа. Энэ бүтээн байгуулалтын санхүүжилтийг “Чайна энержи” компанитай хийсэн урт хугацааны нүүрс тээвэрлэх тээврийн орлогоос олж буцаан төлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бид Эрдэнэс тавантолгойн уурхай дотор 12 км орж нүүрсээ ачиж авчраад галт тэрэг рүүгээ зөөвөрлөөд 233 км яваад Гашуунсухайт дээр автомашин руу зөөгөөд “Чайна энержи”-гийн терминалд буулгах хүртэл талдаа 12 км нийт 24 км явж ирнэ гэсэн үг.
Нүүрсний үнийн уналттай холбоотойгоор авто тээврээр тээвэрлэх нүүрсний хэмжээ ч багассан байгаа. Үүнтэй холбогдуулаад Зам тээврийн яамны удирдлагуудтай ярьж байж суурь бүтцийн тарифыг 40 хувиар бууруулсан. 40 хувьтай бууруулж авто тээвэртэй өрсөлдөх хэмжээнд үнэтэй болгосноор “Чайна энержи” компанитай хэлцэл хийгээд төмөр замаар тээвэрлэе гэсэн сонголтод хүрсэн.
Манай 16 жилийн гэрээнд жил болгон сарын өмнө үнийн хэлцэл хийнэ гэсэн гэрээний заалт байгаа. Ялангуяа, энэ заалтыг нүүрсний зах зээлийн хэлбэлзлээс шалтгаалж жил бүр тохирно. Бид нэг тонн нүүрсийг ойролцоогоор 15 орчим ам.доллараар эцсийн цэгт хүргэж байгаа.
Тавантолгой өртөөний ахлах вагон үзэгч А.Билгүүн: Түүхэн үйл явдалд оролцсондоо баяртай байна
-Өнөөдөр түүхэн үйл явдал боллоо. 16 жилийн урт хугацааны гэрээ Монгол Улсын хөгжилд нэмэр болохуйц бүтээн байгуулалт, олон хүний хүч хөдөлмөр ялангуяа, халуун голомт дээр нь ажиллаж байгаа галт тэрэгний найруулагч, вагон үзэгч бид өнөөдөр энэ мэргэжлээрээ маш их бахархаж байна. Түүхэн галт тэрэг аялуулахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол манай вагон үзэгчид байлаа. Үүнд миний бие ч оролцлоо. Вагон үзэгч нь төмөр замд хамгийн чухал мэргэжил. Галт тэрэгний аюулгүй хөдөлгөөний байдлыг хангаж ажилладаг. Өдөрт хоёр цуваагаар, хоёр галт тэрэг явна гэж төлөвлөсөн юм билээ. Би өмнө нь Улаанбаатар төмөр замд ажиллаж байгаад энд урилгаар ирж ажиллаад хоёр жил болж байна. Монголын төмөр замчиддаа ажлын амжилт хүсье.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
3.7 тэрбум ам.долларыг зөвхөн тээвэрлэлтээс олно
-Бид нүүрс тээврийнхээ ачааг өнгөрсөн хугацаанд зөвхөн авто тээврээр гаргадаг байсан. Тэгвэл өнөөдрөөс галт тэргээр зөөдөг болж байна. 16 жилийн хугацаанд зарахдаа ямар үнээр борлуулах вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Миний мэдэж байгаагаар нүүрсний зах зээлээс шалтгаалж худалдаална. Өнөөдөр /2025.06.24/ “Монголын төмөр зам” компани, “Чайна энержи коксжих нүүрс” компанийн нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаа эхэлж байна. Анхны нүүрсний цувааг эхлүүлж байгаад баяртай байна. Монгол Улсад бид нүүрсээ илүү ихээр экспортод гаргах боломжийг бүрдүүлж байгаа анхны цуваа болно. Хоёр төмөр замыг холбох үйл ажиллагаа эхэлсэн явж байгаа. Миний бие хоёр хоногийн өмнө “Чайна энержи” компанийн хил холболтын үйл ажиллагааг явуулах “Си Ар Си” компанитай уулзсан. Бид эцсийн гэрээн дээр тохиролцож, ойлголцож ажил зогсохгүй явахаар яригдаж байгаа.
-Үнэ дээшээ, доошоо байна гэлээ. Бидэнд доод хязгаар гэж бий юу?
-Мэдээж хэт доошоо орох гэдэг ойлголт байхгүй. Гэхдээ өнөөдөр зах зээл маань дэлхийн геополитикийн асуудал, худалдааны дайны асуудал гэсэн олон зүйлээс шалтгаалаад үнэ бага байна. Тиймээс наймдугаар сард өсөх болов уу гэсэн прогноз байна. Гэхдээ хамгийн гол нь бид бага гэхгүйгээр зарах нь чухал. Экспортын үйл ажиллагааг бүр зогсоочихвол нэгдүгээрт, хамтын ажиллагаа буюу урдах зах зээл маань өөр зах зээлтэй харилцаа холбоо тогтоочихно. Нөгөө талаасаа бид энэ харилцаа холбоогоо алдахгүйн тулд урт хугацааны энэ гэрээгээ хэрэгжүүлээд өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлээд явах ёстой гэж бодож байгаа.
-Эдийн засагт бидэнд нэлээн том үр өгөөжийг авчирна гэлээ?
-Зөвхөн тээвэрлэлтийн үнэ өртгийг хэлж байна. 247 сая тонн нүүрсийг 16 жилийн хугацаанд тээвэрлэхэд 3.7 тэрбум ам.долларыг зөвхөн тээвэрлэлтээсээ олно. Тэгэхээр манайх төмөр замын өртгөө нөхөхөөс гадна цаашид илүү их ашигтай ажиллах боломж байгаа.
-Бид нэг удаа гаргаж явуулахдаа хэдэн тонноор нь ачих вэ?
-Ойролцоогоор 116 чингэлэг бүхий 58 галт тэрэг явж байна. Нэг галт тэргэнд хоёр чингэлэг ачигддаг. Энэ цуваа Гашуунсухайт-Ганцмод боомт дээр очоод шилжүүлэн ачих байгууламжаар дамжаад машинд ачигдаад Монголын хилээр дөрвөн км яваад гарчихна.
-Хил холболтын асуудал шийдэгдсэний дараа шууд гарна гэсэн үг үү?
-Хил холбогдонгуут бид эндээсээ шууд экспортод ачна гэсэн үг. Ачигдсан нүүрс чигээрээ цаашаа Ганцмод руу ороод явчихна. Бид бас Нарийнаар орж ирсэн цариг дээрээс ачиж, буулгах терминал дээрээс дахин өөрсдөө зөөж ачна. Ингэж хоёр зэрэг ачиж байж үндсэндээ Нарийнаар ачаад эхлэнгүүт цаашаа эцсийн цэг хэрэглэгчдэдээ очно гэсэн үг. Хэрэглэгчдэдээ очих тусмаа нүүрсний үнэ нэмэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй.
Рагчаагийн Оюун
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!