fbpx Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
15 минут 22 секунд

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Ч.БЯМБАХАЖИД, С.ОЮУН-ЭРДЭНЭ

Зуны зугаатай амралт хэдийнээ дуусаж сургуулийн хонх дахин жингэнэхэд бэлэн боллоо. Сурагч, оюутан, цэцэрлэгийн багачуул хүртэл ном дэвтэр, үзэг бал, цүнх, дүрэмт хувцас гээд хичээлдээ бэлдэхээр бужигналдан, шинэ хичээлийн жилийн уур амьсгал хэдийнээ оржээ. Тэгвэл сурагчид, оюутнуудын энэ хичээлийн жилийн бэлтгэл хэр хангагдсан бол? Уншигч та хичээлдээ бэлэн үү? Энэ хичээлийн жилд их дээд сургууль, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт хэд хэдэн онцлог өөрчлөлтүүд орсон. Хичээлийн шинэ жил ямар ямар онцлогтойгоор эхэлж байгаа талаар тоймлон хүргэж байна.

2026-2027 оны хичээлийн шинэ жил онцлогтой эхэлж байгаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос “Чөлөөлье” гэдэг зургаан том шинэчлэлийг салбар яам эхлүүлээд байна. Үүнд, нэгдүгээрт хөтөлбөрийн шинэчлэл хийх. Хоёрдугаарт, сайн багшийн тогтолцоог бүрдүүлэх. Гуравдугаарт, хувьсах зардлын тогтолцоог хийнэ. Дөрөвдүгээрт, хуурамч дүнгийн тогтолцоог хална. Тавдугаарт, сургууль, цэцэрлэгийн удирдлагын тогтолцоо. Зургаадугаарт, ухаалаг сургууль буюу цахим сургууль болох тогтолцоог бий болгож бүрдүүлэх юм.

Энэ талаар 2026 оны долоодугаар сарын 21-ний Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэхдээ “Нийслэлд 3000 дээш хүүхэдтэй байгаа 38 өндөр ачаалалтай сургууль байна. Энэ 38 сургуулийг бүтцийн өөрчлөлт хийж, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль болгож, өөрчлөлт хийх гэж байна. 2026-2027 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгийг зохион байгуулахаар болсон.

Аравдугаар сарын 1-нээс өмнө хийхээр төлөвлөсөн уг арга хэмжээнд нийт 270.689 хүүхэд хамрагдах тооцоолол байна” гэж байлаа.

Их сургуулиудын сургалтын төлбөр дунджаар 5.4 сая төгрөг байна

2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатарт хотноо Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал болж өнгөрсөн. Үүнтэй холбогдуулан их дээд сургуулиуд, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхлэхээр болсон. Харин хөдөө, орон нутагт хичээл сургалтын үйл ажиллагаа ямар нэг өөрчлөлтгүйгээр есдүгээр сарын 1-нээс хэвийн үргэлжлэх юм.

2026-2027 оны хичээлийн шинэ жил энэ долоо хоногт эхэлнэ. Энэ хичээлийн жилд 68 их сургууль, коллеж үйл ажиллагаа явуулах бөгөөд 25 мянган оюутан шинээр элсэн суралцах юм. Төрийн өмчит сургуулиуд 84 хувь, хувийн өмчийн сургуулиудын элсэлт 70 хувийн элсэлтийн гүйцэтгэлтэй байна. Сургалтын төлбөр дунджаар 5.4 сая төгрөг байна. Төрийн өмчийн их сургуулиудын сургалтын төлбөрийн мэдээллийг нэгтгэн хүргэе.

ШУТИС-ийн нэг кредит цагийн төлбөр 209-218 мянган төгрөг байна. АШУҮИС-ийн төлбөр зургаан сая төгрөг давжээ. Харин МУИС-ийн нэг кредитийн үнэлгээ 200 мянган төгрөг болсон байна. МУБИС-ийн сургалтын төлбөр есөн хувиар нэмэгдсэн байна.

Сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээл, хөнгөлөлтийн талаар Боловсролын зээлийн сангийн захирал П.Зохихсүрэн мэдээлэл өглөө.

Тэрээр “Боловсролын зээлийн сангаас дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагсдад тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, төлбөрийн хөнгөлөлт зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Боловсролын зээлийн сангаас 2026 оны 1-6 дугаар сард их, дээд сургуулиудад олгосон хяналтын тоонд багтсан суралцагчдын санхүүжилтыг бүрэн олгосон. Энэ квотод багтаж чадаагүй багш, ажилчдын нэг хүүхдийн сургалтын төлбөрийг шийдвэрлэх чиглэлийг Боловсролын яамнаас өгсөн. Энэ хүрээнд 506 суралцагчийн 1.46 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэхээр болсон. Мөн орон нутагт эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр болон багш мэргэжлээр суралцаж байгаа 1692 суралцагчийн 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтыг боловсролын зээлийн сангаас олгохоор болсон. 2026 онд сургуулиа төгссөн 502 суралцагчийн нэг тэрбум орчим төгрөгийг мөн шийдвэрлэхээр болсон.

Боловсролын зээлийн сангаас

Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ, политехникийн коллежид 15-аас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа багш, ажилчдын нэг хүүхдэд тэтгэлэг олгоно. Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа хүүхдэд олгохоор мөн тусгагдсан” гэв.

Жил бүр хөдөө орон нутгийн оюутнуудад амьдрах орон байрны асуудал тулгамддаг. Тэд сургуулийнхаа дотуур байранд амьдрах боломжтой ч хүрэлцээгүй байдлаас болж цөөн тооны, “туршлагатай” гэх оюутнууд л дотуур байрандаа орж амждаг. Тэгвэл энэ жил оюутнуудын хичээл сургалтын үйл ажиллагааны өөрчлөлттэй холбогдуулан есдүгээр сарын 13-наас дотуур байранд оруулж эхлэх юм байна.

Тэгвэл оюутан Ц.Манлай хичээлийн шинэ жилийн бэлтгэл, тулгамддаг асуудлынхаа талаар бидэнтэй хуваалцлаа.

Тэрээр “Би СЭЗИC-ийн гуравдугаар курсийн оюутан. Архангай аймгийн Цэцэрлэг хотоос ирж суралцаж байна. Энэ хичээлийн жилд сургалтын төлбөр нэг кредит цагийн төлбөр өмнөхөөсөө 40.000-50.000 төгрөгөөр өссөн. Төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа оюутнуудад сургуулиас сургуулийн нэрэмжит тэтгэлэг болон Засгийн газрын тэтгэлэг зэрэг оюутнуудад зориулсан тодорхой хөнгөлөлтүүд үзүүлдэг. Хичээлийн хөтөлбөрийн хувьд хиймэл оюун ухаан зэрэг орчин үеийн технологийн хичээлүүд шинээр нэмэгдэж орж байгаа. Би оюутны байранд амьдардаггүй. Учир нь орчин нь тав тухгүй, ариун цэврийн асуудал хангалтгүй байдаг. Мөн тухайн үедээ бүртгэлдээ амжаагүй тохиолдлууд их гардаг. Тийм болохоор одоо 1.2 сая төгрөгөөр нэг өрөө байр түрээслэн амьдарч байна. Хоол хүнс, унаа, түрээс зэрэг өдөр тутмын зардал өмнөх жилээс нэмэгдсэн. Түрээс, хоол хүнс, тог цахилгаан, ус, интернэт гээд л сар бүрийн тогтмол зардлууд өсөөд амьдрахад нэлээд хэцүү тусч байна” гэлээ.

Хичээлийн жилийн бүтэц дөрвөн улиралтай болов

Тэгвэл энэ хичээлийн жилд ЕБС-уудын хичээл, сургалтын хөтөлбөрт ямар өөрчлөлтүүд оров?

Улсын хэмжээнд энэ жил 74 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Нэгдүгээр ангийн сурагчид хичээлийн жилийн эхний нэг сарын хугацаанд сургуульдаа дасан зохицох, сургуулийн орчин болон бусад үйл ажиллагаатай танилцах чиглэлээр суралцаж, аравдугаар сарын 1-нээс үндсэн сурах бичгийн дагуу хичээллэж эхэлнэ гэдгийг Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат мэдээлсэн юм.

Тэрээр “Энэ хичээлийн жилийн үндсэн зорилго нь суралцагч бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн чанартай, үр дүнтэй, хүртээмжтэй боловсролыг олгоход оршино. “Гэрт ойр цэцэрлэг, сургууль хамгийн сайн сургууль” байх зарчмыг баримталж, 15 зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлнэ. Нийслэлийн хэмжээнд ачаалал ихтэй сургуулиудын ачааллыг бууруулах, анги дүүргэлтийг 45-аас бага байлгах зорилгоор 22 сургууль дээр зохицуулалт хийж, хотхоны бага сургууль буюу гэрт ойр сургуулийг ажиллуулахаар ажиллаж байна. Аймаг, дүүрэг бүрд нэг, нэг төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаа явуулна. Улсын хэмжээнд олон улсын хөтөлбөртэй зургаан сургууль үйл ажиллагаа явуулж байна” гэлээ.

Мөн энэ хичээлийн жилээс хичээлийн жилийн бүтэц дөрвөн улиралтай болж байгааг онцоллоо. Хот, хөдөөгийн сургуулийн онцлогт нийцүүлэн бие даалт болон цахим сургалтын долоо хоногийг тусгажээ.

Тухайлбал, Цагаан сарын долоо хоногийг сурагчдын бие даалтын долоо хоног болгон зохион байгуулж, үндэсний өв соёл, уламжлал, ёс заншилтай танилцах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Бие даалтын долоо хоногийг Улаанбаатар хотод өвлийн улирал буюу арванхоёрдугаар сард ханиад, томууны үеэр, харин орон нутагт мал төллөлтийн үеэр зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ хичээлийн жилд мөн нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээллэх бол 2-12 дугаар ангийн сурагчид одоо мөрдөж буй сургалтын хөтөлбөр, сурах бичгээрээ үргэлжлүүлэн суралцана.

Түүнчлэн хичээлийн бус цагаар сурагчдын хөгжил, хамгаалал, бүтээлч үйл ажиллагааг дэмжих чиглэлийн арга хэмжээг тусад нь хэрэгжүүлэхээр болжээ.

Боловсролын яам Монголын шатрын холбоотой хамтран энэ хичээлийн жилээс 1-5 дугаар ангийн сурагчдад зориулсан “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх юм байна.

Харин ахлах ангийнхны сонгон судлах хичээлийн сонголтыг сургууль тус бүрийн системээр зохион байгуулахаар болсныг БЕГ-аас мэдээлсэн юм. Сурагчид эцэг эх, асран хамгаалагчтайгаа зөвлөлдөн 2026-2027 оны хичээлийн жилийн турш судлах хичээлээ сонгох юм. Ингэхдээ 16 сонгон судлах хичээлээс аравдугаар анги дөрвөн хичээл, 11, 12 дугаар ангийнхан тус бүр гурван хичээл сонгоно. Сургуулийн системд сонголтоо баталгаажуулсан тохиолдолд хичээлийн жилийн турш дахин солих боломжгүй юм.

Нийслэлийн боловсролын газрын дарга Б. Амартүвшин түр оршин суух хаягтай иргэдээс хүүхдээ сургууль, цэцэрлэгт бүртгүүлэхэд нь орон сууцны өмчлөлийн гэрчилгээ буюу байрны ордер шаардахыг хатуу хориглосон болохыг албан ёсоор мэдэгдэв.

Сургууль, цэцэрлэгүүд түр оршин суугчдаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нэхэхийг хориглосон хэдий ч эцэг эх, асран хамгаалагчид тухайн хаягтаа бодитоор амьдарч байгааг нотлох албан ёсны бусад баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай хэвээр байна. Боловсролын газрын өгсөн мэдээллээр, нэг байрны хаяг дээр богино хугацаанд олон хүүхэд шилжүүлэн бүртгүүлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зөрчил цөөнгүй илэрсэн тул ийнхүү хаягийн бодит байдлыг нягтлах шаардлага үүсжээ.

Мөн энэ хичээлийн жилийн бас нэгэн онцлох шийдвэр бол ерөнхий боловсролын сургуулиудад сошиал медиа ашиглахыг хориглохоор болсон нь байв. Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Энэхүү шийдвэр нь хүүхдүүдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах, ухаалаг утас болон дэлгэцийн хэт хэрэглээг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзэж байгаа юм. Шинэ зохицуулалтын хүрээнд сургууль, анги хамт олон нь багш, сурагч, эцэг эхийг оролцуулсан хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой сошиал медиа чат, хуудас ажиллуулахгүй байх юм. Ингэснээр Facebook, Instagram, TikTok зэрэг платформоор дамжуулан сургууль, ангийн түвшинд мэдээлэл солилцох одоогийн хэлбэр өөрчлөгдөнө” хэмээн мэдээлэв.

“Хөдөө, орон нутагт 200-с доош сурагчтай байгаа сургуулиудыг есөн жилийн сургалтын тогтолцоотой болгоно”

2026 онд 33 шинэ цэцэрлэг ашиглалтад оруулж, алслагдсан бүс нутгийн малчин өрхийн хүүхэд бүрд хувилбарт сургалтын үйлчилгээг хүргэхээр төлөвлөжээ. Ингэснээр 2-5 насны нийт хүүхдийн 98 хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилт тавьсан байна. Дараагийн асуудал бол хөдөө, орон нутагт 200-с доош хүүхэдтэй байгаа 200 сургууль байна. Бүгд 12 жилийн тогтолцоотой. Эдгээр сургуулиудыг буцааж есөн жилийн сургалтын тогтолцоотой болгоно.

Мөн сургууль анги танхим бүр цэвэр цэмцгэр эрүүл байх ёстой. Хөдөөгийн сургуулийн нүхэн жорлонг халав. 1200 цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шийдэж дууссан. Хоёр жил үргэлжилсэн ажил энэ жил дуусаж байна хэмээн Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн юм.

“Нийслэлийн хэмжээнд 126.827 хүүхэд цэцэрлэгт хамрагдана”

2026-2027 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл 2026 наймдугаар сарын 1-нээс эхэлсэн. Эхний 24 цагийн байдлаар 60.557 хүүхэд бүртгүүлээд байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 126.827 хүүхэд цэцэрлэгт хамрагдана.

Цэцэрлэгийн бүртгэлийг цахим болгосноор эцэг эхчүүд заавал цэцэрлэг дээр ирэх шаардлагагүй болсон. Бүртгэлийн явцын мэдээлэлтэй https://parent.edu.mn/login-д хандаж танилцах боломжтой. Цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагт дууссан.

Энэ жил цэцэрлэгийн бүртгэл цахимаар явагдсан нь илүү амар, ямар нэг асуудал, дараалал үүсэх зэрэг хүндрэлтэй зүйл гараагүйд эцэг эхчүүдийн төлөөлөл сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Иргэн Б.Батцэцэг “Энэ намар охин маань цэцэрлэгт орж байгаа. Гэртэйгээ ойр цэцэрлэгт хүүхдээ цахимаар бүртгүүлсэн. Цахим бүртгэлийн системийг ашиглахад их хялбар санагдсан. Өмнө нь бол цэцэрлэг дээр биечлэн очиж, дараалах, бүртгэлийн талаар олон удаа лавлах шаардлагатай болдог байсан. Харин одоо гэрээсээ гаралгүйгээр E-Mongolia системээр хүсэлтээ илгээх боломжтой болсон нь эцэг эхчүүдийн цаг зав, зардлыг хэмнэсэн шийдэл гэж бодож байна. Цэцэрлэгт бүртгүүлэхээс гадна хүүхдээ шинээр оруулахад бэлтгэл ажил их байдаг. Хувцас, ор дэрний хэрэглэл, ариун цэврийн болон бусад хэрэгцээт зүйлс авах шаардлагатай. Цэцэрлэгтэй холбоотой нэмэлт зардал мэдээж гарч байгаа” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 162 (7904)

Баабар: Бямбын Ринчин
Баабар: Бямбын Ринчин
 
Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна
Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

П.Энхцэцэг: Байгальтайгаа хүйн холбоогоо сэргээж, нүүдлийн соёл иргэншлийн өвөө дэлхийтэй хуваалцах цаг болсон

П.Энхцэцэг: Байгальтайгаа хүйн холбоогоо сэргээж, нүүдлийн соёл иргэншлийн өвөө дэлхийтэй хуваалцах цаг болсон

30 мянган кинонд дуу хоолойгоороо дүр бүтээсэн Ө.Наранбаатар

30 мянган кинонд дуу хоолойгоороо дүр бүтээсэн Ө.Наранбаатар

Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

Гадаад нөхцөл байдал таатай сайхан байна гэнэ үү? О.Цогтгэрэлийн ухаан санаа зүгээр үү?

Гадаад нөхцөл байдал таатай сайхан байна гэнэ үү? О.Цогтгэрэлийн ухаан санаа зүгээр үү?

Д.Баярхүү: Социалист Монголд чехүүд бослого дэгдээх шахсан тухай

Д.Баярхүү: Социалист Монголд чехүүд бослого дэгдээх шахсан тухай

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Хар зүрхний хөх нуур-Хамаг Монголын түүхт нуур

Хар зүрхний хөх нуур-Хамаг Монголын түүхт нуур

Хотынхон юугаар амьсгалахыг С.Даваасүрэн дарга мэднэ

Хотынхон юугаар амьсгалахыг С.Даваасүрэн дарга мэднэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​