Дорноговь аймгийнхан хайлаас модоор аймгийнхаа нэрийг "сийлжээ". Энэ үйл ажиллагаа нь энэ онд тохиож буй Дорноговь аймгийн 90 жилийн ойн хүрээнд хийгдсэн гэнэ. Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамт олон түүхт ойдоо зориулан 1300 ширхэг хайлаас мод суулгаж, Дорноговь-Улаанбаатар хот чиглэлийн зам дагуу аймгийнхаа нэрийг бүтээжээ.
Зам дагуу суулгасан моддын хашаа хамгаалалт, усалгаа арчилгааг Улаанбаатар төмөр замын Зүтгүүрийн депо болон Эрчим хүч, ус хангамжийн хоёрдугаар ангийн хамт олон хариуцан ажиллаж байгаа аж.