
Монголын улс төр 90 оноос хойш л шинжлэх ухааны хэв маягтай болж ирсэн залуу салбар. Нялх хэмээсэн ч болох. Өмнө нь: Монголд төрийн эрх зүй, түүхийн судалгаа 30-аад оноос эхэлсэн хэдий ч марксист-ленинист үзэл сурталд захирагдаж, улс төрийг бие даасан шинжлэх ухаан гэж үздэггүй байж. Шулуухандаа: Юун шинжлэх ухаан, толгой өвдөх юмгүйгээр марксист-ленинист идеалогид хөтлөгдөөд хүмүүжин хөгжиж ирж.
90 оны Ардчилсан хувьсгалаас хойш улс төр гэдгийг хийх шаардлага бий болж. Тэрнийг дагаад уншиж судлах хэрэгцээ үүсэж. Гэсэн үг. Өөрөөр: Улс төр судлалын суурь судалгааны аргууд, сургалт эрдэм шинжилгээний ажил хийгдэж эхэлж. Зарим нэг Их, дээд сургуульд улс төр судлалын тэнхмүүд байгуулагдаж, сургалтдаа болон тэрнийхээ хөтөлбөрт бихевиорист, системчилсэн, харьцуулсан судалгааны аргуудыг багтаан хэрэглэх болж.
Тэрний хэмжээгээр: Улс төрийн судалгаа нь 90 оны ардчилсан хувьсгалын дараа бие даасан шинжлэх ухаан, салбар болж хөгжиж. Гэж ойлгоход болох. 35-36 жилийн түүхтэй гэж ярих Монголын улс төрийн судалгааны салбар аанай л нялхдуу хэвээр. Эдүгээ гол нуруу нь Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, батлан хамгаалах болон улс төрийн стратеги төлөвлөлтийн чиглэлээр төр засгийн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхээр 92 онд байгуулагдсан Стратеги судалгааны хүрээлэн, хувийнх гэвэл 94 оноос хойших түүхтэй Сантмарал, МЭК болон бусад байгууллагыг нэрлэж болох. Гэвчиг: Энэ хэд гэлтгүй ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн Улс төр судлалын салбар болоод МУИС гэх мэт их сургуулиудын судалгааны төвүүдийг Монголын улс төрийн судалгааны түүхээс ангид ярих бас боломжгүй. Лавтай мэдэгдэх нь: Монголын улс төрийн судалгааны түвшин бол сайн бус. Гэсэн нь: Судалгаа бодит гэдэгтэй тэрнийг захиалан хийлгэдэг улстөрчид болоод тэрэнтэй үзэж танилцаад үзэл бодлоо цэгцрэх ёстой ард нийт эвлэрэхгүй хэвээр. Бүгдээрээ: Бодит бус байх гэж эргэлзэх. Энийг төрийн болоод хувийн судалгаачид таалахгүй ч энэ бодит үнэн. Жанцан нь: Зарим том намууд болоод улстөрчид хувийн зүгээс захиалж судалгаа хийлгэх болж. Зарим нам нь дэргэдээ албан ёсны судалгаачидтай. Үнэнийг мэдэх гэж. Тэрэндээ л итгэдэг гэх. Тэгээд уг судалгаанд тулгуурлан дараа дараачийн улс төрийн үйл явцаа тэрэнтэй уях. Ингээд удаж буй. Дор хаяж 12 жил. 14-15 оноос эхлээд ингэж. Тэрнийг дагаад ард нийтэд зарлахгүйгээр дан гагц энэрхүү захиалга гүйцэтгэдэг судалгаачид буй болж.
Саявтар МАН тэр жаягийн нэг судалгаа хийлгэж. Өөрсдийнхөө рейтинг ямархуу байгааг тандаж. Тэрний хариуг өнгөрөгч долоо хоногт МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас бусад удирдлагууд нь төрийн ордонд цуглаад судалгааны дүн сонсож. Гэтэл нь: Судалгааны дүн машид ноцтой гарч. МАН-ын рейтинг шалаар унасан дүн гарч. Уул нь нэг жил гаруйхны өмнө МАН-ын рейтинг 40 шахуу хувьтай байж. Гэтэл нь 20 хүрэхгүй буюу 17-18 хувьтай болж. Тэр нь судалгааны дүнгээр тогтоогдож. Тэр бүү хэл судалгаа өгсөн ард нийтийн 50 гаруй хувь нь: МАН-ыг дахиад сонгохгүй гэж хариулж. Мөнхүү: АН-ын рейтинг нэг жил гаруйн өмнө 20 хувь хүрэхгүй байснаа нэг нугалсан хувиар өсөж. Чухамхүү: Энэ нь МАН-ын дарга нарын нүдийг оройд нь гаргаж, савж унах шахаж. Өөрөөр: Шоконд оруулж. Тэд нар: Намын рейтинг санасанд хүрэхгүй нь тодорхой. Гэвчиг: Арай ч энэндээ тулна гэж бодсонгүй гэж гайхсанаа хэлцгээж. Тэгээд машид нууцалъя, басхүү энийгээ сэргээх тактик бодъё гэцгээж. Нарийндаа: 27 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл 10 сар үлдээд буй. Онолоор: Тэр хүртэл тэдэнд рейтингийн богино хугацааны өсөлт хэрэгтэй. Гэвчиг: Сөрөг хүчин АН-тай холбоотой томоохон хямрал, ноцтой алдаа, эсхүл МАН-д маш хүчтэй, олны танил, шинэ лидер гарч ирж гэмээнэ намын чансаа богино хугацаанд огцом өсөх боломжтой. Тэр юу л бол. Эсрэгээрээ: АН-ын дарга О.Цогтгэрэл тунчиг эвгүй хөдлөөд эхэлж.
Өөрөөр: Томоохон хямрал, ноцтой алдаа МАН-аас гарч, маш хүчтэй, олны танил, шинэ лидер АН-д гарч ирж байх шиг. О.Цогтгэрэлийн улс төрийн тактик ойлгомжгүй бөгөөд уншигдахаа больж. Тэрний сацуу АН амьтнаар бол биеэ хураагаад сонгуульд бэлдээд эхэлж. Гэж МАН-ынхан сэтгэл гутран ярьж. Үнэхээрийн сүүл үест АН-ыг ажих нь ээ: Намын дарга О.Цогтгэрэлээс нь сүржигнээд байхгүй хэр нь хүчтэй лидерийн шинж харагдаад байх болж. Жишээ нь: Улс төрийн нүүдэл нь математикч хандлагатай болж ирээд, өөрөө ард нийтэд хүлээн зөвшөөрөгдөх тал руугаа орж, тэр дээр харизматик шинж байдал нь ч илрэн гарах болж. Мөнхүү: С.Баярцогт нараар толгойлуулсан АН-ын Улс төрийн зөвлөл, бусад удирдлага онцгой
5-6 жилийн өмнөх шиг өөр хоорондоо нармайгаа нээлцсэн гудамны улстөрчид байхаа нэгэнтээ больж. Дор хаяж: Өмнөтэй нь МАН-ынхан тэд нарыг хооронд нь зодолдуулж суудаг асан бол эдүгээ АН-ынхан МАН-ынхны дунд хөнгөхөн яс хаячихаар хэмжээний болж тогтож.
Базах нь ээ: АН нэгэнтээ 27 оны сонгуулийн бэлтгэлдээ орж. 28-аа ч хараад эхэлж.
Эсрэгээрээ: МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахаж. Жанцан нь тодорхой. МАН-ын доторх зодоон учир начиргүй үргэлжилсээр, эдүгээ оргилдоо хүрэхэд ойртоод буй. Харин: Оргилдоо хүрэхэд юу болох нь тодорхой бус…
Ө.БАТБИЛЭГ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!