fbpx

ДЭЛХИЙН ШИЛДЭГ ПОКЕРЧИН ДУРР ГЭЖ ХЭН БЭ


 Том “Дурр” Дван онлайн хувьсгалаас төрсөн олон тог­логчдын нэг. Дөнгөж 22 настай тэрбээр тэмцээн болон онлайнаар амжилттай тоглон их хэмжээний мөнгө хожсон тоглогч төдийгүй хамгийн хурц одын нэгээр тодорсон юм. Хэдийгээр тэр энэ шагналыг хүртсэн ч оддын түвшинд үүнийг хүлээн зөвшөөрөөгүй билээ. Түүний хожсон мөнгө нь гайхалтай боловч 2006, 2007 оны Покерын дэлхийн цуврал тэмцээнд 21 нас хүрээгүй гэдэг шалтгаанаар оролцоогүй аж. 21 нас хүрүүт 2007 оны Покерын дэлхийн аялан тоглолтын Фоксвүүдэд болсон тэмцээнд ялагчаар тодрон 325 мянган долларын шагнал хүртсэн байна.  Нью-Жерсигээс ирсэн тэрбээр зургаан хүнтэй хамт онлайнаар тоглох болон үндсэн тэмцээнд ширээний ард тоглох­доо зурагтын олон дурангын өмнө шулуухан ярьдаг. Түүний хувьд покер амьдралын гол зорилго биш харин түүний олон сонирхлыг санхүүжүүлэх гол хэрэгсэл болдог байна.

 

Би Нью-Жерсигийн жижигхэн хот Эдисонд төрсөн, жирийн дундаж гэр бүлээс гаралтай. Ахлах сургуульд жирийн л нэг хүүхэд байлаа. Гэхдээ сурлагадаа сайн, нэлээд хэдэн спортын төрлөөр хичээллэнэ. Коллежид орсны дараа амьдралаа зохионо гэж төлөвлөж байлаа. Миний хувьд мэргэжлийн покерчин болно гэсэн бодол ер байгаагүй.  Бүр бага байхаасаа л ахлах сургуулийн сургалтын системийн дутагдлыг олж харан шүүмжилж, ихээхэн ундууцдаг байв. Тухайн сэдвийн маш бага хэсгийг багш нар заана, тэр нь ирээдүйд юунд ч хэрэг болохгүй зүйл байсан тул сүүлдээ хи­чээлдээ нэг их анхаарахаа болив. Гэсэн хэдий ч өөр олон сон­голт байхгүй учраас сургуулиа дундаас нь орхилгүй үргэлжлүүлэн суралцав.Арван долоон настай байхдаа би анх покер тоглож үзсэн юм. Тэр өдөр манай гэр бүлийнхэн болон миний найз гээд хэдэн хүмүүсийн хамт 5-10 долларын оролттой энгийн тоглоом тоглов. Тийм ч сүртэй тоглолт болоогүй зөвхөн зугаацах хэлбэрээр тоглосон хэдий ч бүхэл оройн туршид манай аав Томас Дван, авга ах Энтони Коделла нар надад покер тоглоомын үндсэн ойлголтуудыг зааж өгсөн юм.

 

Анхны таван минутыг эс тооцвол би бараг хэнээр ч заалгаагүй гэж хэлж болно. Манай гэрийнхэн анх надад покер заасан, тэд үүнийг зөвхөн цагийг зугаатай өнгөрөөхөд зориулдаг байлаа. Ингэж гэртээ сурсныхаа дараа үе үе найзуудынхаа гэрт очин 5-10 долларын тоглоом тоглож эхлэв. Санамсаргүй байдлаар онлайн тоглоом байдгийг олж мэдэв. Тэр өдөр найзуудтайгаа кино үзэхээр төлөвлөсөн байсан ч цасан шуурганаас болоод хойшлуулав. Хийх юмаа олж ядахдаа Эмпайр Покер тоглоомын тэмцээнд оролцож өдрийг өнгөрүүлэв. Хэсэг өдрийн турш нэлээн тоглосны дараа амжилт олж болмоор санагдахаар нь 50 доллар оруулж анхны онлайн тоглолтоо хийв.  Энэ үед дөнгөж анхан шатны түвшинд байлаа. Удалгүй гайгүй мөнгө олж эхэлсэн хэдий ч бусад тоглогчдоос болж буруу шийдвэр их гаргадаг байсан. Эхэндээ бараг амархан мэт санагдсан ч сүүлдээ онлайн покерт эргэлзээ төрөх болов. Ингээд сургуулиа төгсөхдөө анхаарлаа хандуулж, сагсан бөмбөг болон найз нөхөдтэйгээ ихэнх цагийг өнгөрөөдөг болов. Тэр үед покертой ингэж зууралдана, их мөнгөөр тоглоно гэж зүүдлээ ч үгүй явсан.

Бусад тоглогчдоос болж буруу шийдвэр их гаргадаг байлаа. Эхэндээ бараг  амархан мэт санагдсан ч сүүлдээ онлайн покерт эргэлзээ төрж эхлэв. Сургууль төгсөх жил байсан болохоор манай гэр бүлийнхэн намайг ингэж онлайнаар тоглож байгаад дургүй байлаа. Үүний оронд ажилд орохыг зөвлөнө. Гэтэл би өдөр ирэх тусам улам их тоглодог болов. Эхлээд 25-50 центээр тоглож байснаа удалгүй үүгээр мөнгө хийж болох юм байна гэдгийг үнэн голоосоо ойлгов. Зун гэхэд 15 мянган доллартай болж, ажил хийх хэрэггүй болсноо гэрийнхэндээ ойлгуулж, найзуудтайгаа далайн эрэг дээр байр түрээслэн амьдрах болов.  Миний онлайнаар тоглодог нэр бол “Дурр”. Энэ нэрийг үнэндээ 90 секундэд бодож олсон. Энэ нэр хүмүүсийн толгойд үргэлж бодогдоно, тэгээд ч энэ нэрнээс айх хүн байхгүй, ийм нэртэй хүнд мөнгөө алдах сонирхол хэнд ч байхгүй гэж бодсон. Энэ нэр бүр эхнээсээ л тохирсон нэр байсан.  Коллежид орохын өмнөх зун 18 настайдаа би найзуудтайгаа Нью-Жерсийн эрэг дээр тансаглаж, юу дуртайгаа, юу хүссэнээ, ямар ч санаа зовох зүйлгүйгээр авч байлаа.  Бостоны их сургуульд орсоноор покер тоглох боломж маань улам нэмэгдсэн. Харин онлайн тоглолт маань сургуулийн болон амьдралын бусад асуудлаас шалтгаалан бага зэрэг багассан ч ахиад 40-50 мянган доллар хийж чадсан. Энэ үед хамт сурдаг оюутнууд маань өөрсдийн багахан хэмжээний мөнгөндөө бүхнээ тааруулах гэж хуруу хумсаа хугалж байхад, миний хувьд юу хүссэнээ л хийж явсан. Оюутны байранд байхад сонирхолтой байсан. Гадуур байнга гарч, покер маань ч улам сайжирсаар байлаа. Сурлагаас бусад амьдрал минь сайхан байсан. Гэвч амьдралын тэр хэв маяг сурлагад маань сөргөөр нөлөөлж эхлэв. Гол буруутан нь покер гэж би хэлэхгүй. Тэгээд ч хичээл таслах, даалгавраа хожимдуулах зэргээр сурлагадаа тавих анхаарал маань суларсаар байв. Харин дуртай хичээлдээ бол суудаг байсан. Сүүлдээ хичээлдээ ямар ч сонирхолгүй болж, кино үзэх, мөн өөр юу дуртайгаа л хийхийг хүсдэг болов.

Миний онлайнаар тоглодог нэр бол “Дурр”, тэгээд ч энэ нэрнээс айх хүн байхгүй, ийм нэртэй хүнд мөнгөө алдах сонирхол хэнд ч байхгүй. Их сургуулийн хоёрдугаар курсэд байхдаа миний орлого нэмэгдэж 150 мянган долларт хүрэв. Гэвч сургуулиасаа гарах сонирхолгүй байлаа. Түүнийхээ хажуугаар мөнгө хийх том боломж байгааг би олж харав. Энэ үед гэрийнхэн маань на­майг сургуульдаа дургүй болсонд санаа зовж эхлэв. Тэд миний хамгийн сонирхолтой зүйл суралцах явдал хэмээн бодож байсан юм.  Гэвч мөнгө хийх асар том боломж байсаар байтал яагаад мөрийтэй тоглоомоор амьдарч болохгүй вэ гэж би бодлоо. Гэр бүлийнхэн маань ч сүүлдээ сургуульдаа сур хэмээн шахахаа больж, миний шинээр сонгосон энэ мэргэжлийг дэмжив. Тэгээд ч ойрын үед сургуулиа төгсөнө гэж бодохоо больж, эцэст нь ер хэрэггүй юм байна гэж шийдсэн. Ямар ч утгагүй зүйл үзэж, хамаг цагаа барах нь надад харамсалтай байсан. Үүний оронд харин мөнгө олох боломжийг ашиглан их мөнгө хийгээд түүгээрээ бизнес эрхлэх, эсвэл өөрийн дуртай зүйлээ санхүүжүүлэх нь надад илүү сонирхолтой байлаа.  Коллежоо хөзрөн тоглоомоор сольсон надад бусад хүмүүс шиг өндөр бооцоотой тоглоомоор тоглох сонирхол тэгтлээ их байгаагүй. Мэдээж покер нь миний амьдралын салшгүй хэсэг хэдий ч өнгөрсөн хэдэн жил шиг амьдралын маань эн тэргүүний эгнээнд байхаа больсон юм. Долоо хоногт дунджаар 40 цаг тоглодог байлаа. 2007 оны сүүлээс 2009 оны эхэн хүртэл жил хагасын хугацаа дуусашгүй мэт санагдаж байсан. Энэ хугацаанд алдаа, оноо маань ч гэсэн тэр хэрээр нэмэгдэв.

Энэ бүхний эцэст ийм их төвлөрөлтэйгээр удаан байж чадахгүй гэдгээ мэдэрч, цаашдаа долоо хоногт ердөө 15 цаг тоглоход л болно гэж бодох болов. Покерын томоохон тэмцээнүүдэд оролцдог боловч покер бол миний амьдралын хамгийн гол зорилго биш, амьдралд покер тоглохоос илүү маш олон чухал зүйл байдгийг би туулж өнгөрүүлсэн амьдралаасаа мэдэрч байв. Би долоо хоногт 5 цаг покер тогломоор байсан ч бодит амьдрал дээр 10-15 цаг тоглодог байсан гэвэл илүү үнэнд ойртоно.  Их мөнгөөр мөрийцөн тоглодог тоглогчдыг харахаар надад ойлгомжгүй санагддаг. Покерт хожиход өрсөлдөгч их чухал гэж олон хүн боддог, миний хувьд ижил нөхцөлд хуваарилагдсан хөзрөөр хийх үйлдэл, үйл явцыг ерөнхийд нь үнэлэх үнэлэмж, тухайн үеийн ухааны хэмжээс л чухал гэж үздэг.  Бодит тоглоомд бусдыг уншдаг чадвар үнэхээр чухал, зарим тоглогчид үнэхээр гайхмаар зүйлийг тэр тусмаа дохио зангаа, үйлдэл зэргийг нарийн ажиглаж, зөв ашигладаг. Гэхдээ тэр нь тоглолтын цагийн ердөө 10-аас 15 хувьд шүү дээ. Үйл хөдлөл үнэхээр чухал зүйл, гэвч миний хувьд тийм биш. Покерт үйл хөдлөл судлах, бусдыг унших, тэд хэр мөрийцөж байна, бооцооны дүн зэргээс илүү чухал зүйл бий.  Покерт дан ганц мэдрэмжээрээ үргэлж хожно гэж байхгүй. Би тоглолтынхоо арга барилдаа математик магадлалыг их ашигладаг хүмүүстэй байнга тоглож байсан. Покер тоглогчид маш нарийн цогц асуудлуудыг үл тоомсорлон, ухаалаг биш хандвал ихэнх цагтаа алдах болно гэдгийг ойлгосон. Мате­матик магадлал покерт зайлшгүй байх ёстой зүйл. Бас өрсөл­дөгчдийн тухайн үеийн нөхцөл байдал, сэтгэл санаанаас ихээхэн хамаардаг юм.  Өндөр чадвартай олон хүн тоглож байхад ялангуяа тэд их мөнгөний бооцоотой тоглож байгаа бол хүмүүсийг уншиж шийдвэр гаргана гэдэг найдвар багатай. Покер сайн тоглодог хүмүүс тоглоомын бүх л талбарт сайн тоглогч байдаг. Тэд бүгдээрээ математикийг ойлгодог, өрсөлдөгчдийнхөө нөхцөл байдлыг зөв үнэлж чаддаг. Үүн дээр өөрийн туршлага, давуу талаа ашиглан тоглоцгоодог юм. Өөр нэг шилдэг арга бол хамгийн шилдэг хүмүүсийн тоглохыг харах явдал. Дээр дурдсан шиг онлайн тоглолтоос харж байхад олон хүн илэрхий алдаа гаргадаг, түүнийг нь сайн тогтоож аваад тухайн нөхцөл байдал давтагдахад анхаарч байх хэрэгтэй. Хүмүүсийн амжилтыг бодитоор болон онлайнаар харах нь хоёулаа хэрэгтэй. Ингэж болдгийг зөвхөн би л ганцаараа мэдсэн юм биш, өөр олон тоглогчид ийм аргаар амжилт олсон байдаг юм. Үүнд Фил Айви, Патрик Антониус зэрэг шилдэг тоглогчид хүртэл орно.  Цаг хугацааны зарцуулалт покер тоглогчдод бас л гарцаа­гүй байх хэрэгтэй зүйлийн нэг мөн. Покер тоглож сурахад маш их цаг хугацаа, тоолж баршгүй хувьсагч хөзрийн хослол, өрсөлдөгчийн эсрэг тоглох төрөл бүрийн чадварууд орно. Хамгийн гол нь 50 настай тоглогч хүртэл өнөөдөр тоглоомдоо тохиргоо хийж явдгаараа покер нь бусад казиногийн тоглоом­ноос эрс ялгаатай.  Хэдийгээр би арваад жил покер тоглож байгаа ч гэсэн нас залуу гэдэг шалтгаан хэзээ ч миний хувьд сул тал болж байгаагүй. Покерын ертөнцөд бүх л насны хүмүүс байдаг. Бас хөзөр байдгаараа л байна, түүнд өөрчлөлт гэж байхгүй, тэд наснаас хамаарч өөрчлөгдөнө гэж үгүй. Хамгийн гол нь өөрт ирсэн хөзрөөрөө яаж тоглох вэ? гэдэг нь чухал болохыг бүх тоглогчид сайн мэднэ.  Хамгийн энгийн, ойлгомжтой зүйл бол хэн ч хэзээ ч үргэлж хо­жоод байдаггүй. Хэнбугай ч бай өөр хэн нэгэнтэй тоглохдоо үргэлж түүнийг байнга хождоггүй. Миний ойлголтоор сайн тог­логчид гэж алдсаныхаа дараа алдсанаа хурдан нөхөж авч чаддаг хүмүүсийг хэлдэг байх гэж боддог. Харин алдсандаа харамсч түүнээсээ гарч чадахгүй байгаа бол сайн тоглогч гэж хэлэхийн аргагүй. Би “хэрхэн яаж” алдсанаа л чухалчилдаг. Хэдийг алдсанаа бодож үзээд, тэр мөнгөний дүн нь миний нийт мөнгөний мэдэгдэхүйц хэмжээтэй тэнцэж байсан ч би тэгтлээ их анхаарал тавьдаггүй.  Ойролцоогоор арваад удаа нийт мөнгөнийхөө гуравны нэгийг алдаж байлаа. Үүний хоёр удаагийнх нь 5000 доллараас бага мөнгөтэй байхад тохиолдсон юм. Тэгэхэд би өөрийгөө супер алдагч гэж байсан, харин 2007 оны дөрөвдүгээр сард гурван сая гаруй доллартай байснаа аравдугаар сард нь хоёр саяыг алдсантайгаа харьцуулахын аргагүй дээ. Энэ нь хорин настай хүүхдийн хувьд өөрийн чадварыг бүрэн үнэлээгүйгээс болсон хэрэг. Миний найзууд, гэр бүлийнхэн юу гэж бодсоныг асуугаад ч хэрэггүй. Тийм байдалд орсондоо би дүгнэлт хийж, бага бооцоогоор тоглодог тоглоомд маш олон тоглолтыг зэрэг хийж байсныхаа хүчинд алдсан мөнгөө эргүүлж олж авч чадсан даа. 

Ийм алдагдалтай нүүр тулгарсан үедээ түүнээс гарахын тулд олон долоо хоног, олон сараар тоглолт хийх хэрэгтэй байдгийг их хэмжээний мөрийтэй тоглодог бүх хүмүүс мэднэ.  Шинэ тоглогчдын хувьд тоглоомоо бүрэн ойлгохоосоо өмнө маш их илэрхий алдаанууд гаргадаг. Тийм хүмүүс хожлоо гэдэг нь тэд сайн тоглосны дүнд биш, тэд бас алдаж болох байсан. Надад ч мөн адил зөв гэж бодсон тохиолдолд алдсан, буруу гэж бодсон тохиолдолд хожиж байсан тоглолт зөндөө бий. Олон тоглогчид буруу тоглосныхоо дараа хожиж болдог. Тэд хожсоныхоо дараа хасаагаа хураан авч, хожсондоо ихэд баярладаг. Муу тоглосны дараа хожиж, мөнгө хураан авч байхдаа яаж ингэж авснаа бүрэн ойлгодог байх хэрэгтэй. Тэгж байж л энэ нь иж бүрэн покерын тоглолт болно.  Покерт маш олон дурсамжтай үе байдаг. Хамгийн их дурсамжтай нь сайн тоглодог тоглогчийг олон удаа буулгаж авах шиг гайхалтай зүйл үгүй. Мөн сайн, мууг хамтатган үзэж сурах хэрэгтэй. Зөвхөн сайн тоглогчид л алдагдлаа даруухан хүлээн зөвшөөрч чаддаг, харин шинэ тоглогчдын хувьд алдагдал хүндээр тусдаг, гэвч мөнгө олохын хэрээр алдагдал нь арай хүндрэлгүй болдог. Харин 2007 оны  дөрөвдүгээр сард гурван сая гаруй доллартай байснаа 11 дүгээр сард нь хоёр саяыг алдсантайгаа харьцуулахын аргагүй дээ. Энэ нь хорин настай хүүхдийн хувьд өөрийн чадварыг бүрэн үнэлээгүйгээс болсон хэрэг. Покер тоглоход надад үргэлж тааламжтай байдаг. Хо­жиг­дож байсан ч ялгаагүй ижилхэн. Учир нь түүндээ их цаг зарж, туршлага сууж, ойлгоход гол нь оршдог. Хамгийн өрсөлдөөн­тэй энэ тоглоомыг сайн тамирчин, сайн нөхөр, сайн хөзөр тоглогчийн нийлбэр цогц гэж үзэж болно. Миний хувьд покерыг ингэж тоглох ёстой гэж үздэг. 

Таван жилийн өмнөх цасан шуурганаар онлайн покер тоглож эхлээгүй бол өнөөдөр би хаана байгаа бол гэж бодоход үнэхээр хэцүү. Магадгүй Бостоны их сургуулиа 2008 онд төгс­чихөөд хаа нэгтээ магистрт сурч, эсвэл өөрийн бизнесийг эх­лэхээр оролдож байх байсан болов уу. Миний үүсгэн байгуул­сан хоёр компанийг покер маань ямар нэг хүндрэлгүй эхлүүлж өгсөнд талархаж явдаг юм. Компанийн гарааны хөрөнгө олох эсвэл хөрөнгө оруулагчийн ямар нэгэн зөвлөгөөг дагаж хийх гэж хүсч байсан зүйлээсээ өөр зүйлийг би хийх гэж оролдоогүй. Надад ийм их эрх чөлөөг олгож байдагт нь дурлаж, анх би покер тоглож эхэлсэн. Ширээн дээр гаргасан амжилт маань амьдралын бусад олон талбарт амжилт олоход минь тусалсан. Би одоо ч ийм шийдвэр гаргасандаа баярладаг.  Покерыг миний амьдралын цорын ганц боломж гэж боддоггүй. Тэр надад өөр бусад олон боломжийг нээн харуул­сан, олон чухал хүмүүстэй танилцуулсан, мөн миний ирээдүйг тодорхой болгож өгсөн. Хүүхэд насны минь маш холын мөрөөдлүүд эдүгээ бодитой болж ирсэн. Дөрвөөс таван жилийн өмнө энэ бүгд надад бараг боломжгүй зүүд мэт санагддаг байлаа.  Харин покер миний хувьд үргэлж сайнаар нөлөөлж ирсэн юм. Үүнийг огт үгүйсгэхийн аргагүй. Ширээн дээр үзүүлсэн амжилтаар минь намайг хувь хүн талаас нь дүгнэх нь учир дутагдалтай хэрэг болно. Ирээдүйн покерын ертөнцөд миний нэр дурсагдах эсэх нь надад тийм ч чухал санагддаггүй. Магадгүй миний үзүүлсэн амжилт үүнийг илэрхийлэх байх. Бугуйвч, ивээн тэтгэгч, сэтгүүлийн хавтсан дээр гарах талаар нэг их бодохыг хүсдэггүй юм шүү.  Зөвхөн тэмцээнд оролцож өндөр мөрийтэй тоглох нь миний гол зорилго биш, харин хангалттай мөнгө хийж, амьдралд тохиолдох бусад сонирхлуудаа санхүүжүүлэхэд покер надад хэрэг болно гэж би үздэг.  Мэдээж таван жилийн өмнөөс үр өгөөжөө өгч, сэтгэл ханамжтай амьдралыг надад авчирсан, тийм замыг зааж өгсөн покертоо би цаг үргэлж талархаж явах болно.

                                                                                                                  Орчуулсан Ж.Дүүрэнжаргал


Энэ мэдээ таалагдаж байвал: