fbpx

Ш.ОТГОНБАЯР: НАЙ ЗАДЛАХ НҮНЖИГГҮЙ ЭР ШАГАЙН ХАРВААНД ЗОХИХГҮЙ ЭЭ...


Монголын соёлын их айгаас Юнеско-д бүртгэгдсэн 15 өвөөс Монголын шагайн харваа албан ёсоор багтдаг. Дуут наадгайн өв соёл, биет болон биет бус өвийг өвлөн уламжилж басхүү түгээн дэлгэрүүлэх үйлсийн түүчээ болж Дорноговийн шагайн харвааны түүхийг улсын хэмжээнд цуурайтуулан яваа Монголын Шагайн холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дорноговь аймгийн Шагайн холбооны салбарын Тэргүүн Монгол улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяртай уулзаж ярилцлаа.

Сайхан намаржиж байна уу?

-Сайхан намаржиж байна. Сайхан намаржиж байна уу? Аймгийнхаа “Өнөөдрийн ЯЛАЛТ” сонины уншигчдад мэнд дэвшүүлье ээ. Сонин дахин хэвлэгдэж байгаад хүмүүс ам сайтай байгаа шүү...

Ирэх жил Улс хувьсгалын 100 жилийн ой болно. Монголын Шагайн холбоо 100 жилдээ арвин ажил төлөвлөсөн л байж таарна?

-Миний хувьд Монголын Шагайн холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр гурван жил, Дорноговь аймгийн Шагайн холбооны салбарын Тэргүүнээр ажиллаад найман жил болж байна. Ирэх 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Бид гол нь шагайн харвааг улам дэлгэрүүлэх цаашдаа үе үеийн шагайн харваачдыг бэлдэх зорилго тавин ажиллаж байна. Улсын хэмжээнд шагайн харваанд 1000 орчим баг харвадаг. Үүнээс илүү дэлгэрүүлэх бодлого байгаа бөгөөд бөх шиг, морь шиг үзэгчдийг улам дурлан сонирхдог байхыг бид хүсдэг.

Шагайн харваа 1998 оноос хойш Үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болоод 23 жил болж байна. Төр засгаас төсөв санхүүг нь шийдэн их дэмжиж байгаа. Мянга гаруй багийн харваач харваж байна гэдэг чинь шагайн харваа өнөр дэлгэрчээ?

-Оролцох түвшний хэлбэрээр Монголдоо хамгийн их хүнтэй уламжлалт наадгай бөгөөд 1000 гаруй хүн тэмцээнд оролцдог. Дорноговь аймгийн салбарын хувьд улсын баяр наадмаас 15 дахь жилдээ багаараа байр эзэлж байна. Энэ бол маш том амжилт юм. Дорноговь аймгаас Монголын шагайн харвааны Удирдах зөвлөлүүдэд харваачид байгаа нь ажилттай явж байгаагийн шинж биз дээ. Шагай харваж байгаа, хөгжүүлж байгаа идэвх санаачилга ч үүнтэй уялдана. Дорноговь аймгаас 100 гаруй улсын цолтон төрсөн байна. Бас л чамгүй амжилт. Шагай хөгжиж байгаа нь хэн бүхэнд мэдрэгдэж байна.

Монголын Шагайн холбооны ажил энэ хэрээ чамбайрч байна уу?

-Үндэсний их баяр наадмын хуулинд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурал удахгүй хэлэлцэнэ. Үүнд шагайн харвааны цаашдын хөгжил санхүү төсөв яригдах нь дамжиггүй. Холбооны зүгээс цол зэргийн тухай санал хүсэлт илгээсэн.

Бидний хоёр дахь том ажлын төлөвлөгөө бол Шагайн харвааны ордон байгуулах тухай юм. Одоогоор бол Хан-Уул дүүрэгт Шагайн харвааны асар гээд нэг жижигхэн саравч бий. Түүнийгээ бид ордон болгох тухай төлөвлөгөө боловсруулж байна. Ирэх жилийн Үндэсний их баяр наадамд Дорноговь аймгаас шагайн харваачдад 11 гэр бэлдэж байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойдоо эртнээс бэлдэж ач холбогдол өгч оролцохоор ажиллаж байна даа.

Шагайн харвааны өлгийн нутаг Булган гэж яригддаг. Харин сүүлийн жилүүдэд Дорноговь аймгийн нэр дархан дуулдах боллоо. Ингэхээр хойч үеэ хэрхэн бэлдэж байгаа тухай яригдах байх?

-Шагайн харвааг сонирхсон хүүхэд, залуучууд их ирдэг. Мэдрэмж их шаарддаг учраас хувь хүн өөрөө чадваржин хичээл зүтгэлийн нөр их хөдөлмөр дундаас харваачид төрдөг. Одоо цагт сайн харваж байгаа харваачид сурагч ахуй цагаасаа ч харваж эхэлсэн, шагайн харвааг сонирхсон байдаг. Ажаад байх нь ээ удам залгасан харваачид их байдаг юм шүү.

Дорноговь аймгийн Айраг, Өргөн сумдын харваачид Дорноговийн салбарын ихэнх хувийг эзэлдэг. Нэг тийм далдын зөн байгаад байна. Тэр юу вэ? гэхээр, бид энд тэнд очиж сургалт дугуйлан хичээллүүлдэггүй. Энэ хүүхдийг харваач болгоё, тэрийг болгохгүй гэж явдаггүй. Гэтэл шагай харвахаар сонирхон ирэх залуу үе өөрийн хүсэлтээр тасралтгүй ирсээр л байдаг юм. Нэг ёсондоо энэ чинь Монголын ахуй уламжлалын олон зуун жил шалгарсан наадгай учраас хүмүүсийн цусанд нь харвах зөн совин нь хадгалаатай байдаг юм шиг ээ. Бас л сонин шүү.

Бөх удам залгадаг шиг шагайнд удам залгахад орчин нөлөөлдөг л байх?

-Нэг үг байдаг юм. Энэ угаасаа тийм юмны тэнгэртэй, тийм заяатай гэсэн утгатай. Энэ угаасаа шагайн лавгарайтай хүн дээ гэж. Цаанаасаа л тэр хүн тийм заяатай гэсэн санаатай. /заяатай, тавилантай-нутгийн аялгууны үг бололтой. сурв/

ЮНЕСКО-д 2014 онд албан ёсоор шагайн харваа бүртгүүлж дэлхийн өвийн хамгаалалтанд албан ёсоор орлоо. Төр засаг хэрхэн анхаарч байна?

-Одоохондоо бол энэ спортод анхаарал тийм ч сайн хандуулаагүй л байна. Зөвхөн Үндэсний баяр наадмаар л төсөв мөнгө гаргаж өгдгөөс бусад үед хамгаалах, хөгжүүлэх тал дээр дутмаг. Энэ спорт маань нүүдлийн соёл, ахуйн шалгарал дундаас гарч ирсэн маш олон өвийг өөртөө шингээсэн төрөл. Төр хамгаалах нь зүйн хэрэг биз дээ.

Харин манай салбар өнгөрсөн жилүүдэд өөрсдийн боломжинд тулгуурлан олон төлөвлөгөөт ажлууд хийсэн. Шагайн харваа асар, майханд болдог спорт. Энэ ч үүднээсээ Дорноговь аймгийн бүх сумыг асар, майхнаар хангах аян амжилттай өрнүүлсэн. Харваачид маань энэ дуут наадгайдаа сэтгэл зүрхээ зориулан өөрсдийн боломжоор нэгдэн нийлж эрвийх дэрвийхээрээ л зүтгэдэг. Бүтээж босгосон болоод хийхээр төлөвлөсөн ажлууд бий бий.

Халхын алдартай гурван тойрмын хоёр нь Булган аймагт байна. Харин манай аймгийн алдарт Луугарын тойрмын тухай яриач?

-Халхын алдартай гурван тойрмын нэг нь Луугарын тойром юм. Дээхнэ үед хавчигдмал нуугдмал байлаа шүү дээ. Тэр үед хүмүүс энэ өвт тоглоомоо хадгалан авч үлдэх гэж хадан дотор хүртэл нуугдан цуглаж харвадаг байжээ. Тэгээд анх энэхүү тойрмыг байгуулж байсан түүхтэй юм. Боржигины 17 суманд харвадаг байгаад уламж нь цааш Сүхбаатар мэт аймгуудад тархсан домогтой. Тэр л үзэл суртлын үед харваачид маань Луугарын тойромд ирж харваад ирэх жилийн намрын товтой өдрөө аман зар түгээн жилийн жилд ирдэг байж. Өмнөх жил нь ирэх жилийн товыг зарлаад тарахад ирэх жилийн товтой өдөр яг л цугладаг байцгааж. Энэ бас л сайхан жудаг шүү.

Шагайн харваа хувь хүнийг төлөвшүүлэхэд ёс дэгийн жаягаар нөлөө их үзүүлдэг шиг санагддаг?

-Тийм. Нэгдүгээрт сууж сурах. Сууж сурна гэдэг чинь бас л маш том чанарын асуудал юм. Хоёрдугаарт уухайн соёл. Энэ бол хамгийн зөв дэлгэрсэн соёл юм. Газар нутгийн хүндлэл гэж бас байдаг. Тоглосон талбайгаа хүндэлж уухайлдаг ёсон гэсэн үг л дээ. Газар лусаа баясгаж байгаа зан үйлээр нь ойлгож болно. Насны эрэмбээр суух, ахмад, ахлагч нарын үгийг ёсчлон дагах гээд шагайнд холбогдох соёл өрнүүн дэлгэр ээ.

Багийн най гэдэг нь юуг хэлж байна вэ?

-Энэ нь бие биендээ найрсаг хандах гэсэн үг юм. Ингэснээр хоорондын маргалдааны асуудал гардаггүй. Эрийн жудаг, наадгайн соёл, өвийн уламжлалдаа үнэнч байхын тулд най багийн гол “Хууль”. Тэр багийн харваач, тэр баг ямар амжилттай яваа нь багийн най чанд байгаагийн л илрэл. Залуу харваач ч юм уу, нэг гишүүн ямар нэгэн буруу учир гаргахад ахмад нь, ахлагч нь хэлдэг, ярьдаг. Буруу ташаагийн зөрчил болох бол найгаа бодоод л хүлээцтэй хандаж байдаг.

Шагайн тэнгэр гэж бий шүү? Адууны тэнгэр, бөхийн тэнгэр ч гэж бий. “Энэ Отгонбаяр, Отгонбаярын баг шагайны тэнгэртэй шүү” гэж улс амьтан их ярьдаг. Энэ чинь миний сайных биш юм аа. Манай багийн най нягтруу сайхан байгаагийн л илрэл юм. Най ийм л учиртай

Америк, зүүн Азийн орнууд, европын орнуудад шагай дэлгэрсэн байна. Монгол нутагтаа харвах, гадаадын оронд харвахад цаг уур, орчин хэрхэн нөлөөлөх юм. Аль ч орны тэнгэр дор уухай түрэх сайхан биз?

-Энэ ёстой сайхан асуулт байна. Гадаадад байгаа Монголчууд эх нутгаа саналгүй яахав. Морио уралдуулъя гэхэд газар хаана билээ, бөхөө барилдуулъя гэхээр бас яах билээ. Тэнд байгаа харваачдын монгол соёлтойгоо хамгийн ойр байх зүйл бол шагай. Тэр ч утгаараа хөгшин залуу гэлтгүй сонирхож болох учраас шагайн онцлог нь харагддаг. Би 2000 оны эхээр Америкт очиход 70, 80 гаруй хүн харваж эхэлж байсан бол одоогоор 200 гаруй хүн болжээ. Тэдний ихэнх нь монголдоо очилгүй 10-20 жил болсон байсан. Би очоод “Ар хөвчийн унага” уртын дууг дуулахад тэд бүгд уйлсан. Монголоо санасан байсан. Дараагаар нь тэдэнтэй ярилцахад монголдоо ойрхон байгаа зүйл бол энэ шагайн харваа юм аа гэж хэлж байж билээ. Европт мөн л 300 гаруй хүн энэ спортоо сонирхон уухайлж байна даа.

Тэгэхээр шагайнд холбогдох Монголын өв соёл гадаадын орнуудад өрнүүн сайхан дэлгэрсэн байна шүү?

-Тэгэлгүй яахав. Монгол дээл хувцсаа өмсөж ирээд сайхан яриа хөөрөө дэлгээд суух чинь хүний нутгийн тэнгэр дор жаргал. Тоглож сурсан, сураагүй нь хамаагүй цугларч харваа, уухайнд түрлэг нэмэн суух бас л хийморь сэргээсэн үйл шүү.

Үндэстний загвартай улсыг бүтээхэд өв соёлоо хамгаалах, уламжлуулах асуудал урган гарч ирдэг. Та бол маш том өвийг уламжлан авч яваа хүний хувьд соёлын талаар асуухгүй өнгөрч болохгүй шиг ээ?

Сүүлийн үед залуучуудын чанар гэдэг зүйл муудаж байна. Баг хамт олонд байх зүйл алдагдаж байна гэдэг тал дээр би шүүмжлэлтэй байгаа. Цаашид энэ ёс алдагдахаас би айсандаа үг хэлэх хэрэгтэй. Монгол соёлын өмнөөс соёл уламжлалаа хайрлан хамгаалдаг, дээдэлдэг хүний хувьд эрх надад бий байх.

Өнөө өглөө та цахим орчинд нэлээд бухимдалтай “Сануулга бичвэр” нийтэллээ. Ганц нэг эрдэмтэн сэтгэгдэл бичсэн харагдсан. Үүний учрыг эрэх санаатай дээрх асуултыг хөтөлсөн юм аа?

-Би жаахан шүүмжлэх тал руугаа орох гээд байна шүү!Гэхдээ би ер нь алив юмыг шүүмжилье гэж боддоггүй. Хүмүүс ч мэдэх нь мэднэ. Гэхдээ Монголд шагай харваж байгаа арван мянга гаруй хүний талаас илүү нь намайг, манай багийг харж байгаа шүү дээ. Гэтэл энэ том өв соёлыг авч яваа бидний дунд ямар нэгэн дэг алдсан зүйл байж болохгүй дээ. Сүүлийн үеийн зарим залуус хөрөнгө мөнгөнд чанараа алдаад байна. Мөнгө амлахаар л багийн гишүүдээ орхиод явчихдаг байж болохгүй л дээ.

Хувь хүний суртахууны хамжаарга алдсан л асуудал юм уу?

-Ер нь бол тийм. Гэхдээ нэг ийм зүйл байна. За яахав ээ, багаа орхиод нэг хүн, хоёр хүн, гурван хүн яваг. Хамаагүй. Би тоохгүй өнгөрнө. Найгаа бодоод байна шүү? Харин цаашид энэ зүйл даамжирч баг сэлгэсэн, амжилтдаа дулдуйдсан, хөрөнгө мөнгөнөөс болж багийн нөхдөө үл хүндэтгэсэн, эрдэл бардал ихтэй хувь хүн бий болоод эхлэх юм бол энэ өв соёл юу болж хувирах вэ? Энэ утгаараа би баг ахалж яваа, удирдах түвшинд байгаа хүний хувьд дуугарах эрхтэй гэж бодож байна. Энэ бол одоогийн хэдэн төгрөгийн асуудал бол биш. Хувь хүний жудаг чанар, цаашдаа соёлд халгаатай зүйл юм. Үүнд л эмзэглээд байгаа хэрэг. Би дуугүй суугаад байх нь утгагүй биз дээ.

Эрийн далд тангараг тасрах шиг муухай юм байхгүй байх. Нутаг, баг сэлгээд явчихаар най задалсан гэм хувь хүнд ирэх байх даа?

-Энэ чинь насаа элээж тоглодог тоглоом. Биднийг анх шагай сурч байхад Айрагийн Дөш гуайн баг гэж байлаа. Би арван хэдэн жил Луугарт очиж харвасан. Жил болгон л баг нь ирнэ. Сугир нь байж л байдаг, Хатанбаатар нь байж л байдаг, Төмөрмөнх нь байж л байдаг. Хэдэн өвгөцүүл байж л байсан. Тэд нэгнээ орхиогүй. Багаа сэлгээгүй. Дөш гуай аль багт ч орвол сайн харваачийг дуртай авна биз дээ. Дөш гуайн багт хэн ч орж тогломоор санагдана биз дээ. Гэтэл тэд хожсон ч, хожигдсон ч нэгнээ орхилгүй яг л багаараа тоглосоор л байсан. Энэ эрсийн жудаг юм аа.

Би үг хэлснээр залуус яахав юм бодог. Монгол өв соёлыг уламжилж яваа хүүхдүүд бодлого аваг. Одоо “ТЭР” ёстой л “Ичсэн нүүрэндээ тоглох” болох байх. Өв наадгай, соёлт зан үйлтэй зүйл гэдэг тийм хатуу.

Морь, бөхөд найраа ярьдаг. Шагайн харвааны тухайд мөнгөөр шийддэг найраа мэт зүйл илэрсэн тохиолдол байна уу?

-Энэ тухайд бол илрээгүй. Цаашдаа ийм зүйл болохгүй гэж бодож байгаа. Хэрвээ ийм зүйл болоод ирвэл энэ спорт үнэ цэнээ алдана. Өнөөдрийн өнгө мөнгө биш шүү гэдгийг л шагайнд орох хүмүүс илүү ухамсарлах хэрэгтэй. Энэ бол асар том өв соёлын асуудал.

Түүхэнд Дондогдулам хатны үйл үртэс урлаач хүүхнүүдээс “Уран” Янжин гэх эмэгтэйн “Зуутын алтан Янжингийн баг” шагай харваж байсан мэдээ занги байдаг. Эмэгтэй хүн одоо харваж байх юм уу?

-Яахав ордны ямба, хатдын зугаагаар мэр сэр харваж байсан байх. Түүнээс биш эмэгтэй хүн шагай харваад дэлгэрсэн, одоо цагт эмэгтэй хүн харваж байгаа тохиолдолд байхгүй. Миний мэдэхээр 30 жилийн өмнө байгаагүй. Дөш гуайн хэлснээр түүнээс 60 жилийн өмнө байгаагүй шүү. /инээв.сурв/

Энэ жилийн баяр наадам бусад жилийнхээс эрс өөр боллоо. Үзэгч хаана байв?

-Бид үзэгчдээ бэлтгэх тал дээр их анхаарч байдаг. Үзэгчид ихсэх нь энэ спорт хөгжиж байгаагийн илрэл болно. Энэ жил харин ч үзэгч их байсан. Зурагтаар их ач холбогдол өндөр үзсэн. Манай шагайчдын асар “Чингисийн хүрээ”-нээс арай зайдуу бууцгаасан байсан. Гэтэл зохион байгуулагчид асар майхангүй бол нэг л наадмын уур амьсгал бүрдэхгүй байна гэж байлаа шүү дээ. Өнгө өнгийн асар дэрвүүлсэн тийм сайхан орчинг шагайчид бүрдүүлж байдгийг л энэ жишээнээс харж болохоор байгаа биз.

Шагайн харваа, цол зэрэг, өв заншил, ёс дэгийг ярихад их удаан яриа болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Соёлын олон зүйл ярих болно. Энэ өвийг өвлөн уламжилж яваа хүмүүс цаашдаа их болно. Үүнд би эргэлзэхгүй байна. Цол олгох тухай бол өөрчлөлтүүд цаашдаа хийгдэнэ. Бөхийн цол шиг Ерөнхийлөчийн зарлигаар олгодог болгох тухай бид өргөх бичгээ боловсруулаад дээш уламжилсан. Одоогоор бол МШХ-ны цолоор явж байна.

Дорноговийн хэмжээнд бол шагайн харвааны талаар хүмүүс мэддэг болчихлоо. Үзэгчдээ бэлдэх, энэ өвт наадгай, шагайн харваанд холбогдох соёлыг дараа үед уламжлах, ном товхимлоос эхлээд цаасан сурвалжуудад үлдээх, улам өргөн дэлгэр төгөлдөржүүлэн хөгжүүлэхээр бид хичээж байна даа.

Сайхан ярилцлага өгсөн Танд баярлалаа.

Сэтгүүлч Э.ЭРДЭНЭДАЛАЙ

Гэрэл зургийг: Ш.ЭНХБАЯР

Дорноговийн УУГАН хэвлэл “Өнөөдрийн ЯЛАЛТ” сонин

2020/09 №07(4003)


Энэ мэдээ таалагдаж байвал: