fbpx Р.Дагва: Төрийн албанд тулхтай, адын сэтгэлгүй явах чухал шүү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
52 минут 26 секунд

Р.Дагва: Төрийн албанд тулхтай, адын сэтгэлгүй явах чухал шүү

Өнөөдрийн миний зочин, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва. Түүнийг нийслэлчүүд андахгүй учир илүү олон тодотгол хэрэггүй гэж би бодно. Харин бидний энэ ярилцлага уншигч таныг амьдралын халуун мөрөөр алхуулна гэдэгт итгэлтэй байна. 

-Та Улаанбаатарчуудын хийгээд  улс төрийн хүрээнийхний хувьд танил хүн. Миний хувьд бол шинэ зочин байна. Урилгыг маань хүлээж авсанд баярлалаа. Ахин нэг өрсөлдөөнд орох гэж байгаа энэ үед тань уулзаж байгаагаа олзуурхаж байна?

- Баярлалаа. 

-Хоёулаа өнгөрсөн дөрвөн жилийн улс төрийн амьдралын тухай асуултаар яриагаа эхлүүлье. Танай нам 65 суудалтай үнэмлэхүй ялалт байгуулж, аль аль шатандаа бүрэн эрхээ хэрэгжүүллээ. Гэвч улс төрийн амьдралынхаа хувьд шулуун дардан, амар тайван жилүүд байсангүй. Ялангуяа танай хот дээр маш олон үйл явдал өрнөсөн. Хотын дарга огцрох, шинэ хотын дарга гарах гээд маш ээдрээтэй үйл явдлуудын дунд Дагва гэдэг дүр анхаарлын төвд орж ирсэн. Гэхдээ миний ажигласнаар бол тийм их сөргөлдөөн дунд зогсож байсан ч тань руу шавхай ч үсрээгүй. Энэ яг юуны үнэ цэн юм бол. Дагва  тэрний хүн, тийм фракцын хүн шүү гэж ийш тийш нь нааж чадахгүй байсан. Энэ үнэ цэнээ та өөрөө яг юу гэж хардаг юм бэ гэдгээс хоёулаа яриагаа эхлэх үү?

-Өнгөрсөн дөрвөн жил МАН-ын хувьд, ялангуяа улс төрийн амьдралын хувьд  дотооддоо их тийм донсолгоотой жилүүд байсан л даа.  Гэхдээ энэ нь намын улс төрийн үйл ажиллагаандаа хийж байгаа шинэчлэлийн бодлогын стратеги, тактикийн  хувьд бодож төлөвлөж хийсэн зүйлүүд байсан болов уу. Цаашдаа МАН гэх ууган улс төрийн хүчнийг ямар бодлого, чиг хандлагаар авч явах вэ гэсэн бодлогын өрсөлдөөн явагдсан. Энэ үйл явц өөрөө том давалгаа болж өрнөсөн. Тэр үйл явц, өөрчлөлтөөс хотын намын хороо ангид байх боломжгүй л дээ.

Би энэ үед Нийслэлийн ИТХ-ын бүрэн эрхийн сүүлийн жилүүдийг удирдан авч явах даргаар сонгогдож, намынхаа нөхдийн итгэлийг хүлээгээд ажиллалаа. Хэр ажилласан тухайд бол журмын нөхөд, иргэд маань дүгнэх байх. Арга барилын хувьд би зарим нэг хүмүүс шиг ноён зангүй хүн л дээ. Өөрийгөө айхтар улстөрч хүн гэж би хэлэхгүй. Гэхдээ төр захиргааны ажлыг бол тодорхой хэмжээнд гадарлана. Надад цуглуулсан, тодорхой цаг хугацаанд ажилласан туршлага байгаа. Тэр давуу талаараа л би асуудалд хандаж ирсэн. Үнэт зүйлтэй баг хамт олноос дандаа амжилт ундарч явдаг юм гэж би хэлдэг. Ялангуяа улс төрийн амьдрал бол дандаа багаар явдаг юм билээ.

- Баг задарсан шүү дээ?

-Задарсан. Гэхдээ баг дотроо бас нэг тийм амин багууд байна. Бие биеэ хараад л ойлгочихдог. Зүгээр зайнд суугаад байж байхад гар барихгүй ч нэг нэгнээ тэмтэрчихдэг тийм улсууд бий. Үнэт зүйлээ мэддэг учраас. Үнэт зүйлтэй багаас дандаа амжилт ундарч явдаг. Тэгээд намын журмын нөхөд, ялангуяа нийслэлийн хэмжээнд байсан хамт олон, ИТХ-ын төлөөлөгч нар, хүний, өөрийн намын бүх улсууд ямар ч байсан Дагва гэдэг хүнийг сонгож, Нийслэлийн ИТХ-ын даргын тамга атгуулаад, итгэл хүлээлгээд явахад болохгүй зүйл байхгүй гэдэг дээр санал нэгдсэн. Эцсийн мөчид бүгд санал нэгдээд “Та л энэ хурлыг удирд” гэсэн. Би хүлээж авсан. Ямар ч байсан намайг удирдсан сүүлийн хоёр жил орчмын хугацаанд Нийслэлийн ИТХ ядаж цагтаа эхэлдэг болсон. Хурал доторх төлөөлөгч нарын харилцаа аль нэг нам гэхгүйгээр уур амьсгал жаахан өөр болсон. Аливаа юм бол харилцаа гэдэг зүйлээс л эхтэй гэж би ойлгодог.

Хувь, хувьсгалын ямар ч ажил, ерөөсөө амжилтад хүрэхийн 80 хувь нь харилцаанаас хамаардаг. Тийм учраас харилцааг эрхэмлэ гэж би  өөртөө байнга хэлдэг. Тэгээд энэ мэт чанаруудаас маань нөхөд минь намайг олж харсан байж магадгүй. Нөгөө талаас би сөрөг тал багатай хүн. Ер нь сөргөлдөхөөс илүүтэй ойлголцохыг чухалчилдаг. 

-Нэг улстөрчөөс Р.Дагва хэн юм бэ. Яагаад гэнэт гараад ирэв гэж би асуусан юм. Харин тэр “Хот нэг хэсэг дотроо маш хэцүү байсан. Эвгүй хөдөлбөл л нурчих гээд. Яг тийм үед зан чанарын хувьд зөөлөн, төлөв түвшин хүн Нийслэлийн ИТХ-ыг удирдах нь зөв гарц байсан. Үнэндээ сүүлийн 20 жил шахам хугацааны турш хотод засагласан хотын фракцтай хутгалдаагүй байсан нь их өндөр рейтинг авч ирсэн байх” гэж хэлсэн юм. Та үүнтэй санал нийлэх үү. Үнэхээр хотын фракцаас та холхон явж чадсан юм уу? 

-Би хотын ажил амьдралтай хутгалдаад явж байхдаа зарчим гэдэг нэг зүйлийг л  нэлээн сайн эрхэмлэж явсан. Хотын фракц гээд таныг асуухад л тодорхой хүмүүсийн нэрс миний санаанд шууд бууж байна л даа. Тэр хүмүүстэй би бүгдтэй нь дарга цэрэг, хамтрагч, найз нөхөд явсан. Нэг баг болоод л хотын ажилд хамт л зүтгээд явж байсан. Гэхдээ би ямар ч юманд туйлшрах дургүй. Хэт нарийн ширийн зүйлд нь хутгалдахгүй, тодорхой зарчим, заагийн хүрээнд нийтийн эрх ашиг, төрийн албаны үнэт зүйлээ алдахгүй явах ёстой л гэсэн үзэл баримтлалтай явж ирсэн. Энэ байр байдал, явж ирсэн түүх маань энэ хүн хотын фракц мөн, биш гэж хэлэх бололцоогүй болгодог байх л даа. 

-Ер нь тэр зүгийнхнээс хэн нэгнийг гомдоосон уу, та. Танд гомдолтой үлдсэн хүн байгаа болов уу?

-Байхгүй. Надад хүн гомдох шалтгаан байхгүй. Би айхтар эрх мэдэлтэй дарга цэрэг явсан ч биш. Харин би хүн байсан.  

- Сайн, муу хэлүүлэн хотын төлөө дөрвөн жил хамтарч ажилласан. Хүнд хэцүү  үед ачаа үүрэлцсэн хүмүүсийнхээ дийлэнхийг нэр дэвшүүлсэнгүй. Нэг ёсондоо “жийчихлээ” гэж их ярьж байна. Мэдээж одоо болж буй сонгуультай холбоотой шүүмжлэл шүү дээ.  Тэднээс танд гомдогсод үлдсэн үү?

-Гайгүй байх гэж бодож байна. 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаа 34 төлөөлөгчтэй эхэлсэн. Одоо дуусахдаа 29 төлөөлөгчтэй дууслаа. Зарим нь УИХ-ын гишүүн болоод явчихлаа. Энэ 29-өөс 11 төлөөлөгч дахин нэр дэвшсэн. Цаана нь 18 хүн нэр дэвшиж чадаагүй. Би тэр төлөөлөгч нараа бүгдээрээ муу байсан, улстөрчийнхөө  хувьд алдаа оноо хийсэн эсвэл хариуцсан ажил төрлөө муу хийсэн гэж хэлэмгүй байна. Бүгд л чадах, ядахаараа л зүтгэсэн. Намын бодлого чухам ямар зарчмыг барьсан гэхээр миний мэдэж байгаагаар бол шинэ цаг үед, шинэ ирээдүйд итгэл өгье, тэдэнд боломж олгоё гэдэг зарчим л явсан. Нам улс төрийн стратегиа баримтлана шүү дээ. Өөр сүртэй зүйл байхгүй болов уу. 

-Тэр 18 нэр дэвшигч хаанаас гараад ирсэн нөхдүүд вэ?

-Тэд бүгд цоо шинэ хүмүүс биш. Жирийн нэг намын гишүүн ч юм уу, эсвэл хувийнхаа ажлыг хийгээд явж байсан хүмүүс үү гэвэл үгүй. Жишээ нь, дүүргийн Засаг дарга тав   байна. Дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан дөрвөн хүн байна. Цоо шинэ ганц нэгхэн хүн байна. Бүгд л манай намын л шилдэг залуучууд.

-Та бол бүр дүүргээс эхэлсэн хүн шүү дээ. Тэдэнд тийм замнал бий гэж үү?

-Яг тэр замналаар л явж байгаа залуучууд. Манай нам энэ удаагийн сонгуульд оролцохдоо шинэ цагийнхан, шинэ ирээдүйд боломж олгоё гэдэг зарчим баримталсан. Харин ч манайх зүүн төвийн үзэл баримтлалтай нам хэрнээ хамгийн их дотоод ардчилалтай нам шүү дээ. Та манай намыг ямар их шинэчлэгдэж, залууст ямар их боломж олгодгийг ядаж л саяны нэр дэвшилтээс анзаарсан гэж бодож байна. Би ч гэсэн удахгүй дараагийн нэг сонгуульд орвол орно. Орохгүй бол тэгээд л байраа тавьж өгнө. Тэрэнд бэлэн байх хэрэгтэй. Ямар ч гонгиноонгүйгээр. Цаг нь ирэхээр “Одоо яана аа. Би явмааргүй байна” гэж зууралдаад хэрэггүй л байхгүй юу. 

-Ийм идэр залуу насандаа юу?

-Үгүй яахав. Би чинь хотын ажил амьдралтай холбогдоод бараг 15 жил болох гэж байна. Хүн чинь нэг газар их удахаар нэг бол бурхан болдог, үгүй бол буг болдог гэдэг биз дээ. (инээв) Наргиангүйгээр хэлэхэд дараагийн шинэ цагийнхандаа боломжоо орхиж сурах хэрэгтэй.

-Та хошин юм аа?

-Үгүй яахав. Би тэгж л боддог. Тэгээд тэрийгээ би юу гэж тайлдаг вэ гэхээр хүн ер нь ажил, албан тушаалд адгаад хэрэггүй гэж боддог. Алив юманд, ялангуяа мөнгө төгрөг, бизнес, ажил албан тушаалд адгасан хүн ер нь буруу төгсдөг. Буруу бодсон хүн ойлгомжтой. Буруу бодлоо дагаад буруу яваад өгдөг. Тэгээд алдаа гаргаад эхэлдэг юм байна. Тэгэхээр хүний амьдрал гэдэг бол энгийн үгээр хэлэхэд бас нэг тийм учир жанцантай эд гэж боддог шүү.  Нэг их атгаг байх гээд ч хэрэггүй. 

-Атгаг гэдэг нь ямар утгаар?

-Атгаг гэдэг нь элдэв хогийн сэдлээр хов яриад л, өөрийнхөө эрх ашгийг гүнзгийрүүлж бодоод л, “энэ муу надад ингэсэн шүү, тэр намайг өмнө нь тэгсэн шүү” гээд л өөртөө ч өрөөлд ч төвөг удаад явахыг хэлнэ. Уужуу байх хэрэгтэй шүү дээ. Боломж олдсон бол дандаа багаараа, хамтаараа, илүү хүртээмжтэй бодох хэрэгтэй.  Хэзээ хамт олон нь үнэлнэ тэр цагт “Окэй. Монгол Улсын төлөө зүтгэе” гэж хэлдэг байх ёстой юм. Ер нь ажил албан тушаалд хүлээн зөвшөөрөгдөхгүй байж ажиллана гэж зүтгэх гутамшиг шүү дээ.

Ажлын байрандаа тэр арчаагүй байдлаасаа болж дарлагдана, боорлогдоно гэдэг бүр илүү гунигтай. Өөртөө итгэлгүй байх хэцүү. Тухайн ажлын байрны шаардлагыг хангаж чадахгүй байж тэнд оччихоод, яанаа гээд түнтгэнээд байх хэцүү биз дээ. Би ямар ч юманд иймэрхүү л байр суурьтай байх гэж хичээдэг. Юм их сайхан эмх цэгцтэй байхад би дуртай. Гэр орондоо ч гэсэн. Байгаа юм байрандаа байж байх ёстой. Хүн болгон өөр өөрийн гэсэн амьдрах арга ухаантай байдаг. Тэр маань юм болов уу даа. 

-Таныг Архангайн гаралтай хүн гэж сонссон. Тэнд төрсөн юм уу?

-Би Долоон буудалд төрж, өссөн хүн. Аав маань Архангайн хүн тул Архангайнх гэж явдаг. 

-Та ямар бөх биш дээ?

-Бас заншил ёс гэж байна шүү дээ. 

-Ингэхэд хотыг хотын хүн л удирдах нь зөв гэх юм. Та юу гэж боддог вэ? 

-Наадах чинь хэсэг хүмүүсийн л үзэл бодол. Бас нэг төрлийн л хэтрүүлэг шүү дээ. Би бол хотыг улстөрч хүн битгий удирдаасай гэж боддог юм. Аж ахуйн болон бизнес сэтгэлгээтэй. Ажил амьдралын өргөн туршлагатай, сайн менежер хүн удирдах нь хотод илүү хэрэгтэй. Олон жишээн дээр батлагдсан болов уу.

-Э.Бат-Үүл даргатай ажиллаж үзсэн. Тэр үед нээрээ та хоёрын дунд нэг асуудал дэгдэж байсан санагдах юм?

-Би тэр үед Нийслэлийн ИТХ-д цөөнхийн гишүүн байсан. Би Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болоод, анхдугаар чуулганаа хийчихээд, миний тогтоол Э.Бат-Үүл даргын ширээн дээр оччихсон байлаа. Хуулийн дагуу хотын дарга дүүргийн Засаг даргыг томилох тогтоолыг батламжлах үүрэгтэй. Гэвч мань хүн  хутгасаар байгаад, цагаан дээр хараар бичсэн хуулийг гишгээд дахиж анхдугаар чуулган хуралдуулсан. Бүр хөгийн юм болсон. 

-Шүүхэдсэн билүү, та хоёр?

-Би огт шүүхдээгүй. Шууд орхисон. “За, буянаараа болцгоо” гээд орхисон. Дахиж анхдугаар чуулган гэж тоглоомын чуулган хийгээд, АН-ын гишүүнээ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар хүчээр тавьж байсан. Тэгэхэд би “За за. Улс төр гэж ийм л байдаг юм байна. Олон түмний итгэл, ачааг сайн үүрээрэй. Буянаараа болцгоо” гэж л  хэлсэн. Өөрөөр би нэг ч маргаан дэгдээгээгүй, нэг ч өргөдөл гомдол бичиж өгөөгүй. Зүгээр ёслоод л, буруу хараад алхсан.

Нөгөө  “Би ишиг шиг майлахгүй. Хурга шиг дуугүй босоод л яваад өгнө” гээд кинон дээр нэг хэлдэг дээ. Тунгалаг тамир кинон дээр. Тэрэн шиг л яваад өгсөн. Тэгээд 2016 онд би дахиж сонгогдоод ажиллалаа. Сонгины иргэд маань надад тодорхой хэмжээнд итгэдэг юм. Би нийслэлд Сонгины Дагва гэдэг нэртэй болтлоо явсан байна шүү дээ. Танихгүй хүн ч ховор болсон байна. Төрийн ажил албанд тулхтай, адын сэтгэлгүй байна гэдэг бас их чухал шүү. 

-Сонгинохайрхан том улс төрчдийн сонгогдож гарчихаад дөрвөн жил болоод явчихдаг дүүрэг болсон байсан шүү дээ. Та бол олон парламентын үед ажилласан. Үнэхээр юм хийсэн нь аль үеийн парламентын гишүүд юм бэ. Намчирхахгүй хариулбал?

-Яг ингээд асуухаар бүх үеийн гишүүд л нүдэнд харагдаж байна. Норовын Алтанхуягаас эхлээд л Д.Тэгбишдагва, Т.Бадамжунай, С.Оюун гишүүн гээд л. Топууд бүгдээрээ л очдог байсан шүү дээ. Тэгээд дүүрэг нь өөрөө хэцүү. Хүн ам ихтэй, дэд бүтэц муутай. Улсын төсөв гэдэг чинь тэгж халгиж цалгиж байдаг юм биш шүү дээ. Тэгээд хичнээн их хөрөнгө оруулалт хийсэн ч тэрэнд нь учир дутагдалтай юм их гардаг. Одоо ч гэсэн Сонгинохайрхан дүүрэг төвийн зургаан дүүргээс ганцаархнаа татаас авч амьдардаг. Ийм л дүүрэг. Өөрөөр хэлбэл, тэр дүүрэгт аж ахуйн нэгжүүд их бага үйл ажиллагаа явуулж байна.

Хувийн хэвшлийнхэн тэнд бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх юм уу, шинээр нээх хүсэл эрмэлзэл их бага байдаг. Ерөнхийдөө эдийн засгийн хувьд хүндэвтэр дүүрэг. Энэ нь хүн ам ихэссэнтэй ч холбоотой. Тэр шалтгаан нь юу юм бэ гэхээр Монгол Улсын 21 аймгийг хуваахаар зүүн талдаа ерөөсөө гуравхан аймаг байдаг юм. Хойноо ганц, урдаа гурван аймагтай. Үлдсэн нь бүгд Улаанбаатар хотоос баруун тийшээ байдаг юм байна. Тэр аймгийн хүмүүс амьдрал хүндрээд, зуд турханд малаа бараад ирцгээсэн, зарим нь сургууль соёлд явсан үр хүүхдээ дагаад хот орон руу шилждэг. Шилжилт хөдөлгөөн үнэхээр их байна. Тэгж баруун талаас ирсэн хүмүүс маань Сонгинохайрхан дүүргийг алгасаад Сүхбаатарын талбайг нэвт гараад Баянзүрх дүүрэгт ч юм уу очиж суурьшдаггүй шахам.

Ерөнхийдөө хот руу орж ирээд л нутаг усны ах дүү, найз нөхөд нь хаана байна, тэднийгээ бараадаад буучихдаг. Ийм нөхцөл байдлаас болж Сонгинохайрхан дүүргийн хүн ам огцом ихэссэн. Энэ нь өөрөө бэрхшээл болчихсон. Хүн ам их байгаа нь одоогийн хувьд бол сул тал болчихоод  байгаа юм. Уг нь  олуулаа байна гэдэг тийм муу зүйл биш л дээ. Тэгэхээр бид яавал энэ сул талаа давуу тал болгох вэ гэдэг амьдрах арга ухаанаа олох хэрэгтэй байна. 

-Улаанбаатар хот 1.5 сая хүн амтай. Энэ улсын хүн амын бараг л тал нь амьдарч байна шүү дээ?

-Үнэн үнэн. 50 хувь нь нийслэлдээ байна.

-Хот төлөвлөлт тойрсон хүнд асуудлууд бидэнд байгаа. Дээр нь утаа  түгжрэл хоёр бий. Утааг 50 хувиар буурсан гэж байгаа. Хэдийгээр та бүхний гол хийсэн ажлуудын нэг гэж байгаа ч сөрөг хүчнийхэн өөр байр суурьтай байдаг?

-Бид Засгийн газартай хамтраад Улаанбаатар хотын утааг багасгах хүчтэй, зоригтой зорилт тавьсан. Ер нь бол утаатай тэмцэх ажилд сүүлийн 15 жил их ч мөнгө зарцуулсан. Янз бүрийн хувилбараар ажиллаж үзсэн. Бүр сүүлдээ айлуудад үүдний пин хүртэл хийж өгсөн шүү дээ. Шүүмжлүүлээд л арга чарга олох гэж ажилласаар байсан. Зөндөө л юмнууд болсон. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлуудын иргэдийн талархлыг хүлээсэн хамгийн том ажил утааг багасгаж чадсан явдал байсан. Үнэндээ цаанаа нүдэнд харагдаж, гарт баригдахгүй маш олон ач холбогдолтой ажил байхгүй юу. 

-Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө танай хурлаар батлагдсан биз дээ?

-Тийм. Улс орны хэмжээнд шийдлээ хүлээж байсан зам, гүүрийн төслүүдийг энэ дөрвөн жил бүгдийг нь ашиглалтад орууллаа. Зүүн талд Баянзүрхийн гүүр, Замын цагдаагийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр гээд Улаанбаатар хотод Туул гол дээгүүр дөрвөн том гүүр хийлээ. Дээрээс нь Налайхын автозам, гэр хорооллын болоод орон сууцны хороолол доторх автозамуудын өргөтгөл шинэчлэлийн ажил гээд ер нь бол байгаа төсөв хөрөнгөнийхөө хэмжээнд тултлаа ажилласан жилүүд байлаа. Мөн дээрээс нь Бага тойруу доторх хувь хүн, аж ахуйн нэгжид алдчихсан байсан газруудыг, юу ч барьж байгуулдаггүй атлаа хашаа барьчихаад хотын хөгжилд саад болж байсан газруудыг бүгдийг нь буцааж нийтийн өмчид аваад ногоон байгууламж бүхий тохижилтын ажлуудыг хийж эхэлсэн. Ялангуяа сүүлийн нэг жил хагасын хугацаанд. Энэ ажлууд иргэдийн талархлыг үнэхээр хүлээсэн ажлууд болсон.

Цахилгаан автобусаар нийтийн тээврийг солонгоруулъя гэж бид зорьсон. Солонгоруулна гэдэг нь цаанаа түгжрэлийг багасгах бодлогын хүрээнд явагдаж байгаа төсөл гэсэн санаа. Агаарын бохирдлыг үүсгэгч олон мянган дизель автобуснуудыг багасгах гээд хичээж байна. Дизель автобуснаас ялгарч байгаа утааг бол утаа биш хорт хий гэж хэлдэг юм билээ. Тийм учраас мэргэжлийн хүмүүс юу гэж зөвлөдөг вэ гэхээр гэрлэн дохиотой уулзвар дээр очихдоо нялх хүүхдийг битгий гараасаа хөтлө. Ялангуяа өвлийн цагт заавал өөрийнхөө мөрнөөс дээш өндөрт тэвэрч бай. Тэр ялгарч байгаа хорт хий чинь их хүнд элементүүдийг агаарт цацдаг юм байна.

Гэхдээ нүүрсхүчлийн хий шиг агаарт дэгддэггүй. Дэгдэмхий чанаргүй. Тодорхой түвшинд, амьсгалын түвшинд тогтоод байдаг юм байна. Тэгэхээр энэ дизель шатаадаг олон 100 автобуснаас сална гэдэг бас л нэг том ажил байсан. Үүнийгээ тодорхой түвшинд хийлээ. Сургуулийн автобус гэдэг том төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ иргэдийн талархлыг маш их хүлээсэн. Өнгөрсөн намар бид хотоос өөрсдөө шийдэж байгаад тодорхой хэдэн автобус туршилтын шугамаар явуулж үзсэн чинь иргэд маш их талархсан. Тэгээд одоо энэ аравдугаар сарын 1-нээс яг дэлхийн стандартад байдаг Schoolbus 200-г оруулж ирж, нийслэлийн хүүхдүүдийг зөөх том зорилт тавиад ажиллаж байна. Энэ нь цаанаа нийтийн тээврийн үйлчилгээг илүү тав тухтай болгоно гэсэн зорилгын хэрэгжилт давхар явж байна гэсэн үг.

Монгол Улсын эдийн засаг, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эдийн засагт ч давхар давхар хэмнэлттэй, ач холбогдолтой төсөл байхгүй юу. Гэхчилэн бодлогын түвшинд хийсэн юмнууд их бий. Одоо нэг том тулгамдсан асуудал бол түгжрэл. Энэ бол маш олон шалтгаант нөхцөлтэй. Энийг зүгээр нэг захиргааны Дорж гэдэг хүн гарч ирээд шууд шийдчихнэ гэвэл үлгэр. Тийм ойлголт бараг байхгүй. Тэгэхээр үүнд хамтын хүч хэрэгтэй. Бид бүгдээрээ оролцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр нь нийтийн тээврийн үйлчилгээгээ илүү тав тухтай болгож солонгоруулах арга хэмжээгээ үргэлжлүүлж авах хэрэгтэй. Дагуул хот, хаяа хотуудаа бид төлөвлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид Сүхбаатарын талбайгаа тойрсон нэг төвт хотоос  салах хэрэгтэй байна. 

-Төв аймаг, Багануур, Налайхыг хөгжүүлмээр байна?

-Тийм. Нисэх онгоцны шинэ буудлын тийш Улаанбаатар хот их богино хугацаанд тэлэх байх. Яармаг сүүлийн 10 жилийн дотор яаж хотжиж байна вэ гэдгийг анзаарч байгаа байх. Мөдхөн хотжилт Айцын давааг даваад, Өлзийт хороолол руу орчихсон явж байна байх. Тэгэхлээр Улаанбаатар хот  ирээдүйд шинэ нисэх онгоцны буудал руу хүчтэй тэлнэ. Ялангуяа, хуучин нисэх онгоцны буудлаас шинэ нисэх онгоцны буудал хүртэл 32.5 километр урттай хурдны зам тавигдсан байгаа.

Нисэх буудал ашиглалтад орох үед шууд ашиглахад бэлэн болсон. Ер нь хүссэн  ч, эс хүссэн ч тэр замын хоёр талаар суурьшлын бүс аяндаа бий болох байх. Тиймээс тэр бүсийг одоогийнх шиг замбараагүй гэр хороолол болгож болохгүй. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтүүдийг нь хийх хэрэгтэй. Тэнд яаж ажлын байр, үйлдвэрүүд бий болгох, өөрийн хөрөнгөөр бизнесээ нээсэн хүмүүст төрийн бодлогоор яаж дэмжлэг үзүүлэх вэ гээд олон бодлогууд шийдлээ хүлээж байгаа. Энэ бүхэн цогцоороо төвлөрөлийг сарниулах ойрын болон дунд хугацааны стратегийн бодлого байх ёстой гэж харж байгаа. Ингэж нарийн бодсон бодлогуудаар хийхгүй бол өнөөдрийн энэ эрх чөлөөт нийгэмд та өнөөдөр машинаа тавь, нөгөөдөр яв гэх зохицуулалт байж болохгүй шүү дээ. 

-Дугаарын хязгаарлалтаас эхлээд бөөн бухимдал байна?

-Дугаарын хязгаарлалт яг гарсан даруйдаа хэсэг хугацаанд л оносон. Эргээд бас л гаднаас импортолж байгаа машины хэмжээ, худалдан авч байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өсөж байна. Одоо бол Улаанбаатар хотын машины тоо сардаа 40-50 мянгаар нэмэгдэж байна. Амьдрал юм болохоор яах ч аргагүй. Тиймээс бидэнд гамшгийн хэмжээнд тулгамдсан дараагийн том асуудал бол үнэхээр энэ түгжрэл. Ирэх дөрвөн жилд түгжрэлийн эсрэг сая утаанд яаж цохилт өгсөн, түүн шиг бодлогын том цохилт өгөх хэрэгтэй байна. 

-Одоо хоёр настай хүүхдээ яах вэ, сургууль цэцэрлэг яах вэ гээд л дахиад бухимдал оволзож байна. Танай Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэг нэмэгдсэн үү. Харин нэг том эмнэлэг ашиглалтад орох шиг болсон?

-Сонгины 19 дүгээр хороонд буюу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны хавьцаа, өөрөөр хэлвэл тус дүүргийн бараг төвд шинэ эмнэлэг байгуулагдсан. Маш том, дэлхийн жишгийн эмнэлэг ашиглалтад орж байгаа. Нийслэлийн хэмжээнд бол 100 гаруй цэцэрлэг, сургууль шинээр баригдсан байгаа. Манай дүүрэгт ч сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг эрс нэмэгдсэн. Ялангуяа, өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт зорилт болж орсон гурван ээлжээр хичээллэдэг сургуультай больё, цэцэрлэгийн хүүхдийн орны тоог нэмэгдүүье гэдэг зорилт хэрэгжсэн.

Одоо хүмүүс сургууль, цэцэрлэгийн гурван ээлж гэдэг асуудлыг ярихаа больсон, хэвлэлийнхэн шаагихаа больсныг  та анзаарч байгаа гэж бодож байна. Асуудал шийдэгдэхээр хүмүүс чимээгүй болчихдог. Эхлээд агаарын бохирдол, сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хэцүү байхад энэ хоёрыг яриад гуравт нь түгжрэл ярьдаг байсан бол эд нар нь тодорхой үр дүнд хүрээд эхлэхээр одоо түгжрэлээ ярьж байна. Ирэх дөрвөн жилд түгжрэлийн асуудалд бид цохилт өгнө. 

-Сонгинохайрхан дүүрэг гэмт хэргийн гаралт, зөрчил ихтэй гэж олон жил яригдсан. Одоо харин гайгүй болсон юм шиг? 

-Тэгсэн. Өмнөх дөрвөн жилээс гэмт хэргийн гаралт 20 гаруй хувиар буурч, илрүүлэлт 10 гаруй хувиар өссөн байна билээ. Үүнд мэдээж цагдаагийн алба хаагчдын хөдөлмөр зүтгэл, дээрээс нь гэрэлтүүлэг камержуулалт гэх мэт маш олон хүчин зүйл нөлөөлнө. Цагдаагийн машин техник бусад тоног төхөөрөмж, иргэдийн ухамсар сайжирсантай ч холбоотой. Бид хорооны хэсгийн ахлагч нараа эргүүлийн ажил бас хийлгэж эхэлсэн. Багахан урамшуулалтай. Энэ бүх зүтгэлийн үр дүнд гэмт хэргийн гаралт буурсан. Саяхан бид хэд бас цагдаа, эмнэлэг, онцгой, хотын түргэн гээд парк шинэчлэлт, хөрөнгө оруулалт цөөнгүй хийсэн. Хүүхдийн сургуулийн автобус байна. Бид маш их хичээж ажилласан. Энэ залуу үеийг хайрлаж хамгаалах үүрэг бидний гол үүрэг шүү дээ. 

-Тийм ээ, тэгэлгүй яахав. Таны нэг ярилцлагыг үзэж байсан. “Өнөөдрийн 16 настнуудын саналыг сонс. Тэднийг сонсохгүйгээр 2040 оны хөгжлийн тухай ярих бол боломжгүй шүү” гэж байсан. Содон, гоё сонсогдсон?

-Ерөөсөө л тэр. Тэд нарын урам зориггүйгээр, тэд нарыг дэмжихгүйгээр бид яаж амьдарна гэж төсөөлж байгаа юм бэ. Залуу хүмүүсийн урам зориггүйгээр хүний хорвоог яаж барах юм бэ. Би тэгж л боддог. Бид 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнийхөө концевцийг батлуулсан. Одоо төлөвлөгөөг нь боловсруулж байгаа. Төлөвлөгөөг нь боловсруулж байгаа багийнханд би “Та нар өнөөдрийн 16, 18 настнуудын хүсэл мөрөөдлийг сонсохгүйгээр наад ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулж болохгүй шүү. Тэр 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний эзэд нь өнөөдрийн 16-18 насныхан юм шүү найзуудаа” гэж хэлсэн юм.

-Улсын маань нийслэл учраас улсаараа л ярихгүй бол хэдэн хүн шийддэг асуудал биш болчихсон. Улаанбаатарын зовлон бол бүх монголчуудын зовлон. Тэгэхээр энэ хотын цаашдын шийдэл гарц, хөгжлийн асуудал дээр эрдэмтдийн санаа бодлыг сонсох ёстой гэдэг юмыг та их ярьдаг. Эрдэмтэд бол маш хэцүү хүмүүс шүү дээ. Үгээ ирж хэлэхгүй. Дараа нь шүүмжилдэг. Улаанбаатар хотын хөгжлийн талаар таны өөрийн хувийн мөрөөдлийг сонирхмоор байна?

-Би бол хотын хөгжлийн талаар их өндөр амбицтай. Хотын минь хөгжил тийм болоосой, тэгээсэй гэсэн хүсэл мөрөөдлийн амбиц гэсэн үг. Тэрнээс ажил, албан тушаалын амбиц биш. Улаанбаатар хот бол цаашдаа Монгол Улсын эдийн засагт их том эерэг нөлөө үзүүлдэг, нэг төрлийн Оюутолгой байх ёстой гэж сэтгэлдээ зурж мөрөөдөж явдаг юм. Яахав бид нар Өмнөговь аймагт байдаг Оюутолгойг бүгдээрээ л ярьдаг. Гэхдээ л тэр Оюутолгой бол өдрөөс өдөрт баялаг нь багасаж байдаг Оюутолгой байхгүй юу. 30 жилийн дараа тэр ордын баялаг дуусвал яах вэ. Тэгээд дараагийн нэг том асуудал үүснэ ээ дээ. Тэгвэл Улаанбаатар хотын эдийн засаг Монгол Улсын ДНБ-ий 67 хувийг үйлдвэрлэж байна. Мөнгөний бодлогын 85 хувь нь энд төвлөрч байна. Мөн байнгын үйл ажиллагаатай 130 орчим мянган аж ахуйн нэгжийн 75 хувь нь зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь байнга төвлөрөн амьдарч сууж байна. Ийм том эдийн засаг Улаанбаатарт байна. Тийм учраас нэг төрлийн Оюутолгой гэж жишиж хэлж байгаа юм. Түрүүн хоёулаа ярьсан даа. Хүн болгонд өөр өөрийн гэсэн амьдрах арга ухаан байдаг гээд. Яг тэрэнтэй ижил Улаанбаатар хот ч гэсэн өөрийн гэсэн амьдрах арга ухаантай байхгүй юу. Тэгэхээр хотын хөгжлийг өнөөдрийн нийслэлийн залуу иргэдийн хүсээд байгаа шинэ түвшинд гаргахын тулд, тэр бүх шинэчлэлийг хийхийн тулд одоо хийх ёстой суурь шинэчлэл нь юу юм бэ гэхээр эрх зүйн шинэчлэл байхгүй юу.  Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын амьдрах арга ухааныг тодорхойлно гэсэн үг. Ганаа чи өөрөө мэднэ дээ. Хүний ажилд, амьдралд, бизнест ч юм уу магадгүй хайр дурлалд ч юм уу момент гээд нэг юм таардаг шүү дээ.

Хувсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг нэг момент таардаг. Би одоо үеийг Улаанбаатар хотын амьдрах арга ухааныг шинэ шатанд гаргах, шинэчлэх, өөрчлөх яг нэг тийм момент таарсан алтан үе л гэж бодож байгаа. Яагаад гэхээр Үндсэн хууль шинэчлэгдлээ. Одоо тэр Үндсэн хуулийн зарчмыг органик хуулиуд руугаа шингээж, бид цаашдаа амьдрах арга ухаанаа хууль эрх зүйн орчинд тодорхой болгох ёстой байхгүй юу. Тэр тусмаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хууль гэсэн гурван гол хуульд өөрчлөлт оруулах нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 30 жилийн амьдрал ямар байх вэ гэдгийг яг тодорхойлж өгөх юм.

УИХ дээр яг эхний хуулийг нь хэлэлцэж эхэлж байгаа. Бага Үндсэн хууль буюу нэгжийн тухай хуулийг сая ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхлээд, намрын чуулган руу шилжүүлчихлээ. Тэгээд тэр момент гэдэг нь МАН УИХ дээр дахиад 62 суудалтай боллоо. Өмнө нь 65 суудалтай байхдаа Үндсэн хуулиа шинэчиллээ. Одоо бусад органик хуулиа шинэчлэхэд МАН-ын УИХ-ын гишүүд нийслэлийн удирдлагуудтай маш нягт хамтарч ажиллана гэж бодож байгаа. Улаанбаатар хотын дагуул хотуудыг яаж хөгжүүлэх юм. Хотын дэргэд Эдийн засгийн чөлөөт бүсийг яаж байгуулах юм. Яавал манай залуу иргэдийн хүсээд байгаа амжиргааных нь наад захын хэрэгцээг хангаж чадах хэмжээний цалинтай тийм ажлын байрыг олноор нь бий болгох вэ гэдэг тэр арга ухааны араас бид тэмцэх ёстой юм. Манай нийслэлийн залуу иргэд энд эхнэр хүүхдээ орхиод яагаад Солонгос руу тэмүүлээд байдаг гэж та бодож байна. 

-Харин та юу гэж бодож байна?

-Ажил олгогч нарын өгч байгаа цалингийн хэмжээ амжиргааных нь наад захын хэрэгцээг хангахгүй байгаа учир арай цалин өндөртэй ажлын байрыг хайж тийшээ зүтгэж байгаа нь нууцгүй үнэн. Дүүргүүдийн хөдөлмөрийн биржид ажлын байр байсан ч залуус очихгүй байна.м Амжиргааных нь наад захын хэрэгцээг хангах цалинтай ажил байхгүй байгаа учраас л тэр. Гэтэл Солонгос руу ажиллах хүч бүртгэнэ гэхээр манай залуус давхиад очдог байхгүй юу. Тэнд очоод “Юу ч хамаагүй хийнэ” гэдэг. Тэгээд тэр залуу ойролцоогоор 1-1.5 сая вон авч байгаа юм. Нэг саяыг нь эхнэр хүүхэд рүүгээ явуулаад илүү гарсныг нь өөрөө тэндээ хэрэглэдэг гэж бодвол гэр бүлийн амжиргааных нь наад захын хэрэгцээг хангах хамгийн анхан шатны мөнгөн орлого нь хоёр сая төгрөг байна. Гэтэл дүүргүүдийн Хөдөлмөрийн биржд ийм цалинтай ажлын байр байна уу гэвэл үгүй.

Та “Тэгвэл Дагваа тэр ажлын байрыг чинь хэн бий болгодог юм бэ” гээд надаас асуучих гээд л байх шиг байна. Тэгээд “Засгийн газар мөн үү” гэж асуувал би үгүй гэж хариулна. Хотын захиргаа та мөн үү гэвэл би бүр ч биш гэж хариулна. Тэгээд хэн юм бэ гэвэл хувийн хэвшлийнхэн байхгүй юу. Хувийн хэвшлийнхэнд яг юу саад болоод, юу таалагдахгүй байгаа юм. Тэгэхээр тэрийг бид нар тэмтэрч үзэх хэрэгтэй. Тэдний хүсээд байгаа тэр шийдвэрүүдийг бид нар гаргах хэрэгтэй байна. Тийм хууль эрхзүйн орчныг нээж өгөх хэрэгтэй. Энэ бол Улаанбаатар хотын бүх тулгамдсан асуудлыг явж явж ерөөсөө л ажлын байр шийднэ гэж миний хэлдэг санаа нь энэ байхгүй юу. Тэгээд Улаанбаатар хотын дэргэд Эдийн засгийн чөлөөт бүс бий болгох замаар гадна дотны хөрөнгө оруулагчдыг урья. 

-Эдийн засгийн чөлөөт бүс ээ? 

-No tax. Монгол Улс эдийн засгийн чөлөөт бүс гурвыг 2002 онд анх байгуулж байсан юм. Энэ чөлөөт бүсийн үйл ажиллагаа тогтмолжсон уу гэвэл үгүй. Тэгсэн хэрнээ л жил болгон төсвийн мөнгөнөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс зардал авдаг. Түүгээрээ хашаа барина, тог татна, худаг гаргана, зам тавина л гэнэ. Тийм байдалтай л 18 жил болсон. Гэтэл бусдын ойрхон жишээг Сөүл хотын дэргэд байгаа Инчёон гэдэг чөлөөт бүс буюу тэр хотыг яаж хөгжснийг надаар яриулалтгүй бүх монголчууд мэдэж байгаа. Чөлөөт бүсийг хүнтэй зүйрлэвэл хүнийг амьд явуулдаг, тэжээдэг, амьдруулдаг 2-3-хан артерын судас байдаг юм байна л даа. Харин тэр чөлөөт бүсийг амьд явуулдаг артерийн судас нь агаарын тээвэр, төмөр замын тээвэр, автозамын тээвэр гэсэн тээврийн сүлжээ.

Манай гурван чөлөөт бүс яагаад хөгжөөгүй вэ гэхээр артерийн судасгүй байсан байхгүй юу. Монгол Улсад энэ гурван тээврийн сүлжээ нэг дор цугласан ганцхан газар байгаа. Тэр нь Улаанбаатар хот. Чөлөөт бүс байгуулснаар цалинтай ажлын байрууд бий болно л гэж харж байгаа. Тэнд нь хэн ажиллах вэ гэвэл манай нислэлийн залуучууд ажиллана. Тэгээд тэр хөрөнгө оруулагч нар, Засгийн газар яах ёстой вэ гэвэл ганцхан цалингийн доод хэмжээ тохироод л болоо. Тэр чөлөөт бүс нь давхар цаанаа шинэ суурьшлын бүс юу шинэ дагуул хотыг бий болгоно. Тэгээд энэ нь хотын маш олон тулгамдсан асуудлыг давхар давхар шийднэ. Энэ бол хөгжлийн төлөөх миний амбиц. Би ийм л хүсэл мөрөөдөлтэй явдаг. Улаанбаатар хотын дэргэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь миний мөрөөдөл. 

-Хоёулаа ажил хангалттай ярилаа. Одоо Дагвыг арай өөр талаас сонирхмоор байна.  Жишээлбэл, та хэдэн үеэ мэдэх вэ. Таны өвөг дээдэс ямар ямар хүмүүс байв. Ямар гэр бүлд төрж өсөв. Одоо манайхан чинь хүнээ тэмтэрье гэж их ярьж байгаа шүү дээ?

-Би дээшээ их олон үеэ мэдэхгүй. Манай ээж минь хүний ганцхан хүүхэд байсан хэрнээ айлд өргөгдсөн сонин тавилантай хүн. Өөрөө айлын ганц мөртлөө өөр айлын өргөмөл охин болсон. Аав минь бас зургаан настай байхдаа эцэг эхээсээ өнчин хоцорсон.Тэднийх дөрвөн хүүхэдтэй айл байж. Бүтэн өнчин хоцорсон тэр дөрвөн хүүхдийг ах дүүс нь дөрвөн тийшээ хувааж авч явж хүн хийсэн байхгүй юу. За, энийг нь манайх авч явж хүн хийе. Нэгийг нь танайх авч явж хүн хий гээд. Тэр дөрвийн нэг нь миний аав байжээ. Архангай нутгийн хүн шүү дээ. 

-Нэг сайхан хөгшин хааяа нэг хотын захиргаан дээр тантай уулзах гээд ирчихсэн зогсож байдаг гэж сонсож байсан?

-Тийм. Одоо 80 дөхөж байгаа хөгшин бий. Аав маань тэгж хар багадаа бүтэн өнчин хоцорсон. Тал тал тийш тэгж тарсан болохоор төрсөн ах, дүү нар нь өөр өөр овогтой болоод явчихсан. Өргөж авсан айл болгон нь өөрийнхөөрөө овоглоод явна шүү дээ. Цусыг нь харахаар төрсөн ах дүү нар байгаад байдаг. Тэгээд овгийг нь харахаар, бичиг баримтыг нь харахаар өөр өөр. Тус тусдаа ийм тавилангаар хол хол өсчихсөн. Ийм түүхтэй аав ээж хоёрын дундаас би гэдэг хүн төрсөн.  Аав маань жолооч хүн. Ээж нярав хийдэг хүн байсан. Би ийм л ажилчин гэр бүлээс гаралтай. Гэхдээ би аавтайгаа хамт өсөөгүй. Бараг төрөөд, эмнэлгээс гараад л эмээ дээрээ очсон байдаг. Тэгээд эмээтэйгээ 7 буудалд хүн болсон. Ийм л намтартай хүн дээ.

- Дунд сургуульд хаана сурав?

- Дунд сургуулиа энэ Хайлаастын 17 дугаар сургуульд суралцсан. Бүр цаад талын 7 буудлын 35 дугаар сургууль гэж байдаг. 35 дугаар сургуульд 8 дугаар ангиа төгссөн. 8 дугаар ангиа 34 хүүхэд төгсөхөд тэдний 12 нь 9-10 дугаар ангид бусад нь техникум, ТМС –д явцгаасан. Ингээд 10 дугаар ангид орох 12 хүүхдийн нэгэнд нь би шалгарч есдүгээр ангид орсон. Сурлага нь гайгүй байсан юм байлгүй.

-Тэгээд яав?

-Эмээ минь цэрэгт явуулсан. Би өөрөө ч явах ёстой гээд явсан. Ховдын хязгаарт гурван жил цэргийн алба хаагаад ирсэн. Одоо манай онжавууд уулзалддаг л даа. Тэд  минь ярьдаг юм. “Чи ном шагайгаад байдаг нөхөр байж билээ” гээд. Завсар зай гарахаар л ном шагайгаад суучихдаг байсан. Бас нэг Герман хэлний ном тавьчихна аа. Янз  бүрийн герман үг судлаад л, тоо бодоод л. Цэргээс очоод шалгалт өгнө гээд л бэлтгэж байгаа юм. Цэргүүд бол чөлөөт цагаараа гитар тоглоод л, магадгүй охинд захиа бичээд л байж байна. Тэгээд хагас сайн өдөр анги дээр болдог нийтийн бүжгийг хүлээгээд л...Би болохоор жаахан хэнхэгдүү гэх юм уу, идэвхтэй ч гэх юм уу. Тиймэрхүү л нөхөр байсан.

-Зорилготой гэж нэг зүйл байна шүү дээ?

-Тийм ээ. Надад тусалж дэмжих хамаатан садан, ах дүү гэж байхгүй. Би өнөөдрийг хүртэл өөрийнхөө төлөө өөрөө л шийдвэр гаргаж ирсэн. Өөрөө шийдвэр гаргана гэдэг нь надад зөв гэж санагдвал зөв гэсэн тэр замаараа л явах юм. Надад буруу санагдвал энэ буруу юм байна, би ингэж болохгүй юм байна гэж өөрийгөө зогсоодог. 

-Цэрэгт аймаар байсан уу. Тэр үед чинь дэг гэж нэг айхтар юм байсан. Аав, ээж тань эргэж очсон уу?

-Аймаар байсан. Над дээр хүн эргэлтээр очоогүй ээ. Ховдод юм чинь яаж очихов. Ядуу юм чинь хөөрхийс минь. Амьдрал хүнд байсан. Аав ээж, эмээ минь тусдаа . Тун борогдуухан амьдралтай л байсан даа. Заримдаа гамбир хайрах тос олддоггүй үе байсан шүү. Ээж минь их зовсон. Та түрүүн хэлнэ лээ. Одоо манай аав хааяа над дээр ирдэг юм. Дээр үед эр хүн амьдралд өвдөг нугарсан уу, яасан. Аав маань манай ээж, дүү нарыг орхиод явчихсан юм.
-Аав тань уу?

-Тийм. Би амьдралын үнэнийг л ярьж байна. Ээж минь дүү нарыг өсгөх гэж их зовсон. 

-Та хэдэн дүүтэй юм бэ?

-Би долоон дүүтэйгээс нэг нь бурхан болсон. Одоо зургаан дүү минь байна. Тэр зургаагаас нэг нь хотод байна. Хоёр нь гэр бүлтэйгээ хамт Солонгост ажил хийж байгаа. Яахав бид өөр өөрийнхөө амьдралыг болгоод л явдаг. Аль болох бие биедээ төвөг болохгүйг бодно. 

-Цэргээс ирээд л конкурс өгөв үү. Та ер нь яг ямар сургуульд сурна, хэн болно гэж боддог байсан бэ. Тэгээд тэр мөрөөдөлдөө хүрсэн үү?

-Хүрээгүй. Боломж нь олдоогүй гэх юм уу. Тусалж дэмжих хүн байгаагүй ч гэх юм уу. Тэр үеийн эрэгтэй хүүхэд болгон тэгж боддог байсан ч юм уу. Би офицер болно л  гэж боддог байсан юм. Тэгээд цэргийн сургуульд орж чадаагүй. Хуулийн сургууль руу л орж, хуульч болоод сүүлдээ хүний нөөцийн менежерээр мэргэшсэн. Анх Кино үйлдвэрийн ерөнхий газар гэж байхад нь нэг хэсэг ажиллалаа. Тэгээд Монголкино үйлдвэр гэж байхад нь нэг хэсэг ажиллаа. Тэгээд МҮОНРТ, тэгээд Нийслэлийн ЗДТГ. Тэгээд тэндээсээ орон нутгийн сонгууль гэж Сонгинохайрхан руу 2008 онд яваад. Өнөөдөр Сонгины Дагва болтлоо ажиллаж явна даа. 

-Дүүргийн Засаг дарга болох эрхээ нэг удаа хураалгачихсан гэж байгаа?

-Яахав, үнэн л тэр. 2008 онд Сонгинохайрхан дүүргийн хурлын дарга болох нөхцөл бүрдсэн чинь манай намынхан хоорондоо эвдрэлцээд би болж чадаагүй л дээ. (инээв) Дүүргийн ажил амьдрал ч нэг сар хагас зогсоод, юм юм болсон .

-Та тэгээд тэмцэл хийхгүй орхиод явчихдаг юм уу? 

-За, ер нь тэгсэн шүү. Хоёр удаа. 2008 онд түмний ажил амьдрал хэцүүдлээ гээд зөрчилдөөнийг нь орхиод явсан. 

-Ямар нэг байдлаар “байлдаан”-д ордоггүй, бусдад боломж олгоод л яваад өгдөг. Тэгэхээр та тэмцэлгүй хүн юм биш үү?

-Тэмцэлгүй гэж хэлэмгүй байна. Тэмцэлгүй бол амьдрал чинь урагшлахгүй шүү дээ.

-Зөрчлөөс зугтдаг хүн юм биш үү?

-Яахав би  “За, та нар буянаараа болцгоо” гээд бас л буруу хараад алхсан. Угаасаа л эвдрэлцээд ойлголцохгүй байсан учраас хэцүү байсан. Тийм юм руу ороод яах юм бэ. Хувь хүнийхээ амбицтай мөргөлдөөд зодолдоод байвал эцэст нь үр дүн нь баахан хар хор, янз бүрийн атгаг бодол л араас дагана шүү дээ. Тэгээд би төвөг л гэж боддог.

-Та хүүхэд байхдаа аавыгаа олон дүү нартай чинь орхиод явахад гомддог байсан уу?

-Гомдол гэж хэлэх юм уу, юу гэж хэлэх юм. Хэцүү байсан. Маш хэцүү байсан шүү. Би ээжийнхээ нэг талхны булан, жаахан сахар үүрээд, эсгий гуталтай хэдэн дүү нарыг минь тэжээх гээд орой ажлаа тараад ирж байгаа царайг нь мартдаггүй.  Тэр эмэгтэй хүний гоо сайхан ч өнгөрсөн. Зүгээр л нэг эсгий гутал чирчихсэн. Хөвөнтэй ажлын куртка өмсчихсөн. Нэг хөлдүү талхны булан барьчихсан орой ирж байгаа дүр зураг нь нүдэнд харагдаж байдаг юм. Тэр үе чинь их хэцүү үе л дээ. Ээж маань их залуухан өнгөрсөн. 50 дөнгөж хүрээд л. Гэнэт өвчнөөр бурхан болчихсон. Аав маань одоо хааяа над дээр ирнэ л дээ.  За, аав яав, ийв гэж ярьж сууж байгаад, хэтэвчинд  маань хэдэн төгрөг байна бүгдийг нь авч халаасанд нь хийж өгөөд, нэг үнсүүлээд л явуулдаг даа. 

 

Сэтгүүлч Б.Ганчимэг

Э.Дашням: Хүн голохоор ажил биш юм байна шүү
Э.Дашням: Хүн голохоор ажил биш юм байна шүү
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​