Б.Болорчимэг: Миний бүтээлээс гадныхан Монголын талаар бага ч гэсэн мэдээлэл авдаг байгаасай


Швейцарь улсад ажиллахын сацуу бага насны мөрөөдлөө биелүүлж, хүний нутагт Монголоо сурталчилж яваа хөдөлмөрч нэгэн бүсгүйг энэ удаагийн зочноор урьсан юм. Түүнтэй интернэтээр ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу. Та урьд өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр  ярилцлага өгч байв уу?

-Сайн. Сайн байна уу та. Өмнө нь ярилцлага өгч байгаагүй.

-Тэгвэл их даруухан хүн байх нь ээ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

 

-Намайг Батчулууны Болорчимэг гэдэг. Би Монголдоо Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуулийг төгсөөд, дараа нь 2009 онд Дизайн урлагийн дээд сургуулийг График дизайн мэргэжлээр суралцаж төгссөн. Одоогоор Швейцарийн холбооны улсад аав, ээжийнхээ хамт ажиллаж, амьдардаг.

 

-Таныг цахим ертөнцөд зарим хүмүүс “BLORO”  брэндээр чинь таньдаг болсон байх. Би ч тэдний нэг. Одоо наанаа BLORO брэндийн үйлдвэрлэлээ дагнан ажиллаж байна уу?

 

-Би аавын үүсгэн байгуулсан Швейцарийн монголчуудын "GM-STAR" спорт клубын нарийн бичиг, хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааг хариуцан ажилладаг. Энэ гэхдээ сайн дурын ажил. ЭНд их өртөг өндөртэй тиймээс би зөвхөн BLORO брэндээсээ ашиг олж түүгээрээ амьдрах боломжгүй л дээ. Тэгээд ч үүнийг би амьжиргаагаа залгуулахын болгохын төлөө хийдэггүй. Бага насны минь мөрөөдөл гэх үү дээ. Ашиг олъё гэхээсээ илүү өөрийн дуртай зүйлээ хийж, түүгээрээ бага ч атугай Монголоо сурталчлах юмсан л гэж боддог. Энд ажиллах боломжтой цагийнхаа 50 хувьд нь цагийн ажил хийж, үлдсэн хугацааг нь дуртай зүйлээ хийхдээ төлөвлөдөг.

 

-BLORO хэмээн өөрийн нэрээрээ нэрлэсэн брэндээ хэзээнээс гаргаж эхэлсэн бэ. Олон улсын үзэсгэлэн худалдаа, янз бүрийн уралдаанд оролцож байв уу. Гадныханд хэр тогдож байна?

 

-Ер нь би бага байхаасаа л гар урлалын бүтээгдэхүүн сонирхдог өөртөө цүнх, гоёл чимэглэлийн зүйлс хийчихдэг, гарын дүйтэй ч гэмээр хүүхэд байсан. Хийсэн зүйлийн маань анхны үнэлгээг гэрийнхэн минь өгдөг байлаа. Тэнднээсээ урмын үг сонсохоороо урамшиж, дараагийн удаа юуг нь сайжруулж, юуг нь өөрчилж болох уу, өөр ямар загвараар хийвэл илүү гоё харагдах уу гээд тархиа гашилгаж суудаг хүүхэд байсан. Харин яг BLORO нэрийн дор гар цүнх, гоёл чимэглэл өөр хүмүүст зориулан хийсэн үе минь түүнээс нэлээн хожуу 2014 оноос эхлэлтэй. BLORO нэрээрээ “овоглох”-оосоо өмнө буюу 2011 оноос олон улсын чанартай үзэсгэлэн яармаруудад оролцож байлаа. Тухайлбал, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулдаг үзэсгэлэнд 2011, 2013, 2016 онд оролцож байсан. Мөн Швейцарийн холбооны улсын Женев хотод жил бүр зохион байгуулагддаг.уран бүтээлчдийн шинэ жилд зориулсан үзэсгэлэнд сүүлийн хоёр жил оролцож байна.

 

-BLORO-г наана чинь байдаг монголчууд болон швейцарьчууд хэр мэдэх вэ. Швейцарьт зах зээл хэр байна?

 

-2015 оны намар BLORO-г танилцуулах анхны бие даасан үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулж байлаа. Хүмүүст маш их таалагдсан. BLORO-г мэдэх нэг нь мэдэх байхаа. Европ хүмүүс натурал зүйлийг их таашаадаг болохоор Монголын аж амьдрал, ахуй хэрэглээг их сонирхдог. Мөн гар ажиллагаа ихтэй, ер нь гараар хийсэн цорын ганц зүйлд их дуртай. Миний бүтээгдэхүүнийг нүүдэлчдийг илтгэсэн натурал өнгө аястай, ази европын агуулгыг аль алинг шингээсэн, мөн гар ажиллагаа ихтэй гэж их сонирхон хүлээж авдаг.

 

-BLORO гурван жилийн дотор хэчнээн нэр төрлийн, ямар ямар бүтээгдэхүүнтэй болоод байна вэ?

 

-Одоогоор гар цүнх, үүргэвч, гоо сайхны косметик, зүүлт, захан зүүлт, энгэрийн тэмдэг, арьсан бөгж, ханын эсгий чимэглэл, номын хавчуурга зэрэг бүтээгдэхүүн хийж байгаа. Эдгээрээс цүнхийг түлхүү хийдэг. Цаашид нэр төрлөө улам олон болгож, улирлын чанартай төрөлжүүлэх бодолтой байгаа.

 

-Таны бүтээгдэхүүнийг гадныхан их сонирхох уу, гадаадад байгаа монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжин худалдан авалт хийж байна уу?

 

-Ер нь захиалагчдын олонхи хувь нь монголчууд байдаг. Цөөн тооны гадаад захиалагчид бий. Монголчууд гадаад хүмүүст бэлэглэх зорилгоор манай бүтээгдэхүүнээс худалдан авалт хийх нь олонтаа. Тиймээс би бүтээлүүддээ монгол агуулга, өв соёлоо шингээж харуулахыг хичээдэг. Миний бүтээлээр дамжуулж гадныхан Монголын талаар багахан ч гэсэн мэдээлэл авдаг байгаасай гэж би хүсдэг.

 

-Энэ төрлийн гар урлалын бүтээгдэхүүнүүд монголд ч, гадаадад ч зөндөө байгаа. Бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс юугаараа таниайх онцлог байж чадах вэ?

 

-Монгол агуулга шингэсэн, нарийн гар ажиллагаа ихтэй, бас хэт үндэсний хэв шинжтэй биш, орчин үеийн хэв маягтай хослуулж хийхийг хичээдэг. Бас минимал зүйл хийхийг ч эрмэлздэг. Монгол үндэсний баялаг хээ, угалзыг сүлжиж, оёж бүтээгдэхүүн дээрээ хийдэг. Шүр, чимэглэл бүрийг нэг бүрчлэн гараар оёдог. Цүнхэн дээрх хатгамал, зургийг ч гараар хийдэг. Одоогоор яг нэг загвараас ганц ганцханыг л гаргаж байгаа.

 

Загвар, хийц, чанар аль алиныг нь чухалчилдаг. Тухайлбал, би оёсон цүнхээ зөвхөн гаднаасаа гоё харагдуулах биш, дотрыг нь ч мөн адил сонирхолтой гоё хийхийг хичээдэг. Мөн сав баглаа боодол, шошго зэрэг бүх дагалдах зүйлүүдээ бүгдийг өөрийн гараар нэг бүрчлэн хийдэг.

 

-Хамтран ажилладаг хүн байна уу?

 

-Ер нь бол одоохондоо чөлөөт уран бүтээлч учраас бүх зүйлээ ганцаараа хийдэг.

 

-Таны эгчийг бас үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг, “Muzla” гээд маш гоё, чанартай монгол брэндийн хувцсыг эх орондоо хийдгийг мэдэх юм байна. Эгчтэйгээ хамтран ажиллах бодол бий юү?

 

-Тийм, эгч минь Монголдоо бүтээлүүдээ MUZLA нэрийн доор хийдэг, мэргэжлийн дизайнер хүн. Эмэгтэйчүүдийн гадуур хувцас болон хүүхдийн хувцас дээр түлхүү ажилладаг. Бүтээгдэхүүнийхээ суурь зохион бүтээлт, эсгүүр, хүний биед суух тал дээр их анхаарч мөн гар ажиллагаатай хатгамал, чимэглэл зэргийг голчлон оруулдаг. Мэдээж хамтран ажиллах сронирхол байгаа. Өөрсдийн нэрийн брэндтэй болох нь бид хоёрын хувьд багын хүсэл мөрөөдөл байсан.

 

-Швейцарь маш өртөг өндөртэй газар шүү дээ. Тийм газар ийм төрлийн бизнес эрхлэх нь танд ашигтай байж чадах уу?

 

Тийм ээ, өртөг их өндөртэй. Одоохондоо төрөл бүрийн арга ажиллагааг туршиж үзэж, өөрийгөө илүү хөгжүүлэх тал дээр ажиллаж байгаа. Тиймээс одоохондоо их ашиг олох, бизнесийн хэмжээнд хүрээгүй байна.

 

-BLORO эсгийгээр цүнх хийдгийг мэднэ. Саяхан арьсан цүнх хийсэн байхыг пэйж хуудаснаас тань харсан. Одоо яг ямар ямар материалаар ямар төрлийн цүнх хийж байна вэ?

 

Анх эсгийгээр цүнх хийж эхэлсэн. Одоо бол арьс болон цэвэр даавуу, цэмбэ, хамбан материалаар голчлон хийж байгаа. Цүнхэн дээрх чимэглэл, гар ажиллагаагаа тодотгохын тулд цүнхний ерөнхий хэлбэр загвараа энгийнээр хийдэг. Цүнхний оосрыг гинж болон арьсыг хослуулж хийдэг. Мөрөн дээрх хэсгээ арьсаар хийх нь биед эвтэйхэн, мөн чамин болгох үүднээс гинж оруулдаг. Иймээс гоёлын болон өдөр тутамдаа аль алинд нь үүрэхэд тохиромжтой.

 

-Шинэ бүтээлийн санаагаа хаанаас авдаг?

 

-Байгалиас, орчин тойрноос, зүүднээсээ, гоё материалаас гээд янз бүрийн л зүйлсээс санаа төрдөг. Хамгийн хүчтэй санаа сэдэл төрүүлдэг зүйл бол миний хувьд хөгжим юм уу даа. Хөгжмөөс санаа сэдэл төрөхөөс гадна маш их урам зориг, эрч хүч авдаг.

 

-Яагаад Монголдоо ирж, бүтээлээ урлахгүй байгаа юм бэ?

 

-Би одоогоор эндээ хэл сурах, европын соёл урлаг судлах, суралцах зорилгоор түр хугацаанд амьдарч байна. Удахгүй эх орондоо очиж, энэ ажилдаа бүх цаг заваа зориулах болно оо.

 

-Таны бүтээл хэр чанартай вэ?

 

-Шинэ төрлийн материал ашиглахдаа эхлээд заавал өөртөө нэг бүтээл хийж, хэрэглэж, туршиж үзсэний дараа үйлчлүүлэгчид хүрэх бүтээгдэхүүнээ хийдэг. Сайн чанарын утсаар бүх оёдол, залгаас, чимэглэлээ гараар маш сайн бөхөлж тогтоодог. Иймээс чанарын хувьд бүрэн баталгаа өгч чадна.

Ярилцсан М.УЯНГА


Энэ мэдээ таалагдаж байвал: