Н.Алтанхуяг: МАНАН-гүй Монголын маргаашийг маш өөдрөгөөр хардаг


Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуягтай цаг үеийн болон хөгжлийн учирзүйн талаар ярилцлаа.
 
 -Та бол хэвлэл мэдээлэлд харьцангуй нээлттэй хүн. Тийм учраас би тантай арай өөр сэдвээр ярилцлага хийхээр төлөвлөсөн. Мэдээж цаг үеийн үйл явдлуудыг цөөхөн асуултад багцалж асуугаад үндсэн сэдэв рүүгээ оръё гэж бодлоо.
 
Сонгууль дөхлөө, та намынхаа удирдлагуудыг ил тодоор шүүмжилсээр л байна. Гэтэл намын чинь гишүүд таныг сонгууль дөхсөн үед намаа бодсонгүй, эв нэгдлийг хангасангүй гэцгээж байх шиг байна. Бас таныг ШИНЭ намд элсэх гээд ингээд байна гэж ч хардаж байна. Үнэнийг эрвэл?
 
-Би улс төрд ороод 30 жил болсон. Намын эрх ашгийн дор орж болдоггүй эх орны эрх ашиг гэж байдаг гэдгийг хатуу итгэл үнэмшилтэйгээр ялгаж салгах өөрийн гэсэн үзэл бодол надад бий. Тэр үзэл бодлоосоо болж 2014 онд Ерөнхий сайдаасаа огцорч байсан. Одоо бүх асуудал ил болсон.
Би тэр үед тэдний эрх ашгийг бодож Ц.Элбэгдорж нарын шахалтад ороод, Оюутолгой, Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 мэтийн луйвруудыг хүлээн зөвшөөрсөн бол өнөөдрийг хүртэл намын дарга, Ерөнхий сайдаа хийгээд явах байсан гэдэгт огт эргэлздэггүй. Зарчимдаа, эх орондоо үнэнч байсныхаа төлөө ардчилсан улсад баймгүй хэлмэгдүүлэлтийг бид багаараа амссан, туулсан, тэмцсэн. Харин одоо салхи эргэж тэдэнтэй хариуцлага тооцох цаг ойртсоор байгааг мэдэрч байна. Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын мафи Монгол Улсыг бүтэн залгингаа алдаад хахсан. Одоо тэдний сүүлчийн найдвар, хоргодох байр нь манай АН болчихоод байгаа нь хөдөлшгүй үнэн. С.Эрдэнэд эздийнхээ эрх ашгийг хамгаалахаас өөр АН-ыг, Монголын ардчиллыг бодох өчүүхэн ч сэтгэл байхгүйг би сайн мэднэ. Би улс төрийн өрсөлдөөн огт хийгээгүй, харин гэмт хэрэгтнүүдээс Монголыг, ардчиллыг аврах ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй яваа хүн.
 
-ШИНЭ намын талаар хариулт сонсмоор байна…?
 
-Тэр ШИНЭ намд элсэх талаар бол бүр огт бодоогүй. Би хэлээд байгаа шүү дээ. Миний нэн тэргүүний зорилго бол ардчиллаа, АН-аа гэмт хэрэгтнүүдээс аврах юм. Наад намаасаа хаслаа, хөөлөө, намаа солилоо, хагаллаа гэдэг яриаг чинь айсан, ичсэн, сандарсан С.Эрдэнэ л гаргаж байгаа. Үнэнийг хэлэхэд гэмт хэрэгтнүүдээр толгойлуулж сонгуульд ортлоо манай нам, Монголын ардчилал ядраагүй. Бас МАНАН-гийнхан нь АН-ыг С.Эрдэнээрээ удирдуулаад сонгуульд ороосой гэж чин үнэнээсээ хүсч байгааг манай намынхан мэдэж л байгаа. Энэ хүний төлөө, Монголыг цөлмөсөн эздийнх нь төлөө АН-ын мянга мянган гишүүд хариуцлага хүлээх ёсгүй. Эрх баригч нам хоорондоо хэрэлдсээр юу ч урагшлуулсангүй. Ямар ч дорвитой ажил хийсэнгүй. Бүх төрлийн судалгаагаар эрх баригч намын рейтинг байж болох доод түвшиндээ байсаар байна. Гэтэл хамгийн хүчтэй сөрөг хүчин байх ёстой манай намын рейтинг гэмт бүлэглэлийн гишүүн удирдлагуудаасаа болоод маш муу, бүр уруудсаар байна. Энэ бол Монголын ард түмний тавьж буй дүн.
 
 
Сонгууль луйвардчихна гэж бодож буй мафийн технологиос нь өөр ялах найдвар С.Эрдэнэд байхгүй. Тиймээс яаравчлан намын Их хурлыг хуралдуулж, өнөөгийн бодит байдлыг дүгнэн, удирдлагуудтай нь нэн дариу хариуцлага тооцох ёстой. Тэгэхгүй бол Баабарын хэлдгээр АН  ёроолдоо тултал унаж, ялалтын тухай мөрөөдөх ч хэрэггүй болно.
 
 
-Та өөр намд элсэх биш бүр АН-ын даргын суудлаа эргүүлж авах амбицтай байгаа юм байна гэж ойлголоо. Гэхдээ С.Эрдэнэ танай намын дүрмээр бүх гишүүдээсээ сонгогдож дархлагдсан дарга биз дээ. Боломжгүй юм биш үү?
 
-/инээв/ С.Эрдэнэд хэн дархан эрх өгсөн юм бэ, яах гэж…? Дарга болсон С.Эрдэнэ улсын хөгжилд манлайлж, намаа цэвэрлэж, шударга ёсыг тогтоож, эв нэгдлийг хангаж, сонгуульд ялах ажлууд хийх ёстой биз дээ. Гэтэл өнөөдөр мафийнхны луйврыг өмөөрөөд, банкны эзний даалгавраар хэвлэлийн хурлууд хийгээд, мафийн толгойлогч Ц.Элбэгдоржийн заавраар, бүр ил тод түүний багийг аппаратдаа аваад, намыг удирдуулж байна. Энэ байж болох уу. Тойрон хүрээлэгчид нь бурханчилж шүтсээр, тойрч мөргөсөөр энэ намыг булшлах уу. Ер нь ардчилсан үзэл бол тэгш байх тухай философи дээр суурилж оршдог. Бүгдийг бодит байдлаар л хэмжих ёстой. Тэр тусмаа өнөөдөр сонгууль ойртсон үед өнгөрсөн хугацааны луйвар хуйвалдааныг нь дүгнээд огцруулах л ёстой. Энэ бол нээлттэй дүрэм. Мафийн тусламжтайгаар мөнгө тарааж, намын дарга болчихоод өөртөө зориулан зохиосон дархан эрх ямба эдэлж, таалагдаагүй нэгнийг намаас хөөж туун, тойрон хүрээлэгчдийнхээ гэмт үйлдлүүдийг хайцаалж суух оромж болгоход АН дэндүү томдоно. Би энэ гэмт хэрэгтнийг зайлуулах гэж тэмцээр л байгаа. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл үзэлцэнэ. Энэ нөхрөөс намаа аварсны дараа, намын даргын асуудал ил тод нээлттэй өрсөлдөөний зарчмаараа л явагдах ёстой. Тэр үед нь намын даргад нэр дэвших эсэхээ шийднэ.
 
-Сүүлийн хэдэн сарын турш Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилаа. УИХ өөр асуудал хэлэлцсэнгүй. Одоо ч шийдэл нь тодорхойгүй байна. Энэ асуудалд таны байр суурь ямар байгаа вэ?
 
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага, шалтгаан өнөөдөр байхгүй. Хэрэв хийх гээд байгаа бол өнгөц биш суурь асуудлуудаа шийдэх өөрчлөлтийг л хийх хэрэгтэй байсан. Гэтэл бүх гол заалтуудаа УИХ-д 64 суудалтай МАН өөрсдөө унагаж байгаа нь зөвшилцөхүйц зөв хувилбар эхнээсээ биш байсны нотолгоо. Суган доогуураа, найраан дундаа, гуйж тохироод хийчихдэг өөрчлөлт гэж Үндсэн хуульд байх ёсгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгээс нэг бүлэглэл л хожоо хийлээ. Тэр нь МАНАН бүлэглэл. С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн луйвар, Дубайн гэрээ, Оюутолгойн асуудлын аль нь ч шийдэгдэлгүй хугацаа хожиж өнөөдрийг хүрлээ. Тиймээс би Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт гэх жүжиг бол МАНАН мафийн зохион байгуулсан үйл ажиллагаа л гэж харж байгаа. Цаг хожиж, хүчээ сэлбээд эргээд одоо сонгууль луйвардах бэлтгэлээ хийж байна. МАН ч манай намын адил мафидаа дарлуулаад шоглуулаад сууж байхад Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэртэй Монголыг аврах суурь баримт бичиг батлагдахгүй нь тодорхой байна.
 
-Таны сүүлийн хэдэн жилийн яриа, ярилцлагуудын гол сэдэв нь хонгил, МАНАН, Ц.Элбэгдорж, М.Энхболд гэх үгс байна. Та ер нь тийм их өс зангидаж явдаг хүн үү. Тэд одоо эрх мэдлээсээ буусан шүү дээ. Шийдвэр гаргах бүх эрх мэдэл тантай үзэл бодол ижил хүмүүсийн гарт байна. Олон нийт хэнд нь итгэхээ ч мэдэхгүй болж байна?
 
-Маш зөв асуулт асуулаа. Би 60 нас хүрсэн, хэр баргийн юмсыг өнгөрөөх насандаа ирсэн хүн. Шууд үр дүнгээс илүү суурь гажуудал бэхэжчих вий гэж улайран тэмцээд байгаа юм. Өнөөдөр та залхаад, би дуугүй болоод, бид бүгд энэ бүхнийг мартчихвал маргааш Монголд юу болох вэ. Үүнийг тааж цөхөх юмгүй. Хуулиас дээгүүр анги давхарга, хүссэнээ хийж хэлмэгдүүлдэг тогтолцоо, цөөнх нь хэт баян, олонхи нь үгээгүй ядуу, баялгийг нь эзэнгүй мэт гадныхан авлигаар сорчилж мөлжин, залуус нь гадаад гарч дүрвээд, энэ эх орон товчхондоо сүйрч, устаж түүхээс арчигдана. Бид одоо л зах зухаас нь мэддэг болж байгаагаас биш тэд хэдхэн жилийн өмнө л энэ гажуудлын схемээ мафийн аргаар өрж байсныг мартах учиргүй. Одоо ч хууль хяналтын байгууллага дахь гар хөлөөрөө хамгаалуулж, сахилга хариуцлагаас мултарсаар явааг бид бүгд харж байна. Тэдэнд дуусашгүй их мөнгө бий. Дуртай нэгнээ худалдаж эвсэл барьцаалж аваад өөртөө зүтгүүлнэ гэдэг арга барилтай хүмүүс. Тэд газрыг нь зарж нийслэл хотыг амьдрахад аюултай хот болгосон. Баялгийг нь гадныханд өгснөөр манай улс зөвхөн Оюутолгой төслийн өр нэрээр гадаад өрөө 10 тэрбум ам.доллараар нэмсэн. Монгол Улсын Засгийн газрын гадаад нийт өр долоон тэрбум ам.доллар байхад шүү дээ. Тэгэхэд бид 1.5 тэрбум ам.долларын бондоор хичнээн их бүтээн байгуулалт хийлээ дээ. Дээр нь төсвийн гол орлого бүрдүүлэгч “Эрдэнэт үйлдвэр”-ийг луйвардаж авахаар дайрсан. Тавантолгой төслийг Хятадын төрийн өмчит компанид өгөх гэж зүтгүүлсэн гэх мэт хүн сонсоод итгэж ойлгомооргүй том луйвруудыг хийж Монголыг хорлосон. Бүр Хөгжлийн банкинд хоёрхон давхрыг зарсан мөнгөөрөө өөрсдөө бүтэн том оффисын барилгатай болчих жишээтэй. Томоос нь жижиг хүртэл юуг ч үлдээхгүй энэ улсыг тонож, цөлмөж байсан. Энэ бүхний ард маш их мөнгөний шунал л явж байсан. Эх орноо боддог, үр хүүхдийнхээ ирээдүйг хайрладаг хүмүүс ийм юм хийхгүй шүү дээ. Одоо эхнээсээ гэр бүлээрээ гарч зугатчихаад ирэх ч үгүй байгааг хүмүүс мэдэж л байгаа. Ийм хүмүүсийн, ийм хорлонтой үйл ажиллагааг мэдсээр байж би дуугүй сууж, мартаж чадахгүй. Мартвал эд нар удахгүй энэ улсыг иргэдтэй нь хамт зарчихаад гараад зугтчих увайгүй шуналтай хүмүүс. Ер нь бид үеийн үед ийм урвагч, шуналтнуудыг хатуу гэсгээж, энэ эх орноо эзэнтэй, хайрлах хамгаалах иргэдтэй, тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ дэлхий нийтэд ойлгуулж байх хэрэгтэй. Мартвал сөнөнө.
 
-Та саяхан хэвлэлийнхэнтэй уулзахдаа “…Ц.Элбэгдорж ганцаараа Эрдэнэтээс жилдээ 40 тэрбум төгрөг авдаг” гэсэн. Та Ерөнхий сайд байхдаа Ц.Даваацэрэн гэдэг хүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар тавьсан биз дээ. Засгийн газар ямар ч хяналт тавьдаггүй байсан хэрэг үү? 
 
-Би Ц.Элбэгдоржийн олон луйврын тухай яриагүй шүү. Ганцхан Эрдэнэтийн зэсийн баяжмалаас нэг жилд авдаг мөнгийг нь л хэлсэн төдий юм. Ц.Даваацэрэнг би тавиагүй л дээ. Тухайн үед Ц.Элбэгдорж “…Эрдэнэтийн асуудлыг би зохицуулна аа” л гэсэн. Эрдэнэтийг 100 хувь Ц.Элбэгдорж мэдэж ирсэн. Томилгоо, бизнес гээд…
 
-Би уг нь танаар улсын хөгжлийн бодлого, алсын хараа, стратегийг юу гэж хардгийг яриулъя гэж төлөвлөсөн юм. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн энэ талаар дотроо тээж яваа бодлого бий гэдэгт эргэлзэхгүй байна?
 
 
-Гажуудлаа засаад мафиасаа салчихвал, МАНАН-гүй Монголын маргаашийг маш өөдрөгөөр хардаг. Манай улсад эерэг сайхан бүх юмс бий, байх байхдаа бүр бусдаас илүү, бүүр элбэг их бий гэдгийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд хэлмээр байна. Эдийн засгийн талаасаа ч тэр, түүх соёл гэх мэт зөөлөн бүтэц талаасаа ч тэр. Манай улс хүн амын хувьд маш залуу бүтэцтэй ард түмэн тул хөгжих гол суурь нь болж өгнө.
 
 
Мөн сүүлийн олон зуун жилийн гашуун түүхээсээ улбаалаад маш их эх оронч, эрх чөлөөг эрхэмлэгч нэгдмэл үзэл санаатай болсон ард түмэн. Дээр нь газарзүйн байршил, онгон дагшин өргөн уудам газар нутаг, шашны хуваагдалгүй, суурь боловсрол сайтай, Евро-Азийн хосолмол соёлтой зэрэг бүр гайхмаар их эерэг олон суурь өгөгдөлтэй. Хөрш орнуудын зах зээлийн тэлэлт, эдийн засгийн өсөлтүүд болон тогтолцооных нь онцлогуудыг ашиглаж чадвал бид дэлхийд хамгийн баян улс болох ч боломж бий. Олон тулгуурт хөгжлийн бодлого хэрэгжүүлээд хөгжүүлчих нэг хоёр биш бүр нэлээд олон салбар манайд бий. Аялал жуулчлал, эрчим хүч, уул уурхай, органик хүнс, хөдөө аж ахуй, дамжин өнгөрөх тээвэр, бүтээлч үйлдвэрлэл гэх мэт бусад орнуудад зэрэгцэж байдаггүй маш олон өгөгдөл бидэнд бүгд бэлэн бий. Бүр үнэтэй аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүч, гэх мэтээр зардал бага, ашиг өндөр чиглэлээр ч дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжууд бий. Ер нь миний сая дурдсан зүйлс бол суурь эдийн засаг бүрдүүлэгч уламжлалт боломжууд шүү дээ. Өнөөдөр бол дижитал эринд Монголын шинэ үеийн залуусын хийх, өрсөлдөх хязгааргүй боломжууд шинээр бий болсон. Хувь хүний ур чадвараас шалтгаалдаг олон салбарт манай залуус өөрсдийн хүчээр гялалзаж байгааг бид мэднэ. “Хү” хамтлаг, сагсчид, оюуны спортынхон, шинжлэх ухааны олимпиадад тэргүүлэгч залуус, спортын тамирчид, олимпийн аваргууд гээд бүхий л салбарт Монгол залуус яаж гялалзаж байна. Эдийн засаг бизнесийн салбарт ч шинэ үеийнхэн технологийн хөгжлийн давуу талаар ямар ч хоцрогдолгүйгээр дэлхийтэй зэрэг өрсөлдөх үүд нээлттэй. Гагцхүү төр засгийн бодлого шийдвэрүүд түүнийг нь ойлгохгүй хоцрогдолтой байгаад байна. Би олон мундаг залуустай байнга уулзаж, сонсож өөрийгөө цэнэглэж явдаг. Тэд дэлхий даяар шинэ үеийнхэний суурь сэтгэлгээ, соёл хандлагын маш том өөрчлөлтийн талаар ам нэгтэй ярьдаг. Өөрөө ч хэрэндээ уншиж судалж байгаа. Дайнгүй өлсгөлөнгүй, хэрэглээ багатай, хүмүүнлэг, мөрөөдөгч шинэ үеийнхэн энэ дэлхийг эерэг чиглэл рүү бодитой өөрчлөнө гэдэгтэй дэлхий нийт санал нийлж байгаа ч, бас нэг том сорилт нь бидний үеэс шалтгаална.
 
-Тэр нь?
 
-Уламжлал шинэчлэл хоёрын зохист харьцаа дараа үеийн хөгжлийн хурдасгуур болно. Уламжлалт тогтолцоо, эдийн засгаа яаж дижитал болгож технологижсон шинэ нийгмийг байгуулах вэ гэдэг маш том сорилт бидний үеийг хүлээж байна. Боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах гэх мэт бүх салбарт суурь хувьсал өөрчлөлт хийхээс өөр арга зам байхгүй. Тун удахгүй өнөөгийн нийгмийн тогтолцоо бүхэлдээ хоцрогдож, гацаж эхлэх төдийгүй удахгүй иргэдийн ажлын байр зэрэг суурь асуудлууд технологийн хөгжилд шахагдаж биднээс зоримог шийдэл нэхэх л болно. Дэлхийн хөгжлийг тодорхойлогчдын нэг Япон улс, технологижсон дараа үеийн “Нийгэм 5.0” гэх загвар гаргаад нийгмээрээ дижитал болохоор шилжилт хийж байна, Сингапур Англи зэрэг улсууд суурь боловсролын шилжилтийг дижитал эринд зориулан хийж байгааг дэлхий даяар ойлгож дагаж эхлээд байна. Ерөөс бид энэ асуудлуудыг барьж авахгүй бол, аж үйлдвэрийн эринээс хоцорсон шигээ өнөөдөр технологийн эринээс бас л хоцрох эрсдэл нүүрлээд байна.
 
-Биднээс дэндүү алс сэдвүүд та яриад байх шиг байна. Өнөөдөр Монгол Улс маань өрөө яаж дарах вэ, утаанаасаа яаж салах вэ, түгжрэлээ хэрхэн шийдэх вэ, яаж эрүүл аюулгүй, стрессгүй нийгэм байгуулах вэ гээд л үзэж тарж байна шүү дээ. Тэгэхээр энэ бодит байдалд ойртуулаад хэлчих бодитой шийдлүүд танд байна уу гэх гээд байна л даа?
 
-Холын зорилгоо тодорхойлохгүй бол ойрын зовлонгоос ангижрахгүй гэдэг үгийг нотолж бид 30 жил олон боломжоо алдлаа. Ний нуугүй хэлэхэд 2012 онд намаа ялуулж, “Монгол хүн 2020” хөтөлбөрөө биелүүлэхийн төлөө Шинэчлэлийн Засгийн газрын бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж, ахуйн шинж чанартай олон бүтээн байгуулалт хийж тулгамдсан маш олон асуудлуудыг богино хугацаанд шийдсэн. Зам гүүр, цахилгаан станцуудын өргөтгөл, хямд орон сууцны хөтөлбөр зэргээр хүндэрсэн асуудал болгоныг шийдсэн. Гэтэл улс төрийн өрсөлдөгч нар,хуулийн байгууллагуудтай хавсран хорлон сүйтгэх ажиллагаагаа явуулсаар тэр бүх ажлыг нурааж, энэ улсыг бүтнээр нь залгих гэж оролдсон. Шалтгаан нь манай улсад тогтворгүй тогтолцоо, бэхжээгүй хараат суурь эдийн засаг, хамгийн чухал нь хүлээн зөвшөөрөгдөх нэгдмэл хөгжлийн загвар байхгүйгээс тэр. Энэ бүхнийг хуулийн засаглалаа бэхжүүлэхгүйгээр, төрөө мафиас салгаж цэвэрлэхгүйгээр, төрийн тогтолцоогоо тогтвортой болгож өөрчлөхгүйгээр шийдвэрлэх боломж бараг байхгүй. Тиймээс би тэмцээд байгаа юм. Хамгийн энгийн эдийн засгийн өсөлт жишээ нь уул уурхайн салбарт байна. Хүн төрөлхтөний хөгжлөөс үүдэж нарийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл асар хурдтай өсөж байгаа Үүний гол орц нь зэс учраас үнэ нь тогтвортой, өсөлттэй байх нь бараг тодорхой. Эрдэнэт, Оюутолгой, Цагаан суварга зэрэг ордуудын зэсийг нээлттэй, нэг үнийн бодлоготойгоор экспортлоход өнөөдөр зуучлагчаар  дамжиж, хулгайд татвар өгдөг системээс хэд дахин их орлого олно. Мөн эрчим хүчний нүүрсний асар их нөөцдөө суурилаад цахилгаан үйлдвэрлэж экспортлоход Ази даяар эрчим хүчний эрэлт улам ихсэж буй үед маш том боломж нээгдэнэ. Бид цементийн гадагшаа урсдаг валютын урсгалыг Чингис бондын эх үүсвэрээр санхүүжүүлж дотооддоо 100 хувь хангадаг болсон. Одоо нефтийн бүтээгдэхүүнд гадагш урсдаг 1.3 тэрбум ам.долларыг дотооддоо үлдээж чадвал валютын үнэ буурч, төгрөг чангаран, иргэдийн орлого амьжиргаа шууд дээшилнэ. Энэ мэт хэрэгжсэн, хэрэгжиж байгаа, хэрэгжихээр хүлээгдэж буй маш олон хөгжлийн гарц байгаа. Одоо гагцхүү түрүүнд хэлсэн төрөө мафиас цэвэрлэж, хуулийн засаглалаа бэхжүүлэх хэрэгтэй. Мөн иргэдийн идэвхтэй хяналт оролцоо маш их хэрэгтэй байна.
 
-Таныхаар төрийн мафи гэх ганц л зүйлээс болж улсын үсрэнгүй хөгжил гацаад байгаа юм байна. Өнгөрсөн 30 жилийн бүх алдаа дутагдал өнөөдөр мафи гэж нэрлээд байгаа энэ хэдэн хүнтэй л холбоотой гэдэг нь мэдээж өрөөсгөл ойлголт байж таарна. Та ч, бид ч өнөөг хүртэлх цаг үеийг бүтээгчид шүү дээ. Тиймээс тэр бүгдийг өнгөрсөнд нь орхиод зүгээр л сая таны ярьсан сайхан бүхний төлөө зүтгэж болохгүй юу?
 
-Би түрүүхэн өөрт чинь “…Мартаж болохгүй, дуугүй болж болохгүй. Эх орны эрх ашиг гэж бий” гэж тун тодорхой хэлсэн. Монголчуудад “..За яахав ээ, болно биз, өнгөрснөө энд нь үлдээе” гэх зан чанар байдаг. Гэхдээ эх орны эрх ашгийн дээгүүр гишгэсэн хүн бүрийг уучилж өршөөвөл энэ улс удахгүй эзэнгүйрч сүйрэх тухай л яриад байгаа юм. Ямар ч үнээр хамаагүй, золиос эрсдэл бүхнийг давж байж энэ улс өдийг хүртэл оршсон. Цаашид ч оршсоор байхын тулд гишгэж болохгүй хил хязгаараа, ёс суртахууны чанд зааг болгон тогтоож, нийтээр дагаж мөрддөг болох ёстой. Үүнийг энэ цаг үе биднээс бүр ч хатуу нэхэж байна. Язгуур эрх ашиг, ёс суртахууны хэм хэмжээ хоёроо маш тодорхой болгочихвол хөгжил саадгүй болж, иргэд хүсээд байгаагаасаа илүү сайхан нийгэмд амьдрана. Монголчууд эрх чөлөөтэй, хүн бүр хангалуун улсад амьдрахыг хүссэн болохоос хэн нэгэн нь бүх боломжийг нь хуу хамж цөлмөн, Монголдоо шингээж барахгүй их хөрөнгөжөөд, дийлэнх олонхи нь ядуугаасаа болж утаанд хордож, түгжрэлд бухимдан хэрэлдэж суух гэж Ардчилсан хувьсгалыг хийгээгүйг хатуу санах ёстой.
 
 
-Танд баярлалаа.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Энэ мэдээ таалагдаж байвал:


  • иргэн · [202.179.27.50] · 2019/10/20

    АН Элбэгдорж, Эрдэнэ, Эрдэнэбат гэсэн элий балай гурван Э-ээс салаагүй цагт АН-ын төлөө санал өгөх хэрэггүй


  • Иргэн · [103.212.118.127] · 2019/10/19

    Н.Ялтанхуягаа?! Гэж нэг гаж донтон байх?!...


  • Зочин · [122.201.22.226] · 2019/10/19

    Алтанхуяг өөрөө МАНАН-ийн нэг том эд анги нь шүү дээ. Шударга ёсыг өөрөөсөө эхэлж үлгэрлэвэл үнэмшилтэй байна.


  • Зочин · [202.126.89.172] · 2019/10/18

    Алтанхуяг танд амжилт


  • зочин · [43.228.129.20] · 2019/10/18

    Хаашаа юм бэ энэ Элбэгдоржийг л муу хэлэх юм бол тэгж их мөнгө төгрөг олддог юм шиг л байх юм энэ муу хэлээд байгаа хүн чинь харин энэ Алтанхуягаас л илүү сайн зүйлийг улс орныхоо төлөө хийсэн байх гэж боддог жингийн туухай дээр тавиад үзвэл энэ улс төрчдөөс хамгийн гайгүй нь Элбэгдорж л байх Энэ хүнийг яасан их харлуулдаг юм ханаж гахаж цаддаггүй юм уу маш их мөнгө олдог болоод л ингэж хүн мөсгүй үйлдэл хийдэг байх


  • Иргэн · [103.87.255.66] · 2019/10/18

    Энэ хүн авууштай олон санааг хэлжээ. Дэмжиж байна. Гэхдээ хэрэгжүүлэгч нь та биш шүү


  • зочин · [202.21.118.58] · 2019/10/17

    энэ хүн гэнэт сэхээ аваа юу эсвэл өс хонзон санаа юу. Алтанхуяг ерөнхий сайд болмогцоо л бүх шатанд ардчилсан намыхан байх ёстой гээд бүх албан газрын дарга, сургуулиудын захирал нарыг мөнгөөр томилж сольж завааруулсанаа одоо юу гэж бодож байгаа юм бол. Жинхэнэ шоу хийж байна. болье.


  • TAMIR · [103.229.122.135] · 2019/10/17

    HUZUUGUI HULGAICH ELBEGDORJIIG ASAR IH ERH MEDELTEI HONGILIIN EZEN BAIHAD N ZORIGTOIGOOR HELJ CHADSAN TSORIIN GANTS HUN BOL ALTANHUYAG YUM SHUU TAND AMJILT HUSIE


  • й · [202.126.88.206] · 2019/10/17

    Зөв хөө


  • Зочин · [202.126.88.206] · 2019/10/17

    Зөв хөө


  • Зочин · [202.126.88.206] · 2019/10/17

    Алтанхуяг таны сайн эсвэл муу хүн чинь иргэдэд ПАД байхгүй. Манан бүлэглэлийг сэхээнд ортол нь шившигтэй нь хутгаж байгаад чинь баярлаж. Өөрөөр хэлбэл Монголын ирээдүйг мафи-аас цэвлэрлэх үйлсэд оролцоно гэдэг амаргүй хэрэг л дээ. Дэмжиж байна. Мөн MCS гэдэг бүлэглэл байгаа шүү.


  • zochin · [66.181.183.225] · 2019/10/17

    hudalch


  • Би БИ · [103.111.68.3] · 2019/10/17

    Сайн байна. Дэмжин ажиллах болно


  • ЗОЧИН · [202.70.34.98] · 2019/10/17

    ЭНЭ ӨВӨӨ БОЛИХ ХЭРЭГТЭЙ ГЭНЭТ ЦАГААН ТАГТОО БОЛЧИХОО ЮУ ҮХЭР ЦАРАЙЛЧИХААД


  • Додоо · [202.131.239.190] · 2019/10/17

    Ганцаардсан чоно,дөрвөд өвгөн галзуурч байгаа юм байхаа даа. Ингэх л байсан юм бол охид,хүргэд, хамаатан садантайгаа нийлж, ард түмний хөрөнгөнөөс бага цохих байсан юм шүү дээ


  • Эрдэмтэн · [103.212.119.57] · 2019/10/17

    “Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.


  • Эрдэмтэн · [103.212.119.57] · 2019/10/17

    Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, танил тал, садан төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.


  • Эрдэмтэн · [103.212.119.57] · 2019/10/17

    Хятадын ухаалаг, эр зоригтой удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг, аймхай хулчгар удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.


  • Эрдэмтэн · [103.212.119.57] · 2019/10/17

    Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараа) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм. Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болно. Монгол улс хөгжинө.


  • Эрдэмтэн · [103.212.119.57] · 2019/10/17

    Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.


  • Эрдэмтэн · [103.212.119.57] · 2019/10/17

    Хүн төрөлхтөн түүхийн урт хугацаанд эхлээд засаглалын “Аристократия” (Улс төрийн болон төрийн албанд хааны удам угсааны, элит давхрагын, алдартай баатар, бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг ажилуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Аристократия” хэлбэр нь муу учир дараа нь засаглалын “Демократия” (улс төрийн болон төрийн албанд хувь хүнийг харанхуй олонхийн саналаар дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Демократия” хэлбэр нь мөн л муу байсан учир хамгийн эцэст засаглалын “Меритократия” (Улс төрийн болон төрийн албанд хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс зүй төлөвшилийг нь харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл хөөрхий Монголчууд засаглалын “Демократия” хэлбэрийг (Ардчиллыг) магтан дуулж, засаглалын “Меритократия” хэлбэрийн талаар “А” ч байхгүй явна. Яана даа!!!


  • Зочин · [49.0.212.128] · 2019/10/17

    АМЖИЛТ


  • з · [202.21.125.35] · 2019/10/17

    АН-с энэ нөхөр, МАХН-с Н.Энхбаяр, МАН-с С.Баяр гэж ядаргаанууд байнаа