ЖДҮ-чин гэх тодотгол зүүсэн хулгайчдыг 2020 онд нэр дэвшүүлмээргүй байна. Тэд биднээс олон олон боломжийг хулгайлсан
болохоор тэднийг ийн цоллож, дахин итгэлээ өгмөөргүй байна. Тэд Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хэмээх жинхэнэ бор зүрхээрээ хөдөлмөрлөж, ажиллаж байгаа жирийн иргэдийн 30-50 сая төгрөгийг хүсээд ч олж авч чаддаггүй хөнгөлөлттэй зээлийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрийн мэдлийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ компаниудаар дамжуулан хэдэн зуун тэрбумаар нь авсан гутамшигт явдлын эзэд.
Тэдний хувааж авсан хэдэн зуун тэрбум төгрөг хэчнээн ЖДҮ-чинд үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломж олгож, хэчнээн өрх гэрийг ажлын байраар хангаж чадах байсан бол магадгүй Үндэсний томоохон брэндийг ч бий болгочихсон байх ч байсан юм бил үү.
Гэтэл ард түмэндээ адил тэгш хүртээх боломжийг хэдүүлэхнээ дээгүүрээ хувааж идсэн шившигтнүүд. Тиймээс тэднийг дахин нэр дэвшүүлмээргүй байна.
Уг нь Сонгуулийн тухай хуулиар авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх гэж тусгасан. Гэвч тэдэнд ичих булчирхай гэх зүйл хомсхон учир дахиад л нэр дэвшинэ, УИХ-ын гишүүн болно, даварвал сайд болно гэж зүтгэх байх. Төр түмэн нүдтэй гэдгийг харуулж тэднийг нэр дэвшүүлмээргүй байна. Дэвшлээ гэхэд сонгомооргүй байна.
Тэд бидний итгэлийг олж УИХ-ын гишүүн болчихоод ард түмэндээ олон боломжийн үүд хаалгыг нээж өгөх ёстой атал өөрсдөө боломжоос нь хулгайлж суусан луйварчид гэдгийг бид мартах учиргүй.
“Хулгай хийсэн биш, хуулийн дагуу зээл авсан” гээд хээв нэг суух Б.Ундармаа гишүүнээс авахуулаад эргэлдүүлж эргэлдүүлчихээд баригдахаараа “Одоохон төлчихье” гэх Н.Учрал гишүүн, мэхийсэн болоод сайдын суудлаасаа ховхорсон ч УИХ-ын гишүүн хэвээрээ үлдсэн Б.Батзориг гишүүн, өөрийгөө жигтэйхэн мундаг бизнесмэн болгох гэж цахим орчинд ард түмний тархийг угаасан Ж.Энхбаяр гишүүн гээд тоочоод байвал урт үргэлжлэх ЖДҮ-чин гишүүдийг бүгдийг нь дахин нэр дэвшүүлмээргүй байна. Дэмжмээргүй байна. Хэвлэлийнхэндээ ч уриалж банйа.
Эх сурвалж: mminfo.mn