Хэдхэн хоногийн өмнө улс төрийн түүхэнд урьд хожид үзэгдээгүй хачирхалтай үйл явдал болж олныг ангайлгав. Нэг кабинетэд хамт зүтгэж явсан Б.Батцэцэг, Б.Жавхлан, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн, Т.Мөнхсайхан нар Ерөнхий сайдынхаа эсрэг кноп дарж монголчуудыг шокрууллаа. Үүнээс ч хачирхалтай өөр нэг мэдээлэл яг одоо олны анхааралд байна. Ерөнхий сайдаасаа урваж, танхимынхаа тэргүүнийг “Түгжил”-дсэн дээрх сайд нар дараагийн Засгийн газарт ахиад сайд болно хэмээн улайрч яваа тухай хэвлэлүүд сэвж эхэллээ. Эрүүл хүн ойлгох аргагүй ийм утгагүй мэдээлэлд итгэх хүн өнөөхөндөө лав алга. Гэхдээ энэ хов үнэн байгаад, урвагч сайд нар Г.Занданшатарын толгойлох Засгийн газарт сайдаар ажиллавал яах вэ?
Хэрвээ тийм зүйл болбол жинхэнэ “мянганы шилдэг онигоо” болно. Ерөнхий сайдыгаа “Түгжил”-дэж араас нь хутгалсан сайд нар шинэ Засгийн газарт хуйгаараа орчихвол олны жигшил, дургүйцэл туйлдаа хүрэх нь ойлгомжтой. Ард түмэн тэнэг биш. Том төслүүдийг зоригтой хөдөлгөж, авлигачидтай ил цагаан тэмцэж явсан Засгийн газрыг муу муухайг нь гайхаж огцруулангуутаа урвагч сайд нарыг нь сайдын өндөр сэнтийд ахиад залчихвал олны нүд орой дээрээ гарна. Арай ч ард түмнээ ингэж улайм цайм дорд үзэж тохуурхахгүй байх гэсэн итгэл эрүүл саруулаар сэтгэдэг хэн бүхэнд байна, яг одоо. “Ордоны эргэлт”-ийг сэдсэн нөхөд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх санал хураалтыг нууцаар явуулна гэж зүтгэсээр байж санасандаа хүрсэн. Гэвч нууц юм гэж хаана ч үгүй. Ерөнхий сайдаасаа урвасан сайд нарын нэрсийг хэвлэлүүд тэр даруйд нь цацаж, монголчууд урвагчдыг жигшицгээж байна.
Цар тахлын хүнд жилүүдэд ч, дэлхийн геополитик ойлгогдох аргагүй үймсэн өнөөгийн хэцүү цагт ч нэг баг болж, ихийг хийнэ гэж зүтгэцгээчихээд эцэст нь кабинетийнхаа тэргүүнээс урвана гэдэг хүн ойлгох аргагүй увайгүй үйлдэл. Ингэж урвачихаад ахиад сайд болно гэж үхэлдэн зүтгэж байгаа нь үнэн бол увайгүй гэдэг үг ч тэдэнд зөөлдөнө. Урвагч сайд нарын энгийн хүн ойлгохын эцэсгүй энэ үйлдлийг “үндэстнээрээ жигшмээр балмад хандлага” гэчихэд хатуудахгүй. Г.Занданшатарын хувьд маш хэцүү цагт Засгийн газрыг тэргүүлэх үүрэг хүлээж байна. Төрийн сайд нар нь ташраараа засгаасаа урвасан ийм цаг Монголд урьд хожид тохиож байсангүй. Дэлхийн ороо бусгаа байдал улам хурцдах хэрээр доллар олдог ганц бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ навс унаж байна. Долларын ханш урьд хожид байгаагүйгээр галзуурч эхэллээ. Яг ийм эмзэг цагт мега төслүүдээ хөдөлгөж чадвал Азийн жижигхэн Монголын жижигхэн эдийн засаг сэвхийгээд ирэх байв. Л.Оюун-Эрдэнийг зорьж явсан энэ бодлогыг дэлхийн удирдагчид “хямрал сөрсөн ухаалаг шийдэл” гэж онцолдог юм. Гэтэл засаг солигдсоноор энэ бодлого яаж ч эргэж мэдэх эрсдэлтэй нүүр тулчихлаа. Товчхондоо Монголын эдийн засаг элгээрээ хэвтэх эрсдэлтэй нүүр тулсан ийм хэцүү цагт Г.Занданшатар шинэ Засгийн газрыг толгойлохоор томилогдлоо. Ийм галтай, ийм бэрх цаг үед урвахгүй, шарвахгүй, араас нь хутгалахгүй баг бүрдүүлж байж түүний Засгийн газар удаан тэснэ. Ийм үед урвагч сайд нарыг ташраар нь танхимдаа үлдээвэл Г.Занданшатарын нэр бүх цаг үеийн түүхэнд хамгийн мэдрэмжгүй, хамгийн увайгүй, бас хамгийн богино хугацаанд засаг тэргүүлсэн Ерөнхий сайд гэсэн тамгатай үлдэнэ. Бас энэ үйлдэл нь ард түмэнд яавч сайхан харагдахгүй.
Өмнөх засгийг болохгүй байна гэж унагачихаад Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд хоёроос бусдыг нь засагтаа буцаагаад авчихвал түүнийг нийгэм яаж харах бол? Эндээс хоёр логик л ургаж гарч ирж байна. Нэг бол шинэ Ерөнхий сайдыг бусадтайгаа үгсэн тохирч, хуйвалдаж, танхимынх нь сайд нараар Л.Оюун-Эрдэнийг “Түгжил”-дүүлсэн гол хүн гэж хардана. Эсвэл МАН-ыг хүний нөөцгүй, арга ядсан институци гэж харна. Хоёр дахь гаргалгааны хувьд хэтээсээ хэн ч үнэмшихгүй логик. Зуун жилийн түүхтэй, хүчирхэг хүний нөөцтэй МАН-д урвагч сайд нараас нь өөр шилдэг улстөрч байхгүй гэвэл хэн ч итгэхгүй. Тэгэхээр нэг дэх логик л цор ганц үнэн болж таарна. Ингэж харагдахгүйн тулд урвагч сайд нараас хол бай гэсэн сануулгыг шинэ Ерөнхий сайдад дайя. Бас нэг том зөвлөгөө хэлье. Ерөнхий сайд чуулганы индрээс буухдаа “Ерөнхийлөгчид би дэмжлэггүй болчихлоо” гэсэн үг унагасан. Энэ үг хүмүүст “Ерөнхийлөгч намайг буруугаар ойлгочихлоо. Тиймээс миний эсрэг болчихлоо” гэж уншигдсныг эрхэм Ерөнхий сайд эрх биш анзаарсан байх. Ерөнхий сайдыг огцруулдаг тэр шөнө Ерөнхийлөгч хүйтэн харц, хөндий төрхтэйгээр “Зүгээр л огцруул, унагаа” гэсэн утгатай хатуу үг чулуудсан нь Л.Оюун-Эрдэнийн энэ үгийг баталж байна. Ерөнхийлөгчийн бас нэг үг анхаарал татаж буй. “Би Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрыг багаас нь дагуулсаар өнөөг хүргэсэн. Тэд миний дүү нар” гэсэн үг нь. Үүний хариу болохуйц үгийг Л.Оюун-Эрдэнэ гурван сарын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг юм. “Бид ах дүүгийн харилцаатай хүмүүс. Бидний дунд хов орчихлоо. Ийм худал хов хутгадаг хүмүүсийг төрийн муужгай гэдэг л дээ” гэсэн утга бүхий үг хэлснийг анзаарсан нь харин хэд бол.
Ер нь аль ч цаг үед улсынхаа хөгжлийн төлөө санаа нэгдэж урагшилж явсан хүчтэй лидерүүдийг муудалцуулж, хагаралдуулдаг төрийн хутгуурууд байдаг. Энэ цагт ч Монголын төрд ийм хутгуур байна. Тэр хутгуур нь Ерөнхий сайдын үгэндээ онцолсон нэгэн. Шуудхан хэлэхэд улс төрийн ертөнцийн учир мэдэх хүмүүс гадаад харилцааны сайдыг “төрийн хутгуур” хэмээн шивнэлддэг юм билээ. Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байхаас нь гадаад, дотоодгүй дагаж явдаг, сүүлийн таван жилд түүний дэргэдээс холдоогүй энэ сайдыг улстөрд маш ойр олон хүн “Ерөнхийлөгчид их ойр. Тэр давуу байдлаа ашиглаж элдэв хов зөөдөг. Л.Оюун-Эрдэнэтэй муудалцуулах бүх хорыг найруулсан хүн” гэцгээж байна.
Дахиад хэлье. Олон ажлыг шуурхайлж эрчтэй ажиллаж байсан Засгийн газрын үйл ажиллагааг доголдуулж, Ерөнхий сайдыг Ерөнхийлөгчтэй эвдрэлцүүлсэн хүн бол Гадаад харилцааны сайд гэдгийг нэр бүхий улстөрчид барим тавим баримттайгаар өөр зуураа шивнэлдээд эхэлчихсэн байна. Ерөнхий сайд аа, энэ мэт төрийн хутгуураас болгоомжилж байж шинэ засгийн ажил хэвийн өрнөнө. Таны толгойлсон засгийг огцруулах, нэг номертой муудалцуулах ажлыг энэ мэт төрийн хутгуурууд л хийнэ. Ажил хийдэггүй, хов зөөдөг, хор хутгадаг ийм хүмүүсээр танхимаа бүрдүүлбэл таны Засгийн газар ямар ч ажил хийх гэж зүтгээд бүтэлтэй юм болохгүй. Ийм хутгууруудаас салж байж л Монголын төр бат бөх оршино. Засгийн газар тогтвортой ажиллана. Том төслүүд хэрэгжинэ. Том төслүүдээ дагаад эдийн засаг сэвхийтэл сэргэнэ.
Б.ДУЛАМ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!