fbpx Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ
 
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
14 минут 16 секунд

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ц.МЯГМАРБАЯР

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хууль эрх зүйн өөрчлөлт, цаашдын бодлогын талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяраас тодрууллаа.

-Сүүлийн үед хүрэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээлэл эрс нэмэгдлээ. Нөхцөл байдал ямар байна вэ?

Хүрэн баавгай айл, суурьшлын бүсэд орж ирэх, мал барих, иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах тохиолдол нэмэгдсэн. Харамсалтай нь хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг ч гарлаа. Бид энэ асуудалд маш тодорхой байр суурьтай байгаа. Хүний амь нас, аюулгүй байдал нэгдүгээрт. Нөгөө талаас баавгайг бүхэлд нь буруутгаж болохгүй. Яагаад байгалийн амьдрах орчноосоо гарч, суурьшлын бүсэд орж ирээд байгааг нь судлах хэрэгтэй. Үүний цаана байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаатай холбоотой олон асуудал бий.

-Баавгай ингэж олноор суурьшлын бүсэд орж ирж байгаа нь зөвхөн Монголд тохиолдож байгаа асуудал уу?

-Энэ бол зөвхөн Монголд үүсээд байгаа асуудал биш. Япон, ОХУ, Канад, АНУ зэрэг баавгай тархсан улс орнуудад хүн, зэрлэг амьтны зөрчил нэлээд анхаарал татсан асуудал болж байна. Тухайлбал, Японд баавгай суурьшлын бүсэд орж ирэх, хүн рүү дайрах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд гарсан. ОХУ-ын зарим бүс нутагт ч мөн адил асуудал үүсэж байна. Эдгээр улсын туршлагаас харахад баавгайтай холбоотой асуудлыг зөвхөн агнах, устгах замаар шийдэх боломжгүй. Амьдрах орчныг нь хамгаалах, идэш тэжээлийн нөхцөлийг судлах, иргэдийг эрсдэлээс хамгаалах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн баг шуурхай ажиллах зэрэг олон арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлдэг.

-Ер нь баавгай яагаад суурьшлын бүсэд орж ирээд байна вэ? Тоо толгой нь өссөнтэй холбоотой юу?

-Заавал баавгайн тоо толгой өссөн гэсэн үг биш. Уур амьсгалын өөрчлөлт, ган, хуурайшилт, ой хээрийн түймэр, идэш тэжээлийн хомсдол, суурьшлын бүсийн тэлэлт, уул уурхай, зам барилга байгууламж зэрэг хүний үйл ажиллагаанаас шалтгаалан амьдрах орчин нь өөрчлөгдөж, баавгай суурьшлын бүсэд орж ирэх нөхцөл бүрддэг. Ялангуяа өвлийн ичээнд орохын өмнө идэш тэжээлээ эрчимтэй хайдаг онцлогтой. Гэхдээ Монголд яг аль хүчин зүйл нь хэр хэмжээгээр нөлөөлж байгааг өнөөдөр шууд дүгнэх боломжгүй. Үүнийг шинжлэх ухааны судалгаагаар тогтооно.

-Яамнаас энэ нөхцөлд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Бид мэргэжлийн байгууллагуудтай хамтран шуурхай арга хэмжээ авч байна. Баянзүрх дүүрэгт хүний амь нас эрсэдсэн хэргийн дараа миний бие ажлын хэсгийг ахалж, газар дээр нь ажилласан. Эрэн хайх ажиллагааг зургаан хэсэгт зохион байгуулж, дулаан мэдрэгчтэй дрон ашиглах, урхи байрлуулах зэрэг арга хэмжээ авсан.

Хүний амь насанд халдсан байж болзошгүй баавгайг аюулгүй болгож, ходоодны агууламжаас шинжилгээ авах арга хэмжээ зохион байгуулсан. Мөн эрсдэлтэй аймаг, орон нутгийн байгаль хамгаалагчид, мэргэжлийн багуудыг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэж байна.

Унтуулгын буу, тусгай зориулалтын сум, дулаан мэдрэгч төхөөрөмж, амьтан барих урхи, хамгаалах хэрэгсэл гээд цогцоор нь авч үзэж байгаа. Зөвхөн тоног төхөөрөмж өгөх биш, ашиглах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхээр ажиллаж байна. Боломжтой нөхцөлд баавгайг үргээх, унтуулгын буугаар нойрсуулж, аюулгүй газар шилжүүлнэ.

-Баавгайтай холбоотой арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж, улсын нөөцөөс шаардлагатай хөрөнгийг гаргахаар болсон. Тухайлбал, хүрэн баавгайг нойрсуулах зориулалтын буу, амьдаар барих урхи болон бусад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, эрсдэлтэй байршлуудад ажиллаж байгаа шуурхай багуудын шатахууны зардлыг санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр орон нутгийн байгаль хамгаалагчид, мэргэжлийн багууд шаардлагатай техник хэрэгсэлтэй болж, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байна.

-Улсын онцгой комиссоос энэ асуудлаар ямар шийдвэр гаргасан бэ?

-Улсын онцгой комисс аравдугаар сарын 9-нд хуралдаж, холбогдох байгууллагуудад тодорхой чиглэл өгсөн. Эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулах, орон нутгийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах асуудлыг шийдвэрлэсэн. Мөн хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага үүссэн. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Баавгай айлын хотонд орж ирээд хүн рүү дайрч байхад хэнээс зөвшөөрөл авах вэ, ямар байгууллага шийдвэр гаргах вэ гээд цаг алдаж болохгүй. Өнөөдрийн байдлаар манай яамнаас Амьтны тухай хуулийн дагуу суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авч, аюулгүй болгох эрхийг орон нутгийн байгууллагуудад олгоод байна.

Мөн иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан үед хуульд заасан нөхцөлийн хүрээнд өөрийгөө болон бусдыг хамгаалах эрхтэй. Ийм нөхцөлд заавал төрийн байгууллагын шийдвэр хүлээх шаардлагагүй.

-Энэ хүрээнд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн гэсэн. Яг ямар зохицуулалтыг өөрчлөх гэж байна вэ?

-Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу манай яамнаас дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ.

Тодруулбал, Амьтны тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал юм. Хамгийн гол нь иргэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, хотонд байгаа мал сүргээ хамгаалах зайлшгүй нөхцөлийг тодорхой болгох асуудал.

Энгийн жишээ хэлье. Айлын хотонд баавгай орж ирээд хүн рүү дайрлаа гэж бодъё. Тухайн иргэн өөрийнхөө, гэр бүлийнхээ амь насыг хамгаалах зайлшгүй нөхцөлд арга хэмжээ авсан байхад дараа нь амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөр нэхэмжлэх асуудал үүсэж болохгүй. Тиймээс хуульд заасан хамгаалах нөхцөлийг хангасан иргэнд нөхөн төлбөр, агнуурын нөөц ашигласны төлбөр, хохирол тооцсон ажлын зардал ногдуулахгүй байх санал тусгасан. Нэн ховор, ховор амьтны хувьд энэ зохицуулалтыг зөвхөн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй нөхцөлд хэрэглэхээр санал боловсруулсан. Гэхдээ эдгээр нь одоогоор хуулийн нэмэлт, өөрчлөлтийн санал. Хууль батлагдсанаар холбогдох шинэ зохицуулалт хэрэгжинэ.

-Ингэснээр ховор амьтдыг агнах боломжийг нэмэгдүүлж байгаа юм биш үү?

Энэ асуудлыг зөв ойлгох хэрэгтэй. Бид баавгайгаа хамгаална. Хүрэн баавгай бол Монгол орны байгалийн экосистемийн чухал хэсэг. Үүнийг хамгаалах бодлогоосоо ухрахгүй. Гэхдээ ховор амьтан хамгаална гэдэг нэрээр хүний амь насыг эрсдэлд оруулж болохгүй. Бид баавгай бүрийг агнах тухай яриагүй. Хүн, малд аюул учруулаагүй амьтныг дур мэдэн агнах эрх хэнд ч байхгүй. Мэргэжлийн байгууллага нөхцөл байдлыг үнэлж, боломжтой бол үргээх, нойрсуулах, шилжүүлэх арга хэмжээ авна. Харин хүний амь насанд шууд аюул учирсан үед шаардлагатай арга хэмжээг шуурхай авах эрх зүйн боломж тодорхой байх ёстой. Тухайн амьтны амьдрах орчин, идэш тэжээл, үржил, тоо толгой, тархацыг хамгаалах цогц бодлого байх ёстой.

-Монгол Улсад өнөөдөр хэдэн хүрэн баавгай байгаа вэ? Сүүлийн үед тооллого хийсэн үү?

-Монгол Улсад хүрэн баавгайн тоо толгой хэд байгаа, хаана тархаж байгаа, ямар бүс нутагт шилжилт хөдөлгөөн ихэссэн, тоо толгой нь өсөж байна уу, буурч байна уу гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох шаардлагатай. Хамгийн сүүлд 1986 онд хүрэн баавгайн тоо толгойг тогтоосон судалгаа байдаг.

Тиймээс ирэх онд хүрэн баавгайн тооллого хийхээр төлөвлөж байна. Зөвхөн хэдэн баавгай байгааг тоолоод зогсохгүй амьдрах орчин, идэш тэжээлийн нөөц, тархац, шилжилт хөдөлгөөн, хүнтэй зөрчилдөх болсон шалтгааныг судлах хэрэгтэй.

Уур амьсгалын өөрчлөлт ямар нөлөө үзүүлж байна, ган, түймэр, ой модны доройтол, суурьшлын бүсийн тэлэлт хэрхэн нөлөөлж байгааг ч судална. Энэ судалгааны үр дүнд тулгуурлаж хамгааллын бодлого, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ тодорхойлно.

Ер нь хэдэн баавгайтайгаа, хаана амьдарч байгааг нь сайн мэдэхгүй байж хамгааллын бодлогоо зөв төлөвлөхөд хэцүү шүү дээ.

-Цахим орчинд баавгайтай холбоотой зураг, бичлэг их тарж байна. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ бас анхаарах ёстой асуудал. Сүүлийн үед хиймэл оюун ухаанаар бүтээсэн баавгайн хуурамч зураг, бичлэгийг бодит мэтээр түгээх тохиолдол гарч байна.

Үүнээс болоод иргэд төөрөгдөж, мэргэжлийн байгууллагууд бодит бус мэдээллийг шалгахад цаг, хүн хүч зарцуулж байна. Бодит аюул гарсан үед нэг минут ч үнэтэй. Ийм байхад хуурамч мэдээлэл түгээж, иргэдийг төөрөгдүүлж болохгүй.

Иргэд маань баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч, баавгай үзэгдсэн тохиолдолд өөрсдөө ойртож, хөөж, зураг авах гэж оролдохын оронд холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх хэрэгтэй.

-Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой өнөөдөр л бодлого, чиглэл гаргаж байгаа гэж ойлгож болохгүй. Байгаль орчны салбарын зуу зуун байгаль хамгаалагч, мэргэжлийн байгууллагууд жилийн дөрвөн улиралд 24 цагийн турш газар дээр нь буюу тусгай хамгаалалттай газар нутаг, байгальд ажиллаж, судалгаа шинжилгээ, урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах ажлыг тасралтгүй хийж хэрэгжүүлдэг.

Бид хэд хэдэн чиглэлд анхаарч байна. Хамгийн түрүүнд хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалах шуурхай арга хэмжээг үргэлжлүүлнэ. Эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн багууд ажиллаж байгаа. Орон нутгийн байгаль хамгаалагчид, холбогдох байгууллагуудын техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн бэлэн байдал, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна.

Мөн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй нөхцөлд иргэн ямар эрхтэй, орон нутаг ямар шийдвэр гаргах боломжтой, төрийн байгууллагууд хэрхэн уялдаатай ажиллахыг тодорхой болгоно. Холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах саналаа хүргүүлсэн.

Ирэх онд хүрэн баавгайн тооллого хийж, амьдрах орчин, идэш тэжээл, тархац, шилжилт хөдөлгөөнийг судална. Шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит мэдээлэлд суурилсан хамгааллын бодлого хэрэгжүүлэх нь чухал юм.

Хүрэн баавгай бол Монгол орны байгалийн баялаг, хамгаалах ёстой ховор амьтан. Бид баавгайгаа хамгаална. Гэхдээ хүний амь наснаас илүү амьтны эрх гэж байхгүй. Хүнээ ч хамгаална, баавгайгаа ч хамгаална. Гол нь шийдвэр нь шуурхай, хууль нь тодорхой, хамгааллын бодлого нь шинжлэх ухаанд суурилсан байх ёстой.

Эцэст нь хэлэхэд яамны зүгээс зөвхөн энэ асуудал дээр хууль эрх зүйн орчин, судалгаа шинжилгээний асуудал ярих биш, салбарын хэмжээний хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 10 гаруй хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгын төсөл боловсруулагдаж байна. Цаашид байгаль орчны салбарт хаана эрсдэл үүсэхийг урьдчилан тооцдог, шаардлагатай үед шуурхай ажилладаг тогтолцоог чадавхжуулах чиглэлд анхаарч ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 16. БААСАН ГАРАГ. № 197 (7938)

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?
Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​