
Оросын утга зохиол дэлхий цөөн оргилын нэг. Орос ба англи хэлээрх уран зохиолууд түүхэн дахь гол оргилуудыг эзэлдэг. Достоевский, Толстой, Чехов гурав энэ оргилын орой дээр. Дээр нь Пушкин, Лермонтов, Тургенев, Крылов, Гоголь гээд зөндөө бий. Оросын утга зохиолын эзэлсэн ноён оргилыг ХХ зууны бичиглээчид ч цааш үргэлжлүүлсэн. Булгаков, Горький, Манделштам, Ахматова, Хармс, Есенин, Маяковский, Блок, Булгаков, Бунин... Хармсалтай нь Зөвлөлт засгийн үеийн гайхамшигт зохиолчид, найрагчдын эмьдрал бараг тэр чигээрээ эмгэнэлт дурсамж. Октябрийн гэх хувьсгалаас Бунин, Горький нар эх орноо орхин дүрэвсэн.
Манделштам, Хармс нар хоригдож байхдаа өлсөж үхсэн, бас Блок. Цаашилбал Есенин, Маяковский нар амиа хорлоогүй, буудуулсан гэх. Ахматова үзэл суртлаар олон удаа буруутаж байлаа, Сольженыцын, Бродский нар эх орноосоо хөөгдсөн... Хөөгдсөн боловч тэсээд үлдсэн ч жилийн дараа нас барсан хүн бол Борис Пастернак.
Оросын утга зохиолын гайхамшигт чимэг болсон Пастернак хүнд амьдрал туулсан. Тэрээр Зөвлөлт засгийг таалдаггүй, тэр байтугай цөөн хүрээнд Сталиныг алуурчин гэж нэрлэж ч байсан. Октябрийн хувьсгал нь Оросын түүхийн гамшиг болсон гэж ярьсан ч гэх шиг. Гэтэл ийм “амьд” үгийг байтугай нууц бодлыг ч анддаггүй Сталин түүнийг айлгаж л байсан болохоос алаагүй. Тэрээр Булгаков, Пастернак хоёрт гар хүрээгүй нь мөн л ямар нэг нууцлаг шалтгаантай байсан байх. Пастернак 1945 оноос “Живаго эмч” гэх роман бичиж эхэлжээ. Шинэ ном бичиж байгаагаа огт нуугаагүй, ясны найрагч тэрээр роман дотроо оруулсан шүлэг найрагаа олон сэтгүүлд байнга хэвлүүлж байв. Мэдээж тэнд “гэмтэй юм” байгаагүй, нуль утга уянга. Романаа тэрээр 10 жил бичиж, 1955 онд дуусгажээ. ХХ зуун эхэлснээс Дэлхийн хоёр дахь их дайн дуусах тавь шахам жилийн хоорон дахь Оросын сэхээтний нийтлэг хүнд амьдралын драмыг үзүүлсэн эл бүтээл нь зохиогчийн өөрийнх нь үнэлэмжээр уран бүтээлийн урт замнал дахь оройн дээд нь болсон аж. Дуусгасан бүтээлээ хэвлүүлэх гэж хөөцөлдөж гарлаа. Сталин үхээд хоёр жил өнгөрсөн, Хрущёвын дулаарал эхлэхэд хоёр жил үлдээд байсан “сайхан цаг”. Гэвч Хүний оршихуйн хамгийн дотно асуудал болох амьдрал ба үхлийн нууцлаг, түүхийн асуудал, мөн загалмайн шашныг хөндсөн уг романыг эрх баригчид болон Зөвлөлтийн албан ёсны утга зохиолын байгууллагууд сөргөөр хүлээн авч, зохиолчийн Октябрийн хувьсгал болон улс орны амьдралд гарсан дараагийн өөрчлөлтүүдийн талаарх тодорхойгүй байр суурьтай байна гээд хэвлэхээс татгалзсан. Жишээлбэл, Э.Казакевич "Романаас харахад Октябрийн хувьсгал бол буруу ойлголт байсан бөгөөд ийм зүйл тохиолдоогүй байсан нь дээр байсан утгатай байна" гэж мэдэгджээ "Новый Мир" сэтгүүлийн ерөнхий редактор К. Симонов татгалзсан хариу өгч, "Пастернакт тайз өгч болохгүй!".
Пастернакийг бүтээлийг Зөвлөлтөд хэвлэхгүй гэсэн шуугиан нэгэнт газар авчээ. Москвад суух Италийн сэтгүүлч Сэржио Д`Анжэло Пастернакийн гэрт очин шинэ романыг итали хэлд орчуулан хэвлүүлэх санал тавихад зохиолч зөвшөөрчээ.
Сэтгүүлч Италийн Комммунист намын гишүүн, хэвлүүлэх хэвлэлийн газар Фэлтринэлли нь мөн коммунист хандлагатай учир энэ нь аюулгүй гэж бодсон хэрэг. Ингээд хэрэг мандлаа. Пастернакийг Төв хороон дээр дуудан “Италичуудаас гар бичмэлээ нэх. Бид өөрснөө эхлээд орос хэлээр хэвлэнэ гээд амал. Тэрний дараа итали хувилбарт нь боломж олгоно гэж хэл” гэж тулгасан ч зохиолч зөвшөөрсөнгүй. 1957 онд “Живаго эмч” итали хэлээр хэвлэгдсэн нь бараг тэр дороо дэлхийн бэстссэллэр болж хоёр жилийн дотор 24 хэлээр орчуулагдлаа. Хүйтэн дайн байсан болохоор үүнд Америкийн Тагнуулын төв байгууллагын оролцоо ч нэлээд хүч нэмсэн. Мэдээж англи хэлээр тэнд хэвлэгдэн дороо уншигчдын анхаарлын төвд орсон ч Тагнуулын байгууллага орос хэл дээрхийг нь илүү сонирхов. Олон улсын арга хэмжээ, яармаг худалдаа зэрэгт тэдний орос хэлээр эрхлэн хэвлүүлсэн бүрэн “Живаго”, мөн комикс, товчилсон хэлбэр нь бараг үнэгүй тараагдаж байв. Брюсэльд болсон Олон улсын яармагийн АНУ, Ватиканы үзүүлэнд янз бүрийн хэлбэрийн орос хэл дээрх дүүрэн Живаго. Энэ үед Вена хотод зохиогдсон Дэлхийн оюутан залуусын фестивальд Зөвлөлтөд зохиол бүтээл нь хориотой Жорж Орвэл, Жэймс Жойс, Эрнэст Хэминвэй, Владимир Набоков нарын бүтээлийн хамтаар Живаго эмч роман Зөвлөлтийн болон Зүүн Европын коммунист орнуудын төлөөлөгч залууст олноор тараагдлаа. Гэхдээ ТТГ-аас суртал нэвтрүүлэг явуулахдаа Пастернакт өөрт нь хор болохгүй байх талыг ихэд анхаарсан байдаг. Үүний хариу болгож СССР-т Пастернакийн эсрэг нийтийг хамарсан том суртлын кампанит ажил ундарлаа. Живаго романыг соцреализмтай үл таарах зөвлөлтийн эсрэг үзэл суртал мөн гэж зарлаад, зохиогч өөрөө Зөвлөлтийн социалист хувьсгал болон Иргэний дайныг таашаадаггүйгээр барахгүй зохиолын гол баатар гэх сэхээтэн нь большевикуудыг дэмждэггүй гэж буруутгалаа. Гэтэл асуудал улам “хүндэрч”, 1958 оны утга зохиолын Нобелийн шагналыг Пастернакт олгожээ. Урьд жилийн шагналтан дараагийн хүнийг хамгийн түрүүн дэвшүүлдэг уламжлалаар Францын нэрт зохиолч Албэрт Камю түүнийг нэрэлсэн хэрэг. Нобелийн шагналын тодорхойлолт нь “Орчин цагийн яруу найрагт оруулсан хувь нэмэр ба Оросын утга зохиолын аугаа туульсан хүүрнэл бүтээлийн уламжлалыг үргэлжлүүлсний төлөө” гэсэн ба тэнд ямар ч Живагогийн тухай дурьдаагүй. Тэгээд ч Пастернакийн нэр өмнө нь 1946 оноос Нобелийн шагналд дөрвөн удаа дэвшсэн аж. Ингээд Зөвлөлтийн төрийн машин “уламжлалт” буруутныг тодруулж зүхэх хүчирхэг ажиллагаагаа улам далайцтай өрнүүлэв. СССР-ийн төрийн тэргүүн Хрущёв, зөвлөлт үзэл суртлын мангас Суслов, Комсомолын удирдагч Семичастный нарын зохиомжлон удирдсан жүжигийн дараагийн гараа эхэллээ. Пастернакт Нобел хүртээсний бараг маргааш нь Комсомолын удирдагч Семичастный яаралтай хурал зарлан зохиолчийг үзэшгүй муухайгаар доромжлов. Тэрээр Пастернакийг социалист нийгэм дахь “адгийн шаар” гээд романыг “номонцор” гэж нэрлэв. “Гахай ч идүүр рүүгээ баадаггүй” гэсэн харьцуулалт амнаас нь унав. Зохиолчийг “капиталист диваажин” руу нь хөөж явуулах санал тавьлаа. Бүх кампанит ажлыг Хрущёв өөрөө гардан удирдсан аж. Семичастный нэлээд хожим Огонёк сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Намын нэгдүгээр дарга хэлэх үгийг нэг бүрчлэн зааж өгсөн, Пастернакийг гахайтай зүйрлэхийг тэр л санаачилсан гэжээ. Намын гол үзэл сурталч Суслав кампанит ажиллагааг албан ёсны болгож, асуудлыг Төв хороогоор хэлэлцэн “Пастернакийн гүтгэлэгт зохиолын тухай” тогтоол гаргуулсан ба зохиолчид Нобелийн шагнал олгох болсон нь өрнөдийнхний зориудын өдөөн хатгалга гээд энэ нь Хүйтэн дайныг улам хөөсрүүлж байна гэлээ. Энэ асуудлаархи төвийн хэвлэлүүдэд гарсан бүх бичлэгийг тэрээр өөрийн биеэр редакторлон засварлаж байлаа.
Эдний хэн нь ч тухай үед “Живаго эмч”-ийг уншаагүй байв. Бүр хожим Хрущёв тэтгэвэрт гарсан хойноо бичсэн номондоо “уг романыг уншаагүй байж буруутгасан төдийгүй хаасан нь шал дэмий юм болсон, тэнд зөвлөлтийн эсрэг гэх юм юу ч байгаагүй” гэсэн байдаг.
Ингээд Пастернакийг “шүүх” ажиллагааны гал тогоог Зөвлөлтийн зохиолчдын хороо руу шилжүүллээ. Аравдугаар сарын 27-нд Зохиолчдын хорооны өргөтгөсөн хурлаар “Пастернакийн хэрэг” нэртэй асуудлыг албан ёсоор авч хэлэлцэв. Хурлыг голлон зохион байгуулагч болох Алексей Сурков аль 1949 оноос Пастернакийн найргийг үзэл сурталтай холбон шүүмжилж эхэлсэн атаархагч. Тэрээр найрагчийн романыг “дагнасан гүтгэлэг” гэж нэрлээд эх орноосоо урвагч, Зөвлөлтийн утга зохиолыг бузарлагч гэлээ. Москвагийн зохиолчдын хороон дарга Смирнов Пастернакийн иргэний эрхийг хасаж, Зөвлөлтөөс хөөж гаргахыг шаардав. Константин Симонов “Живаго эмч” зохиолыг бүр анхнаас нь хэвлэхээс татгалзаж байснаа дурсан ихэд бахархав. Хуралд зохиолчид Пастернакийг харааж зүхэх уралдаанд өрсөлдөн оочирлож оролцлоо. Бараг бүгдээрээ. Тэднээс хүн болгон таних алдаршсан зогиолчид гэвэл “Ёстой хүний тууж”-ыг бүтээгч Борис Половой, дууны олон шүлэг зохиосон ба хулгайлсан Лев Ошанин нар гоцлон орилж. СССР-ээс түүнийг яаралтай хөөн гаргахыг “уламжилжээ”. Доромж хэдэн мөр хэлхэснээ одон тэмдгийн цуглуулга болсон, хүүхдийн зохиолч гэх Сергей Михалков уншиж сонирхуулав. Шүлгийн утга нь бүдүүн тоймоор: “Зөвлөлтийн эсрэг гадаад хорыг/ Ил дайснууд чанаж болгожээ/ Шинэ жорын амтлагч болгон/ Яншуйгаар амталсан байна/ Хаанаас гаралтайг үнэрээр нь мэдэх/ Манай иргэд хоол руу нь нулимав!” Оросоор яншуйг “пастернак” гэдэг учир энэ мөрүүдийг зөвлөлтийн ард түмэн дор нь цээжилсэн. Автобусанд хоёр авгай хэрэлдээд нэгнийгээ “муу живаго!” гэж хараахад нөгөө нь “Чи өөрөө бүр яншуйтай живаго!” гэж сөрсөн гэдэг. Михаил Шолохов романыг “арчаагүй зохиол” гээд Пастернакийг “дотоодын цагаач” гэж нэрэлсэн.
Алдартнуудаас зөвхөн Корней Чуковский, Анна Ахматова хоёр л Пастернакийг өмөөрчээ. Юутай ч хурлаас дэлхийд нэр нь гарсан аугаа найрагч Борис Пастернакийг Зөвлөлтийн зохиолчдын эвлэлээс бараг нэгэн дуугаар хөөх шийдвэр гаргав.
За ингээд нэгэнт төв хороо тогтоол гаргасан, Зохиолчдын хороо үзэл суртлын талаас нь дорвитой шүүмж няцаалтаар булсан, Пастернакийг эх орноос нь хөөн гаргахыг шаардсан учир дараагийн давлагаа нийт СССР улс даяар буцлав. Зөвлөлт орны өнцөг булан бүрд нам, эвлэл, үйлдвэрчний болон хороо дэвсгэр, ажлын байр, сургуулийн танхим, соёлын ордон, тариалангийн талбай, уурхайн гүнд Орвэлийн үзэн ядах цуглаан болж, тэдгээрт багш эмч, тариачин, хамтралчид, уурхайчид, өвгөд настнууд оролцон уур хилэн жигшил зэвүүцлээ нэгэн дуугаар илэрхийлцгээв. Бүх цуглаанд хэлэгдсэн хамгийн алдартай үг “Тэр номыг би уншаагүй, гэхдээ маш их жигшиж байна!” Зөвлөлтийн ард түмэн иймэрхүү үзэн ядах цуглааны арвин туршлагатай, их сурцтай болсон, аяндаа бүр дуртай болсон. Улс төрийнхөөс гадна нэлээд алдаршсан нь Шастокович, Зощенко, Ахматова нарыг жигшсэн домогт эсэргүүцлийн цуглаанууд байдаг. Лесковын “Леди Макбет Мценского уезда” туужаар сэдэвлэн Шастакович хөгжмийг нь бичсэн дуурь зөвлөлтийн ард түмэнд “хорт формализм” гэх аймшигт эсэргүү үзэл байдгийг тогтоолгов. Эхлээд 1934 онд Ленинградын тайзнаа тавигдсан уг дуурь дараа нь Москвад, үргэлжлээд Нью Йорк, Лондонд цуурайтсан нь урлагийн хувьд ямар гайхамшигт шилээвэр болох нь харагдана. 1936 онд Сталин өөрийн биеэр Их театрт очиж эл дуурийг үзжээ.
Хэд хоногийн дараа намын төв хэвлэлд “Хөгжим гэхээсээ хог шаар” гэсэн өгүүлэл гарч, хөгжмийн зохиолчийг сонгодог уламжлалыг үл тоомсорлосон "формализм" гэж нэрлэн, Зөвлөлтийн ард түмэнд харш хөгжим бий болгосон байна гэв.
Шастаковичийн дуурийг даруй хааж, бүх зөвлөлт орноор түүнийг болон урьдын бүх бүтээлүүдийг нь жигшин зэвүүцэх цуглаан зохиосон. Эдгээр цуглаануудаас “Би үзээгүй, сонсоогүй, гэхдээ жигшиж байна” гэдэг афоризм дэлгэрчээ. 1958 онд Италийн Коммунист намын дарга Толяттигаас Хрущёвт хаягласан мэдэгдэл ирсэнд “Пастернакийн эсрэг наад хийрхлээ зогсоо. Тэрнээс чинь болж манай Италийн коммунист намаас маш олон хүн намын гишүүнчлэлээсээ татгалзаж байна!” Давхцаад Пастернакаас Хрущёвт хандан захидал бичээд илгээв. “Намайг ЗХУ-аас гарч явахад та бүхэн ямар ч саад хийхгүй гэдэгт би итгэлээ. Гэхдээ энэ нь миний хувьд огт боломжгүй зүйл. Би Орос оронд төрж өсөж, бүхий л амьдралаа холбосон болохоор хувь засагаа тэрнээс ангид байх тухай төсөөлж ч чадахгүй. Юутай ч өрнөдийн орнуудад надтай холбосон элдэв дэвэргэн улс төрийн шуугиан гаарч байгаа ч, үнэн хэрэгтээ тэр шуугиан шиг ямар нэг алдаа эндэгдэл гаргасан гэж өөрийгөө үзэхгүй байна. Байдлыг ойлгосон учир Нобелийн шагналаас сайн дураараа татгалзаж байгаагаа Шведийн академид нэгэнт илэрхийлэн мэдэгдсэн. Харин эх орноосоо хөөгдөнө гэдэг нь үхэлтэй зэрэгцэхүйц аймшиг учир та бүхэн ийм арга хэмжээ авахгүй байхыг хүсье!” Пастернак бол "хог новш" гэдгийг, түүний роман бол "улс төрийн гүтгэлэг" гэдгийг, түүнд гадаадын шагнал өгсөн нь "Хүйтэн дайныг улам лавшруулах зорилготой дайсны өдөөн хатгалга” гэдгийг Зөвлөлт орон даяар мэдэж авав. Эх орных нь эсрэг бузар гэмт хэрэг үйлдсэн зохиолчийг улсаасаа үтэр түргэн хөөн гаргах шаардлагатайг Зөвлөлтийн ажилчин тариачид гүнээ ойлгон дэмжсэн билээ.
Пастернак 1960 онд нас баржээ. Аугаа бүтээл нь өөрийн эх оронд нь хэвлэгдэхийг тэр үзэж чадсангүй. Гэвч “Живаго эмч” романаасаа тэр огт татгалзаагүй. Найз нөхөдтэйгээ уулзан ярилцахдаа Живаго-г амьдралынхаа хамгийн сайн бүтээл нь болсон гэж бахархдаг байлаа.
Түүнийг зохиолчдын эвлэлээс хөөсөн шийдвэрийг дөнгөж перестройкийн үе болох 1987 онд цуцалжээ. Живаго эмч СССР-т анх удаа 1988 онд ”Новый мир” сэтгүүлд хэвлэгдэв. Дараа нь тусдаа ном болон нэг сая хувь хэвлэгдсэн. Өдгөө Орост уг роман нийт 60 удаа ном болон хэвлэгдсэн гэнэ. Дэлхийд алдаршсан Пастернакийн шүлэг найргууд дөнгөж 1989 онд сургуулийн сурах бичигт эргэн ирсэн ажгуу. Нобелийн шагнал Пастернакийн амьдралд хүнд эмгэнэл учруулсан ч, "Живаго эмч" кино түүний алдар нэрийг дэлхий даяар түгээсэн. Английн найруулагч Дэвид Лин 1965 онд уг романаар уран сайхны кино бүтээсэнд гол дүрүүдэд Омар Шариф, Жүли Кристи нар тоглосон. Борис Пастернак нас барснаас хойш таван жилийн дараа нээлтээ хийсэн уг кино Америкийн кино урлагийн түүхэн дэх хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг болжээ. Линий кино таван Оскар, бас Алтан бөмбөрцөг шагнал хүртсэн. Шведийн Нобелийн хороо аугаа найрагчийн хүү Евгений Пастернакт эцэгт нь 30 жилийн өмнө олгосон Нобелийн алтан медалийг гардуулан өгчээ.
Баабар 2026.11.26
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!