
Польшийн Үндсэн хуулийн шүүхийн гадна жагсагчид цуглаж, цагдаа хамгаалалтад гарч, Ерөнхийлөгч нь гадаад айлчлалаа дуусгалгүй буцав. Варшавт өрнөсөн эдгээр үйл явдал тус улсын төрийн байгууллагуудын хооронд олон жил хуримтлагдсан зөрчил хэр гүнзгийрснийг харууллаа. Маргааны төвд шүүхийн томилгоо байгаа ч цаана нь төрийн эрх мэдлийн хуваарилалт, шүүхийн хараат бус байдал, Үндсэн хуулийг тайлбарлах эрхийн төлөөх тэмцэл өрнөж байна.
Сөргөлдөөн аравдугаар сарын 30-нд огцом хурцдав. Шүүгч Анна Корвин-Пётровска Үндсэн хуулийн шүүхийн дарга Богдан Свенчковски болон түүний орлогчийн үүрэг гүйцэтгэх эрхийг нэг сарын хугацаанд түдгэлзүүлж, байгууллагын удирдлагыг түр хариуцахаа мэдэгдсэн юм.
Харин шүүхийн өмнөх удирдлага түүний шийдвэрийг хууль бус гэж үзэж, эрх мэдлээ шилжүүлэхийг зөвшөөрсөнгүй. Ингэснээр шүүхийг хэн удирдах төдийгүй, хэн нь хууль ёсны шүүгч вэ гэсэн маргаан ил гарлаа. Эсэргүүцэгчид шүүхийн байрны гадна цугларсны дараа цагдаагийн хамгаалалт нэмэгдэв. Энэ үеэр Сенегалд албан айлчлал хийхээр нисэж явсан Ерөнхийлөгч Кароль Навроцки замаасаа буцаж, Варшавт ирсэн байна. Тэрбээр болсон явдлыг Үндсэн хуулийн байгууллагыг хүчээр хяналтдаа оруулах оролдлого гэж буруутган, парламентын улс төрийн хүчнүүдийг яаралтай зөвлөлдөх уулзалтад дууджээ. Ерөнхий сайд Дональд Туск харин үйл явдлыг өөрөөр тайлбарлаж байна. Түүний Засгийн газар өмнөх эрх баригчдын үед улс төрийн нөлөөнд орсон шүүхийн тогтолцоог засаж, хууль дээдлэх зарчмыг сэргээж байгаа гэж мэдэгдэв. Туск аравдугаар сарын 31-ний мэдэгдэлдээ төр шударга ёсыг хэрэгжүүлэх чадвартай байх ёстой хэмээн онцолсон юм.
Хямралын хамгийн ээдрээтэй тал нь энд байна. Ерөнхийлөгч ч, Засгийн газар ч Үндсэн хуулийг хамгаалж байгаагаа мэдэгдэж, харин нөгөө талынхаа үйлдлийг хууль бус гэж үзэж байгаа юм. Улс төрийн маргаанд хууль зүйн эцсийн хариу өгөх ёстой байгууллагын эрх мэдлийг талууд өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй болжээ.
Энэ зөрчил гэнэт үүсээгүй. Үндэс шалтгаан нь 2015 оны шүүгчдийн давхар томилгоонд бий. Тухайн үед бүрэн эрхээ дуусгаж байсан парламент Үндсэн хуулийн шүүхийн таван шүүгчийг сонгосон бол сонгуулийн дараа олонх болсон “Хууль ба шударга ёс” нам тэдний оронд өөр хүмүүсийг томилсон. Үндсэн хуулийн шүүх эхний таван томилгооны гурвыг хүчинтэй, хоёрыг нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн ч талуудын зөрчил намжаагүй юм. Түүнээс хойш шүүхийн бүрэлдэхүүн, шийдвэрийнх нь хүчин төгөлдөр байдал Польшийн улс төрийн байнгын маргаан болов. Засаг солигдох бүрд өмнөх томилгоог засах оролдлого хийсэн ч бүх талд хүлээн зөвшөөрөгдөх шийдэлд хүрч чадсангүй. 2023 онд Тускийн эвсэл засгийн эрхэнд гарахдаа шүүхийн хараат бус байдлыг сэргээх амлалт өгсөн. Гэвч 2025 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон, “Хууль ба шударга ёс” намын холбоотон Навроцки парламентын сонгосон зарим шүүгчийн тангаргийг хүлээн авахаас татгалзжээ. Ингэснээр шүүгч сонгох парламентын эрх, тангараг хүлээн авах Ерөнхийлөгчийн оролцоог хэрхэн зааглах тухай маргаан дахин хурцадсан байна. Ерөнхийлөгчийн дэргэд тангараг өргөж чадаагүй зарим шүүгч парламентад тангараг өргөсөн боловч Свенчковски уг ёслолыг хүчин төгөлдөр бус гэж үзэн, тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажилд оролцуулаагүй аж. Өөрөөр хэлбэл, парламентын сонгосон хүнийг Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөхгүй, тэр хүн шүүхэд ажиллах эрхтэй эсэхийг шүүхийн удирдлага мөн үгүйсгэсэн нөхцөл үүсжээ. Одоо талуудын анхаарал арваннэгдүгээр сарын 3-нд хийхээр товлосон шүүгчдийн нэгдсэн хуралд төвлөрч байна. Гэвч хуралд хэн оролцох эрхтэй, шийдвэр гаргах ирцийг хэрхэн тооцох талаар хүртэл санал зөрөлдөж байгаа юм. Хямралыг хэлэлцэх хурлынхаа хууль ёсны байдлыг эхлээд тогтоох шаардлагатай болсон нь Польшийн төрийн байгууллагуудын мухардлыг тод харуулж байна.
Энэ сөргөлдөөний улс төрийн ач холбогдол ирэх жилийн парламентын сонгууль ойртох тусам нэмэгдэнэ. Шүүхийн асуудал эрх баригчид болон сөрөг хүчний дэмжигчдийг дайчлах томоохон сэдэв болжээ. Үүнээс үүдэн талуудын байр суурь улам хатуурч, зөвшилцөх боломж багасах эрсдэлтэй гэж дүгнэж болохоор байна.
Гэвч улс төрийн талуудын хувьд сонгуулийн өрсөлдөөн болсон энэ маргаан иргэдийн хувьд төрдөө итгэх итгэлийн асуудал юм. Хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шийддэг байгууллагыг төрийн бусад эрх мэдэл хүлээн зөвшөөрөхгүй бол түүний шийдвэрт иргэн, аж ахуйн нэгж хэрхэн найдах вэ? Өнөөгийн хямралаас урган гарч буй хамгийн чухал асуулт энэ. Польшийн өмнө шүүхээ шинэчлэхийн зэрэгцээ шинэчлэлийнхээ арга замыг хууль ёсны гэдэгт нийгмээ итгүүлэх сорилт тулгарч байна. Засгийн газар парламентын олонхтой, Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхтэй байж болно. Харин шүүхийн шийдвэр эрх баригчид, сөрөг хүчинд адил үйлчилж, аль аль нь түүнийг дагаж мөрддөг болсон цагт төрийн байгууллагуудын энэ зөрчил бодитоор тайлагдана.
М.Чой
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!