
Сэтгүүлч Б.Отгон Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд хувиарлахтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тодруулбал тэрээр: "Баялгийн эзэн ард түмний хөдөлгөөн”-өөс Оюу толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шууд олгох шаардлагыг УИХ, Засгийн газар, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Иргэд ч энэ саналыг дэмжиж, D-Parliament цахим системд 100 мянга гаруй хүн гарын үсэг зурж, ногдол ашгаа дансандаа авах хүсэлтээ илэрхийлээд байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн энэхүү саналыг дэмжиж байгаагаа мэдэгдлээ. Гэвч Оюу толгой компанийн зүгээс ногдол ашиг хуваарилах асуудлаар ямар нэгэн гэрээ, хэлэлцээрээр баталгаажсан шийдвэр гараагүй гэсэн байр суурь илэрхийлж байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал Мөнхсүх ч борлуулалт хийгдээгүй нөхцөлд ногдол ашиг хуваарилах боломжгүй гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн.
Гэтэл Оюу толгой компани асар их хэмжээний борлуулалт хийж байгаа. Ийм нөхцөлд баялгийн жинхэнэ эзэд болсон Монголын ард түмэн ногдол ашгаа хүртэх ёстой. Зөвхөн таван хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр хязгаарлагдах бус, баялгийн өгөөжийг иргэдэд бодитоор хүртээх шаардлагатай.
Ногдол ашгийг иргэдэд шууд олгохын оронд бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрт зарцуулах тухай ярьж байна. Гэвч томоохон бүтээн байгуулалтын нэрээр эрх мэдэл бүхий цөөн хүн ашиг хүртэж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг гэх шүүмжлэл нийгэмд байсаар ирсэн. Түүнчлэн ийм төслүүдэд ашиглах тоног төхөөрөмж, барилгын материалын дийлэнхийг импортоор авдаг учраас хөрөнгийн тодорхой хэсэг нь гадагш урсдаг.
Инфляцийг өдөөж буй нэг хүчин зүйл нь томоохон бүтээн байгуулалтын нэрээр импортыг нэмэгдүүлж, эдийн засагт дарамт учруулж буй бодлого гэж үзэж байна.
Харин ногдол ашгийг иргэдийн дансанд шууд шилжүүлбэл тэд юунд зарцуулах вэ? Өрхийн хүнс, хүүхдийн хувцас, сургалтын төлбөр болон өдөр тутмын зайлшгүй хэрэгцээндээ зарцуулна. Ингэснээр мөнгө дотоодын эдийн засагт эргэлдэж, иргэдийн худалдан авах чадвар, өрхийн амьжиргаанд бодит дэмжлэг болно.
Монгол Улсын эдийн засгийн хэмжээ 100 их наяд төгрөгт хүрсэн гэж үзвэл иргэдэд хуваарилахаар яригдаж буй гурван их наяд төгрөг нь үүний ердөө гурван хувьтай тэнцэнэ.
Тиймээс Оюу толгойн ногдол ашгийг цөөн хэдэн хүний шийдвэрээр төсөл, хөтөлбөрт зарцуулахын оронд баялгийн жинхэнэ эзэд болсон Монголын ард түмэнд шууд хүртээх нь зүйтэй. " гэв.
Н.Отгончимэг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!