ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү вакцины асуудлаар тайлбар өгөв. Тэрбээр "Энэ сарын 1-нээс томуугийн вакцин хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 63.7 хувьтай байна. Вакциныг БНСУ, Бразил улсаас оруулж ирж байгаа. ДЭМБ-ын батламж, гэрчилгээ, аюулгүй баталгаатай.
Энэхүү вакцин нь улирлын томуу эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор хийдэг хамгийн чухал, хамгийн шилдэг арга. Гэтэл зарим хүмүүс энэхүү ажилд садаа болж, цахим хуудсаар албан бус мэдээ мэдээлэл түгээж, улс оронд маш их хор уршиг учруулж байна. Вакцин өөрөө маш их үнэтэй. Вакциныг тарааж хийх ажил нь улс даяар явагдаж байна. Нүсэр том зохион байгуулалттай ажил явж байна. Мэдээж улс орноо хамгаалах, үр хүүхдээ хамгаалахын төлөө Эрүүл мэндийн яам, төр засаг хичээж ажиллаж байна. Үр хүүхэд, ард иргэдийнхээ эрүүл мэндэд хор уршиг учруулах вакцин тарихгүй нь ойлгомжтой. Гэтэл зарим хүмүүс санаатайгаар вакцин хийснээс хойш хүүхдүүд суулгалт өгч байна, бөөлжиж байна, вакцины дараа эмнэлгийн ачаалал нэмэгдлээ гэх мэт буруу ташаа мэдээлэл гаргаж, бусдын тархийг угааж байна.
Вакцин бол хурдан түргэн хийгдэх ёстой. Хийгдсэний дараа 14-21 хоног үүнд дархлаа тогтдог. Гэтэл үүнд садаа болж байгаа хүмүүс маш их хор уршиг дагуулж байна. Өнөөдрийн байдлаар вакцины дараах хүндрэл нэг ч бүртгэгдээгүй гэдгийг албан ёсоор хэлье" гэлээ.
Б.Аз