ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа "Энэ сарын 12-нд нийт 1030 хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, ХӨСҮТ-ийн эмч ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр халдвар илэрлээ. Мөн Сэлэнгэ аймагт 12-ноос 13-нд шилжих шөнө тус аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ мэргэжлийн нэг багаа Сэлэнгэ аймаг руу илгээлээ.
Ингээд нийт батлагдсан тохиолдол 412 боллоо. Үүнээс 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 90 хүний хоёрынх нь биеийн байдал хүнд, хүндэвтэр 12, хөнгөн 76 байна. ХӨСҮТ-д нийтдээ 175 хүн ажиглалт тандалтад байгаа.
Ачаа тээврийн жолоочийн буюу Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварт батлагдсан тохиолдол зургаа байгаа. Тандалт судалгаа үргэлжилж байна. Ойрын болон дам хавьтал нийт 3000 орчим хүнийг хяналтандаа аваад шинжилгээ тандалт хийж байгаа" гэв.