Ажлын хэсгийн гишүүд коронавирусын халдвараар өвчилсөн эмч, эмнэлэгийн ажилчдын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр өчигдөр буюу 12 дугаар сарын 15-нд цахимаар хуралдлаа.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Одоогийн байдлаар манай улсад нийт 41 эмч, эмнэлгийн ажилтан халдвар авсны 11 нь эдгэрсэн. Тэдний 80 гаруй хувь нь ажлын ачаалал их, хувийн хамгаалах хэрэгслийг тайлах үед болон халдвар авсан иргэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдвар авсан байна” гэлээ. Мөн сүүлийн үед цахим сүлжээгээр ХӨСҮТ-ийг бүрэн тусгаарласан, асуудал хүндэрсэн гэдэг ташаа мэдээлэл гарч байна. Эдгээр ташаа мэдээллээс эмч, эмнэлэгийн ажилтнуудын сэтгэл санаанд нөлөөлөх, нэр хүндэд нь халдах зэрэг сөрөг үр дагаварыг үүсгэж байна гэдгийг хэлсэн юм.