Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 8416 хүнд шинжилгээ хийхэд 8 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатарт 6 тохиолдол илэрсэн. Энэ нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт шинээр үүсээд байгаа кластер голомтод гарсан. Харин 2 нь Франкфуртын онгоцоор ирсэн иргэд байна. Герман, Унгар улсаас транзитаар ирсэн.
Ийнхүү тус эмнэлэгт 32 тохиолдол бүртгэгдээд байна. Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 175 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Аймгуудаар авч үзвэл,
- Архангай аймгийн батлагдсан тохиолдол 3
- Сэлэнгэ аймаг 216
- Орхон 25
- Улаанбаатар 140
- Дорноговь 32,
- Говьсүмбэр 4
- Дархан-Уул 45 хэвээрээ байна.
Дотоодын халдвар 500 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 961, эдгэрсэн 509, эмчлэгдэж байгаа 443 байна. Үүнээс 402 хөнгөн, 32 хүндэвтэр, 8 хүнд, 1 хүн маш хүнд байна." гэлээ.