Худалдан авах ажиллагааны тухай хуулиар төрийн өмчит байгууллагууд бараа ажил үйлчилгээ худалдаж авах бүрт тендер зарлах ёстой. Үүний дагуу Монгол Улс даяар ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүдэд нийлүүлэх үдийн цай, хүнсний тендерүүд зарлагддаг билээ.
Цар тахлаас үүдэлтэй өнгөрсөн оны хавраас эхлээд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсч, цахим хичээлд шилжсэн. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хүнсний илүүдэл, санхүүжилтийг халдварт өвчтэй тэмцэж байгаа байгууллагуудад хуваарилах ажлууд хийгдсэн юм.
Эдүгээ сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсоод бараг нэг хичээлийн жил болох гэж байна. Хоёр, гуравхан сарын дараа энэ хичээлийн жил дуусна. Гэтэл хүнс нийлүүлэх тендерүүд зарлагдсаар байна.
Яг одоо Худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим хуудаст нийслэл болон аймгуудын цэцэрлэг, сургуулиудын хоол хүнсний хэд хэдэн тендер зарлагджээ. Тухайлбал,
- Хэнтий аймгийн Дадал сумын хүүхдийн цэцэрлэгт хүнс 85.3 сая төгрөг
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2-р цэцэрлэг 51.0 сая төгрөг
- Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ЗДТГ 52.7 сая
- Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ЗДТГ 34 сая төгрөг
- Орхон аймгийн 22 дугаар цэцэрлэг 105.8 сая төгрөг
- Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЗДТГ 102.3 сая төгрөг гэх мэтээр одоо зарлагдсан тендерүүд үргэлжилсээр байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР