Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Тэр утгаараа эмэгтэйчүүдийн төлөөлөл болон залуус Төв талбай дээр тайван жагсаал зохион байгууллаа.
Учир нь хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эмэгтэйчүүдийн талаар хийсэн мэдэгдэл эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн гэж тэд үзэж байна.
Энэ сарын 5-ны өдөр Жендэрийн Үндэсний хорооны хурлын үеэр "Хөдөлмөр эрхлэлтийн тэгш бус байдал хэт ихсэж, гэрлэлт залуужсаар байвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулах гарц байна" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн нь Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ийнхүү жагсахад хүргэсэн тухай жагсаалд оролцогчид тайлбарлав.
Жагсаалд оролцогч иргэдийн төлөөлөл "Бүхэл бүтэн ардчилсан улсын Ерөнхий сайд хүн ийм хариуцлагагүй үг хэлж болохгүй. Ерөнхий сайд гэртээ хүүхдээ харж буй эмэгтэйчүүдийг ажил хийхгүй байна гэж бодож байгааг гайхаж байна.
Эмэгтэйчүүдийг залуугаараа зөвхөн гэрлэснийх нь төлөө цэрэгт явуулж, бүтээн байгуулалтын оролцуулна гэж ярьсан нь ардчилсан тогтолцоотой, ардчилсан улсын Ерөнхий сайдын хэлэх үг биш" хэмээн ярилаа.
Эх сурвалж: shuurhai.mn