fbpx С.Баяр: Эхлээд Элчин сайдын ажлаа өгөөд орхие
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
43 минут 31 секунд

С.Баяр: Эхлээд Элчин сайдын ажлаа өгөөд орхие

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Ярилцлагаа үйл явдлын сүүлээс нь урагш хөөж эхэлье гэж бодож байна. АТГ-аас таныг өнгөрсөн долоо хоногт дуудаж 10 цаг байцаасан гэх юм. Юун тухай байцаалт өгсөн бэ. “Стандарт” банкнаас авсан “Эрдэнэт”-ийн зээл, Оюутолгойн гэрээ, оффшорын асуудлаар байх гэж олон нийт тааж байгаа…?

-Арван цаг байцаасан, олон нийт таасан… Яриа маань таавар таахаас эхлэх гээд байна. Одесс хотын ийм нэг яриа байдаг, чи дуулсан уу? “Олноор таасныг хоёрт хуваа” гэж.  АТГ-аас намайг дуудсан, би очсон. Тэд асуусан, би хариулсан. Асуудал олон байсан учраас удсан, гэхдээ арван цаг болоогүй.

-Арван цаг гэж таагаагүй байж болно. Байцаалтын сэдвийг бол таасан уу?

-Хуулийн байгууллагын өмнө би үнэн зөв хариулах үүрэгтэй. Харин тэнд ярьснаа энд дэлгээд суух үүрэг бүү хэл, эрх нь надад байхгүй. Хуулиар хориотой юм. Хориотой зүйл дээр цаг алдах хэрэг байна уу, хоёулаа.

-Ядаж ерөнхийд нь тодруулж болох уу. Та сэжигтэн, гэрчийн алинаар нь байцаалт өгсөн, ахиж байцаалт өгөх үү. Хамгийн сүүлд таныг прокуророос яллагдагчаар татсан гэх юм, үнэн эсэх гээд…?

-Надаас гэрчийн мэдүүлэг авсан. Яллагдагчаар татлаа гэж дуулаагүй. Шаардлагатай гэж үзвэл дахиж дуудна. Би хэзээд бэлэн.

-“Эрдэнэт”-ийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалснаас болж тус үйлдвэр 109 сая долларын төлбөр төлөх Арбитрын шийдвэр гарсан. Хүү, торгуульд нь өдөрт  75 сая төгрөг төлж байгаа сэдэв одоо олны анхаарлын төвд байна. Үүнийг та хэрхэн, яаж хүлээн авч байгаа вэ. Энэ асуудлаас улбаалж УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн мэдэгдлийн хариуд та түүнийг шүүхэд өгнө гэсэн утгатай ил захидал бичсэн. Та шүүхэд хандсан уу?

-За хө, нэг дор бөөн асуулт явж байна. Жаахан дэс дараатай, ялгаа заагтай яръя. Нэгд, “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалсан, үүнээс болж үйлдвэр олон сая долларын төлбөрт унасан асуудал анхаарлын төвд байгаа, байх ч ёстой.  Тэрнээс биш, Ж.Батзандан гишүүнийг би шүүхэд өгсөн эсэх асуудал олны анхаарлыг татахгүй байх аа. Хоёрт, энэ үйл явдлыг хэрхэн, яаж хүлээн авч байна вэ гэж надаас асуулаа. Мэдээжийн хэрэг, манай улсын хамгийн том үйлдвэр их хэмжээний өр төлбөрт унах нөхцөл бүрдсэн нь маш муу явдал. Гуравт, маш муу энэ явдлыг надтай шууд холбож гэмт хэрэгтэн мэтээр Ж.Батзандан намайг гүтгэсэн. Би гэмт хэрэг үнэхээр үйлдсэн бол хуулийн хариуцлагаа хүлээнэ. Харийн намайг гүтгэсэн бол Ж.Батзандан хариуцлагаа үүрэх ёстой учраас би шүүхэд хандсан байгаа.

- “Эрдэнэт”-ийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авахад тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр ямар нэгэн байдлаар оролцсон байж болзошгүй гэх яриа  бол эртнээс гарсан. Гэтэл та одоо, Ж.Батзандан гишүүнийг мэдэгдэл хийхээр  шүүхэд хандаж байгаа нь ямар учиртай юм бэ. Өмнө нь хандаж үнэнээ тогтоолгож болоогүй юм уу?     

-“Оролцсон байж болзошгүй” гэж чи оноод хэлчихлээ. Ийм утгатай яриа гараад удсаан, удсан. Гараад ч юу байх вэ, зориуд гаргаад байсан. Хэн, ямар зорилгоор гаргаад байсан нь жич асуудал. Гэхдээ олон жил ийм яриа гаргахдаа намайг арай ч шууд гүтгэж байсангүй.  “Болзошгүй” гэх яриаг шүүхэд өгөх аргагүй. Харин сая бол намайг шууд л өчиггүй яллаж байх юм. Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын баталгаа гаргаж “Стандарт” банкнаас зээл авах, бусадтай хамтарч хулгай хийх, мөнгө угаах гэмт хэрэгт намайг оролцсон гэж. Ийм мэдэгдлийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хийсэн. Бүр УИХ-ын индэр ашиглан удаа дараа хийсэн. Тийм учраас тэр нөхрийг би шүүхэд өгсөн. Олны анхаарлын төвд байгаа энэ асуудлын үнэн мөнийг даруй олж, олон түмэнд дуулгах нь чухал. Эс тэгвээс “дайны хажуугаар дажин” гэгчээр энэ асуудлыг далимдуулан зарим нэг нь хувийнхаа пи-ар хийж амжих гээд байх шиг.     

-Би гишүүнийг өмөөрч байгаа юм биш шүү. Хэн ч хардах эрхтэй, Ж.Батзандан гишүүн тэдний нэг биш үү, эсвэл тэр хардах эрхгүй юү?

-Хардах эрх бол хэнд ч бий, харин гүтгэх эрх хэнд ч байхгүй. Тэгэх тусмаа УИХ-ын гишүүнд. Тэр бол хууль тогтоогч болохоос, хэрэг тогтоогч биш. Гэмт хэрэгтэн мөн эсэхийг тогтоодог цорын ганц газар нь шүүх. Монгол Улсын хуулиар тэгж заасан байдаг. Тийм учраас л шүүх дээр уулзъя гэж болзоонд урьж захидал илгээсэн  санаатай.

-Ж.Батзандан гишүүнд хандаж бичсэн таны захидал Цагаан сарын өмнө шуугиан тарьсан. Ёжтой ч бичсэн байна билээ. Харин захианы төгсгөл “эрлэгт уулзъя” гэж заналхийлсэн маягтай болсонд зарим хүн дургүйцсэн байх?

- Заналхийлсэн юм байхгүй ээ. Тэр захидал миний цүнхэнд, энэ байна. Захидлын төгсгөлийг нь унш даа, бас зай талбай, хэмжээ дамжаа нь болдог бол энэ ярилцлагадаа тэр хэсгийг нь зориуд оруулчихгүй юу.  

Ерөнхий сайд асан С.Баяраас УИХ-ын гишүүн Ж.Батзанданд бичсэн захидлын төсгөлд…

-“Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү” …гэжээ.

-Баримт түших нь зөв. Эрлэгийн үүдэнд биш, шүүхийн үүдэнд уулзъя гэсэн байгаа биз. Би зангадаг, занадаг хүн биш ээ. Тэгээд ч олны өмнө ил гарах захиандаа юу бичих, эс бичихээ би бас гадарлана. Заналхийлсэн гэж зарим хүн үзсэн гэж чи сая хэллээ. Нэр, хаяггүй элдэв юм эргэлзээтэй байдаг. Сүүлийн үед “зарим хүн, зарим судлаачид, зарим ажиглагчид ингэж үзэж байна, тэгж дүгнэж байна” гэж ярьж, бичих нь олширч. Заримдаа бүр “Монголын ард түмэн ингэж үзэж байна” гэж ирээд л, тухайлсан судалгаа, санал асуулгыг бүх ард түмний дунд явуулчихсан юм шиг ярихыг нь яана. Санаа зовмоор. За тэр ч яах вэ. “Юу хэлэх нь миний явдал, яаж ойлгох нь чиний явдал” гэдэг. Эрлэг гэдэг маань төрөх үхэхтэй, нүгэл буянтай холбоотой эртний ойлголт. Төрсөн нь үнэн бол, үхэх маань үнэн. Тэр цагт нүгэл, буянаа дэнслүүлэх нь ч бас үнэн. Үүнийг хэнбугай ч санаж явах ёстой. Өөр нэг асуудал байна. Эр хүн хэлсэндээ эзэн байх ёстой. Хэлсэн үгээ хариуцах цаг нь тулахаар тэр үгнээсээ буцаж булзаад л, өөр сэдвийн сэжүүр атгаж тавиад байх хэрэггүй. Ондоо сэдэв байгаа бол тэрнийгээ тавьсан шиг тавь. Харин олон сэдэв хооронд нь хутгаж бантан болгох хэрэггүй. Би тэр тухай л монгол ардынхаа үлгэр сануулж байгаад хэлсэн санаатай. Ил захианы төгсгөл жаахан уянгын халилтай болсон байж магадгүй ээ. Гэхдээ албан тоот биш, амин хувийн захиа юм чинь уянгын халил орж болно биз дээ.   

-Захидлын хариуд Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийж, энэ асуудлаар таныг оролцуулсан парламентын нээлттэй хэлэлцүүлэг хийнэ гэсэн. Тийм хэлэлцүүлэг хийвэл  та оролцох уу?

- Би Ж.Батзанданг шүүх дээр уулзъя гэж урьсан. Харин Ж.Батзандан намайг юун хэлэлцүүлэгт уриад байгааг ойлгоогүй. Намайг гэмт хэрэг хийсэн эсэхийг нийтээр хэлэлцэж тогтоох гээд байгаа юм уу. Би уг нь хуульч мэргэжилтэй хүн. Ж.Батзандан гишүүн бас хуульч гэсэн. “Парламентын нээлттэй хэлэлцүүлэг” гэж юу байдаг тухай хуулийн ангийн хоёрдугаар курст заадаг. Тэр хичээл дээр “Төрийн дотоод, гадаад бодлогын онцгой чухал асуудлыг албан тушаалтан, эрдэмтэн судлаач, олон нийтийн төлөөлөл оролцуулан парламентын бүтцийн байгууллагаар хэлэлцэх зохион байгуулалтын хэлбэрийг парламентын нээлттэй хэлэлцүүлэг гэнэ” гэсэн байдаг. Тэр “онцгой чухал асуудал” гэдэгт нь хуулийн төсөл болон олон улсын гэрээ, улсын төсөв ба түүний гүйцэтгэл зэрэг асуудал багтдаг. Манай улсын хуулийн сургуульд ингэж заадаг.  Аль нэг оюутнаас сурах бичгийг нь түр зээлж аваад харчихаж болно л доо.

-“Эрдэнэт”-ийн 51 хувийг “Стандарт” банкинд барьцаалсан хэргээс гадна, оффшор данс, Америкт буй долоон хаус, Оюутолгойн гэрээ зэрэг асуудлаар тантай нээлттэй ярилцъя гээд байгаа юм биш үү?

-Элдэв олон сэдэв хутгаж бантан зуурах тухай миний сая хэлснийг баталж байгаа юм шиг инээдтэй юм. Ж.Батзандан гишүүн намайг гэмт хэрэгтэн гэж үзэж байгаа бол үүнийг хууль хяналтын байгууллага мөрдөж шалгаад, шүүх эцэслэн тогтоох ёстой. Тэрнээс биш, нийтийн хэлэлцүүлгээр үүнийг нотлох, эсвэл няцаах боломжгүй. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гээд гурван огт өөр чиг үүрэг бий. Төрийн байгууллагуудын эрх, үүргийн хуваарь гэж оюутанд заадаг өөр нэгэн хичээл бий. Уучлаарай, мэдээжийн ийм юм нурших болсондоо хүлцэл өчиж байна. Ер нь бол ямар ч сэдвээр ярилцаж, санал солилцож, мэтгэлцэж болно. Гэхдээ ийм яриа, мэтгэлцээний хуулийн формат, дүрэм журам нь тодорхой баймаар байна. Нөгөөтэйгүүр, эхлээд нэг сэдвээ нэг тийш болгоод, дараагийнхаа сэдэвтээ ордог баймаар юм.  

-Би сэдэв холих гээгүй шүү, ярилцлагын энэ хэсэгтэй холбоотой учраас асууя. Саяхан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд таны долоон хаустай холбогдох тодорхой асуудлаар  АНУ-д яваад ирснээ, америкчууд тусална гэж мэдэгдсэн тухай ярилцлага өгсөн байсан. Энэ мэдээллийг та хэрхэн хүлээн авч байгаа вэ, АНУ-ын хуулийн байгууллага таныг болон танай гэр бүлийн санхүү, орлогыг шалгах, тантай холбоотой мэдээллийг Монголд өгөх боломж бий юү?     

--Би тэр тухай сонсоогүй юм байна. АНУ-д байгаа гэх долоон байшингийн тухай би олон удаа ярьсан. Ярилцлага болгоноор л надаас асуудаг. Би хариулдаг. Шинээр нэмж хэлэх зүйл надад алга. З.Энхболд даргадаа талархаж байна. АНУ руу амин чухал асуудлаар явжээ.  Одоо энэ бүх юмны учир нь олдох биз. Ашгүй дээ.

-Хаусны тухайд Оюутолгойн гэрээнээс үүдэлтэй хардлага яваад байх шиг байдаг. Гэтэл та хуулийн байгууллагад мэдүүлэг өгч байгаа  учраас ярьж болохгүй гэх байх даа.

- Оюутолгойн талаар, түүнийг тойрсон элдэв хардлагын талаар  би хангалттай олон ярьсан. Тэдгээр хардлагыг одоо шалгаж байна. Гэхдээ одоо бүр сайн шалгах ёстой. Авлига авсан, өгсөн гэж хардаж байгаа бол үүнд хоёр тал оролцсон байж таарна. Тиймээс зөвхөн Монголын талын хэдэн нөхдийг шалгахаас гадна нөгөө талаа ч бас шалгах ёстой. АНУ-д байгаа гэх миний хаусыг Америкийн талтай хамтраад шалгана гэдгийн жишгээр “Рио Тинто” компани байршдаг улс орных нь хууль хяналтын байгууллагатай хамтраад албан ёсоор шалгах ёстой. Энэ төсөл олон жил үргэлжилнэ. Харин иймэрхүү хардлага олон жил үргэлжлэх учиргүй. Авлига авсан бол шийтгээд, аваагүй бол олон түмэнд зарлаад, төслийнхөө болон төсөлд оролцсон хүмүүсийнхээ нэрийг цэвэрлээд цаашаа явах ёстой.

-Нэмж асуухад, Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггүй болсон бол хар толгойгоороо хариуцна гэж нэг үг хэлсэн дээ. Та тэрэндээ одоо, цаашдаа ч эзэн байж чадах уу?  

- Хэлсэндээ эзэн байгаа учраас л элдвээр хэлүүлээд явж байгаа юм биш үү. Тэгэхдээ одоо муулж байгаа ч, ирээдүйд магтана гэдэгт би огт эргэлздэггүй. Гэрээнд ашгаа хуваах асуудал байгаа бол хоёр тал түүнийгээ нүүр нүүрээ харж суугаад янзалж, цэгцэлж болно. Татвар дээрээ маргаад байгаа бол үүнийг ч бас шийдэж болно. Гэрээгээр холбогдсон хоёр талын хооронд ашгаа хуваах асуудал байнга л гардаг. Хуваах ашиг гарч байгаа учраас тэр. Юутай ч бид, би том төсөл хөдөлгөж чадсан. Өөр ямар том төсөл хөдөлсөн юм бэ, чи нэрлэ дээ Отгоо? ХХ зуунд “Эрдэнэт”, XXI зуунд Оюутолгой хоёр л хөдөлсөн юм биш үү. Оюутолгойн төсөл ашигтай, ашиггүй болсон талаар чи асууж байна. Ярилцлага болгондоо би энэ тухай тодорхой тоо, баримттай ярьдаг. Олон юм нуршихгүй, ганц зүйл онцолж хэлье. Оюутолгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна. “Эрдэнэт” үйлдвэрээс ч том татвар төлөгч болсон. Энийг ашиг гэхгүй юм бол өөр юуг ашиг гэх вэ? Дашрамд хэлэхэд, “Эрдэнэт” үйлдвэр маань эхний 25 жилдээ ерөөсөө ашиг өгөөгүй явсан байдаг юм. Бодит юмыг бодитоор харах хэрэгтэй ш дээ.

-Эргээд “Эрдэнэт”-ийн сэдэвтээ оръё “Жаст”-ын Ш.Батхүүг таны найз гэдэг. Та “Цэнзургүй яриа” нэвтрүүлгээр “Батхүү бол мэдлэг боловсролтой залуу, буруу юм хийхээргүй хүн” гэж хариулж байсан. Тэр үед таны итгэл үнэмшил үнэхээр тийм байсан уу, эсвэл хэрэгт орсон хойно нь муучлах нь хүний хуншгүй явдал болно гэж бодсон уу. Таны тэр бодол одоо хэвээрээ юү?

-Хэрэгт орсных нь дараа хүн муулаад унавал дэндүү хуншгүй юм болно. Тэр хүн сайн муу, хэрэгт орсон, ороогүйгээс үл хамааран бодит үнэнийг л ярих ёстой.  Найз мөн үү, биш үү гэдэг ч энд хамаагүй. Бага залуугаасаа үерхсэн миний хэдэн найз бий. Тэдний дунд бол Батхүү байхгүй. Нэгд, насны ялгаа байна. Хоёрт, хожим хойно танилцсан. Гуравт, анд найз гэдэг бол ажил албанаас алс, огт өөр эрэмбийн асуудал. Өөр хүний тухай барин тавин ярих амаргүй. Өөр хүнийг байтугай, өөрийгөө ч сайн мэдэхгүй явсаар хорвоог бардаг. Батхүүг бүрэн сайн мэднэ гэж би хэлж чадахгүй ч, түүний тухай миний эерэг сэтгэгдэл, дүгнэлт одоо ч хэвээрээ.

-Ийм эерэг сэтгэгдэл, дүгнэлтийг тэр  танд өгч чадсан уу, эсвэл та өөрөө түүнээс олж харсан хэрэг үү?

-Хувь хүнийхээ хувьд Батхүүгийн онцлог хоёр чанар надад анзаарагдсан. Бизнес хүрээний бусад хүмүүстэй нь харьцуулж жишвэл Батхүү өмсөх зүүх, унах эдлэхээ чухалчлаад байдаггүй, тийм юм хөөцөлдөөд явдаггүй хүн шиг харагдсан. Энэ нь өнгөц зүйл байж магад. Түүнтэй би бизнес эдийн засаг, улс төр, уран зохиол гээд олон олон сэдвээр ярилцаж байлаа. Түүнтэй ярилцахад урамтай, сонирхолтой. Ном байнга уншиж, өөрийгөө цэнэглэдэг хүн өнөөдөр улам цөөрсөөр байна. Уншсанаа тархиндаа шингээж чаддаг, шингээснээ системтэй болгохыг хичээдэг хүн бүр ч цөөн гэмээр. Иймэрхүү онцлогтой хүн залилан маягийн юм хийгээд явна гэхээр санаанд нэг л багтаж өгөхгүй байгаагаа “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо хэлж байснаа санаж байна.  

-Та Ш.Батхүүтэй хожим хойно танилцсан гэлээ. Яг хэзээ, яаж танилцсан юм бэ?

-Бид хоёр уг нь хоёулаа дөчин мянгатынх юм билээ. Гэхдээ би түүнээс ах учраас тэр намайг мэддэг, би түүнийг таньдаггүй байж. Бага байхад дээшээ ах нараа мэддэг, доошоо дүү нараа тэр бүр тоодоггүй. Бид хоёрыг хожим хойно  Н.Энхбаяр дарга танилцуулсан санагддаг. Би Москвад Элчин сайд байхад Ерөнхий сайдын айлчлалын бизнесийн бүрэлдэхүүнд нь Ш.Батхүү орсон байсан. Дараа нь УИХ-ын дарга С.Төмөр-Очирыг ч дагалдан Москвад ирж байсан байх. Аль аль дарга нь Ш.Батхүүг  “манай Архангайн гаралтай тэргүүний сайн бизнесмен” гэж магтаад л, ажил төрөлд нь туслаарай гэж захиж байсан. Батхүү нефть бүтээгдэхүүний импорт, махны экспорт эрхэлдэг бизнестэй байсан. Ганц Батхүү ч биш л дээ. Энэ төрлийн бизнестэй хэд хэдэн компанийн төлөөлөл байнга л Москвад ирнэ. Тэдэнд туслах, Оросын том, жижиг дарга нартай холбогдох нь манай Элчин сайдын яамны нэг гол ажил байлаа. Бензин түлшний нийлүүлэлт байсхийгээд л тасалддаг, манай махыг авна, авахгүй гээд элдэв шалтаг тоочоод суучихдаг байсан цаг.   

-Та Ш.Батхүүтэй хэрэгт холбогдсоных нь дараа уулзсан уу, “Стандарт” банкны зээлийнх нь талаар асууж байсан уу?

-Уулзсан, асуусан. “Би алдсан, буруу юм хийсэн” гэхээс илүү тоймтой юм ярихгүй байна билээ. Нэлээд хямарсан байдалтай, үг дуу цөөтэй болсон байсан. Бие нь ч сайнгүй байгаа харагдсан. Тийм байдалтай байгаа хүнээс элдэв юм асуугаад, шалгаагаад байлтай биш.

-Та бас сая Ш.Батхүүг Н.Энхбаяр дарга танилцуулсан гэлээ. Н.Энхбаяр, С.Баяр, Ш.Батхүү гурав “Хадгаламж” банкаар холбогддог гэж ярьдаг. 2008 оны сонгуулийн өмнө энэ сэдэв бүр хүчтэй  яригдаж байсан, тийм үү?

-Банкаар холбогддог ч юу байх вэ. Энэ банктай холбоотой нэг том хүндрэлийг шийдэхэд бид бүгд оролцсон байдаг юм. “Хадгаламж” банкийг Оросын тал намайг Ерөнхий сайд болохоос өмнө худалдаж авсан байсан. 2008 оны эхээр оросууд гомдол гаргаж “Бидний авсан банкинд 10 гаруй сая ам.доллар сох дутжээ. Энэ асуудлаа Монголын тал шийд. Эс тэгвээс бид Арбитрын шүүхэд хандана” гэж. Тэр үед нээрээ л бөөн асуудал болоод, хэвлэлээр шуугиад байсан. Бид ч энэ асуудлыг хохирол багатай яаж шийдэх вэ гэж дээр доороо олон удаа ярьж байгаад нэг хувилбар дээр тогтсон.  Батхүү “Би энэ банкны асуудлыг шийдэх гэж оролдъё. Гэхдээ Оросын талын авлагын асуудлыг шийдэхэд төр, засгийн оролцоо дэмжлэг надад хэрэгтэй. Тэдэнд өгөх төлбөрийг нэг дор биш, график гарган цувуулж өгөх тал дээр ярьж өгөөч” гэж хүссэн. Тэгээд бид чиглэл чиглэлээрээ ярьж асуудлыг зохицуулахад нь тусалсан. Ингэсний ачаар асуудал Арбитрын шүүхэд очоогүй, төр төлбөрт унаагүй. Батхүү эрсдэлийг өөр дээрээ авч, асуудлыг нааштай шийдсэн. Гэвч мань хүн хэт олон бизнес рүү нэгэн зэрэг орж, Олоон-Овоот, уул уурхай энэ тэр гээд даах, даахгүй олон ачаа үүрсэн байх. Гэхдээ үнэн юм үнэнээрээ сайхан. Батхүү гэмт хэрэг үйлдсэн, “Эрдэнэт” үйлдвэрийг төлбөрт унагасан гэж нийтээрээ буруутган шуугихаас гадна зөв, зүйтэй хийсэн зүйлийг нь түрүүн нэрийг нь хэлсэн дарга нар маань над шиг бас дурдах ёстой, хальтирсан дээр нь түлхэх биш, татах ёстой болов уу гэж бодож байна. Хүн ёсны харьцаа юм даа. 

-Одоо өөр сэдэв рүү оръё. Таныг Элчин сайдаас эгүүлэн татах саналаа Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-д наадмын дараа хүргүүлсэн. Саналаа хүргүүлээд долоо хоноогүй байтал ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө та өөрөө өгсөн. Асуудал шат шатандаа яригдаж амжаагүй байхад өргөдлөө өгөх ямар учир шалтгаан байв аа. Бууж өгч байгаа юм уу, эсвэл эгдүүцэл, эсэргүүцлээ илэрхийлж байгаа хэлбэр үү?

-Элчин сайдыг томилох, татах асуудлыг төрийн дээд гурван  байгууллага шийддэг. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гурав. Шинэ Ерөнхийлөгч байр сууриа илэрхийллээ. Элчин сайд надтай хамтарч ажиллахгүй гэлээ. Миний хувьд бол асуудал тодорхой болсон. Төрийн дээд гурван байгууллагын хоёрыг нь төлөөлөөд нэгийг нь төлөөлөхгүй сууна гэлтэй биш. Бас өөр нэг өнцөг байсан. Манай гадаад бодлогын тогтсон ёсоор ИБУИНВУ-аас гадна би Ирланд, Исланд улсад Элчин сайдыг давхар хаших хуваарьтай. Гэтэл энэ хоёр улсад очиж ч амжаагүй байдаг. Тэнд очоод төрийн тэргүүнд нь барих учиртай итгэмжлэх жуух бичгүүд маань түрүүчийн Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй. Хамтарч ажиллахгүй гээд байгаа шинэ Ерөнхийлөгчөөс гарын үсэг гуйлтай биш.  Тэгээд л өргөдлөө өгсөн. Тэрнээс биш, бууж өгөөд юм уу, эсэргүүцээд байсан явдалгүй. Ажлаа үргэлжлүүлэх бололцоогүй болсон бодит байдлаа бодитоор үнэлсэн гэх үү дээ. Тэгээд ч юм тодорхой байх нь дээр. Тодорхойгүй байдалд би дургүй.

-Таны өргөдлийг одоо эцэслэн шийдсэн үү?

-Би өргөдлөө Засгийн газарт гаргасан. Намайг Элчин сайдад санал болгож батлуулсан байгууллага учраас. Өнгөрсөн оны эцсээр Засгийн газар хуралдаад намайг эгүүлэн татах шийдвэрээ гаргасан. Энэ шийдвэр нь УИХ, Ерөнхийлөгч гэх хоёр институцээр орж эцэслэгдэх биз.

-Ерөнхийлөгч Х.Баттулга таныг яагаад Элчин сайдаас эгүүлэн татах болсон юм бол. Ер нь та хоёр уулзсан уу.  Та хоёрыг нэг Засгийн газарт хамт ажиллаж байсан, эр улсын сайхан харилцаатай гэдэг юм билээ. Бас “Миний хамт ажиллаж байсан гурван Ерөнхий сайд нар дотроос С.Баяр нь дээр. Асуудлыг алсаар нь, томоор нь харж чаддаг, түс тас шийддэг” гэсэн утгатай ярилцлага Х.Баттулга Ерөнхийлөгч өөрөө өгсөн байдаг ?

-Ерөнхийлөгч Х.Баттулгатай бол би уулзаагүй. Харин иргэн Х.Баттулгатай жилийн өмнө Лондон мордохынхоо өмнө уулзаж байсан. Бид хоёрыг тээр жил Шадар сайд асан Б.Энэбиш дарга танилцуулж байсан санагддаг. Тэрнээс хойш чиний сая томъёолж хэлснээр “эр улсын сайхан харилцаатай” бараг 30 жил болжээ. Намайг Элчин сайдаас эгүүлэн татах болсон цаад шалтгааныг нь мэдэхгүй юм. УИХ-д хүргүүлсэн гэх тэр бичгийг нь би үзээгүй. “Элчин сайд атлаа улс төрийн сонгуулийн ажилд оролцсон, улстөржсөн” л гэх утгатай үндэслэл дурдсан байсан гэж сонссон.

-Та бол улс төрийн сонгуульд оролцсон гэдгээ зөвшөөрч байгаа биз дээ?

-Оролцсон нь үнэн юм чинь зөвшөөрөхгүй гээд яах билээ. Элчин сайд бол төрийн тусгай албан хаагч. Улс төрийн сонгуульд оролцож болохгүй. Болохгүй юм хийснээ би ч мэдэж байгаа, мэдье гэсэн улс нь ч мэдэж байгаа. Хуульд хазгай юм хийж чадсан бол арыг нь бас дааж чадах ёстой. Өргөдлөө өгсөн бас нэг учир шалтгаан маань энэ. Гэхдээ энэ дашрамд хэлэхэд, намайг “улстөржсөн” гэж буруушаасан улс өөрсдөө байнга л “улстөржиж, намчирхаж” яваа харагдах юм. Сонгуулийн кампанит ажил одоо хэр нь үргэлжилсээр байгаа юм шиг анзаарагдах юм.

-Ерөнхийлөгч Х.Баттулгатай та уулзаагүй гэлээ. Элчин сайд хүн нутагтаа ирээд томилсон газраараа орж ажлаа тайлагнах ёстой, тийм дүрэм журамтай  биз дээ?  

- Тийм журам бий. Тэрний дагуу ирснээ мэдэгдээд, уулзах цаг төрийн гурван өндөрлөгөөс бүгдээс нь хүссэн. Ерөнхий сайдтай бол уулзсан. УИХ-ын дарга томилолттой яваа, ирээд уулзана гэдгээ надад хэлүүлсэн.  Ерөнхийлөгчөөс хариу аваагүй л байна.

-Сонгуулиар сайн нөхөд хүртэл хоёр тийш салдаг явдал бий л байх. Гэхдээ Ерөнхийлөгч та хоёр үнэхээр эр улс шиг харилцаатай явсан юм бол уулзаад бас эр улс шиг түс тас шийдчихэж болоогүй юм уу.  Өөрөө намын гишүүн байсан, намынхаа төлөө явж байсан хүн насаараа намынхаа төлөө явсан таныг бас ойлгох байсан байлгүй дээ?

-Би ийм юм яриад явах хүн биш ээ. Улс төр бол улс төр. Эр улсын харилцаа бол эр улсын л харилцаа. Улс төрд энэ харилцаа нөлөөлөх ёсгүйтэй адил эр улсын харилцаанд ч улс төр нөлөөлөх ёсгүй гэж боддог.

-Гэхдээ та хууль зөрчсөн үйлдлийн үр дагавар яаж ирэхийг хэнээс ч илүү мэдэх учиртай хүн. Мэдсээр байж  хууль зөрчсөн ийм үйлдэл яагаад хийсэн юм бэ?

-Тэр тухай одоо яриад яах билээ. Оролцох ёстой гэж үзсэн учраас л сонгуулийн ажилд оролцсон. Одоо сонгууль дууссан.

-Та Элчин сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр улс төрийн тэтгэвэртээ гарч байна гэж ойлгож болох уу. Таныг бол   улс төрөөс хэзээ ч явахгүй хүмүүсийн нэг гэж зарим хүн хэлдэг?

-“Улс төрийн тэтгэвэр” гэж яг юу хэлж байгааг чинь би мэдэхгүй байна. Би одоо улс төрч биш, улс төрд өөрийн төлөө, өөрийн биеэр оролцоогүй удаж байна. Сонгуулийн том, жижиг тойрогт нэр дэвшиж, сайд дарга хийнэ гээд явахгүй гэдгээ эрт дээр хэлсэн. Хэлсэн ёсоороо л явж байгаа, цаашдаа ч явна. Гэхдээ хүнд бас өөрийн бодол, итгэл үнэмшил гэж байна. Тэрнийхээ дагуу намын журмын нөхөддөө тус дэм болохыг хичээсээр ирсэн, цаашдаа ч хичээнэ. Элчин сайдаар томилогдсон маань миний хувьд төрийн албаны эцсийн томилгоо болсон биз. Одоо эхлээд Элчин сайдын албаа хүлээлгээд өгөөд орхие. Тэрний  дараа “улстөржөөд, намчирхаад” явахад ч надад хориг саад байхгүй.

-Та мэргэжлийн дипломатч хүн биш хэрнээ ОХУ, ИБУИНВУ гэж  хоёр ч улсад Элчин сайдаар томилогдож ажиллажээ. “Мэргэжлийн бус хүн дипломат ажилд томиллоо” гэх шүүмжлэл байнга гарч байдаг. Энэ талаар таны бодол?  

-Дипломатч бол нарийн мэргэжил. Дипломат ажлыг энэ чиглэлийн мэргэжлийн хүн хаших ёстой гэсэн ерөнхий зарчим, шаардлага бол зөв. Гэхдээ гадаад бодлогоо хэрэгжүүлэх явцад улс төрийн аргаар шийдэх асуудал цөөнгүй гардаг. Жишээ нь, намайг ОХУ-д Элчин сайдаар томилохдоо хоёр орны харилцааг идэвхижүүлэх, их өрийн асуудлыг шийдэх хоёр том зорилт тавьсан. Эдгээр том зорилтыг дан ганц дипломат аргаар шийднэ гэвэл хүндрэлтэй. Улс төр, дипломат, хувийн харьцааны гээд байдаг бүх аргаа л дайчлах хэрэгтэй.    

-Таныг ИБУИНВУ-д томилохдоо ямар зорилт тавьж явуулсан бэ?

-Би тун сонирхолтой, огцом эргэлтийн үед нь тийшээ томилогджээ, уг нь.  Их Британи улс Европын холбооноос гарах буюу товчоор Брекзит гэх үйл явц өрнөж эхэлсэн байсан. Хөндлөнгөөс харж байгаа бидэнд Брекзит бол сонин үйл явц. Харин тэдэнд бол хүнд хэцүү даваа болж байна. Сүүлийн 40 гаруй жил Европын орнуудтай тогтоосон бүх харилцаа, сүлбээгээ таслахыг нь таслах, өөрчлөхийг нь өөрчлөх хэрэгтэй. Тиймээс тэд шинэ боломж, хамтын ажиллагааны шинэ чиглэл идэвхтэй хайж эхлэв. Энэ нь бидэнд ч шинэ боломж бололцоо нээж магадгүй юм. Ийм бололцоог судлах, ашиглах зорилт тавигдсан.

-Та Ерөнхий сайд байсан хүн. Ийм хүн Элчин сайдаар ажиллахад давуу тал гэж байсан уу?

-Тэндэхийн дээд, дунд зиндааныхтай уулзах, санал солилцох, ажил ярих, хөөцөлдөх зэрэгт урьд хашиж байсан ажил маань дөхөмтэй байсан. Ерөнхий сайд байсан хүнд хандах хандлага арай  өөр л дөө.   

- ИБУИНВУ-д дуусгаагүй үлдсэн ажил бий юү ?

-Ажил дуусна гэж байхгүй, улам л ундарч байдаг. Цаг үе, нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байна. Энэ нь шинэ бололцоо, бас шинэ бэрхшээл нэг багцад авчирдаг. Урдахыг нь ашиглах, удаахыг нь тойрох дээр ухаан зарах хэрэгтэй. Брекзиттэй холбоотойгоор хоёр орны харилцааг хөгжүүлэх шинэ бололцоо хайх зорилтын тухай би ярьсан. Тийм бололцоо бол байна. Ялангуяа эрчим хүч, дэд бүтэц, шинжлэх ухаан боловсролын салбарт. Жишээ нь, 1,2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж “Шивээ Овоо” дээр цахилгаан станц барих төсөл бэлэн болсон байгаа. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Гэхдээ одоо би биш, миний дараагийн хүн хэрэгжүүлэх биз.

- Та сая өөрийгөө би улстөрч биш гэлээ. Тэгвэл ер нь  улстөрч гэж хэнийг хэлдэг юм бэ, таныхаар бол ?

-Улс төр судлалын шинжлэх ухаанд энэ сэдвээр овоолоостой олон ном байдаг. Тэнд оновчтой оновчгүй, үнэн худал, инээдтэй марзан үй олон тодорхойлолт бий. Тэр бүхнийг тоочоод барахгүй. Нийтлэг талаас нь үзвэл, улс төрийн эрх мэдлийн төлөө тэмцэж яваа хэнийг ч “улстөрч” гэх гээд байдаг. Энэ үүднээс үзвэл, УИХ бүү хэл, сум, баг, хорооны төлөөлөгчдийн хуралд өрсөлдөгч бүр “улс төрч” мөн болох нь.

- Тэгвэл та цаашдаа эрх мэдлийн төлөө явахгүй, тэмцэхгүй гэж байгаа учраас учраас өөрийгөө одоо “улс төрч биш” болсон гэж хэлж байгаа юм уу ?

- Тийм ээ. Би одоо улс төр судлаач гэх ангилалд шилжсэн.

-Та Ж.Батзандан гишүүнд бичсэн ил захидалдаа “Улстөрч өөртөө, чоно бусдад том харагддаг” гэсэн үг оруулсан байсан. Энэ зүйрлэлийг та улс төр судлалын тэр олон номноосоо үзсэн үү?

-Үгүй, үүнийг би номноос олоогүй. Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуайн амнаас сонссон. Тээр жил төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орсон бид хэд Бээжинд буулаа. Пүрэвдорж гуай тэгэхэд дипломатч эхнэрээ дагаад Бээжинд оччихсон, тэндхийн Элчин сайдын яамны аж ахуйг хариуцаж байсан үе. Бид яамны хашаан дотор сүүдэр бараадан сууж байтал нэрийг нь хэлээд яах вэ, УИХ-ын нэг залуу гишүүн  гаднаас орж ирж харагдсан. Тэр нөхрийн алхаа гишгээ, харцны тавилт энэ тэр бас ч гэж сүрлэг бөгөөд чухал байсан шүү. Тэгтэл Пүрэвдорж гуай “Хөөрүү улстөрч өөртөө, хээрийн чоно бусдад том харагддаг” гэж намуухан дуугаар хэлж билээ. Бид бүгд элгээ хөштөл инээсэн. Наанаа инээдтэй, цаанаа сургамжтай үг. Биднийгээ ч давхар хатгаад, хүмүүжүүлж байгаа нь тэр. Би түүний хэлснээс нь тодотголын чанартай хоёр үг хасаад захиандаа хавчуулсан санаатай. Хүн хэт гомдоогоод яах вэ гэж бодоод. Ер нь Пүрэвдорж гуай улстөрчдийг, сайд дарга нарыг байнга элэглэнэ. Нэг удаа, “Хөөе, нөхөд өө, УИХ-ын гишүүдийн халдашгүй байдал ч яах вэ. Олдошгүй байдлыг нь харин нь яалтай билээ” гэж уулга алдаж байсан. Хурал, чуулганы ирцийн асуудал 20 жилийн тэртээ ч зовоодог байсан үе. Одоо ч гэлээ цагаа олсон үг байгаа биз? Пүрэвдорж гуай хүн дооглохдоо гарамгай ах байсан шүү. Тасхийтэл, оройд ортол хэлсэн түүний үг олон байдаг (инээв).

- Жишээ нь, өөр ямар?

- За байз, жаахан бодъё. Аа тийм, юм юмны түрүү магнайд харагдах гэсэн, заавал гол дүрийн баатар байх гэсэн дэнхэлзүүр хүнийг элэглэж байсан нь санагддаг. “Найр болгоны даамал нь, хурим болгоны хүргэн нь, оршуулга болгоны талийгч нь болох гэх хэрэггүй юм, уг нь…” гэж байж билээ. За за, хоёулаа ингэсгээд болох уу, бүр хадуураад явчихлаа (инээв).  

-Та нэгэнт төрийн тусгай алба хашиж байхдаа улс төрийн сонгуульд оролцсоноо хүлээн зөвшөөрлөө,  бас албанаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх шалтгааны нэг нь хууль зөрчсөн энэ явдлын маань хариуцлага гэж тодотголоо. Бас Элчин сайдын албанаас чөлөөлөгдөхөөр улс төрд харшлах зүйлгүй болно гэлээ. Тэгэхээр сонгуулийн тухай ганц нэг зүйл асууя. Та М.Энхболд даргын сонгуулийн штабт, сонгуулийн яг ямар ажилд чухам яаж оролцсон юм бэ?

-Сүүлийн хоёр том сонгуулийн ажилд би оролцож намын нөхөддөө тусалсан. Нэг сонгууль нь амжилттай, нөгөө нь амжилтгүй болсон. Сонгууль бол хамтын том нүсэр ажил. Алдсан ч, оносон ч хамтдаа. Гэхдээ сонгуулийн гол судсыг намын удирдлага л гартаа барьж, гол ажлыг зохион байгуулж удирддаг. Намын удирдлага биш хүн хөндлөнгөөс энэ ажлыг удирдах боломжгүй. Хөндлөнгөөс зөвлөх, туслах л боломжтой. Сонгууль удирдана гэдэг бол бартаат замаар хурдтай яваа машиныг жолоодохтой адил. Удирдана гэдэг бол урд нь сууна, жолоо барина гэсэн үг. Чи бод доо, бартаат замаар жолоо барихад яадаг билээ. Зам дээр таарах тэр олон онхол донхлыг яаж гаргахыг жолоо барьж яваа хүн л мэднэ. Донхлын тоогоор хажуунаас нь зөвлөгөө өгөх, өмнөөс нь жолоодох арга байхгүй. Сүүлийн сонгууль амжилтгүй болсон учраас алдааг өөрөөсөө зайлуулж байгаа юм биш. Амжилттай болсон урьдах сонгуульд ч энэ нь бас хамаатай.

- Ерөнхийлөгчийн сонгуулиар танай нам ялагдсан шалтгаан юу байсан гэж та үздэг вэ?

- Ялалтын ч, ялагдлын ч  шалтаг, шалтгаан нь тэр байна гээд ганц нэг юм онцлох боломжгүй. Хоорондоо хэлхээ, уялдаатай маш олон хүчин зүйл үйлчилдэг. Тэр бүхнийг тоочих аргагүй. Тэгээд ч энэ тухай одоо яриад яах билээ.

-МАН нэр дэвшигчээ буруу сонгосон нь ялагдалд хүргэсэн гэж зарим хүн хэлдэг, та санал нийлдэг  үү?

-Санал нийлэхгүй ээ. Харин ч зөв хүнээ нэр дэвшүүлсэн гэж боддог.  М.Энхболд даргыг улс төрийн намын дарга, улсын Ерөнхий сайд хийхэд нь  зарим үед хурд дутдаг, асуудлыг олон талаас нь хэт удаан судалдаг, боддог, шийддэг гэх шүүмжлэл байдаг байсан. Харин Ерөнхийлөгчийн ажлыг энэ хүн бүрэн хангалттай хийж чадна, төрийн тэргүүн, эв нэгдлийн баталгаа байж чадах түүний төрөлхийн зан төлөв, савлаад, туйлшраад байдаггүй, аливаад хүлээцтэй ханддаг, шийдвэр яаран гаргадаггүй ааш авир энэ албанд яг таарна гэж үздэг хүмүүстэй би санал нийлнэ. Тэгээд ч М.Энхболд дарга Ерөнхийлөгчөөр сонгогдвол намаасаа, намын даргын албаасаа түдгэлзэх ёстой болно. Ингэснээр манай намд удирдлагын дараа үе жамаараа, хувьсгалаар биш хувьслаар гарч ирэх боломжтой болно гэж үздэг байсан хүмүүстэй би бас санал нийлнэ. Гэхчлэн олон зүйл ярьж болно л доо. Одоо энэ талаар ярих нь илүүц юм. За ингээд хоёулаа өндөрлөе. Олон сэдэв холих нь тусгүй, бантан зуурах гэсэнтэй адилхан гэчихээд бүгдийг нэг ярилцлагад багтаах гэх нь дэмий бөгөөд боломжгүй юм уу даа.  Өөр бусад сэдэв байгаа бол дараа дахин ярилцъя.

-Ярилцсанд баярлалаа. Таныг дараагийн ярилцлагын маань урилгыг хүлээж авсан гэж ойлголоо, зөв үү?

-Асуудал алга, би өгнө өө. Одоо бол дуусгая.

Эх сурвалж: Itoim.mn Г Отгонбаяр

Монгол эрэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримтууд
Монгол эрэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримтууд
 
Путины 5 генерал шоронгийн хаалгаар оров
Путины 5 генерал шоронгийн хаалгаар оров
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Путины 5 генерал шоронгийн хаалгаар оров

Путины 5 генерал шоронгийн хаалгаар оров

Сонгуулийн дараа манай улсын эдийн засаг уналтад орох уу?!

Сонгуулийн дараа манай улсын эдийн засаг уналтад орох уу?!

Галын хохирогчид: Шатсан байраа хүүхэд өдөр бүр харсаар сэтгэл санааны хямралд орчихсон

Галын хохирогчид: Шатсан байраа хүүхэд өдөр бүр харсаар сэтгэл санааны хямралд орчихсон

С.Баярцогтыг шүүхийн шийдвэрээр “лист № 9”-д бичвэл Х.Тэмүүжин хаачих вэ?!

С.Баярцогтыг шүүхийн шийдвэрээр “лист № 9”-д бичвэл Х.Тэмүүжин хаачих вэ?!

Цэдэнбалын МАН коммунист байсан бол одоогийн МАН авлигын нам

Цэдэнбалын МАН коммунист байсан бол одоогийн МАН авлигын нам

Ли Син Жэ: БНСУ-ын Е9 виз илүү удаан хугацаанд албан ёсоор ажиллах боломж олгодог

Ли Син Жэ: БНСУ-ын Е9 виз илүү удаан хугацаанд албан ёсоор ажиллах боломж олгодог

Судлаач Ганаа: Шүүр унасан шулмын үлгэр оршвой...

Судлаач Ганаа: Шүүр унасан шулмын үлгэр оршвой...

Б.Батбаатар: АН нам шиг нам болохын тулд дахиад 5-8 жил хэрэгтэй

Б.Батбаатар: АН нам шиг нам болохын тулд дахиад 5-8 жил хэрэгтэй

“Би эдийн засгийн тооцооллыг тийм өөдрөг гаргадаг хүн биш“

“Би эдийн засгийн тооцооллыг тийм өөдрөг гаргадаг хүн биш“

“Их-7”: Европт “гацсан“ ОХУ-ын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ

“Их-7”: Европт “гацсан“ ОХУ-ын хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ

Баабар: Эхний товч зөрвөл үлдсэн нь бүгд буруу

Баабар: Эхний товч зөрвөл үлдсэн нь бүгд буруу

Монголын улстөрчид шунал шүглэсэн “чөтгөр, шуламнууд” болчихоод зовоож байна

Монголын улстөрчид шунал шүглэсэн “чөтгөр, шуламнууд” болчихоод зовоож байна

Л.Оюун-Эрдэнийн буруудсан нүүдэл-1: ₮22 саяын орлогоосоо 27 дахин их мөнгөтэй “сейфний эзэн“ Н.Хүрэлбаатар

Л.Оюун-Эрдэнийн буруудсан нүүдэл-1: ₮22 саяын орлогоосоо 27 дахин их мөнгөтэй “сейфний эзэн“ Н.Хүрэлбаатар

МУГТ Э.Цэндбаатар маргааш олимпын эрхийн төлөө тулалдана

МУГТ Э.Цэндбаатар маргааш олимпын эрхийн төлөө тулалдана

АН-ын “асуудал” алга таших явдал мөн үү?!

АН-ын “асуудал” алга таших явдал мөн үү?!

Т.Наранбат: Нам, эвсэл санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно

Т.Наранбат: Нам, эвсэл санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно

Хуульч Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Бат-Эрдэнэ гишүүний шахалтаар 400 автобусны шууд худалдан авалтыг хийлгэсэн

Хуульч Д.Мөнх-Эрдэнэ: Ж.Бат-Эрдэнэ гишүүний шахалтаар 400 автобусны шууд худалдан авалтыг хийлгэсэн

Б.Хурц О.Баасанхүүг тойргоо өгөхийг шаардан дарамталжээ

Б.Хурц О.Баасанхүүг тойргоо өгөхийг шаардан дарамталжээ

Д.Баярхүү: Хэтрүүдорж

Д.Баярхүү: Хэтрүүдорж

Баабар: Хурцыг өмгөөлөх нь

Баабар: Хурцыг өмгөөлөх нь

Н.Өнөрцэцэг АН-ын гишүүн боллоо

Н.Өнөрцэцэг АН-ын гишүүн боллоо

“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монголд бүх баялаг буй, Монгол хүнд их хүч буй, гагцхүү сайн удирдагч алга...

Монголд бүх баялаг буй, Монгол хүнд их хүч буй, гагцхүү сайн удирдагч алга...

Холбон тоглогч

Холбон тоглогч

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг томиллоо

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Х.Нямбаатарыг томиллоо

Б.Энхбаяр: намууд жагсаалтын эхний таваа 10-15 тэрбумаар зарж байгаа мэдээлэл бий

Б.Энхбаяр: намууд жагсаалтын эхний таваа 10-15 тэрбумаар зарж байгаа мэдээлэл бий

Ц.Элбэгдорж: Би Монголдоо очно...

Ц.Элбэгдорж: Би Монголдоо очно...

Монголын төр алуурчинтай хамсах хүртлээ уруудлаа

Монголын төр алуурчинтай хамсах хүртлээ уруудлаа

Н.Энхбаяр: Шударга ёсыг сэргээе гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжихээс өөр аргагүй

Н.Энхбаяр: Шударга ёсыг сэргээе гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжихээс өөр аргагүй

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​