fbpx Д.СУМЪЯАБАЗАР: ОЮУ ТОЛГОЙН ТӨСЛИЙГ ЗОГСООНО ГЭЖ МУНХАГЛАЖ БОЛОХГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
26 минут 43 секунд

Д.СУМЪЯАБАЗАР: ОЮУ ТОЛГОЙН ТӨСЛИЙГ ЗОГСООНО ГЭЖ МУНХАГЛАЖ БОЛОХГҮЙ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа.


-Манай уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт орж ирэх хандлага байна уу. Өнгөрсөн долоо хоногт болсон хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үр дүнгийн талаар эхлээд сонирхуулахгүй юу?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготой болж өнгөрсөн энэхүү хуралд нийтдээ гадаад, дотоодын 130 гаруй аж ахуйн нэгж, ТББ, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд оролцсон. Монгол Улсын хувьд уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа нь ихэвчлэн улирлын чанартай байдаг шүү дээ. Энэ үүднээс хуралд ирсэн зочид, төлөөлөгчдөд Засгийн газар бодлого, үйл ажиллагаагаа танилцуулж, мэдээ мэдээллээр хангахад чиглэсэн. Цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд эрх зүйн орчноо маш тогтвортой байлгах, түүнтэй уялдаад төрийн бодлого нь тогтвортой байх ёстой.Түүнчлэн салбар хоорондын уялдааг хангаж, үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай. Гадаад, дотоодын төлөөлөгчид Монгол Улсын бодлого үйл ажиллагааны талаарх мэдлэгээ зузаатгаж, ойлголтоо зөв болгож чадсан гэж энэхүү хурлын үр дүнг дүгнэж байна.

-Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа шалтгаан нь эрх зүйн орчин таатай бус, ойлгомжгүй гэсэн тайлбар байдаг. Ер нь улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашиг түгжээд байдаг юм биш үү?

-Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бид өргөн хүрээнд харж үзэх ёстой. Хөрөнгө оруулалтын орчин гэдэг бол урт удаан хугацаандаа тогтвортой байх, үйл ажиллагаагаа жигдлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд оршино. Мөн тухайн улс орондоо тогтвортой үйл ажиллагаа явуулснаар ашиг орлого, ажлын байр, иргэдийн орлого нэмэгдэх, улс орны төсөв санхүү, макро эдийн засгийн түвшнийг сайжруулах зөв зүйтэй үр дагаврыг дагуулдгаараа гадаадын хөрөнгө оруулалт чухал. Бид хөрш зэргэлдээ улс орнуудаа харах ёстой. БНХАУ 1978 оноос гуравдагч хөрш орнуудад нээлттэй бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн. Тэр цагаас хойш 40 жил гадаадын хөрөнгө оруулалтыг татсан тогтвортой бодлогыг явуулж байна. Гэтэл бид дөрөвхөн жил гадаадын хөрөнгө оруулалтын орчноо тогтвортой байлгаж чадахгүй байна. Тэгэхээр төрийн бодлого шийдвэр гэдэг бол урт хугацаандаа үр дагавараа авчрах, үр өгөөжөө олон түмэндээ хүртээмжтэй,тэгш байдлаар хүртээх, ажлын байраа хадгалж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгох ёстой. Иймд тогтвортой хөрөнгө оруулалт, гаргасан шийдвэртээ хүрдэг хөгжлийн бодлого хэрэгтэй байна. Манай улс 28 жилийн хугацаанд нийтдээ 460 орчим хөгжлийн бодлого гаргасан байдаг. Энэ гаргасан бичиг баримт, бодлогоороо бол манай улс өнөөдөр хөгжилтэй 50 улсын тоонд орчих цаг хугацаа байлаа. Одоо бид хаана байна вэ. Гадаадын хөрөнгө оруулагчдад таатай байх, тэднийг үйл ажиллагаа явуулахад нь боломжит нөхцөл бүрдүүлэх нь юу юунаас чухал. Гэхдээ хөрөнгө оруулалт гэдэг бол аль нэг талын шахалт тулгалт, хэн нэгэнд ашигтай байдлаар явна гэсэн үг биш. Талууд эрх ашгаа эн тэнцүү байдалд аваачих ёстой. Хэн нэгний турхиралт сонирхлоор биш, алсыг харсан хөрөнгө оруулалтын гэрээгээ хийх хэрэгтэй.

-Таны хувьд энэ салбарыг аваад хагас жилийн нүүр үзэх гэж байна. Өмнө тогтсон алдаатай бодлогуудыг зөв голдрилд нь оруулахын тулд ямар ажлуудыг хийж байна вэ?

-Хийнэ, бүтээнэ гэдэг сэтгэлээр ажлаа авсан. Одоо ч бодол маань хэвээрээ зүтгэж байна. Ер нь уул уурхайн салбарын алдаатай бодлогыг засна гэдэг бол Засгийн газар, Их хурлын түвшинд хийгдэх ёстой ажил. Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь, уул уурхайн бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь гадагшаа гарч байгаа. Ингээд харахаар Монгол Улсын эдийн засаг яах аргагүй энэ салбараас бүрэн хамааралтай. Энэ хамаарлаас гарахын тулд өөр салбарыг хөгжүүлэх ёстой. Гэхдээ эхлээд энэ салбараа зөв болгож байж, бусад салбараа дэмжсэн бодлого явуулах хэрэгтэй. Эдийн засгийн гол тулгуур салбар нь зөв зам дээр гараагүй байхад бусад салбарыг дэмжиж хөгжүүлнэ гэдэг юу л бол. Тэгэхээр уул уурхайн салбарыг маш цэгцтэй, ойлгомжтой, хариуцлагатай, сахилга баттай, ил тод нээлттэй болгохын тулд бүх хүчээ дайчлан УИХ, Засгийн газар хамтдаа ажиллах хэрэгтэй байна.

-Том төслүүдийг яаж хөдөлгөх вэ?

-Оюутолгой, Эрдэнэт, Тавантолгой, ураны төслүүд байна. Мэдээж хамгийн том төсөл нь Таван толгойн орд. Бусад хүрэн нүүрсний ордууд ч байгаа. Манай улсын нүүрсний нөөц ойролцоогоор 130 орчим тэрбум тонн гэсэн таамаг судалгаа байдаг. Одоогоор ТОД байгаа нь Таван толгойн нүүрсний бүлэг орд. Хуучин ЗХУ-ын геологичид, манай улсын геологичдын хамтарсан эрэл хайгуулын судалгаагаар 5.1 тэрбум тонын нөөцийг улсын нөөцийн санд бүртгэж авсан. Хэдэн жилийн өмнө олон улсын мөрдлөгө болгодог JORC стандарт руу хөрвүүлснээр Таван толгойн нүүрсний нөөц ойролцоогоор 7.4 тэрбум тонноор шилжиж бүртгэгдсэн байгаа. Өнөөгийн байдлаар Таван толгойн бүлэг ордоо манай улс иж бүрнээр нь нээж, нөөцөө хараахан бүрэн тогтоож амжаагүй байна. Өнгөрсөн жил Таван толгойн бүлэг ордод хамаарах Бор тээгийн орд дээр нөөц тогтоох хайгуулын ажлын үр дүн эерэг сайн мэдээ гарсан. Энэ нь чанарын хувьд Таван толгойн Зүүн цанхи Баруун цанхиас илүү нүүрс илэрч гарч ирсэн. Геологи хайгуулын ажилдаа Эрдэнэс Таван толгой компани жил бүр 4-5 сая доллар зарцуулдаг. “Эрдэнэс Таван толгой”-н нийт хувьцаа эзэмшигчид нь манай ард иргэд, Монгол Улсын төр. Тиймээс Таван толгойн бүлэг ордыг аль нэгэн улсад юмуу,компанид давуу эрх олгосон байдлаар шийдэж хэрхэвч болохгүй. Иймээс бид одоо байгаа нөхцөлөө улам сайжруулж, хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа худалдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Таван толгойн Зүүн цанхийн орд дээр 2010 оноос хойш манай улстай хамтарч ажиллаж байгаа өмнөд хөршийн аж ахуйн нэгжүүд байгаа шүү дээ.

БНХАУ болон ОХУ-тай бид зөв ойлголцож, худалдааны гэрээ болон тээвэрлэлт, олборлолт, борлуулалт дээрээ нөхцөлөө улам сайжруулаад үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх сонирхолтой байгаа. Баруун цанхийн орд дээрээ олон улсын хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгох ажлыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн дотоодын биржийн үйл ажиллагаагаа дэмжиж, хуулинд заасны дагуу тодорхой хувийг нь гаргах,түүнчлэн олон улсын санхүүгийн төв болох Нью-Иорк болон Торонто, Лондон, Хонгконгийн хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгох ажлуудыг эрчимжүүлж эхлүүлэхийг цаг хугацаа биднээс шаардаж байна. Ингэснээрээ Эрдэнэс Монгол болон түүний охин компаниудын стандарт, компанийн засаглал, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хариуцлагатай, чадвартай болно гэж үзэж байна. Бид эхний ээлжинд иргэн бүрт ногдох Эрдэнэс Монголын давуу эрхийн таван сая ширхэг хувьцааг бүртгэх хэрэгтэй. “2031-2032 онд Монгол Улсын иргэн таван сая болохоор статистик гарсан байгаа”. Дараагийн ээлжинд 1072 ширхэг хувьцаа буюу Таван толгойн нийт хувьцааны 14.75 хувийг иргэд эзэмшиж байгаа. Үүнийг баталгаажуулж, бүртгэх ажил хийгдсэн. Эрдэнэс Таван толгойн нийт 15 тэрбум ширхэг хувьцаа болон түүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө 11.9 их наяд төгрөг бүртгээд авчихсан байгаа. Салбарын сайдын хувьд Таван толгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр сүйхээтэй, хурдтай, мэдрэмжтэй хандахгүй бол дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ ханш биднийг хүлээхгүй. Иймд цаг үеээ овсгоотой ашиглаж, орлогоо нэмэгдүүлэх ажлыг богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ёстой гэж үзээд төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.

-Таван толгойн бүлэг ордын хувьцааг олон улсын санхүүгийн зах зээлд хэдийнээс гаргаж эхлэх вэ?

-Эхний шатанд бэлтгэл ажлыг хангах цаг хугацааны хуанли зургадугаар сарын 30, хоёр дахь бэлтгэл ажлыг хангах цаг хугацааны хуанли есдүгээр сарын 30, гуравдах бэлтгэл ажлыг хангах цаг хугацааны хуанли арваннэгдүгээр сарын 20 гэсэн тодорхой хугацааг зоогоод бэлтгэл ажилдаа орсон. Энэ хугацаандаа бүх ажлуудаа бүрэн амжуулж хийхээр зорьж байна.

-Манай улс далайд гарцгүй. Нүүрсээ гаргах ганц л сувагтай байна. Экспортлох урсгалаа нэмэгдүүлэхийн тулд төмөр зам тавина гэж олон жил ярилаа. Та үүнийг ажил хэрэг болгох уу?

-Таван толгой-Сайншанд, Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам бүрэн утгаараа хэрэгжиж, үйл ажиллагаа нь эдийн засгийн эргэлтэд орох шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн хүчитгэсэн авто зам, Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Оюу толгой-Ханги-Мандал зэрэг төмөр зам, авто замын трансуудыг Зам тээвэр хөгжлийн сайдтайгаа ярилцаж, бодлогод нь уяж, хийж хэрэгжүүлэхийг кабинетийн гишүүний хувьд санал болгож байгаа.

-Ерөнхий сайд ирэх сард БНХАУ руу айлчилна. Энэ хүрээнд Таван толгой ямар нэг тохиролцоонд хүрч чадах болов уу?

-Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үедээ Таван толгойн бүлэг ордын төсөл дээр БНХАУ-ын талтай харилцан ашигтай хамтын ажиллагааны тохиролцоонд бүрэн хүрч чадна гэдэгт салбарын сайдын хувьд итгэж байгаа.

-Оюу толгой төслийг зогсооё, татан буулгая гэж ярьцгаах юм?

-Талууд харилцан үүрэг хүлээж, гэрээ байгуулсан. Тиймээс үүргийнхээ хүрээнд үйл ажиллагааныхаа уялдаа холбоог хангаж, төслийн үр ашигтай байдлыг сайжруулах тал дээр хоёр талаас ажлын хэсэг гараад хэлцэл хийн ярилцаж байгаа. Энэ гэрээг цуцлах ёстой гэж мунхагийн чанартай зүйл ярьж болохгүй. Хүний мөнгийг авчихаад ичихгүй ийм юм яриад зогсоно гэдэг бизнесийн соёл бүү хэл, хувь хүний бүдүүлэг алдаа. Мэдээж, эх орныхоо язгуур эрх ашгийг бодож байгаа бол Оюу толгой төслөөс орж ирж байгаа өгөөжийг тооцож, хөрөнгө санхүүг мэдэж байж дуугарах ёстой. Зардлыг бууруулах, орлогыг нэмэгдүүлэхийг хүн бүр хүсэж байгаа. Оюу толгойн төслөөс хувь ногдсон ашгийг шууд нэг том далайлтаар нэмэгдүүлнэ гэдэг нь бүтэхгүй л болов уу. Рио тинто бизнесийн салбарын хүмүүст байгаа зовлонг нь бид бас ойлгох хэрэгтэй. Оюу толгой төслийг цаашдаа амжилттай хэрэгжүүлье л гэвэл маш сайн нэгдсэн ойлголцолд хүрч цааш явах ёстой. Иймийн тулд Засгийн газар болон хоёр тал ажлын хэсэг гарган талуудын эрх ашгаа эн тэнцүү байдлаар хангахаар ажиллаж байгаа болно.

-Оюу толгойн гэрээг муу болсон гээд л шүүмжлээд байх юм билээ. Таны бодлыг сонсъё?

-Засч залруулах зүйл бол байгаа. Яагаад Оюу толгойн гэрээ нэг талдаа Рио тинтогийн эрх ашиг байх ёстой юм. Энэ төсөл бол Монголын төсөл. Цаашлаад дэлхийн төсөл. Иймийн тулд бидний монголчуудын эрх ашиг бас байх ёстой.

Өнөөдөр бид хүүгийн зардлаа бууруулахаас эхлээд ярилцах асуудлууд нэлээдгүй байгаа. Жишээ нь хувьцаа эзэмшигчдийн зээлийн хүүний зардлыг бид 6.5 дээр нэмэх нь Libor энэ нь ойролцоогоор 8.4 хувийн хүүг хувьцаа эзэмшигчид болон 34 хувь Монгол Улсын Засгийн газар төлж байгаа. Энэ хүүний зардлаа бид тодорхой хэмжээнд буулгах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Цаашлаад Оюу толгой төслийн зардлын хэтрэлтийн асуудал дээр бид ярилцах ёстой. Монгол Улсын хувьцаа эзэмшигчдийн 34 хувийг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүд эх оронч байдлаар ажлаа хийгээсэй гэж салбарын сайдын хувьд хүсэж байна. ТУЗ-ийн гишүүд бол Засгийн газар болон ард иргэддээ болж байгаа бодит мэдээ мэдээллээр хангаж зөвд зөөлөн, бурууд ташуур болж ажиллах ёстой, үүрэг хүлээсэн хүмүүс.

-Оюу толгойн төслийг татан буулгалаа гэхэд мэдээж тэд арбитрт хандана. Өнөөдрийг хүртэл бүтээн байгуулалтад зарцуулсан тэр их мөнгийг манай Засгийн газар төлөх болно. Оюу толгойг зогсоолоо гэхэд бодит байдал дээр яг ямар нөхцөл байдал үүсэх үү. Эрсдэлийг нь хэлж өгөөч?

-Төдийгөөс өдий болтол амжилттай хэрэгжиж байгаа дэлхийн хэмжээний томоохон төсөл зогсоно гэдэг юу л бол. Зогсоох сонирхолтой далдын хүч байгааг анзаарч харж байна. Оюу толгой төсөл бол Монголын төсөл шүү.

-Хувьцаа гэснээс Нью-Иорк, Торонтогийн хөрөнгийн бирж дээр Риотинтогийн хувьцаа нэлээд унасан үзүүлэлттэй харагдана лээ. Энэ нь юуг хэлээд байна вэ. Дээрээс нь С.Баярцогтыг авлига авсан гэх асуудал босоод ирэнгүүт ард түмэн ч Оюу толгой төслийн талаар сөрөг ойлголт авах шиг боллоо?

-Оюу толгой төсөл хэрэгжиж эхэлснээс хойш олон улсын санхүүгийн төв болох хөрөнгийн бирж дээр тус компани нь өөрийн хувьцаагаа гаргаж дэлхийн олон нийтэд нээлттэй, ил тод, хариуцлагатай байдлаар компанийн өдөр тутмын үйл ажиллагаагаа танилцуулах, олон улсын стандарт, дүрэм журмыг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж юм аа. Энэ том төслийг зогсоох, гацаах, гэрээг өөрчлөх талаар яригдаж байгаа мөч бүр та бидний эзэмшиж байгаа хувьцаанд, хөрөнгөнд, компанийн ашиг алдагдалд шууд нөлөөлдөг. Ийм л дүрэм журамтай. Тийм учраас олон улсын хөрөнгийн бирж дээр гарсан төслүүдийнхээ талаар ярьж хэлэхдээ тун болгоомжтой хандаж байгаач ээ гэж хэлмээр байна. С.Баярцогтын асуудлаар яригдаж байгаа зүйлүүд дээр хууль хяналтын байгууллагууд үнэн мөнийг нь тогтооно биз ээ. Үнэхээр авлигал авсан бол харамсалтай байна.

-Та Оюу толгойн төслийг явуулах тал дээр дэмжиж ярьдаг. Харин танай дэд сайд эсрэг байр суурьтай байх юм. Нэг яамны хоёр сайд хоёр тийшээ хараад суучихаар юу болох юм бэ?

-Ер нь шударга бус зүйлд Д.Загджав сайд дургүй. Түүнийгээ шууд ямар нэгэн цензургүйгээр хэлчихдэг зантай хүн. С.Баярцогттой холбоотой үүссэн асуудал дээр уурласан юм шиг байна лээ. Түүнээс яамныхаа бодлогын эсрэг бодол тээхгүй байлгүй дээ.

-Таны санаачилсан Баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газрын түвшинд хэрхэн хүлээж авч байна вэ. Миний санахаар хоёр, гурван удаа танилцуулсан байх аа. Ерөнхий сайдтайгаа энэ асуудал дээр ойлголцож чадахгүй байна уу гэж харагдаад байгаа?

-Манай Ерөнхий сайд баялгийн сангийн асуудлыг 100 хувь дэмжиж байгаа. Миний бие ажил авснаас хойш уул уурхайн салбараас олж байгаа орлогыг иргэддээ хэрхэн тэгш хүртээмжтэй байдлаар хүргэх вэ гэдэг талаар бодлого боловсруулж Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүддээ эхний байдлаар танилцуулаад байгаа. Монгол Улсын Засгийн газар нэгдсэн ойлголт, бодлогод хүрсний дараагаар УИХ дахь намуудын бүлэг болон бие даагч нарт тухайлан танилцуулахаар бэлдэж байгаа. Мөн УИХ-д танилцуулах үүрэгтэй. Дэлхийн олон улсууд баялгийн сангийн талаар арвин их туршлага хуримтлуулсан байдаг юм билээ. Амжилттай хэрэгжсэн хэд хэдэн жишээнүүдийг дурдъя.

Норвегийн сан байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Норвеги улс нийгэм, эдийн засгийн маш хүнд сорилтуудтай тулгарч, давж гарсан байдаг. Гудамжинд нь иргэн хүн нь өлсөж үхэж байсан тохиолдол маш их байсан. Үүнээс нь болоод нэн ядуу Норвеги улсыг Европын холбоонд аваагүй түүх бий. 1968 онд Норвеги улсад бурхан хишгээ хайрласан гэж өөрсдөө ярьдаг юм билээ. Энэ юу болсон бэ гэвэл хойд тэнгисээсээ хийн арвин их нөөцийг илрүүлсэн. Энэ их баялгаа иргэд олондоо тэгш хүртээмжтэй байдлаар хүргэх гэж 1990-ээд оныг хүрсэн юм билээ. Одоогийн бид бүхний нийгмээрээ амсаж байгаа зовлон тэнд байсан юм билээ. Мөн 1980-аад оны сүүлээр нефтийн арвин их нөөцөө бас илрүүлсэн. Ингээд 1990-1996 он хүртэлх хугацаанд баялгийн сантай болох гэж улстөрийн зовлонгуудыг даван туулсан байдаг. 1996 оноос эхэлсэн баялгийн сан 22 жилийн хугацаанд нэг триллион доллар буюу нэг их наяд ам долларт хүрч дэлхийн номер нэг сан болсон. Жилдээ 22-23 хувийн өгөөжтэйгөөр дэлхийн шилдэг 9000 гаруй аж ахуйн нэгжүүдийн хувьцааг эзэмшдэг санхүүгийн асар том байгууллага болсон байна. 9000 аж ахуйн нэгж дотор дэлхийн номер нэг Ap­ple, Microsoft, Nestle, Ama­zon, Facebook гэх мэтчилэн томоохон компаниуд ордог. Эдгээр компани бүрийн 1-2 хувиас хэтрэхгүйгээр хувьцааг нь худалдаж авдаг менежмент явуулдаг. Мөн дэлхийн улс орнуудын Засгийн газруудын найдвартай бондуудыг худалдаж авдаг. Цэвэр ашиг нь зургаан хувь. Энэ нь мөнгөн дүнгээр 60 тэрбум доллар. Үүнийхээ 50 хувийг Засгийн газар нь авч төсөв санхүү болон нийгэм эдийн засгийнхаа үйл ажиллагааг явуулдаг. Өөрөөр хэлбэл нийт нэг триллион долларын сангийн 30 хувь нь Засгийн газруудын бондод, 65 хувь нь 9000 аж ахуйн нэгжүүдийн хувьцааг худалдаж авахад, үлдсэн таван хувь нь хамгийн өндөр үнэтэй байршил сайтай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авахад зарцуулдаг. Жишээ нь Токио, Сингапур, Абу Даби, Нью-Иорк, Лондонгийн үл хөдлөх. Мөн Казакстаны Самурак-Казына хөгжлийн сан байна.

Казахстаны үндэсний хөгжлийн баялгийн сангийн загвар нь бидэнд илүү ойр гэж би үзэж байгаа. Жишээ нь Казакстаны сан болон бидний хийх гэж байгаа сангаас ялгагдах Норвегийн сангийн ялгаа нь, гол хуримтлалыг бий болгогч хүчин зүйл нь хий, газрын тос. Нэг баррель газрын тосыг олборлохдоо ойролцоогоор долоон ам доллар зарцуулдаг. Зарж, борлуулахдаа 70 доллар (одоогийн Нью-Иоркийн хөрөнгийн биржийн ханшаар) хүргэж 10 дахин ашиг хийдэг. Бидний эрхэлж байгаа уул уурхай бол массын уул уурхай. Бид 28 доллараар нүүрс олборлож, тээвэрлэдэг. Тэгээд 68 доллараар борлуулж 40 долларын ашигтай ажилладаг. Энэ нь манай сайн чанарын коксжих нүүрс. Орлогоо нэмэгдүүлж, баялгийн сандаа хуримтлал бий болгохын тулд нэн тэргүүнд өрсөлдөх чадвар болох дэд бүтэц түүн дундаа төмөр зам, хүчитгэсэн хүнд даацын авто зам, зэс, нүүрс угаах, боловсруулах үйлдвэрүүд, цахилгаан станц, ачих, буулгах цэгүүдийг яаралтай хугацаанд барьж байгуулах ёстой. Ингэж байж бид дэлхийд өрсөлдөх чадвартай уул уурхайтай болно. Баялгийн сантай болно. Казакстаны үндэсний хөгжлийн баялгийн сан нь массын уул уурхайг дэмжсэн нүүрс, зэс, газрын тос, хий, дэд бүтцийн төслүүдийг оруулсан баялгийн сан юм. Энэ нь бидэнд илүү ойр гэж үзэж байна. Норвегийн баялгийн сангийн схем дээр суурилсан Казакстаны үндэсний баялгийн санг ойртуулсан Монголын баялгийн сан босож ирэх ёстой.

-Геологийн хайгуул хийе гэвэл асар их хөрөнгө хэрэгтэй болно байх даа?

-Геологи хайгуул гэдэг бол уул уурхайгаасаа урьтаж 15 жилээр түрүүлж явдаг шинжлэх ухаан юм. Геологийн салбараа бодлого, санхүүгээр дэмжиж байж уул уурхайн салбар босож ирнэ. Геологи хайгуулын зардалд хэзээ эргэж төлөгдөх нь тодорхойгүй эрсдэл өндөртэй маш их хэмжээний хөрөнгө санхүү шаардлагатай байдаг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ийм их хэмжээний эрсдэл үүрсэн ажлыг хийнэ гэдэг хэцүү.

-Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ ямар шатандаа явна вэ?

-Нефть боловсруулах үйлдвэртэй болохыг салбарын сайдын хувьд дэмжиж байгаа. ТЭЗҮ нь боловсруулалтын шатандаа яваа. ТЭЗҮ хүлээн авсны дараа тодорхой шийдлүүд гарна.

-Манай улс занар, хүрэн нүүрсний арвин нөөцтэй. Энэ түүхий эдээс нефть гаргах боломж юу байна вэ?

-Монгол Улс хүрэн нүүрсний арвин нөөцтэй. Бид хүрэн нүүрсээ аль болох богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр салбарын сайдын хувьд санаачилгатай ажиллаж байгаа. Жишээ нь, Канад улсын Торонто хотноо саяхан болж өнгөрсөн PDAC -2018 уул уурхайн форумд оролцох үедээ АНУ-ын Поларис Ассет компанийн удирдлагуудтай санал солилцож Монгол Улсын хүрэн нүүрсийг ашиглаж, түлш хий гаргах, эрчим хүч үйлдвэрлэх зэрэг төсөл хэрэгжүүлэх тал дээр ярилцаж санал нэгдэж одоо ажиллаж байна. Тус компанийн удирдлагууд саяхан Монгол Улсад ирээд холбогдох сайд нар, холбогдох орд газрууд дээр очиж ажиллаад сэтгэл ханамжтай байгаа. Энэ төсөл хэрэгжинэ гэдэгт итгэл төгс байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Ер нь гадны хөрөнгө оруулалтын банкаар энэ салбарын томоохон төслүүдийг явуулах боломж байгаа гэж харж байна уу?

-Гадаадын хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хаврын чуулганаар орно. Энэ хууль дээр их нухацтай хандах ёстой. Банкны санхүүгийн хил хязгаар гэдэг бол хүний нүдэнд харагдаж, гарт баригддаг зүйл биш. Энэ бол хэмжээлшгүй том орон зай. "Дойче”, “GP Morgan”, “Эксим” банкны удирдлагуудтай уулзаж, ярилцаж, хамтын ажиллагаа явуулах, хөрөнгө босгох тал дээр санал солилцсон. Монгол Улсад хэрэгжих гэж байгаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх томоохон төслүүдийг дэмжиж санхүүгийн болон эрх зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Гагцхүү биднээс хүсэж байгаа зүйл нь хэрэгжих төсөл тов тодорхой байх, мөн хэрэгжүүлэх төсөл дээрээ Монгол Улсын Засгийн газар албан даалгавар өгч тодорхой хугацаа зааж ажиллавал сайн байна гэсэн.

Эх сурвалж: Өдрийн сонин 

Монголд анх удаа уншлагын театр амилна
Монголд анх удаа уншлагын театр амилна
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​