fbpx С.Чинзориг: АНУ-д ажиллах хүч гаргах бүртгэлийг ХХҮЕГ зохион байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
17 минут 4 секунд

С.Чинзориг: АНУ-д ажиллах хүч гаргах бүртгэлийг ХХҮЕГ зохион байгуулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГТОЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага нь юу юм бэ?

-Хөдөлмөрийн хуулийг 1999 онд баталснаас хойш шинэчилсэн найруулга хийгээгүй. Хэд хэдэн удаа нэмэлт оруулсан байдаг. Гэтэл энэ хугацаанд улсын нийгэм, эдийн засгийн байдалд багагүй өөрчлөлт орлоо. Үүнийг дагаад хөдөлмөр эрхлэлтийн болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой хэв шинж нь өөрчлөгдөж байгаа учраас одоогийн мөрдөж байгаа хуулиар бүгдийг зохицуулах боломжгүй болсон. Тиймээс Засгийн газраас Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өнөөдөр өргөн мэдүүллээ. Ирэх хаврын чуулганаар хуульд оруулсан өөрчлөлтийг хэлэлцэнэ.

-Буруу санаагүй бол энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хоёр дахиа өргөн барьж байгаа байх аа?

-2015 онд хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьж байсан. УИХ-аас хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн ч тухайн оны наймдугаар сард манай намыг засгаас гарсантай холбоотойгоор АН-ынхан “Өөр намын сайдын өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй” гэдэг шалтгаанаар буцааж байсан. Тэр үед хэлэлцээд баталчихсан бол одоо зохицуулалтаа хүлээж байгаа маш олон харилцаа жигдэрчих байсныг энд хэлэхэд илүүдэхгүй болов уу. Хөдөлмөрийн хуулиар улстөржих шаардлагагүй гэж би үздэг. Үндсэн хуулийн дараа орох буюу нийгмийн харилцааг зохицуулж байгаа суурь хуулийн нэг бол яах аргагүй Хөдөлмөрийн хууль. Тийм учраас энэ хуулиар улс төр хийж болохгүй. Энэ бол ажилтан, албан хаагчдын ажил олгогч, бизнесмэнүүдийн эрх ашгийг хамгаалсан нийгмийн бүхий л харилцааг зохицуулж байгаа хууль учраас улстөржилт огт байж болохгүй.

-Хуульд оруулж буй гол өөрчлөлтийн талаар та мэдээлэл өгнө үү?

-Шинэчилсэн найруулгаар хэд хэдэн өөрчлөлтийг Хөдөлмөрийн хуульд оруулахаар тусгасан. Нэгдүгээрт, өмнөх хуулиар заавал гэрээ /хөдөлмөрийн/ байгуулсан бол тухайн ажилтны нийгмийн хамгаалал, цалин хөлстэй холбоотой асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг байсан. Хуулийн өөрчлөлтөөр заавал хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр залуучуудыг ажилд түр хугацаагаар ажилд авдаг, дадлагажигчаар ажиллуулдаг байхаар болж байна. Хөдөлмөрийн гэрээгүй учраас иргэдийн ажил, амралт, нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг зохицуулж чадахгүй, хохирох хандлагатай байсан. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцаа эхэлсэн л бол гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран цалин хөлс, нийгмийн баталгааг нь хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг байхаар хуульчилсан. Дараачийн асуудал нь залуучуудад хичээлийн бус цагаар буюу өдөрт дөрвөн цагаас ихгүй хугацаагаар ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь нээж өгч байна. Ингэхдээ бүрэн бус цагаар хөдөлмөр эрхэлж буй залуусын цалин хөлс бүрэн цагаар ажиллагсдын нэг цагийн хөлснөөс багагүй байна гэж хуульд тусгасан. Ингэснээр оюутан залууст сурахынхаа хажуугаар ажил, хөдөлмөр эрхлэх боломж бүрдэх юм.

-Уул уурхайн салбарт ажиллаж байгаа иргэд гэрээсээ хол цөөнгүй хоног ажилладаг. Тэдний ажил, амралтын цагт өөрчлөлт оруулж байгаа гэсэн. Ажлын цагийг нь хэрхэн өөрчлөхөөр байна вэ?

-Гэрээсээ хол ажил хөдөлмөр эрхэлж буй залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үүднээс ажил, амралтын хуваарьт нь өөрчлөлт оруулна. Манай улсад уул уурхай буюу олборлох салбар нэлээд хурдацтай хөгжиж байна. Үүнийг дагаад гэрээсээ хол буюу тухайн газарт очиж ажиллах хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Тухайлбал, “Петро чайна”-д ажиллаж байгаа залуучууд 40 хоног тэндээ ажиллаад 20-д нь гэрээ амарч байна. Оюутолгойнхон ч мөн адил ажил нь 20, амралт нь 10 хоног байх жишээтэй. Эдгээр иргэний ажил амралтын цаг, нийгмийн баталгаатай холбогдсон асуудлыг одоогийн мөрдөж байгаа хуулиар зохицуулж чадахгүй байгаа. Тиймээс гэрээсээ хол ажиллаж буй иргэдийг дээд тал нь 20 хоног ажиллуулж, 10 хоног амрааж байхаар хуульд тусгалаа. Мөн олборлох салбарын хүний нөөцтэй холбоотой шинэ зохицуулалтыг хуульд тусгасан. Тухайлбал, уул уурхайн томоохон компаниуд хүний нөөцөө өөрсдөө бүрдүүлдэг. Харин одоо ингэхгүйгээр, хүний нөөцийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудаар дамжуулах ёстой болж байна. Гэрээний үндсэн дээр хүний нөөцтэй холбоотой үйлчилгээг авдаг байхаар зохицуулсан. Ингэхдээ хүний нөөцийнхөө 30 орчим хувийг энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг компаниудаас гэрээний үндсэн дээр авч байх заалтыг оруулсан. Энэ мэт өнөөдрийн Хөдөлмөрийн хуулиар зохицуулж чадахгүй байгаа олон харилцаатай холбоотой асуудлыг шинэ хуульд тусгаад байна.

-Хуульд оруулж буй өөр голлох өөрчлөлтөөс дурдвал?

-Одоогийн хуульд нийтээр амрах баярын 14 хоног байна. Хуулийн өөрчлөлтөөр эдгээр баярын өдөр долоо хоногийн бямба, ням гарагт таарвал дараагийн ажлын өдөрт нь шилжүүлэн тооцдог болж байна. Ийм зохицуулалт одоогийн хуульд байхгүй. Бусад оронд нийтээр амрах өдөр нь бямба, ням гарагт таарвал дараагийн ажлын өдөрт нь шилжүүлэн тооцож, амралтыг нөхөн олгодог туршлага бий.

-Энэ тухайд олон хоног амрахыг хувийн хэвшлийнхэн төдийгүй бизнес эрхлэгчид эсэргүүцдэг шүү дээ?

-“Эдийн засаг хямралтай байна, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна” гэх мэт гомдол гардаг л даа. Манай улс улирлын онцлогтой учраас бүтээн байгуулалтын ажил хавар, зун намар гээд нийт найман сарын хугацаанд өрнөдөг. Тэгэхээр тэдний зүгээс гаргаж буй гомдлыг бид бодолцож үзэх хэрэгтэй. Ямар ч байсан эхний ээлжид бид хуульдаа өөрчлөлт оруулахаар өргөн барьчихлаа. УИХ-аас хэрхэн шийдэхийг харж байна.

-АНУ манай улсаас түр хугацаагаар ажиллах хүч авахаар болсон. Гэтэл Н2 ангиллын визэнд хамрагдахын тулд иргэд яах ёстой, хэнд хандах нь тодорхойгүй байна. Тухайлбал, танай яамны зүгээс хөдөлмөр зуучлалын компаниудыг тодруулах ёстой. Энэ ажил ямар шатандаа явна вэ, нийгэмд багагүй хүлээлт үүсээд байна л даа?

-АНУ гаднын орнуудаас богино хугацаатайгаар ажиллах хүч авдаг. Үүнтэй холбоотойгоор Н2 ангиллын визнийхээ зөвшөөрлийг Монгол Улсад олгохоор шийдвэрлэсэн. Ажиллах хүчийг АНУ руу ямар байдлаар зуучлах вэ гэдэгт хоёр тал хараахан санал нэгдэж амжаагүй байна. Би өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчингийн түр хамаарагчтай уулзаж ярилцсан. Энэ үеэр ажиллах хүчийг хэрхэн гаргах талаар нэгдсэн шийдэлд хүрье гэдэгт санал нэгдсэн. Өмнө нь АНУ-ын зүгээс манай Гадаад харилцааны яамтай хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн. Гэхдээ бүртгэлийг хэрхэн явуулах зэргээр нэгдсэн ойлголцолд хүрээгүй юм билээ. Тиймээс манайх хөдөлмөр эрхлэлтийг хариуцаж байгаа яам учраас энэ асуудалд анхаарал хандуулж ажиллах саналтай байгаагаа хэргийг түр хамаарагчид уламжилсан.

-Ямар журмаар бүртгэл явуулж, ажиллах хүчийг хэрхэн гаргах вэ гэдгийг тодорхой болгохгүй бол иргэд хохирох хандлагатай байна. Энэ талаар яамны зүгээс ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-“АНУ-д ажиллах хүчээр гаргаж өгнө, виз гаргана” гэх мэтээр иргэдийн мэдээлэл муутайг ашиглаад залилан мэхлэх тохиолдол үүсэх вий гэдгээс бид маш их болгоомжилж байна. Тийм учраас Засгийн газраас энэ асуудалд анхаарал хандуулж буйгаа АНУ- ын талд албан ёсоор илэрхийлсэн. Манай яамны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/ гэж бий. Энэ газар гадаадад ажиллах хүч гаргах болон авах асуудлыг хариуцдаг. Тиймээс Элчин сайдын яам, Консулын газартай хамтраад ХХҮЕГ-ыг энэ талаар сайтар судлах үүрэг өгөөд байна. Ямар нэгэн төлбөр хураамж авч, зардал чирэгдэл учруулахгүйгээр АНУ-д ажиллах хүч гаргах хүсэлтэйгээ нөгөө талд бид илэрхийлээд байна. Элчин сайдын үүргийг түр хамаарагч энэ тухайд санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Энэ долоо хоногтоо багтаад ХХҮЕГ АНУ-ын Консулын газартай хамтраад Н2 ангиллын визний хүрээнд ажиллах хүч гаргах бүртгэлийг хэрхэн явуулах тухайд хувилбараа боловсруулна.

-Тэгэхээр хөдөлмөр зуучлалын компаниудын дунд одоогоор ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулж эхлээгүй гэж ойлгож болох уу?

-Явуулж эхлээгүй байна. Миний санал бол иргэдийг хувийн компаниудаар бус албан ёсны агентлагаар дамжуулан бүртгэж, гаргах нь зөв гэж үзэж байгаа. Ингэснээр иргэдэд мэдээлэл авах боломж нь шуурхай болохоос гадна зуучлалын элдэв хураамжгүй байна. Ямар ч байсан хоёр тал ойлголцчихвол ХХҮЕГ АНУ-д ажиллах хүсэлтэй залуусын бүртгэлийг явуулна. Монголоос ажиллах хүч авах сонирхолтой АНУ- ын компаниудын мэдээллийг ХХҮЕГ аваад тус улсад ажиллах хүсэлтэй иргэдийн материалыг авч санал болгох юм. Тэр дундаас АНУ-ын ажил олгогчид өөрсдөө сонгох байдлаар зохицуулна гэсэн үг. Монгол залуус олноор ажилладаг БНСУ-д ажиллах хүч гаргах явц ч гэсэн энэ жишгээр өрнөдөг.

-Тэгэхээр АНУ-ын Н2 ангиллын визэд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгнө, зуучилна гэсэн элдэв зар бүгд хуурамч болж таарах нь. Та ажил хариуцсан сайдын хувьд иргэдэд анхааруулга өгөх нь зүйтэй болов уу?

-Ийм асуудал ерөөсөө байж болохгүй. Хэрвээ байгаа бол залилан мэхлэх замаар мөнгө олох гэсэн хүмүүсийн башир арга шүү гэдгийг анхааруулъя. Энэ долоо хоногт ХХҮЕГ АНУ-ын Консулын газраас миний өгсөн чиглэлийн дагуу энэ ажлыг хэрхэн зохион байгуулах саналаа нэгтгээд гаргаад ирнэ. Энэ болтол ямар нэг хувь хүн юмуу компанийн зүгээс иргэдийг зуучлах замаар АНУ-д гаргана гэдэг мэдээлэл гарвал худлаа ташаа мэдээлэл гэж ойлгоорой. Ажиллах хүч гаргах ажлыг хувийн байгууллагаар ерөөсөө дамжуулахгүй л гэж ойлгох хэрэгтэй.

-Ер нь монголчуудын гадаадад хөдөлмөр эрхлэлт ямар төвшинд байна вэ. Жишээлбэл, БНСУ-аас бусад оронд хөдөлмөр эрхлэлтийн талаар та мэдээлэл өгнө үү?

-Манай улсын иргэд гадаадад хоёр хэлбэрээр ажиллаж байна. Эхнийх нь Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллах хүч, дадлагажигч гэсэн статустайгаар хоёр орны Хөдөлмөрийн яам, Засгийн газар хоорондын гэрээний дагуу ажиллаж байна. Дараагийнх нь хувиараа тухайн оронд очоод хөдөлмөр эрхэлж байна. Манайх нэгэнт хөдөлмөр эрхлэлттэй холбоотой төрийн бодлого хариуцсан яам учраас иргэдээ аль болохоор л албан журмынх нь дагуу гадаадад хөдөлмөр эрхлүүлэх зорилго тавьдаг. Ингэж чадвал гадаадад ажиллаж байгаа иргэд маань эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын асуудлаа тухайн орны ажиллагсадтай ижил төвшинд шийдүүлэх, эрхээ хамгаалуулах боломжтой болдог. Энэ ч үүднээс гадаадад ажиллаж амьдрах хүсэлтэй иргэд маань аль болох л хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу явах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Энэ хүрээнд манай яамны зүгээс гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Хэдхэн жилийн өмнө ийм гэрээг бид БНСУ-тай байгуулан ажилласан бол саяхан Польш, Унгар, Турк улстай гэрээ байгуулаад ажиллаж байна. Манай улсын иргэд эдгээр гэрээний дагуу тухайн улсдаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан бол тэтгэмжүүдээ авах эрх нь үүсч байна гэсэн үг. Нөгөө талаас ахмад настан болсон хойноо тухайн улсдаа төлж байсан шимтгэлдээ ногдох тэтгэврийг тухайн орноосоо авах эрх нь нээгдэж байгаа юм.

-Манай улсаас БНСУ- ыг зорих иргэдийн цуваа нэг хэсэг цөөрсөн. Гэтэл сүүлийн хэдэн жилд эргээд өсчихлөө. Үүнийг та салбарын сайдын хувьд юутай холбон тайлбарлах вэ?

-Иргэдээ ажлын байраар бүрэн хангаж чадахгүй байгаатай нэг талаас холбоотой. 2016 онд хөдөлмөр эрхлэлтийн төвшин 16 хувьтай гарсан бол 2017 онд ес орчим хувьтай байсан. Ажилгүйдлийн төвшин өндөр байгаа учраас залуучууд гадагшаа гарч хөдөлмөр эрхлэх сонирхол нь нэмэгдэж байна. Эдийн засгийн байдал тогтворжоод, дотооддоо ажлын байрны хүрэлцээ олдоц нь нэмэгдээд ирвэл нутагтаа ажиллах сонирхолтой болох байх. Гадаадаас дутахааргүй хэмжээний цалинг дотоодоосоо авдаг болчихвол залуучуудын Монголдоо ирж ажиллах сонирхол ихэснэ. Ганцхан жишээ хэлэхэд, 2012 онд Монгол Улсын эдийн засаг 17 хувийн өндөр өсөлттэй байлаа шүү дээ. Тэр үед гадаадад ажиллаж байсан залуус Монголдоо олноороо эргэж ирсэн. Гадаадад ар гэрээсээ хол, хүнд нөхцөлд өөрийгөө зовоож хэдэн төгрөг олсноос эх орондоо ойр дотнынхонтойгоо байх нь илүү байж таарна шүү дээ.

-Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор иргэдийн гадагшлах урсгал нэмэгдэх сөрөг хандлагатай ч эргээд улсынхаа эдийн засагт багагүй хувь нэмэр оруулж байгаа гэдэг талаас нь харах хэрэгтэй болов уу?

-Харамсалтай нь АН 2012-2016 онд эдийн засгийг маш хүнд байдалд оруулсан. Эдийн засгийн хямралтай тулсан учраас аж ахуйн нэгж байгууллагууд олноороо үүд хаалгаа барьсан, дампуурсан. Ажилчдынхаа цалинг нэмэх нь бүү хэл, олгож чадахгүй нөхцөл үүссэн. Үүнээс үүдэлтэйгээр иргэдийн гадагшлах урсгал эрс нэмэгдсэн. Нөгөө талаас гадаадад ажиллаж байгаа иргэдийг би хувьдаа эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байна гэж боддог. Нэг талаас тухайн иргэд гадаадад ажилласнаар өөртөө тодорхой хэмжээний ур чадварыг олж авч байна, тухайн орныхоо ёс заншил, хэлийг сураад ирж байна. Өөртөө оюуны маш том хөрөнгө оруулаад ирж байна шүү дээ. Нөгөө талаас гадаадад ажиллаж олсон цалингаа зөвхөн өөрсдөө бус ар гэрийнхэндээ явуулж, маш их хэмжээний валютыг Монгол руу гуйвуулж байна. Ингэснээр улсынхаа эдийн засгийг өсөлттэй байлгахад тодорхой хувьд нэмэр оруулж байна гэж хардаг.

М.Өнөржаргал

Британий нутаг дэвсгэрт алуурчин хөлсөлж, хэн нэгнийг алуулах боломж бий болж байна
Британий нутаг дэвсгэрт алуурчин хөлсөлж, хэн нэгнийг алуулах боломж бий болж байна
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​