ВАШИНГТОН. /Ukrinform/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахаас татгалзсан байна.
Энэ тухай тэрбээр мягмар гарагт Вашингтонд Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай уулзсаныхаа дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын мэдэгдсэнээр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний мэдэгдэл нь Украиныг тусгаар тогтносон улс биш, харин ОХУ-д харьяалагддаг субьект гэж үзэж байгааг харуулж байна.
"Энэ үед ийм уулзалт зохион байгуулах нь утга учиргүй юм. Би холбоотнууд болон түншүүдтэйгээ зөвлөлдсөн. Бүгд зөвшөөрсөн. Мөн өнөөдөр Гадаад хэргийн сайд Сергей Лавровт энэ тухай мэдэгдэж захидал илгээсэн" гэж Э.Блинкен хэлжээ.
Э.Блинкен, С.Лавров нар хоёрдугаар сарын 24-нд Европт уулзах ёстой байв.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг