fbpx Чингис бондыг үрж цацсан есөн жилийн төгсгөл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэлхий дахинд Дэд онцлох
Огноо
Унших
18 минут 7 секунд

Чингис бондыг үрж цацсан есөн жилийн төгсгөл

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тавьсан өрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн төлж барагдуулав. Гэхдээ нэг зүйлийг тодотгоход Чингис бондын өрийг Засгийн газар төлсөн ч, хуулиар хүлээлгэх хариуцлага нь эзэн холбогдогчдынх нь нэр дээр хаяглагдан үлдэж буйг хэлэх хэрэгтэй-

Монгол Улсын өрийн дээд хэмжээ таазандаа хүрч байгаа тухай Ардчилсан намын улс төр идэвхжиж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг манлайд нь үүрэг хариуцлага нэхэх зуурт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Чингис бондын үлдэгдэл төлбөр болох 136 сая ам.долларыг өнөөдөр төлж барагдуулна. Улс төрийн эрх ашиг, улстөрчдийн ашиг сонирхол хором секунт тутамд үржин төлжиж, тэр хэрээр улс орны эрсдэл өсөн нэмэгдэх болсон цагт Чингис бондын өрийг төлж барагдуулснаар үүрэг, хариуцлагыг нэхэхгүй өнгөрч боломгүй. Учир нь, 2012-2016 оны хооронд буюу Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газрын үед зөвхөн Чингис бондоор гэхэд 1.5 тэрбум ам.долларыг олон улсаас босгож, ирээдүйгээ зээлсэн. Энэ тухай Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Яахав, бидний үр хүүхдүүд яваандаа энэ төгрөг мөнгөө төлчихнөл дөө” хэмээн УИХ-ын чуулганы танхимд ил тод зарлаж, өөрийгөө түүхэн гавьяа байгуулсан гүйцэтгэх засаглалын тэргүүнээр зарлаж байв. Арга ч үгүй. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг дагаж Монгол Улсын эдийн засаг эерэг үзүүлэлт дээр энэ үед түр зогссоны зэрэгцээ Ардчилсан нам УИХ-ын амлалтаа биелүүлэх халгим цалгим мөнгөний урсгалыг Чингис бондоор идэвхжүүлж чадсан. Гэхдээ тэр цаг үеийн чадсан гэдэг дүгнэлтийн төлөөсөнд өдгөө Монголын Засгийн газрын өр 8.6 тэрбум ам.долларын өрөнд унаж, Хөгжлийн банкаар дамжуулан Чингис бондоор босгосон 1.5 тэрбум ам.долларынх нь 60 орчим хувь чанаргүй зээлийн ангилалд орчихоод унаж буй. Энэ тохиолдолд тухайн цаг үеийн “Бид чадлаа” гэх үг ердөө л цаг хугацааны үнэнд гүйцэгдэх дампуурлын эхлэл байсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны нэгдүгээр сард хийсэн “Хөгжлийн банкнаас гарсан нийт мөнгөний хэмжээ таван их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний 60 орчим хувь нь төлөгдөх боломжгүй болчихсон байна” гэдэг мэдэгдэл бодит үнэнийг тоон мэдээллийн хамт олон нийтэд ил болгосон байдаг.

Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарын зөвшөөрлөөр олгосон нийт зээлийн 70 гаруй хувь нь чанаргүй зээл болжээ

Тэгвэл асуудал хэрхэн эхлэв. Асуудал юунд байв. Энэхүү дараалсан хоёр асуултад хариулах эхний тайлбар бол Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхий сайд болсныхоо дараа Хөгжлийн банкийг дэлхийн улс орнуудын Хөгжлийн банкны жишгээр удирдаж байсан Өмнөд Солонгосын мэргэжилтнүүдийг хөөн гаргасан явдал. Үүнийхээ дараа тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын зөвлөх гэгдэж байсан Н.Мөнхбатыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилж, өөрөө Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар Бондын бодлогын зөвлөлийн дарга нь болсон байдаг. Мөн Засгийн газрын 2012 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор байгуулагдсан уг Бондын бодлогын зөвлөлийн орлогч даргаар Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, гишүүдээр нь тухайн үеийн Засгийн газрын бусад сайдууд болон Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Одхүү, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан нар томилогдсон. Эдгээр нэр бүхий улстөрчдийн удирдан зохион байгуулж, үүрэглэн чиглүүлж байсан Бондын бодлогын зөвлөлийн шийдвэрээр 2012-2016 оны хооронд Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн 80 гаруй хувь нь гүйлгээнд гарсан. Мөн тэдний цохолт зөвшөөрлөөр олгосон уг зээлийн 70 гаруй хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсон гэдгийг Хөгжлийн банкнаас удаа дараа мэдэгдсэн. Иймд Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт очтол нь луу унжиж, зээлээ төлөхөөс татгалзан арав орчим жилийн турш хууль шүүхээс зугтаж, эргээд хууль шүүхтэй хуйвалдах замаар өдөр хоногийг хороон бултаж буй гол зээлдэгчид нь хэн бэ.

Хөгжлийн банкийг “сэхээний өрөө”-рүү чирсэн зээлдэгчид

Харамсалтай нь, тэд ганцаараа бус олуулаа. Гэхдээ олуулаа, олуулаа гэлээ гээд тэднийг Ардчилсан нам болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, түүний хүрээллээс холуур хайх шаардлагагүй. Гол зээлдэгч компаниудынх нь хөрөнгө оруулагчид Ардчилсан намын батлахтай байхын зэрэгцээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тойрон хүрээллийн нөхөд байх нь их. Тиймээс ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн шийдвэрээр 2012 онд “Хөтөл” компанид 61,3 сая ам.доллар, 2013 онд “Төрийн орон сууцны корпораци”-д 168,3 тэрбум төгрөг, 2013 онд “Эрэл” группт давхардуулсан байдлаар тус бүр 13 сая евро, 23 сая ам.доллар, 2014 онд “Бэрэн” группт 38,9 сая ам.доллар, мөн онд “Мон лаа” ХХК-д 5,6 тэрбум төгрөгийг тус тус олгосон. Тэр ч бүү хэл баригдаж ашиглалтад орох нь бүү хэл, бүхий л цаг хугацааны турш байгуулагдах эсэх нь эргэлзээтэй байж ирсэн Эгийн голын усан цахилгаан станцад хүртэл 10,6 сая ам.долларын зээл олгосон байх бөгөөд өдгөө энэ зээл Засгийн газрын нуруун дээр ор мөргүй, буух эзэн буцах хаяггүй өр болон бичигдчихээд байгаа. Гайхмаар нь үүнд хариуцлага хүлээх эзэн бараг л үгүй гэх. Учир нь, Эгийн голын усан цахилгаан станц гэгч нь байхгүйн дээр уг зээлийн эх үүсвэрийг тайлж тайлбарлах албан тушаалтан ч үлдээгүй гэх. Ингэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүсэл сонирхол, эрх ашгаар олгогдсон эхэлсэн зээлийн урсгалыг Засгийн газрын Хэрэг эрхлэхийн дарга Ч.Сайханбилэг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдохтойгоо зэрэгцэн мөн л өөрийн дураар үргэлжлүүлсэн. Нэгэнт Ерөнхий сайд нь Бондын бодлогын зөвлөлийн тэргүүн байх тушаал нь байгаа хойно, яаж зүгээр байх вэ. Өөрийн шийдвэрээр 2015 онд “Шинэ Яармаг” төсөлд 50 сая ам.доллар, мөн онд Капитал банканд 59,6 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ бүх зээл өдгөө Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ангилалд багтах болсон бөгөөд бага, дунд төвшний зээлдэгчид нь эхнээсээ нэхүүлж шахуулан барин зээлээ төлж эхэлсэн бол дээр нэр дурдагдсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын үзэгний үзүүрээр банк дампууруулахуйц хэмжээний зээл авсан зээлдэгчид ор мөргүй зугтах нь зугтаж, нуугдах нь нуугдаж, бүр хэнэг ч үгүй “Зээлээ төлж чадахгүй. Мөнгө байхгүй. Би буруугүй. Дэлхийн эдийн засаг буруутай” хэмээн хэдэрлэсэн хэвээрээ л.

Хөгжлийн банкны хоёрдугаар ээлжийнхний “хооллох соёл”

Монголчууд эртнээс муу юм бодон улбаатай гэж хэлдэг, ярьдаг, сургамжилдаг ард түмэн. Энэ нь аливаа нэгэн муу үйл, муу санаанаас хол явахгүй бол эргээд түүндээ ороогдож, түүндээ дөрлүүлээд зогсохгүй гарах гарцгүй хүлэгддэг тухай үг юм. Хөгжлийн банкны хувьд нөхцөл байдал яг л тэгж үргэлжилсэн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын сонирхлоос 2016 оны зургадугаар сард ангижирч чадсан ч дараагийн чанаргүй зээлдэгчид, зээл олгогчид хаалга тогшоод хүлээж байсныг гэрчлэх нөхцөл байдал 2017-2018 оны хооронд үргэлжилнэ. Үүнийг нь жаахан хэтрүүлэгтэй хэлбэл Хөгжлийн банкны хоёрдугаар ээлжийнхний “хооллох соёл” хэмээн нэрийдэж болох бөгөөд энэ хугацаанд 480 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Ингэхдээ нэг алдааг залруулсан нь Бондын бодлогын зөвлөл гэгчийг татан буулгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр зээл олгох журмын өөрчлөлт юм. Гэхдээ энэ нь нэг хүний ашиг сонирхлоор бус нэлээн олон хүний эрх ашгаар зээл олгох тухай хуйвалдааны онолыг тараан байршуулсан шинэ арга механизм байсан юм. Тиймээс ч олгосон зээлийн тоо нэмэгдэж, чанарын үзүүлэлт эсрэгээрээ улам бүр буурсан. Үүний баримт нь 2017 онд НВЦ компанид 21 сая ам.доллар, “Ачлал трейд” компанид 15 сая ам.доллар, “”Монгол драй милк” компанид 15 сая ам.доллар, “Promom trade” компанид 974,3 сая иень, “Пирамид орд” ххк-д 15 тэрбум төгрөг, “Монгема” ххк-д 419,3 иень, 2018 онд “Мондулаан трейд” ххк-Д 15 тэрбум төгрөгийг тус тус Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр олгосон явдал бөгөөд нийтдээ 29 компанид 480 тэрбум төгрөгийн чанаргүй зээл олгосон. Энэ дунд эрх мэдлийн аархлыг яахан барьж болох вэ гэсэн шиг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярын шийдвэрээр олгосон 2017 онд “Хатант интернейшнл” ххк-д 138,9 сая иень, 2018 онд “Газ импорт” ххк 223,6 сая иень, “МОДУН” ххк-д 5,8 тэрбум төгрөгийн зээл мөн багтаж байгаа. Энэ бүх нөхцөл байдлын үнэн бодит баримт олон нийтэд нээлттэй болохтой зэрэгцсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүссэн нөхцөл байдлыг Засгийн газар хяналтандаа авч, зээлийг эргэн төлүүлэх яриа хэлэлцээрийг эхлүүлэхийг үүрэг болгохдоо тус банкны 20 гаруй албан тушаалтныг албанаас нь чөлөөлж, хууль хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргасан. Гэсэн ч асуудал өдгөө сунжирсан хэвээр. Томоохон зээлдэгчид нь хил даван зугтаж, Монголдоо үлдсэн нь “Эдийн засаг хэцүү байхад зээлээ төл гэлээ” хэмээн хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гомдлын үг тэрлүүлж, нулимс дуслуулах нь халгүй жүжиглэх болсон. Харамсалтай нь, тэдний хөнгөлөлттэй зээлээ зориулалт бусаар зарцуулж, хөрөнгөө царцааж, эргэн төлөхгүй мэт хувийн жаргалаа хөөн тансаглаж байх зуур Монгол Улс дефолт зарлахдаа тулж, Хөгжлийн банк дампуурлын ирмэгт хүрсэн. Гэсэн ч Монгол Улсын эрх ашиг зээлдэгчдийн хувьд өөрсдийнх нь эрх ашгийн үзүүр ёроол хавьд эрэмбэлэгдэж, нөхцөл байдлыг улам бүр ангал руу түлхэхийг хүссэн. Харин ачааг нь Монголын ард түмэн, Монголын Засгийн газар өнгөрсөн есөн жилийн турш үүрч, дүүрсээр өнөөдрийг хүрсэн.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Чингис бондын өрийг төлсөн ч хариуцлага үлдэнэ

Юм гэдэг сонин. Энэ үгийг зөвхөн монголчууд гэлтгүй бүх дэлхийн хүн ард л хэлдэг байх. Тэртээ 2012 онд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “Яахав, энэ өр зээлийг бидний хойч үе төлчихнө дөө” хэмээн хэлж байсан ёсоор түүний тараан цацсан өр зээлийн төлбөрийг өдгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар төлж байна. Гэхдээ өр төлөх цаг хугацаа нь ирээдүй цаг буюу хойч үед шилжих гэхээс илүүтэй ердөө л дараа, дараагийн Засгийн газрынх нь ачаа, буулга болж дарамт, шахалт болох байсныг тэрбээр хөнгөөхөн шиг аргалж, хөөрхөөн хуурах гэсэндээ л энэ үгийг ашигласан байх. Заль мэхийн ухааныг нь та бид тухайн цаг үед яаахан таах. “Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээрээ марзан хүн шүү” гэх маягтай “Зо зо, бидний хүүхдүүдэд л өрөнд орж байгаа юм байна л даа” гээд ёстой л ирээдүйд даатгаад сулд нь орхисон. Гэтэл энэ үгнийхээ ард буюу 2012-2016 оны хооронд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын Засгийн газар сүүлийн 30 жилийн түүхэнд хамгийн их өр тавьсан гүйцэтгэх засаглал болсон байдаг. Чингис боэдын 1,5 сая ам.доллар, Дим сан бондын 161,2 сая ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, 12,2 тэрбум төгрөгийн дотоодын үнэт цаас, гадаад зээлийн 1,6 их наяд төгрөг.

Харин 2020-2024 оны үзүүлэлт эсрэгээрээ. Учир нь, энэ дөрвөн жилийн хугацаанд Монголын Засгийн газар хамгийн их өр төлсөн жил болж байгаа бөгөөд 2020 онд гэхэд Мазаалай бондод 500 сая ам.долларыг төлж, барагдуулсан. Мөн онд Чингис бондод 200,8 сая ам.доллар, 2021 онд Гэрэгэ бонд 266,9 сая ам.долларыг ч давхар төлсөн. Нийтдээ зөвхөн гадаад зээлийн эргэн төлөлтөд 2020 онд 691 тэрбум төгрөг, 2021 онд 746,7 тэрбум төгрөг, 2022 онд 532 тэрбум төгрөгийг төлсөн бол дотоод үнэт цаасны төлбөрт Засгийн газар 2020 онд 263 тэрбум төгрөг, 2021 онд 216 тэрбум төгрөг, 2022 онд 208 тэрбум төгрөгийг шилжүүлээд байгаа. Яг үнэндээ “Засгийн газар зээлийн шилжүүлэг хийжээ” гэж бичихэд ч халгам энэ мөнгөн дүн, энэ өр төлбөрийн ард дээр дурдсан чанаргүй зээлдэгчид, нэр дурдагдсан эрх бүхий албан тушаалтнууд “Монголын эдийн засаг сүйрлээ. Та нар хариуцлага хүлээ” хэмээн хашгирч суугаа. Тэдний хэн нь ч өнөөдөр “Чингис бондын 136 сая ам.долларын үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулснаар Хөгжлийн банк дампуурах эрсдлээс ангирч, Монгол Улс зээлжих зэрэглэлийнхээ чанарыг хэвээр авч үлдэж чадлаа” хэмээн алга ташихгүй. Ер нь таших ч ёсгүй л дээ. Гол нь тэд алдаагаа хүлээн зөвшөөрч, хариуцлагаа чимээгүй үүрэгүй. Харин Монголын Засгийн газар 2023 онд Гэрэгэ болон Самурай бондын төлбөрийг 2023 онд бүрэн барагдуулж байж өрийн дарамтаас тэргүүнээ өндийлгөх тэнхээтэй болно.

Өдгөө дэлхий нийтээрээ хүн төрөлхтөнийг хоёр жилийн турш эцээж, ядрааж, эмтэлж, зовоож, хагацал зовлонд шархлуулсанцар тахал ковид-19-ийн халдвар болон ОХУ, Украины дайн нөхцөл байдлын улмаас хөрөнгө оруулалт, мөнгө, түүнийг дагасан эдийн засгийн өсөлтийн эрэлд хатаж байна. Зүй ёсны гэж болохуйц энэ нөхцөл байдлаас Монгол Улс ч зугтах аргагүй. Хөрөнгө оруулалт, мөнгө, эдийн засгийн өсөлт бидэнд юу юунаас илүү хэрэгтэй болсон. Инфляцийн өсөлтийг даван гарах бүх талын хүчин зүйл, хүч тэнхээ ч дутагдаж буй. Гэсэн ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон түүний багийн учруулсан Чингис бондын өрийн дарамтаас Монгол Улс гарч чадлаа. Гэхдээ нэг зүйлийг тодотгоход Чингис бондын өрийг Засгийн газар төлсөн ч, хуулиар хүлээлгэх хариуцлага нь эзэн холбогдогчдынх нь нэр дээр хаяглагдан үлдэж буйг хэлэх хэрэгтэй.

Төр буй дор татвар буй гэдэгчлэн төр буй дор хариуцлага буй. Монгол Улсыг элгээр нь мөлхүүлэх үг, өгүүлбэр, нөхцөл байдал бүрт баярлан алга таших тэдний баяр хөөрт төгсгөл буй. Хууль үнэн оршиг.

Д.ЦЭНГЭЛ

Эх сурвалж: Өдрийн сонин

Оросын хохирол хоногтоо нэг батальон
Оросын хохирол хоногтоо нэг батальон
 
Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна
Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​