Нутаг нутгийн бөхчүүд, дэвжээгээрээ нэгдэн галд гардаг. Улмаар наадам болохоос хэдхэн хоногийн өмнө галын сорилго барилдаан гэж зохион байгуулдгийг бөх сонирхогчид бид мэднэ. Ихэнхдээ энэхүү сорилго барилдааныг нэг гал, дэвжээ, нутаг, нутгаараа тусдаа хийдэг. Харин энэ жилийн тухайд хэд хэдэн аймаг, галаараа нэгдэж бүсийн сорилго барилдааныг анх удаа зохион байгуулсан нь содон үйл явдал боллоо гэж бөх сонирхогчид ярьж байна. Тэр нь говийн дөрвөн аймгийн дөрвөн дэвжээний бөхчүүд нэгдэн бүсийн анхдугаар галын сорилго барилдааныг зохион байгуулсан явдал. Өмнөговийн “Говийн Хүчтэн”, Дундговийн “Хур харцага”, Дорноговийн “Хутагтын Хүчтэн”, Говьсүмбэрийн “Чойрын Богд” дэвжээний улс, аймаг, сумын алдар цолтой 96 бөх бүсийн галын барилдаанд зодоглолоо. Галуудын тэр дундаа говийн аймгуудын хамтарсан энэхүү сорилго барилдааныг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж санаачлан эхлүүлж байгааг бөх тайлбарлагч Ц.Батнасан онцлон хэлж байв. Түүнчлэн говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд нь нутаг, нутгийнхаа бөхчүүдийг дэмжихээр хүрэлцэн ирсэн нь говийнхон энэ жилийн наадамд бөхчүүдээ онцгой анхаарч байгаагийн илрэл гэлтэй. Галд гарсан, нэгдсэн бөхчүүдийн хувьд ч өнгөтэй, бяртай харагдав. Наадам хаяанд ирсэн. Галын сорилго барилдаанаар бөхчүүдийн бэлтгэл сургуулилалт ямар байгаа, хэн нь энэ жил цолоо ахиулан барилдах ерөнхий өнгө харагддаг гэдэг.
УЛСЫН ЗААН Ц.ОДБАЯР: ИДЭР ЗАЛУУ АЙМГИЙН АРСЛАНГУУД МААНЬ ӨНӨӨ ЖИЛИЙН НААДМААР УЛСЫН ЦОЛОНД ХҮРЧ, ДЭЭШЭЭ ЯВЖ БАРИЛДААСАЙ Л ГЭЖ ЗАЛБИРЧ СУУНА ДАА
Энэ утгаараа Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын заан Ц.Одбаяртай уулзаж, говийн бөхчүүдийн бэлтгэл сургуулилалт ямар байгаа талаар ярилцлаа.
-Наадам дөхлөө. бөхчүүдийн бэлтгэл сургуулилалт хангагдсан уу. Говийн бөхчүүдийн өнгө ямар байгаа талаар та тодорхой зүйл хэлнэ үү?
-Манай Өмнөговь аймгийн “Говийн Хүчтэн” дэвжээний бөхчүүд жил бүрийн зургаадугаар сарын эхэнд энэхүү Харзтай амралтад ирж наадмын бэлтгэл сургуулилалтаа базаадаг. Энэ жилийн тухайд манай галд шинэ залуу бөхчүүд түлхүүтэй бэлтгэлд гарсан байгаа. Шижигнэсэн сайхан залуучуудтай бид бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Бөхчүүдийн бэлтгэл сургуулилалт бүрэн хангагдсан. Энэ ч утгаараа бид наадмын сорилго барилдаанаа зохион байгуулж байна.
-Энэ жилийн тухайд говийн аймгууд нэгдэн бөхийнхөө галын сорилго барилдааныг хамт хийж байна. Энэ санаачлага, зохион байгуулалт танд ямар санагдаж байна вэ?
-“Говийн Хүчтэн” дэвжээнээс нэгдэж, хамтарч галын сорилго барилдаанаа хийе гэдгийг анх санаачилсан. Энэ барилдаанд дөрвөн аймгийн улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүрэлцэн ирж оролцож байна. Чансаа өндөр барилдаан болж байгаагаараа мөн говийн бүсээс сонгогдсон төрийн түшээд, нутгийн удирдлагууд энэхүү барилдаанд анхаарч, дэмжиж байгаа гэдгээрээ бахархууштай барилдаан болж байна. Энэ жилийн тухайд говь сайхан нутгаас маань улсын цолны босго алхах олон сайхан залуучууд бэлтгэл нь ханчихсан байж байгааг харахад баярлууштай байна. Наадмаар говь нутгийнхныгаа болоод нийт ард түмнээ баярлуулж сайхан наадах байх гэдэгт итгэлтэй, хүлээлттэй сууж байна даа.
-Говийн бүсээс ард түмний хүлээлт, итгэл найдварыг тээж яваа ямар бөхчүүд байгаа вэ. Хэнийг нь та хувьдаа цолоо ахиулан барилдчихаасай гэж харж байна?
-Мэдээж ард түмний итгэл найдварыг тээж яваа олон сайхан бөхчүүд манай энэхүү галд бэлтгэлээ хангаж байгаа. Бөх бүрийн цаана ард түмэн, ээж, аав, ах дүү, нутгийн зон олны итгэл найдвар бадарч байдаг гэж боддог. Энэ утгаараа галд гарсан бөхчүүд маань дор бүрнээ сайн барилдахын төлөө хичээж, Үндэсний их баяр наадмаа тэсэн ядан хүлээж байгаа нь ойлгомжтой, тийм үү. Манай Өмнөговиос дээшээ өсч барилдах бөхчүүд бий. Тухайлбал, аймгийн арслан Т.Төгсдөлгөөн байна. Энэ жил бас улсын цол алхаад дээшээ барилдчихна гэсэн итгэлтэй байгаа. Дундговиос бөхийн нэрт тайлбарлагч Ц.Батнасангийн үеэл дүү аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар гээд залуу байна. Говьсүмбэрээс сая Бүх цэргийн наадамд түрүүлсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Чойрын Богд” дэвжээний бөх аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар гэж залуу байгаа. Харин Дорноговиос аймгийн арслан Б.Бадрал гээд сайхан залуу бий. Говийн бүсээс эдгээр болон өөр олон сайхан залуучууд улсын цолонд тун чиг ойрхон байна даа. Энэ дотроос өнөө жил улсын баяр наадамд улсын цол авч, улам дээшээ ахиж барилдах бололцоотой бөхчүүд бий. Наадам ер нь сайхан шүү дээ. Идэр залуу аймгийн арслангууд маань өнөө жилийн наадмаар улсын цолонд хүрч, дээшээ явж барилдаасай л гэж залбирч сууна даа.
-Таны хувьд бэлтгэл сургуулилалт хэрхэн хангагдаж байна. Энэ жилийн наадмаар таныг мөн цолоо ахиулан барилдаасай гэж хүсэж байгаа хүмүүс олон байна шүү дээ…?
-Наадам дөхөөд ард түмэнтэйгээ адил сэтгэл догдлоод л байж байна. Нутгийн зон олон, ард түмнийхээ итгэл, сэтгэлээр энэ жилийн баяр наадамдаа урамтай сайхан барилдана гэсэн бодолтой байгаа. Миний хувьд 2010 оноос хойш гэж үзвэл энэ жил Үндэсний их баяр наадамдаа 10 гаруй жил тасралтгүй барилдаж явна. Барилдах бүртээ нутаг, ус, аав, ээжийнхээ нэрийг дуурсгаж, шударга сайхан барилдчих юмсан гэж хичээдэг. Энэ жил ч ялгаагүй энэ л зарчмаа хадгалж сайхан барилдах болно.
Говийн бүсийн галын сорилго барилдаан эхний даваанаасаа үзүүштэй, уран гоё мэх хийж барилдсан барилдаанууд үргэлжилж байлаа. Дорноговийн бөхчүүдийг улсын харцага А.Цацабшир магнайлан хүрэлцэн ирсэн бол Говьсүмбэр аймгийн бөхчүүдийг аймгийн арслан Б.Гончигтавхай ахлан иржээ. Бөхийн барилдааны талбайн дөрвөн талд говийн дөрвөн аймгийн дөрвөн асар босгосон байна.
Дундговь аймгийн асраар ороход Улсын харцага Л.Пүрэвжав, Э.Даш, улсын начин Ж.Отгонбаяр нар болон нутгийн удирдлагууд, бөхчүүд тухлан суужээ. Мөн бөхийн нэрт тайлбарлагч Ц.Батнасан энэхүү галын барилдааныг шууд тайлбарлан хүргэж байв. Энэ үеэр Дундговийн уг асарт УИХын гишүүн Р.Сэддорж орж ирж, хүмүүстэй мэндэллээ. Тэрээр “Говийн бүсийн барилдааныг анх удаагаа зохион байгуулж байна. Өнөр, өтгөн сайхан болдог юм байна. Дараа дараагийн жилүүдэд энэхүү галын хамтарсан барилдааныг уламжлал болгон хэдүүлээ зохион байгуулж явъя. Говьнутгаас маань олон сайхан улсын цолтой бөхчүүд болон улсын баяр наадмын түрүү, үзүүрийн бөхчүүд төрөн гарах суурь нь энэ. Говийн бүсээрээ бид нэгдэж байж олон олон сайхан амжилтуудыг гаргана” гэв. Тэрээр ирэх намар Монгол бөхийн өргөөнд ахмад бөхчүүдийн барилдааныг гурван насны ангилалаар зохион байгуулах гэж байгаагаа хэллээ. Төрийнхөө их баяр наадамд олон жил барилдаж, үндэсний өв соёлоо залуу үедээ өвлүүлэн үлдээсэн ахмад бөхчүүд энэхүү барилдааныг тэсэн ядан хүлээж байгаа гэдгийг хэлж байв. Эр бяраа гайхуулан барилдах гэхээс илүү амьд сэрүүн байгаа үедээ үеийнхээ бөхчүүдтэй уулзах том завшаан тохиолдох барилдаан болох нь тодорхой биз ээ.
Бөх тайлбарлагч Ц.Батнасан:
-Анх удаа зохион байгуулж байгаа сорилго барилдаан сайхан болж байна. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баяр наадамд манай говь нутгийн бөхчүүд урамтай сайхан барилдах байх гэсэн итгэл, найдвар тээн хүлээж сууна. Манай говийнхон амь санаа нэгтэй хүмүүс. Говийн бөх сайн барилдах юм бол манай говийнхон сайхан барилдлаа гэж ярьдаг түмэн. Тиймээс энэхүү говь нутгийн хамтарсан наадмын сорилго барилдаан сайхан болж байна. Олон олон шинэ цолтонгууд төрөн гарах болтугай гэсэн юм.
Дундговийн энэхүү асарт Төв аймгийн Заамар сумын харьяат улсын начин Ж.Отгонбаяр хүрэлцэн ирсэн байсан. Бөх сонирхогчид Оок начны талаар олон сайхан онигоо ярих дуртай байдаг. Энэ үеэр Р.Сэддорж гишүүн “Манай Оок начин чинь европ стандартаар 48 размерын гутал өмсдөг бөх. Нуруу намхан ч 48 размерын гутал өмсдөг бөх Монголд битгий хэл дэлхийд байхгүй” гэв.
Мөн тэрээр Дорноговь аймгийн бөхийн асарт зочилж, улсын харцага Б.Цацабширын талаар “Би бөх сонирхож, ноцолдож байхдаа энэ нөхөртэй барилдсан юм. Барилдаж дуусчихаад би нэг л зүйлийг маш сайн ойлгосон. Бяртай хүний өөдөөс юу ч хэрэггүй юм билээ. Бэлтгэл, сургуулилалт, арга мэх, хурд хөдөлгөөн гээд юу ч нэмэр болдоггүй гэдгийг ясандаа тултал ойлгосон доо” гэв.
ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!