Мэргэжлийн сүмод 40 дэх түрүүгээ авсан их аварга Хакүхо М.Даваажаргалыг тойрсон шуугиан намжих болоогүй бололтой. Түүний башё өндөрлөсөний дараа Сүмо бөхийн холбооноос багш Миягино оякататай хамт дуудаж хатуу сануулга өгсөн юм.
Ёкозүна Хакүхо Кюүшюү башёд түрүү бөхийн ярилцлагадаа “Харүмафүжи, Таканоива нарыг дахин дохён дээр гаргахыг хүсч байна” хэмээсэн бөгөөд үзэгчдийг банзай буюу уухай хийлгэсэн хэргээр сануулга авсан. Мөн башёгийн 11 дэх өдөр Ёшиказэд уначихаад тачиай болоогүй байсан хэмээн заргалдсан асуудал нь сануулга авах шалтгаан болсон юм.
Их аварга Хакүхо Өвлийн тойргийн барилдаанд барилдаж буй бөгөөд усанд ороод гарч ирэхдээ өмссөн хувцас нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр ”Mongolian Team" гэсэн бичигтэй цамц өмссөн байсан нь шүүмжлэлд өртөх шалтгаан болжээ.
Энэ талаар Осүми хэмээх сэтгүүлч "Ёкозүна Хакүхо санаатайгаар ийм хувцас өмссөн нь Монгол хүчтэй, Монголын сүмо гэсэнтэй адилхан үг" хэмээн шүүмжилсэн байна.