-Хэрэв Төрийн банк 95 хувиа OTP банкинд худалдвал 700 тэрбум төгрөг буюу 200 сая ам.доллар улсын төсөвт орж ирнэ-
Унгарын ОТР банк Монголд салбараа нээнэ гэж ярьсаар нэг жилийн нүүр үзлээ. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа буюу энэ оны 2 дугаар сарын 5-нд Монголбанкны ерөнхийлөгчийн хамт OTP банкны төлөөлөлтэй цахимаар уулзсан. Тэрбээр "Энэ удаагийн парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэлээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд төрийн хэт оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх бодлогыг чухалчилж байгаагаа онцолж, банкны салбарын реформыг эрчимжүүлж, дотоодын зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид оруулахыг зарчмын хувьд дэмжинэ” гэдгээ илэрхийлэн OTP банкны саналыг эергээр хүлээн авсан юм. Түүнчлэн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, холбогдох эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэсэн байдаг.
Цахим уулзалтаас хойш 4 сарын дараа буюу 2026 оны 6 дугаар сарын 29-нд Унгарын OTP банкны Гүйцэтгэх захирлын орлогч Ласло Вольф тэргүүтэй төлөөлөл УИХ-ын дарга байхад нь цахимаар уулзаж байсан Ерөнхий сайд Н.Учралтай биечлэн уулзаж Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн. Энэ хооронд юу хийсэн бэ гэвэл Эдийн засгийн эрх чөлөөний хуулиар, “Чөлөөлье” бодлогын хүрээнд гадны банк Монголд салбараа нээхэд лимитгүй болгосон. Ерөөсөө 100 хувь ч эзэмшиж болно гэсэн үг.
OTP Монголд орж ирэх нь яагаад ашигтай вэ?
Дэлхийн санхүүгийн томоохон тоглогч ОТР банк нь Төв болон Зүүн Европын тэргүүлэгч бие даасан банкны группуудын нэг болох “OTP Group”-ын бүрэлдэхүүнд багтдаг. Төв оффис нь Будапешт хотноо байрладаг бөгөөд Төв, Зүүн Европ, Төв Азийн 11 оронд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 40 мянган ажилтантай, 124 тэрбум еврогийн хөрөнгөтэй, 17.5 сая харилцагчтай банк юм.
Энэ үеэр “ОТР нь арилжааны, корпорацийн, хувийн банк, зээл олголт, хөрөнгө оруулалтын сан болон бусад санхүүгийн шийдлүүдийг багтаасан бүх төрлийн банкны үйлчилгээ үзүүлдэг. Тус групп нь ашигт ажиллагаа өндөр бүс нутгийн өргөн сүлжээтэй, банк санхүү, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг” гэж танилцуулж байв.
Цагаа олсон “Чөлөөлөлт”
Манайд ямар нөлөөлөл үзүүлэх вэ? Юуны өмнө Унгарын OTP банк бол Хятадын коммунист намын мэдэлд байдаг Хятадын төрийн банк салбараа нээхээс өөр. Тиймээс эхнээсээ зөв ойлголт өгч, олон нийтийг төөрөгдүүлж айлгахгүй байх нь зүйтэй болов уу. Тэгээд ч өнөөгийн нөхцөл байдлын хувьд ОХУ-ын банкууд хоригт орчихсон. АНУ болон Европын бусад том банкууд манайхыг тоохгүй. ОХУ, БНХАУ, АНУ-тай аль алинтай нь сайн харилцаатай. “ОТP-Россия” салбар ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг учраас Монгол Улс ОХУ-аас түлш, шатахуун авсан төлбөр тооцоогоо Улаанбаатар дахь OTP банкны системээр шилжүүлэх нь хялбар, шуурхай болно.
Мөн Украинд ч банктай, энэ оны 8-р сард Эстон, Латви, Литвад гурван банк худалдаж авсан маш хүчтэй өргөжиж байна. Төв Ази руу Узбект салбараа нээгээд Казахстантай ярьж байтал шинэ нөхцөл байдал үүсэж, хэлэлцээр гацчихаад байх үед нь Монгол Улсад завшаан таарсан гэж хэлж болно.
Тиймээс ч Ерөнхий сайд Н.Учрал УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиа батлуулж, цагаа олж цонх хаалгаа нээж, ёстой л “Чөлөөлж” чадлаа. Харин одоо Төв банк журмаа гаргахыг хүлээж байна.
Энэ бол үнэлэхээс аргагүй “чөлөөлөлт”. Жишээ нь, тун удахгүй Какао банкийг салбар орж ирлээ гээд байна. Бараг ороод ирсэн байх. Угтаа хөрөнгө оруулагч солонгосууд нь нэгэн цагт “Хас” банкинд тодорхой хувь оруулж байсан канадууд шиг л 20 хүртэл хувь оруулах хөрөнгө оруулаад л орхих болохоос менежмент зэрэгт оролцохгүй, шинээр хөрөнгө оруулж ирэхгүй. OTP банк бол Монголын банкийг худалдаж авна. Өөрсдөө банк байгуулахгүй, ажиллаж байгаа банкийг худалдаж авах юм. Жишээ нь, хэрэв Төрийн банк 95 хувиа OTP банкинд худалдвал 700 тэрбум төгрөг буюу 200 сая ам.доллар улсын төсөвт орж ирнэ. Хамгийн гол нь Төрийн банкны тодорхой хэсгийг, эсвэл бүхэлд нь OTP банкинд худалдчихвал mortgage банк учраас үл хөдлөх хөрөнгийн сантай, Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зардаг, мөнгө үйлдвэрлэдэг тус банкнаас маш бага хүүтэй орон сууцны зээл гаргах, барилгын томоохон төслүүдийг санхүүжүүлэх зэрэг олон шинэ боломж нээгдэнэ. Төр хөрөнгө гаргаж Орон сууцны банк байгуулна гэж олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байсан бол “хөшигний цаана” ийм үйл ажиллагаа хэдийнэ эхэлж өнгөрсөн нэг жилийн дотор Давост Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Сангийн сайд асан Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд удаа дараа OPT банкныхантай уулзаж хэлэлцсээр эдүгээ ажил хэрэг болох гэж байна.
Банкны эзэд “ашиг багасна” гэж айж буй ч тэдний алдсан ашиг харилцагч бидний ачааг хөнгөлнө
Энэ бол муу мэдээ огт биш. “OTP” банк 1995 онд олон нийтэд нээлттэй болсон. Нийт хувьцааны 55.2 хувийг нь гадаадын хувьцаа эзэмшигчид, хамгийн том хувьцаа эзэмшигч Европын хамгийн том шатахуун нийлүүлэгч Унгарын “MOL” групп, Францын "Groupama” ажээ. OTP банкны зээлжих зэрэглэл нь Монголынхоос өндөр учраас өнөөдрийн бидний “сайжруулчихлаа” гээд байгаа тэр зэрэглэлийг ч “чирээд” улам өргөөд өгөх талтай. Үүнийг дагаад гадны томоохон хөрөнгө оруулагчид ч дагаж орж ирнэ. Өргөн цар хүрээ, сүлжээтэй банк учраас төлбөр тооцооны чадвар маш сайн. Европт үнэлгээгээрээ 2-т, эрсдэл даах чадвараараа 3-т явж байна.
Энэ банк орж ирснээр ам.долларын ханш 3000 төгрөг дотор орж, төгрөгийн ханш 20 хувиар чангарч, худалдан авах чадвар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, цалин тэтгэврийг нэмэхгүйгээр иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бяртай, орон зайтай болно. Хэдийгээр Ерөнхий сайд “донсолгоо үүсгэхгүй”, зөвхөн орон сууцны зээл олгоно гээд буй ч тодорхой хэмжээнд арилжааны банкууд дунд ч өрсөлдөөн бий болж, “бүсээ чангалах” шаардлага үүсэж, өнөөгийн “томчууд”-ын байр суурь ганхах магадлалтай. Тэд “ашиг буурна” гэж айж буй ч тэр алдаж буй ашиг нь иргэдэд очно гээд бодохоор нэлээд зориг шаардсан “чөлөөлөлт” байгаа биз?
Дахин хэлэхэд Ерөнхий сайд Н.Учрал УИХ-аар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиа батлуулж, цагаа олж цонх хаалгаа нээж, ёстой л “Чөлөөлж” чадлаа. Харин одоо Төв банк журмаа гаргахыг хүлээж байна. Улс төрийн шалтгаантай л биш бол энэ журам удахгүй батлагдах байх. Ерөнхий сайдын Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь саяхан Унгар руу мөн энэ асуудлаар урилгаар явсан сурагтай. Тун удахгүй бид улам сайн мэдээ дуулах байх гэж найдъя.
Нийтлэлч У Оргилмаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!