Танхимд алга ташилт нижигнэнэ. Хослол өмсөж, улаан зангиа асаасан илтгэгч цог хийморьтой, цохилттой үг хэлсэн болоод тэр. “Та нарынхаа төлөө чөмгөө дундартал зүтгэнэ” хэмээн тэр яг л Рио Де-Жанейрогийн Христ шиг хоёр гараа алдлан, энэрэнгүй ивээгчийн харцаар бүгдийг тойруулан харах ажээ.
Танхимд алга ташилт нижигнэнэ. Хослол өмсөж, улаан зангиа асаасан илтгэгч цог хийморьтой, цохилттой үг хэлсэн болоод тэр. “Та нарынхаа төлөө чөмгөө дундартал зүтгэнэ” хэмээн тэр яг л Рио Де-Жанейрогийн Христ шиг хоёр гараа алдлан, энэрэнгүй ивээгчийн харцаар бүгдийг тойруулан харах ажээ.
Энэ бол Монголын өнөөдрийн дүр зураг.
Монгол хүн төрөөс их зүйл хүсдэггүй. Тэр тусмаа аз жаргал нэхдэггүй. Зөвхөн шударга ёс, тэгш боломжийг л хүсдэг. Ариун цагаанаар хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимээр сэтгэл тэнүүн, амгалан тайван амьдрахыг л хүсдэг юм.
Ядуурлын арифметик
Хиймэл оюун ухаан надад Монгол Улсын хүн амын сүүлийн 20 жилийн ядуурлын түвшинг графикаар зурж өглөө. 20 жил бол урт хугацаа. Дөнгөж төрсөн нярай 20 нас хүрэх тийм урт хугацаа. Энэ хугацаанд Монголд маш олон зүйл өөрчлөгджээ. Төгрөгийн ханш, хүнс, барааны үнэ, хотын төвийн шилэн барилгууд улам өндөр болсон. Төрийн байгууллагууд, дүрэм журмууд, УИХ-ын гишүүдийн тоо олширсон. Харин ганцхан зүйл огт өөрчлөгдөөгүй нь энэхүү ядуурлын түвшин.
Хамгийн сүүлчийн тоо 2022 онд гарчээ. 27.1 хувь. Ойролцоогоор 1.0 сая орчим хүн ядууралд байна. 2010 онд 38.8 хувь буюу цувааны хамгийн дээд цэгт хүрч, 2014 онд 21.6 болж буурснаа 2016 онд 29.6 болж огцом өссөн зэрэг хэлбэлзлүүдийг эс тооцвол нийт хүн амын гуравны нэгийг хамарсан ядуурал 20 гаруй жил асар тогтвортой үргэлжилсэн байх юм.
Энэ зүгээр нэг статистик биш. Үүний цаана хотын захын гэр хороололд байгаа мөнгөөрөө түлээ, нүүрс хоёрын алийг нь авахаа шийдэж ядан буй эмээгийн амьдрал бий. Сумын эмчийн маягттай хотод ирээд үзлэгийн дараалалд олон хонохоос аргагүй болж, толгой хоргодох газар хайн цөрхөнгөө барж буй хүнд өвчтөний бодит түүх бий. Албан байгууллагын хаалга сахин ажил хайж яваа залуугийн ирээдүй бий. Түүнийг сайхан мэдээтэй ирээсэй гэж хүлээх нялх биетэй гэргийнх нь гудамжны үзүүрийн ТҮЦ-нд тавьсан өр бий.
AI-гаас би дахиад асуулаа. Монгол Улсын эдийн засгийн сүүлийн 20 жилийн өсөлт ямар байв гэж. 2009 онд дэлхийн санхүүгийн хямралаас болж 1.3 хувиар, 2020 онд COVID19 цар тахлаас шалтгаалан 4.6 хувиар агшсанаас бусад онд өссөөр иржээ. Арифметик аргаар 20 жилийн дундаж өсөлтийг 6.8 хувь гэж бодож өглөө. Жил жилийн өсөлтүүд нийлсээр 2025 онд 2006 оныхоос 7.4 дахин өссөн гэх тооцоо гарч байна. Хэрэв энэ өсөлт иргэдэд хүрсэн бол бидний амьдрал ч бас ийм хэмжээгээр дээшилж, ядуурал тэр хэрээр буурах байсан. Гэвч тэгсэнгүй.
Улс орны эдийн засаг өссөөр байхад бидний амьдрал яагаад сайжрахгүй байна вэ? Ядуурлынхаа учир шалтгааныг өөрөөр харж, шинээр дүгнэх болсон мэт санагдахгүй байна гэж үү?
Монголын төр, засаг ядууралтай тэмцээгүй биш, тэмцсэн. Тэмцэхдээ халамж, тэтгэмж өгч, мөнгө тараах арга замыг л ашигласан. Жилээс жилд халамжийн төсөв ДНБ-ий өсөлтийн арифметикаар өссөн. Тэтгэмж, тэтгэлгийн төрлүүд олширч, төрийн сангууд нэмэгдсэн. Харамсалтай нь үр дүн гараагүй. Энэ тэмцэлд бид ялагдсан. Учир нь ядуурал дан ганц мөнгөний асуудал биш байлаа.
Буруугийн хэмжээ
Ажилгүй болсон залууд бизнес эхлүүлэх санаа байсан ч зөвшөөрөл авч чадалгүй ядуурсан. Гэнэтийн өвчинд нэрвэгдсэн бүсгүй эмийн, эмчилгээний өртөг зардлыг дийлэлгүй хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдаж, мөн л ядуурсан. Ганц охиноо хотын төвийн өндөр төлбөртэй сургуульд оруулсан эцэг, эх хэдхэн жилийн дотор ядууралд өртсөн. Дахин төлөвлөлтөд хашаа, байшингаа шилжүүлсэн айл хотын захад алслагдмал суух болж, өдөр өдрөөр ядуурсан.
Ийм жишээ бидний дунд захаас аван олдоно. Мөнгөгүй байх гэдэг бол ядуурлын шалтгаан биш. Үр дагавар нь. Төрийн хүнд суртал, тал тохойгоор дамжсан хэлхээ сүлбээний хана хаалт, хүний зүтгэл, хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрийг үнэлдэггүй жудаг журамгүй, ёс бус хандлага биднийг “боломжгүйдлийн мөглөн”-д цоожилж орхидог. Амьдралаа өөд татах, сайн сайхнаа бүтээх чин эрмэлзлийг энэ бүхэн үгүй хийж ядуу тарчигт живүүлж байгаад биднийг яг л боол мэт эзэрхийлж, залхаан цээрлүүлж, гэсгээн шийтгэж байдаг.
Хүмүүсийн боломжийг хулгайлж, хөлийг тушдаг хамгийн том мангас бол авлига. Үүнийг бид бүгдээрээ мэднэ. Дээр, дооргүй л ярьдаг. Жигшин зэвүүцэж, хараан зүхдэг. Үзэн яддаг. Гэсэн хэрнээ авлигыг төрүүлдэг тогтолцоог тэр бүр ярьдаггүй.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага 2024 онд явуулсан Redtape Index судалгааныхаа үр дүнг 2025 онд танилцуулсан юм. Судалгаанд манай улсын 975 аж ахуйн нэгж хамрагдаж, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой төрийн үйлчилгээний хүнд суртлын ачааллыг таван онооны системээр дүгнэхэд 2.85 гэсэн үнэлгээ өгсөн байна. Тэд олон шатны зөвшөөрөл, давхардсан шаардлагууд, ойлгомжгүй журам, шийдвэрлэхгүй удаадаг зэргийг эрэмбийн эхэнд жагсаажээ.
Улсын Их Хурал дээр бас нэг баримт яригдсан юм. Ерөнхий сайд Н.Учрал парламентад хийсэн мэдээлэлдээ, найман нэрийн дэлгүүр, кофе шоп нээх гэтэл дөрвөн сар чирэгдүүлсэн тухай баримт гаргаж тавьсан. Архангай аймгийн иргэн ааруул, цагаан идээгээ борлуулсан орлогоороо дэлгүүрээ томсгож, 12 ам метр талбайгаа 45 ам метр болгох гэтэл бараг л шинээр найман нэрийн дэлгүүр нээх хэмжээний бичиг цаас нэхжээ. Иргэдийнхээ амжилтыг дэмждэггүй, улам арагш чангааж, доош дарсан ийм жишээ очсон газар бүрд олон олноор сөхөгдөж байгааг тэр халаглан ярьсан юм.
Уул нь төрийн үүрэг бол иргэдийнхээ амь нас, эрх чөлөө, өмч хөрөнгийг хамгаалах. Английн их сэтгэгч Жон Локк тэртээ 17 дугаар зуунд ингэж тодорхойлсон. Харамсалтай нь Монголын төр хамгаалах нэрийн дор иргэдээ удирдах, чиглүүлэх, албадан захирах зохицуулалтыг алхам алхамаар өрж, хүнд суртлын хөх тоосгон шилтгээнийг бөхлөн босгосоор иржээ. Хэрэгтэй, хэрэггүй үүрэг функц, хяналт шаардлага нь овоорох тусам төр томорно. Нэг чиг үүргээр нэг агентлаг, нэг зардал санхүүжилтээр нэг сан байгуулж, хууль, тогтоол, дүрэм, журам бүрээр төрийн бүтэц данхайсаар байна. Нэг зөвшөөрөл хоёр болж, хоёр маягт арав болж байна. Цавчих тусам үржиж ургадаг мангасын толгой шиг...
Оврын сүүдэр
Овор хэмжээ нь овойхын хэрээр төрийн үйлчилгээ сайжирдаг бол бас яах вэ гэхсэн. Гэтэл харин ч эсрэгээрээ, дарга ангийн зардал тэлж, шийдвэр гаргах шат дамжлага л олширч байна. Бичиг цаас, бүрдэл материалаа биднээр хийлгэх гэсэн түшмэдийг хөмсөгний атираа л улам гүн болж байна. Төрийн оролцоо нэмэгдэх тусам бидэнд өөрийнхөө ажлыг хийх цаг зав хомсдож, өнгө үзэмж харсан түшмэдтэй харьцах, тэдний ажлыг хийж өгөхөд хамаг цагаа зарцуулж байна.
Төр өөрийнхөө зардлыг нарийн нямбай тооцдог атлаа иргэний зардлыг тоохгүй хаядаг. Иргэн хэдэн өдөр хүлээсэн, хэдэн удаа зорчсон, хэдэн төгрөгийн орлого алдсан, хэдэн удаа хүүхдээ цэцэрлэгээс авахаа оройтуулж торгуулсныг огт тооцдоггүй. Өдөр өдрөөр тоологдож, үйлдэл үйлдлээр үржигдэж буй энэ цаг, мөнгө, тэсвэр тэвчээрээр иргэд төрийн ажлын доголдлыг нөхөж байдаг.
Монголын төрд нэг далд үзэл хандлага удаан оршиж, салахын аргагүйгээр бэхжээ юу даа гэсэн бодол эрхгүй төрдөг юм. Энэ юу вэ гэхээр, иргэд хариуцлагагүй, сахилга батгүй учир буруу шийдвэр гаргана, иргэд ухамсаргүй, зальтай учир хууран мэхэлнэ, иргэд муу санаатай учир гэмт хэрэг үйлдэнэ гэх үл итгэх хандлага. Тиймээс тэднийг байнга хянах хэрэгтэй гэх хэвшмэл арга барилаар манай төр ажилладаг. Тэгээд л элдэв төрлийн дүрэм журам гаргаж суудаг шиг санагддаг юм.
Төрт ёсны хөгжлийн өндөр уламжлалтай улс орнуудад үүнээс эсрэг зарчим үйлчлээд байгааг компьютер дээр ганц товч дараад л олоод мэдчих боломжтой. Хувь хүний болон эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтээр Швейцар, Дани, Шинэ Зеланд, Ирланд, Люксембург, Эстони, Финланд зэрэг улс орнууд дэлхийд тэргүүлж байна. Эдгээр улсууд хүний эрх, бизнесийн сонголт, иргэний оролцоо, хууль дээдлэх ёс, өмчийн эрх, төрийн цахим үйлчилгээ зэрэг өргөн боломжуудыг иргэддээ олгодог. Иргэддээ итгэдэг учраас эрх чөлөө өгдөг. Энэ эрх чөлөөний боломжууд хүмүүст бүтээлч эрмэлзэл төрүүлж, түүгээрээ хүмүүс баялаг бүтээж байна. Харин Монголд…
Монголд төрийн үйлчилгээний шат, гишгүүр бүр дээр сандайлсан албан тушаалтнуудын гарын үсэг л үнэ хүрч байна даа. Албан тушаалтны гарын үсэг үнэтэй болох тусам таны, миний, хүний эрх, эрх чөлөө гэгч зүйл ямар ч үнэлэмжгүй, хог л болж байна.
Иргэн миний хүсэл
Улс орны эдийн засаг дан ганц уул уурхайгаас хамаарч байгаа тухай өнөөдөр амтай бүхэн л дүгнэдэг. Үндсэндээ уул уурхайгаас өөр юу ч үгүй учир бид хөгжихгүй байна гэлцдэг. Үнэн. Гашуун үнэн. Уул уурхайгаар баялаг бүтээдэггүй. Баялаг эрх чөлөөтэй хүний оюун ухаанд төрдөг юм. Боломжтой, сонголттой, эрх чөлөөтэй хүний толгойд шинэ санаа төрж, шинэ бизнесийн мотор асна. Тэнд шинэ ажлын байрууд бий болж, хүмүүсийн цалин, орлого, хамгийн гол нь урам зориг нэмэгдэнэ. Энэ мөчөөс хөгжил эхэлдэг гэж Нобелийн шагналт Амартя Кумар Сен “Development as Freedom” номдоо бичсэн байдаг. Хөгжил дэвшлийн хамгийн том үндсэн хөрөнгө бол эрх чөлөө гэдгийг тэр энэ бүтээлээрээ нотолсон юм.
Зөвхөн эдийн засгийн хөгжил ч биш, хүний хөгжлийг хангах бүх хүчин зүйл эрх чөлөөнд оршино. Парламентаар ирэх 2027 оны улсын төсвийг батлах үйл явц яг энэ цаг үед үргэлжилж байна. Төсөв томорлоо, халамжийн улс боллоо гэх шүүмжлэл зөвхөн энэ удаагийнх биш. Жилийн жилд төсвийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх бүрд энэ асуудал хөндөгддөг. "Илүү их төсөв зарцуулж байж л асуудлыг шийднэ" гэж баталдаг нь ч, батлуулдаг нь ч төөрөлддөгт учир байгаа юм.
Өндөр төсөв өндөр хөгжил авчирдаггүйг дэлхийн олон улс, орны түүх, сургамжаас харж болно. Хэдэн төгрөг, хэдэн доллар зарцуулсан бэ гэдгээр биш, тэр зардал мөнгөөр хэдэн хүний амьдралыг өөрчилж, өөд татсан бэ гэдгээр бид төсвөө үнэлэх ёстой. Хүүхдүүд гурван ээлжээр хичээллэхээ болив уу? Нэг ширээн дээр гурвуулаа багтаж ядан чихэлдэж суудаг нь цэгцэрсэн үү? Хэдэн өвчтөн эмчилгээнд хамрагдаж эдгэв? Настан буурлууд эмээ авч уух боломжтой болсон уу? Ид насны залууст ажлын байр байна уу? Аймаг, сумын иргэд нийслэлд амьдардаг хүмүүсээс дутахгүй төрийн үйлчилгээ авав уу гэх мэт олон асуултын хариугаар төсвийн үр өгөөж хэмжигдэх учиртай юм.
Засгийн газар боловсролын төсвийг жил бүр нэмэгдүүлсээр байна. Гэвч сургалтын чанар дээшлээгүй хэвээр. Зарим сургууль сурагчгүй шахам байхад зарим нь ачааллаа дийлэхгүй, нэг ангид тавь, жаран хүүхэдтэй хичээллэж байна. Багш нар цалингаараа амьдарч чадахгүйн эрхэнд гадаад улсад хар ажил хийхээр явцгааж байна.
Эрүүл мэндийн салбарт ч төсөв, зардал өссөөр байдаг. Байшин барилга, эмнэлэг, төвүүд шинээр баригдаж, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмж ч шинэчлэгдсээр байгаа. Гэвч иргэдийн оочер дараалал хэдэн сараар сунасан, орон нутагт эмч хүрэлцэхгүй хэвээрээ л байх. Үр дүнгүй зардал бол хөрөнгө оруулалт биш, зүгээр л зарлага юм.
Нийгмийн халамж, хамгаалал оновчтой бус, үрэлгэн, харалган гэх олны үг үл тасарна. Амьдралын боломжгүй болсон хүнд туслах нь төрийн үүрэг. Зайлшгүй шаардлагатай иргэнийг төрийн халамж анхаарлаас орхигдуулж яавч болохгүй. Гэхдээ халамж, тэтгэмж гэдэг хэрэгтэй үед нь хүнд дэмжлэг болох ёстойгоос бус түүний ирээдүйг шийдэх шийдэл болж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хэчнээн хүнийг халамжинд хамруулсан бэ гэхээсээ илүүтэй хэдэн хүнд боломж бололцоо олгосон бэ гэдгээр бид хөгжлийн бодлогынхоо үр өгөөжийг дүгнэж байх ёстой.
Ахмад настнуудад өрөвдөл биш хүндлэл хэрэгтэй шиг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хөөрхийлөл бус хүртээмжтэй орчин, бие дааж амьдрах нөхцөл хэрэгтэй шиг, бүх хүнд халамжаас илүү боломж хэрэгтэй. Халамж хөөрхий ядуу бидний нэг өдрийг ч юм уу, хэдэн хоногийг л залгуулдаг бол боломж амьдралаа өөрчилж өөд татах үүд хаалгыг бидэнд нээж өгнө.
...Улаан зангиа асаасан илтгэгчийг би тайзан дээрээс буугаасай гэж хүсэж байна. Учир нь надад түүний цог хийморьтой, цохилттой үгс ямар ч хэрэггүй. Харин ч тэр надад огт мэдрэгдэхгүй, амьдралд минь саад болохгүй байхыг л би туйлын ихээр хүсэж байна.
Нийтлэлч Д Энхболдбаатар

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!