
News агентлаг энэ долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
АН: ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ БИЧИГТ 41 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин:
-Ээлжит хуралдаанаар хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хэлэлцлээ. Ялангуяа 2018 оноос хойш хэрэгжиж байгаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэрэгжихгүй байна гэж дүгнэж байгаа. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд төрийн байгууллага өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон заалт бий.
Гэтэл хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас төрийн бүх байгууллага өөрийн гэсэн хэвлэлийн албатай болсон.
Энэ нь хэвлэл мэдээллийн буюу дөрөв дэх засаглалын зах зээлийн орон зайг хумих, өрсөлдөх чадварыг бууруулах, мөн Засгийн газар болон бусад хэвлэл мэдээллийн байгууллага нэг талыг барьсан мэдээллээр олон нийтийг хангах нөхцөлийг бүрдүүлж байна гэж харж байна. Цаашид хэвлэл мэдээллийн эрх чөлөөг Засгийн газарт бариулчихгүйн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бие даасан, хараат бус байх ёстой гэсэн зарчмаар Ардчилсан нам үзэл баримтлалаа тодорхойлж, ажлын хэсэг байгуулан ажиллана гэдгийг хэлэлцсэн.
Дараагийн асуудал нь хариуцлагагүй уул уурхайн улмаас байгаль орчин сүйдэж, хүн амын эрүүл мэнд хохирч байгаа асуудал байлаа. Ялангуяа Тавантолгойн асуудлаас болж олон хүний элэг, уушги гэмтэж, хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Мөн Нөмрөгийн дархан цаазат газар шатсан асуудалд зөв, бурууг тогтоож, хариуцлага тооцохоос зайлсхийж, нуун дарагдуулах асуудал байж болзошгүй. Тиймээс байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлаар шударга, зөв шийдвэр гаргуулахын тулд ажлын хэсэг байгуулж, санал дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн Монголбанкнаас элдэв төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх асуудлыг зогсоох, санхүүжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг шалгах ажлын хэсэг байгуулах ёстой гэсэн шийдвэр гаргасан гэлээ.
Тэрбээр, мөн сэтгүүлчдийн асуултад, хариулт өгч дараах байр суурийг илэрхийллээ.
– Засгийн газарт хамтрах шахалт ирж байгаа эсэх, Засгийн газрыг огцруулах бичгийн явц ямар шатанд байна вэ?
"Засгийн газарт орох, хамтрах тухай ямар нэгэн хэлэлцээ, яриа огт явагдаагүй. Засгийн газарт орох, хамтрах асуудал нь бүлгийн түвшинд биш, намын эрх барих дээд байгууллага болох Үндэсний бодлогын хороо, Улс төрийн зөвлөлөөр хэлэлцэгдэж шийдвэрлэгдэх учиртай. Одоогоор ийм шийдвэр байхгүй. Харин Засгийн газрыг огцруулах бичигт намын дарга Л.Гантөмөр, бүлгийн дарга О.Цогтгэрэл нарын санаачилгаар 41 гишүүн гарын үсэг зурсан нь үнэн. Уг бичгийг хэзээ өргөн барих асуудлыг АН-ын Улс төрийн зөвлөл эцэслэн шийдвэрлэнэ."
– Эрх баригч намын хулгай, хариуцлагын асуудал болон шатахууны хомсдол зэрэгт АН сөрөг хүчний хувьд хэрхэн хандаж байна вэ?
"МАН дотор өрнөж буй авлига, хулгайн маргаанд АН аль нэг талд орохгүй. Аль алиных нь ярьж байгаа үндэслэлүүд шалгагдах ёстой бөгөөд хууль зөрчсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хонгил үүсгэсэн албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцохыг шаардаж ажиллана. Хэвлэлээр гарсан мэдээлэл бүрийг шүүрч аваад мэдэгдэл хийх нь улс төрийн сөрөг хүчний бодлого биш. Бид тооцоо судалгаатай, бодлогын үндэслэлтэй хандаж байна. Мөн шатахууны нийлүүлэлт, хомсдлын асуудалд дүгнэлт хийж, хууль зөрчсөн, хариуцлага алдсан албан тушаалтнуудад зохих хариуцлага тооцох асуудлыг хуулийн хүрээнд шаардах болно.
"ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ 48 ХҮРТЭЛХ САРААР СУНГАХ БОЛОМЖИЙГ ОЛГОЛОО"
Монголбанкны ерөнхийлөгч С.НАРАНЦОГТ:
-Хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд зээлийн хугацааг нийт 48 хүртэлх сараар сунгаж, тухайн зээлд өр орлогын харьцааны хязгаарлалт үйлчлэхгүй байхаар холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулсан. Системийн эрсдэлийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд санхүүгийн мөчлөг тэнцвэрт түвшний орчимд, зээлийн өсөлт суларч, мөчлөгийн шинжтэй эрсдэл буурч, банкны салбарын зохистой харьцааны үзүүлэлтүүд Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаж байгаа ч зээлийн зарим хэсэгт, тэр дундаа хэрэглээний зээлд эрсдэл хуримтлагдсан хэвээр байна. Макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед банкны системийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт системийн хэмжээнд зохистой харьцааны шаардлагыг хангах түвшинд хадгалагдахаар байгаа нь банкны салбарын эрсдэл даах чадвар системийн хэмжээнд хэвийн байгааг харуулж байна. Гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа энэ үед банкууд эрсдэл даах чадвараа тогтмол үнэлж, эрсдэлийн удирдлагаа сайжруулахад анхаарах нь зүйтэй. Банкууд өөрчлөгдсөн журмын дагуу ажиллаж, эрсдэлийн санг бүрэн байгуулна. Өөрөөр хэлбэл, зээлийн эрсдэл нь банкны тайланд бодитой тусгагдана. Банкууд өөрсдөө эрсдэл даах бүрэн хөрөнгөтэй бөгөөд зохистой харьцааны шаардлагыг бүрэн хангаж байгаа.
Банк болон банк бус санхүүгийн байгууллагын хэрэглээний зээлийн зохицуулалт ялгаатай байгаа нь иргэд олон газраас зээл авч, өрийн дарамтад орох нөхцөл болж байна.
Энэ хүрээнд Монголбанк ялгаатай байдлыг арилгахаар бусад зохицуулагч байгууллагатай хамтран ажиллаж байна. Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд УИХ-ын тогтоолоор банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор зохицуулахыг тусгасан байгаа. Энэ нь иргэдийг өрийн дарамтад оруулахаас сэргийлэх ажил юм. Уг хурлаар бусад макро зохистой арга хэмжээ, нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Бусад макро зохистой арга хэмжээг өөрчлөхгүй байхаар шийдсэн. Гадаад орчны тодорхой бус байдал өндөр, айл өрхүүдийн өрийн дарамт их байгаа энэ үед Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хянаж, шаардлагатай бол бодлогын арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлнэ.
Хэрэглээний зээлийн чанаргүйдэл сүүлийн саруудад тогтворжих хандлага ажиглагдаж байгаа хэдий ч өмнөх хугацаанд олгогдсон зээлийн үлдэгдэлд чанаргүйдэл үүсэх эрсдэл хэвээр байна.
Тухайлбал, өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 2026 оны есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн байна. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлийн зохицуулалтын ялгаатай байдал нь иргэд олон байгууллагаас зэрэг зээл авах, улмаар нийт өрийн дарамтаа нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна" гэлээ.
Банкууд активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмын дагуу зээлийн бүтцийн өөрчлөлт хийх боломжтой. Мөн цалингийн, малчны болон автомашины зээл зэрэг ӨОХ-ны болон хугацааны хязгаарлалт бүхий хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийхэд мөн адил хязгаарлалт үйлчилдэг. Иймээс санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлийн хугацааг сунгаж, төлбөрийн хэмжээг бууруулах боломж хязгаарлагдмал байгааг харгалзан эдгээр хязгаарлалтыг журмын бүтцийн өөрчлөлтийн зохицуулалттай нийцүүлж байна.
2026 оны есдүгээр сарын байдлаар банкны салбараас иргэдэд олгосон зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгч байгаагаас 66.4 хувь нь 45 хувиас дээш өр, орлогын харьцаатай байна.
Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлд бүтцийн өөрчлөлт хийх боломжийг нэмэгдүүлэх нь зээлдэгчийн санхүүгийн дарамтыг бууруулж, зээлээ үргэлжлүүлэн төлөх, төлбөрийн чадвараа сэргээхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Иймд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон хугацааны зохицуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Б.ПҮРЭВДАГВА: “АНДЫН ЗАМ”, “БРИЛЛИАНТ”-ЫН ХОХИРОГЧДЫГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОНО
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.САНДАГ-ОЧИР:
-Нөмрөгийн тусгай хамгаалалттай газарт гарсан түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоох ажлын хэсэг хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна. Хуульд заасан хугацаа нь 30 хоног бөгөөд арваннэгдүгээр сарын 16-нд дуусах ёстой. Ажлын хэсэг ажиллаж байх явцад богино хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүд ч гарч байна. Нийт 468 мянган га газар нутаг шатсан бөгөөд багахан хэмжээний газар нутаг шаталгүй үлдсэн. Тэнд ан амьтдын нягтаршил их байгаа талаар судалгааны багийн мэдээлэл бий. Тиймээс ойрын хугацаанд цас орж, идэш тэжээлийн хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, ан амьтдыг өвс, тэжээлээр хангах биотехникийн арга хэмжээ авах шаардлагатай байна.
Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргахаар шийдвэрлэлээ.
Мөн Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт холбогдох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх чиглэл өгч, Засгийн газрын тогтоол гаргалаа. Ингэснээр Дорнод, Сүхбаатар аймагт өвс, тэжээл бэлтгэсэн иргэн, аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн өвс бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана. Тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахын тулд машин, техник хэрэгслийн бэлтгэлийг хангаж, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Цаашлаад түймэрт өртсөн бүс нутгийн гүн рүү долоон цэгээр өвс, тэжээл хүргэх биотехникийн арга хэмжээний зураглалыг гаргаад байна. Энэ хүрээнд холбогдох бэлтгэл ажлыг хангаж, Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ер нь Засгийн газраас Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн асуудалд онцгой ач холбогдол өгч, анхаарал хандуулан ажиллаж байна. Сүүлийн 3-4 хоногийн хугацаанд Засгийн газрын хуралдаанд холбогдох арга хэмжээний талаар танилцуулга хийж байгаа.
Үүнтэй холбогдуулан хариуцлага алдсан зарим албан тушаалтанд хариуцлага тооцох, шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байна.
Мөн тоног төхөөрөмж, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах чиглэлээр Засгийн газраас арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг та бүхэнд хэлье. Нөмрөгт ажилласан 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн хээрийн судалгааны ажил дуусаж, Улаанбаатар хотод ирсэн. Тэд эхний ажлын тайлангаа яамны удирдлагуудад танилцуулсан. Хуульд заасан хугацаа буюу арваннэгдүгээр сарын 16-ны дотор түймрийн улмаас учирсан хохирлын эцсийн үнэлгээг тогтоосон байх ёстой. Мөн эрдэм шинжилгээний төв байгуулах асуудал чухал байна. Бид дахин хэзээ ийм хэмжээний түймэр гарахыг урьдчилан таамаглах боломжгүй. Нөгөө талаас хил орчмын заставууд, хамгаалалтын захиргаанууд зэрэг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд түймэр гарсан тохиолдолд ашиглах тоног төхөөрөмжийн хувьд учир дутагдалтай байна. Тиймээс энэ тал дээр гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, санхүүжилт, хөрөнгө оруулалтаар байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх асуудлыг тавих байр суурьтай байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.ПҮРЭВДАГВА:
-НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл 7-10 мянган өрхийн янданг буулгах зорилт тавин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан халаагуур, дулаан хуримтлуур ашиглах замаар айл өрхүүдийг яндангүй болгох арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 20-нд Төв талбайд хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ үеэр бид иргэдэд ямар технологиуд санал болгож байгаагаа танилцуулна.
Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын бүсийн айл өрхүүд цахилгаанаар дулаанаа шийдэхийн тулд эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээний өргөтгөлийн асуудлыг маш сайн шийдвэрлэх шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар манай дэнжийн бүсэд амьдарч байгаа айлуудын цахилгааны хүчдэл шөнийн цагаар унадаг, плиткаа залгаад хоол буцалгаж чаддаггүй, утсаа залгаад бүрэн цэнэглэж чаддаггүй нөхцөл байдалтай байгаа талаар мэдээлэл өгч байна.
Тиймээс нарны цахилгаан эрчим хүч ашиглан нэмэлт эх үүсвэр бий болгож, гэр хорооллын бүсийг цахилгаанаар хангах төслүүдийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэхээр болж байна.
Томоохон цахилгаан станц барихаас илүүтэй богино хугацаанд байгуулах боломжтой жижиг оврын батерей хуримтлуурыг Шар хад, Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Толгойт, Дарь-Эх гэсэн бүсүүдэд барихаар төлөвлөж байна.
Энэ жилийн өвөлжилттэй холбоотой нэг онцлог нь 5000 айлыг хийн зууханд шилжүүлэх ажил үргэлжилж байгаа явдал юм. Энэ нь агаарын чанарт тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
Мөн бидний хэрэглэж байгаа түлшний тухайд 280 мянган тонн хагас коксон түлш, 180 мянган тонн шахмал түлш бэлтгэсэн. Өмнө нь 180 мянган тонн шахмал түлшийг хуучин мидлингээр үйлдвэрлэдэг байсан бол энэ өвөл “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн угааж баяжуулсан нүүрсээр үйлдвэрлэж байна. Ингэснээр тоосжилт, хүхрийн агууламж багатай түлшийг борлуулж эхэлсэн.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өнөөдрийн байдлаар агаарын бохирдлын хорт бодисын хэмжээ 10-14 хувиар буурсан гэсэн олон улсын мэргэжлийн байгууллагын тооцоо гарсан.
Цаашид утааны эсрэг үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Гол нь агаарын бохирдол хамгийн ихтэй зургаан цэгт 73 мянган айл өрх амьдарч байна. Эдгээр бүсэд дээр дурдсан 7-10 мянган өрхийн янданг буулгах ажлыг хэрэгжүүлнэ.
Мэдээж утааг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах хөтөлбөрийг дэмжих юм. Харамсалтай нь дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 2000 орчим иргэн байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон нийслэл хамтран дахин төлөвлөлтөд хохирсон иргэдийг орон байртай болгох, хохирлыг барагдуулах арга хэмжээг авахаар ажиллаж байна.
Тухайлбал, “Андын зам”, “Бриллиант” компанитай холбоотой асуудлаар хохирсон иргэдийг улсын болон нийслэлийн төсвөөр хэрэгжүүлж байгаа 1008 айлын орон сууц, “Солонго 1, 2” орон сууцны хороолол зэрэг төслүүдэд хамруулж, орон сууцтай болгох замаар хохирлыг барагдуулна.
Цаашид зогсонги байдалд орсон төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар, хэсэгчилсэн төлөвлөлтийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулж, иргэдийг орон сууцтай болгох боломжийг бүрдүүлнэ.
News.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!