fbpx Д.Батмөнх: Хуульчдын нэр хүнд шалдаа унасныг мэдээллийн хэрэгслүүд дэлгэн харууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
21 минут 43 секунд

Д.Батмөнх: Хуульчдын нэр хүнд шалдаа унасныг мэдээллийн хэрэгслүүд дэлгэн харууллаа

Ёс суртахууны үнэлэмжийн өөрчлөлтийг тандах судалгааны ажил 1990 оноос хойш өнөөг хүртэл бараг хийгдээгүй явж иржээ. Харин ШУА-ийн Философийн хүрээлэнгээс 2010 онд “Монголчуудын зан суртахууны төлөвшил, түүнд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлс” экспертийн судалгаа явуулсан нь олон нийтийн анхаарлыг татсан нийгмийн хурц асуудлыг ил гаргаж тавьсан юм. Энэ бол монголчууд бидний үнэт зүйлс, итгэл үнэмшил үндсээрээ өөрчлөгдөж, нийгмийн бүх давхарга ёс суртахууны хямралд өртсөнийг анх удаа дэлгэн харуулсан явдал байв. Түүнээс 7 жилийн дараа буюу 2017 оноос өнөөдрийг хүртэл Философийн хүрээлэнгийн судалгааны баг “Монголчуудын ёс суртахуун – эрх зүйн хөгжлийг хангах үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагыг иж бүрэн тодорхойлох нь” сэдэвт суурь судалгааны төслийг /төслийн удирдагч академич С.Нарангэрэл/ гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа аж. Эхний үр дүн ч гарч байна. Энэ удаа монголын хуульчдын ёс зүйн талаархи олон нийтийн үнэлэмж хэрхэн өөрчлөгдөж буйг мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлэгт дүн шинжилгээ хийж бичсэн судлаач сэтгүүлч, доктор Д.Батмөнхийн эргэцүүллийг нийтэлж байна. 

Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо, Шүүхийн ёс зүйн хороо хамтран “Хуульчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг яг нэг жилийн өмнө /2018.04.11/ зохион байгуулж билээ.  2014-2017 оны хооронд Монголын хуульчдын холбоонд 933 хуульчтай холбоотой 791 гомдол, мэдээлэл ирсэний 80.5 хувь нь өмгөөлөгч, 17.4 хувь нь шүүгч, 2.1 хувь нь прокурорт хамаарсан өргөдөл байжээ. Гэхдээ дээрх 933 хуульчаас зөвхөн 52 хуульчид л холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хариуцлага хүлээлгэжээ. Тэдгээр 52 хуульч бүгд өмгөөлөгч байсан бөгөөд шүүгч, прокурорт хариуцлага хүлээлгэсэн тохиолдол гараагүй хэмээн өнгөрсөн жилийн өдийд хэд хэдэн судлаач онцолж дурдсаныг нэн тод санаж байна. 

Гэтэл өнөөдөр, мөнөөх 52 өмгөөлөгчийн ёс зүйн зөрчил нь ганц жилийн дотор монголын хуульчдын алдаа дутагдал болон хувирч, тэдний нэр хүнд олон нийтийн дунд шалдаа унасан тухай хаа сайгүй шүүмжлэн чичлэх болжээ.Хуульчдын нэр төр, алдар хүнд ийнхүү алга урвуулах төдийд унаж, мэргэжлийн ёс зүйн доройтолд орсон явдлын учир шалтгаан юунд байна. Олон түмэн яагаад ингэж дүгнэх болов?

Энэхүү асуултад хариулахын тулд социологийн судалгааны уламжлалт аргаараа аймаг, нийслэлийн иргэдийн төлөөллийг санамсаргүй тохиолдлоор сонгож, судалгааны хэдэн анкет бөглүүлэхээр орон нутаг зорихыг хүссэнгүй. Тийм цаг хугацаа ч байсангүй. Харин хүн хүч, зардал мөнгө, орон зай, цаг хугацааг тусгайлан шаарддаггүй хэвлэл мэдээллийн хэрэгслийн сүүлийн хоёр сарын хугацаанд гарсан нийтлэл, нэвтрүүлэгт дүн шинжилгээ хийж, дээрх асуултад цогц хариулахыг хичээлээ. 

 

Өнөөдөр Монгол Улсад 434 хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн таван жилд сонин, сэтгүүлийн тоо буурч,  цахим сайтын тоо жилээс жилд өсөх болжээ. Нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийг дотор нь ангилж үзвэл 88 сонин, 71 сэтгүүл, 48 радио, 127 телевиз, 100 сайт ажиллаж байна. Тэдгээр ХМХ-д  нийтдээ 4462 сэтгүүлч, уран бүтээлч хүч хөдөлмөрөө зориулж байна. Монголын зах зээл дээр бүтээгдэхүүнээ шингээж байгаа эдгээр мэдээллийн хэрэгсэл нь 3 сая гаруйхан хүн амтай улс орны хувьд дэлхийн нийтийн жишгээс хэдийнэ давсан үзүүлэлт юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн технологи цахимжиж, төрөл хэлбэр нэмэгдэхийн хэрээр бидний амьдрал улам бүр ил цагаан болж байна. Үзэл бодлоо илэрхийлэх, санал бодлоо солилцох, үнэлэлт дүгнэлт өгөх зэргээр тухайн юмс, үзэгдлийн талаархи олон нийтийн үнэлэмж бүрдэж, хувьсан өөрчлөгдөх нь хүртэл алга урвуулах төдий болжээ. 

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад байгаа хэрэг явдлын тухай мэдээлэл болон хуульчдын мэргэжлийн алдаа, ёс зүйн зөрчил нь хуулийн салбарт гарсан  ололт амжилт, эерэг үзүүлэлтийг бүхэлд нь баллуурдаж хаяхад хүргэжээ. ТВ9 телевизийн дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн "Монгол коммент” нэвтүүлгээр Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвигч Ганзориг 11:12 харьцаагаар нэг хүний саналаар ялалт байгуулж, хонгилын доторхи хуульчдаас нэр дэвшсэн хуульчийг яллаа гэж мэдээлэв. Энэ бол хуульчдад халтай маш ноцтой үнэлэмжийг илэрхийлсэн мэдээлэл юм. Өнгөц сонсоход зөвхөн хувь хуульчийн зан суртахуунд өгч буй үнэлэлт юм шиг атлаа нийт хуульчдын талаархи олон нийтийн үнэлэмж ямар түвшинд хүрч унасныг  харуулсан хэрэг байлаа. Энэхүү үнэлэмж нь тухайн телевийн удирдлагын бодлого биш, уг нэвтрүүлгээр иргэд, олон нийт үзэл бодлоо илэрхийлэх явцад гарч буй тэдний санаа бодол юм.  Харин энэхүү мэдээлэл нь хуульчдийг мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагаар нь үнэлдэг шалгуурыг илт үгүйсгэж, тэднийг дан ганц “хонгилын хуульч”, “хонгилын гадуурхи хуульч” гэсэн үзүүлэлтээр ангилж, үнэлж  эхэлсэнийг няцаах гэсэн оролдлого ямар ч хэвлэлд ажиглагдахгүй байна. “Монгол коммент” бол олон зуун мянган үзэгчдийн итгэл, сэтгэлийг татаж, хамгийн олон захидал мэдээлэл, санал сэтгэгдлийг иргэдээс хүлээн авч, олон түмэнтэй хуваалцдаг, өөрийн гэсэн дэмжигч дагагчтай нэвтрүүлгийн нэг юм. Иргэд өөртөө болон бусдад туслах гэж нийгмийн тулгамдсан хурц асуудлаар бодол саналаа илэрхийлж, “Монгол коммент”-д хандсаар байна.

Өөр нэг телевизийн олон нийтэд үзүүлж буй үр нөлөөг авч үзье. ТВ1 телевизийн “Цензургүй ярилцлага”-д оролцсон бизнес эрхлэгч, иргэн Ганболдоос Монгол Улсын Ерөнхий прокурор асан нэгэн эрхэм 3 сая ам долларын хахууль авсан тухай ноцтой мэдээллийг дэлгэж тавьсан нь олон нийтийг гайшруулахын хамт прокурорын байгууллагын нэр хүндийг салам унахад хүчтэй нөлөөлжээ. Тэрчлэн МҮОНТ-ийн “Олон нийтийн цаг”, ТМ телевизийн “Хууль ба нийгэм”, ТВ4 телевизийн “Түмний үгийг төрд нь”, “Суваг1”-ийн “Иргэн ба төр”, Парламент тв-ийн “Байр суурь”, “Аргумент” хэлэлцүүлэг зэрэг олон нийтийн санаа бодлыг илэрхийлж буй нэвтрүүлгүүд нийгмийн сэтгэл зүйд шууд нөлөө үзүүлж буйг бидний хийсэн судалгаа нотлон харууллаа.

Нийгмийн сэтгэл зүйн өөрчлөлттэй уялдан хуульчдын ёс зүйн талаархи олон нийтийн үнэлэмж хэрхэн өөрчлөгддөг тухай судалгааны үр дүн, түүнээс гарсан зөвлөмжийг шалгах үүднээс телевизийн шууд ярилцлагад орсон хуульчдад үзүүлж буй олон нийтийн хандлагыг шинжиж үзэв. Тухайлбал, 2019 оны гуравдугаар сарын 29-ний үдэш явсан “Суваг 1” телевизийн “Иргэн ба төр” шууд нэвтрүүлэгт хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр оролцож, эрүүдэн шүүх асуудлаар иргэдийн асуултад шууд хариулсан агуулгад мониторинг хийлээ. Тэрээр С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцад яллагдагчдыг эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар эрх зүйн дүн шинжилгээ хийж, ямар ч илүү, дутуу үггүй, нэн тодорхой тайлбарлав. Өөлж хэлбэл, иргэдэд хандсан мэдээллийг ердийн ухамсрын түвшинд биш, хууль зүйн нэр томьёогоор албархуу ярьж өндөрлүүлсэн нь үзэгчдэд огт таалагдсангүй. Нэвтрүүлгийн 1900-1934 утсаар студитэй холбогдсон иргэд хуульчдыг бүхэлд нь буруутгасан, илт бухимдаж, өмгөөлөгч Г.Батбаярыг загнаж дайрсан шинжтэй байлаа. Утсаар санаа бодлоо илэрхийлсэн үзэгчдээс нэг нь ч хуульчдийн талаар эерэг зүйл хэлсэнгүй, харин ч өмгөөлөгч Г.Батбаярт уур бухимдлаа гаргаж тайвширсан юм. Монголын хуульчдын нэр хүнд, биеэ авч яваа соёл, ёс суртахууны байдал  хэвлэлийн хуудаснаа унаж эхэлсэнтэй зэрэгцээд тэдний талаархи олон нийтийн үнэлэмж илт сөрөг тал руу явж байна. Хуульчид маань лааны гэрэлд татагдан зулын гол болчихдог дэнгийн эрвээхэй шиг хуйхлагдахаас сэргийлэх шаардлагатай байна. 

Ийнхүү телевизийн нэвтрүүлгүүд иргэдийн санаа бодлыг илэрхийлэгч нэг гол эх сурвалж төдийгүй нийгмийн сэтгэл зүйг өөрчилж шинэчилэхэд хүчтэй нөлөө үзүүлдэг мэдээллийн хэрэгсэл хэвээрээ байна. Тухайлбал, МҮОНТ/51,6%/, ТВ-9/17,9%/, ТВ-5/17,5%/, 25-р суваг/17,4%/, Монгол HD/16,6%/, Ийгль/11,3%/, UBS/10,3%/, С1/8,5%/, Боловсрол телевиз /7,4%/ гэсэн эрэмбээр телевиз үзэгчдийг  эзэгнэж байна. Гэвч монгол дахь нийгмийн сүлжээ /facebook/, мэдээллийн сайт зэрэг шинэ эх үүсвэрүүд  телевизийн орон зай руу довтолж, эдүгээ үзэгчдийг бүхэлд нь хамраад байна. Монгол Улсад нийгмийн сүлжээ буюу сошиал медиа идэвхтэй хэрэглэгч 2.156.000 хүн байгаа бөгөөд тэдний 95 хувь нь гар утаснаасаа шууд холбогддог болжээ. 

Мэдээллийн 100 гаруй сайтын мянга давсан мэдээ, мэдээлэлд хийсэн үнэлгээ/хүснэгт 1,2/-нээс үзэхэд хуульчдын ёс зүйн үнэлэмжийг 99-100 хувь сөрөг болон тэнцвэртэй байдлаар илэрхийлжээ. Мэдээллийн тэнцвэртэй байдал гэсэн ойлголт бол сэтгүүлч, мэдээлэгч болон бусад эх сурвалжаас сөрөг, эерэг өнцгөөс ямар нэг үнэлэлт өгөөгүй, үйл явдлыг гагцхүү байгаагаар нь мэдээлсэн өнгө будаггүй мэдээллийг илэрхийлсэн утгаар авч хэрэглэжээ. Тиймээс хүснэгтэд дурдсан мэдээний агуулгад 0.25 хувьд л эерэг үзүүлэлт өгч, үлдэх 99.75 хувьд сөрөг, тэнцвэртэй гэх үнэлгээ тавьсан нь хуульчдын ёс зүйн үнэлэмжийг бүхэлд нь сөрөг үнэлсэн хэрэг байлаа. Харин хуульчдын ёс зүйн үнэлэмж бүхий мэдээ, мэдээлэлтэй холбогдон нийтлэгдсэн иргэдийн сэтгэгдлүүд бүхэлдээ “харлуулж үгүйсгэсэн, уурлаж бухимдсан” сөрөг шинжийг агуулсан тул энд дахин дурдах ач холбогдолгүй гэж үзлээ.

Мэдээллийн сайтууд болон тэдгээрийн сошиал сувагт хийсэн мониторингийн тайлан /Хүснэгт 1/

Хайлтын сэдвээр мэдээллийн сайтуудад гарсан мэдээ, мэдээллийн  хамгийн их сонирхол татсан, иргэдэд нөлөөлөл үзүүлсэн мэдээллийн агуулга 

 1. С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдсон эрүүдэн шүүсэн тухай мэдээлэл.

- УИХ-ын гишүүд эрүүдэн шүүсэн бичлэгийг чуулган завсарлагаанаар үзэв.

- МАН: Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг Эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж үзлээ.

- С.Зоригийн хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг сэтгүүлч нарт хаалттай үзүүллээ.

- Эрүүдэн шүүсэн хэргийг ҮАБЗ хэлэлцлээ.

- Ц.Нямдорж сайд С.Зоригийн хэрэгт хэлмэгдэн хоригдож байгаа Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын ар гэрээс уучлалт гуйжээ.

- Чуулган: С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж дэд хороо байгуулна.

 

2. Шүүгч томилох тухайд

 

- Шинэ прокурорт гардуулсан томчуудын “том” асуудлуудтай танилц

- Ерөнхийлөгчийн санал болгосон томилгоонууд "хүлээлгийн өрөө"-нд шилжлээ

- Хууль, шүүхийн удирдлагыг чөлөөлөх хуулийн төслийг чуулганаар хэлэлцэнэ

- Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг нэр дэвшүүлсэн үү

3. Хэрэгт холбогдсон хуульчдын талаархи мэдээлэл

- Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбатыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөллөө.

- Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй прокурорыг чөлөөлжээ

- Амиа алдсан шүүгчийн хэргээр ШШГЕГ-ын найман ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэжээ

- А.Цэрэнсодном прокурорыг Мөрдөн байцаах албанаас шалгаж эхэллээ

- Хуульчдын нэр хөсөр унав, хуульчдын холбоо нь таг чиг

- Ё.Сагсай прокурорын бичлэгийг "дэлгэв”

- Е.Сагсай: 10 жилийн өмнө надад хүч хэрэглэж, рекет хийх замаар энэ бичлэгийг хийсэн зэрэг мэдээллүүд байна.

Цахим сүлжээнд хийсэн дээрх харьцуулсан шинжилгээний нэгдсэн дүнгээр SONIN.MN, NEWS.MN, GO GO.MN, ZALUU.COM зэрэг сайтууд бичлэгийн төрөл зүйл, хурдаараа мэдээллийн орон зайг тэргүүлж буйг харуулна.

Мэдээллийн хамгийн эртний уламжлалт хэлбэр болох сонин, сэтгүүлийн сүүлийн 60 хоногт нийтлэгдсэн материалд дүн шинжилгээ хийж үзэхэд, өдөр тутмын хэвлэлүүдээс “Үндэсний шуудан” сонин  тухайн үйл явдлын улс төр, ёс зүйн асуудлыг зааглаж мэдээлдэг нь харагдана. Энэ дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн 067 дугаарт, “Эрүү шүүлтийн талаар хэн юу хэлэв” гарчигийн дор нэр бүхий таван хуульчийн санаа бодлыг адил хэмжээнд зэрэгцүүлж нийтэлсэн бол дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 078 дугаарт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нараас шинээр сонгогдсон ерөнхий прокурорт хандсан саналаа “Прокурорт хүргүүлсэн даалгавар” гарчигтайгаар нийтлүүлжээ. Харин гуравдугаар сарын 28-ны 061 дугаарт гурван нүүр дамнуулан иргэд, уншигчдын үзэл бодлыг нийтэлжээ.

Дээр илэрхийлсэн иргэдийн үзэл бодолтой уншиж танилцахад, тухайлбал, 

-Ундрах-Эрдэнэ: Сагсай прокурорын хэргээр прокурорын салбарыг, Бямбаа агсны хэргээр шүүхийн салбарыг, С.Зориг агсны хэргээр шалтаглан цагдаагийн салбарыг тэр чигт нь ... нэг кейсээр нэг салбарыг намнах төлөвлөгөө.

-Ц.Оюунзул: Хүчирхийлж, яргалж тамлах нь хуулиар хориотой. Хэнийг ч шийтгэх эрх зүйн санкц бий. Үүнд шүүгч, прокурор ч хамаарна. Гэм буруутай нь тогтоогдсон бол хуулиараа шийтгэ. Түүнээс биш хууль шүүхий байгууллагыг оролдох нь эрүүл бус үйлдэл юм

-Тэмүүжин. Х: Үндсэн хуульд нийцсэн өөрчлөлт бол АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог болгоход хуулийг нь өөрчлөхөд энэ хэрүүл цэгцэрч, Ерөнхий сайд, ЗГ Үндсэн хуульд заасан гэмт хэрэгтэй тэмцэх, хууль биелүүлэх чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлэхийг УИХ хянах боломжтой болох юм.

- Нямсүрэн Жадамба: Яаж ч бодсон камерийн дор бичлэг хийлгүүлээд хүн эрүүдэн шүүмээргүй юм. Ямарч тэнэг хүн камер унтрааж байгаад зодно биз дээ. Гэх мэтчилэн 57 хүний үзэл бодлыг нийтэлжээ.

 Энэхүү үзэл бодлын тайлбар оршилд “Өнгөрсөн өдрүүдэд гурван хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотой олон нийтийн зүгээс санаа бодлоо илэрхийлэх нь олон байсан ч яг үнэндээ гудамжинд гарч, ард нийтийн санаа бодлыг сонсохыг хүсэхэд тодорхой хариулт өгөх нь цөөхөн байлаа. Иймд мэдээлэлд илүү ойр гэдэг үүднээс   идэвхтэй хэрэглэгчдийн байр суурийг нэгтгэн хүргэхийг чухалчиллаа.... Энэ нь         “Үндэсний шуудан” сонины байр суурь биш бөгөөд зөвхөн мэдээлэлтэй иргэдийн үнэт зүйл гэдэг үүднээс санаа бодлыг нь багцалж хэвлэх нь хэвлэл мэдээллийн үүрэг юм” гэжээ.  Сонины нийтлэлийн бодлогод ийм хэлбэрийн илэрхийлэл бараг гарч байгаагүй, харин ч шинэлэг шийдэл болжээ. “Үндэсний шуудан” үүгээрээ нийгмийн сэтгэл зүйн төлөвшилд анхаарч, иргэдийн санаа бодолд хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн хэрэг болов уу. “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Монголын үнэн”, “Өглөөний сонин” зэрэг өдөр тутмын хэвлэлүүд өөр өөрсдийн өнцөгөөс хуульчдын ёс зүйн талаархи үнэлэмжийг бүрдүүлж буй хэдий ч эцсийн бүлэгт сэтгүүлч, уран бүтээлчид болон уншигч олон нийтийн зүгээс адил төстэй байр суурь, санаа бодлыг илэрхийлсэн нь дээрх сонинуудын нийтлэг  илэрхийлэл болсныг онцолж байна. 

Харин сүүлийн хоёр сарын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээ, мэдээллийн агуулгыг шинжиж үзэхэд, хуульчдын алдаа дутагдал, зан авир, ёс зүйн сэдвийг нэгэн жигд мэдээлжээ. Тэдгээр нийтлэл, нэвтрүүлгийг эерэг, сөрөг үнэлэмжээр нь авч үзэхэд,

1. Сөрөг мэдээлэл. Хуульчдын ёс суртахууны өнөөгийн байдал уналтад орсон гэж мэдээллийн дийлэнх эх үүсвэр үзсэн байна. /Сэтгүүлч, нийтлэлч, зохиогчид/

2.  Эерэг мэдээлэл. Хуульчдын ёс суртахууны талаархи эерэг үнэлэлт өгсөн мэдээлэл дурдсан хугацаанд нэг ч гарсангүй. /Хуульчдад итгэх олон нийтийн итгэл алдарсантай холбоотой олон нийтийн үнэлэмж  буурчээ./ 

Хуульчдын ёс зүйн өнөөгийн байдлыг ямар нэг байдлаар хөндсөн мэдээллийн эх сурвалжийг судалж үзэхэд анхаарч үзүүштэй зүйл ажиглагдав. Өөрөөр хэлбэл, хуульчдын ёс зүйн үнэлэмжийг улс төрчид, хуульчид, уншигч иргэд өөр өөрийнхөөрөө илэрхийлжээ. 

1. Улс төрчид “эрх бүхий хуульчдыг хараат бус байдлаар халхавчлан албан тушаалаа урвуулан ашиглаж, олон нийтийн анхаарлыг татсан дуулиант хэргийг дарж, замхруулж байна” хэмээн шүүмжилж, олон нийтийн дэмжлэгийг хүлээж буй нь иргэдийн сэтгэгдэл, мониторингийн дүнгээр нотлогдож байв. /Шударга бусын хонгил, Эрдэнэтийн 49 хувийн луйвар, Эрүү шүүлтийг илчилсэн бичлэг, Хууль бусаар хөрөнгөжсөн шүүгчид гэх мэт/

2. Хуульчид өөрсдийгөө зөвтгөх, хамгаалах, тухайн шүүмжлэлд хариу тайлбар хийх зэргээр нэлээд идэвхтэй байр суурь илэрхийлсэн боловч иргэдийн дургүйцэл, зэвүүцлийг хүргэж байсныг дурдах нь зүйтэй. /Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай, прокурор асан Ё.Сагсай, бусад нэр бүхий хуульчид тодруулга, тайлбар ярилцлагад оролцох тусам олон түмний дургүйцлийг төрүүлж байлаа./

3. Иргэд хуульчдын ёс зүйн асуудлаар сөрөг байр суурьнаас хандаж байгаагаа илэрхийллээ. Хуульчдын мэргэжлийн ёс зүйн доройтол нь уулын уруу өнхөрч буй том чулуу шиг тогтоох аргагүй болчихоос нь өмнө зогсоохыг шаардаж байна. 

Дээр өгүүлсэн судалгааны үр дүнгээс харахад хувь хүний ёс суртахууны үнэлэмж нь нийгмийн өөрчлөлт болон хүний хөгжлийг тодорхойлогч, чиглүүлэгч хүчин зүйл болж хувирсаныг харууллаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд дан ганц олон нийтийн санаа бодлыг илэрхийлээд зогсохгүй нийгмийн сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлж, бас өөрчилж шинэчилдэг хүчтэй хэрэгсэл гэдгийг нотоллоо. Өөрөөр хэлбэл, сонин хэвлэл, радио телевиз, цахим сүлжээгээр олон нийтийн санаа бодол ухамсартай, чиглэсэн, зорилготой үйл ажиллагааны үр дүнд, эсвэл урсгалаараа, санамсаргүй өөрчлөгдөж хувьсдаг аж. Тиймээс  хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь хэсэг бүлгийн сонирхол, эрх ашгийг бүх ниитийн эрх ашиг болгон хувиргах увидастай байна. Тодорхой юмс, үзэгдлийн талаархи хүмүүсийн олон янзын бодол, эрэгцүүлэл, төсөөллийн нийлбэр болох  олон нийтийн санаа бодол нь  хүмүүсийн үйл ажиллагааг дэмжих, татгалзахын аль нэг үнэлэмжээр дамжин илэрхийлэгдэнэ. Энэ утгаараа  хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл бол олон түмний санаа бодлыг дамжуулагч төдийгүй нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлж төлөвшүүлэгч, бас хувьсган өөрчлөгч маш хүчтэй хэрэгслэл гэдэг нь тодорхой байна.

Доктор/PhD/, профессор Д.БАТМӨНХ

Б.ХУРЦ НЭГ Ч УДАА МЭДҮҮЛЭГ ӨГӨӨГҮЙ БАЙНА
Б.ХУРЦ НЭГ Ч УДАА МЭДҮҮЛЭГ ӨГӨӨГҮЙ БАЙНА
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​