fbpx ЗАЙСАНГИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХОРООЛЛУУД ТӨВИЙН ШУГАМД ХОЛБОГДООГҮЙ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
16 минут 7 секунд

ЗАЙСАНГИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХОРООЛЛУУД ТӨВИЙН ШУГАМД ХОЛБОГДООГҮЙ БАЙНА

ЗАЙСАНГИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ХОРООЛЛУУД ТӨВИЙН ШУГАМД ХОЛБОГДООГҮЙ БАЙНА

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Sunshine village” хотхоны оршин суугчид ундны уснаасаа хордож гэдэсний халдвар аван Халдварт өвчин судлалын үндэсний төвд 40 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тус хотхон төвлөрсөн усан хангамжид холбогдоогүй, гүний худгаас хотхоны оршин суугчдын хэрэглээг хангадаг байж.

“ҮНЭТЭЙ ХОТХОНД АМЬДАРДАГ НЭРТЭЙ Ч ГЭР ХОРООЛЛООС ЯЛГАРАХААРГҮЙ ОРЧИНД БАЙНА”

Өчигдөр 16:00 цагийн байдлаар “Sunshine village” хотхоны оршин суугчид хэрэглээний усаа УСУГ-ын зөөврийн машинаас авч байв. Мэргэжлийн байгууллагууд бохирын усыг хэрэглэхийг зөвшөөрч, ундны усыг хориглоод байгаа гэнэ.

Ундны уснаас хордсон шинж тэмдэг өнгөрсөн сараас илэрч эхэлсэн тухай зарим оршин суугч ярьж байв. Бөөлжиж, гүйлгэсэн иргэд ганц хоёроор эмнэлэгт хандаж, тусламж аваад яваад байж. Энэ байдал үргэлжилсээр өнгөрсөн баасан гаригт иргэд нэгдэж, ундны усандаа шинжилгээ хийлгэхээр МХЕГ-т ханджээ. Энэ тухай оршин суугч О.Батчулуун “Манайх нэг настай хүүхэдтэй.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт гэнэт бөөлжиж, доош суулгаад өндөр халуурч эхэлсэн. Түргэн тусламжаар ЭХЭМҮТ-д хүргэгдээд шууд эрчимт эмчилгээнд орсон. Ханиадан дээр олон зүйл хавсарсан байна гэж эмч нь хэлсэн. Ундны уснаас болсон эсэхийг үгүйсгээгүй. Баасан гаригт гэрээсээ хоол, цай хийгээд эхнэр, хүүхдэдээ хүргэтэл гэдэс нь өвдсөн гэсэн. Гэрт ч дүү болон миний гэдэс өвдөж эхэлсэн.

Яг тэр үеэр оршин суугчид фэйсбүүк группт “Ус өмхий байна, хордлоо, эмнэлэгт хүргэгдлээ” гээд шуугьж эхэлсэн. Хүмүүс эмнэлэгт хэвттэлээ ноцтой байдал үүсээд байхад одоо хүртэл тодорхой мэдээлэл алга. Эмч нарын ярьж байгаагаар усанд жорлонгийн бохир орсон үед ийм зүйл болдог гэсэн. Зарим хүмүүс бохирын хоолой задарч ус руу орсон гэж сэжиглэж байна лээ” гэв.

Ундны уснаас гэдэсний савханцар илэрсэнд иргэд бухимдацгааж байв. Ш.Мягмаржавынх 86 м.кв талбайтай. Байраа аваад жил дөнгөж болж буй гэнэ. Гэвч ариун цэврийн өрөөний крантнаас өмхий үнэр байсхийгээд л гардаг байж. Холбогдох хүмүүст нь хэлж янз бүрийн зүйл сольж үзсэн ч тусыг олоогүй аж.

Арга ядахдаа зуслангийн байшиндаа хэсэг хугацаанд амьдарч байгаад хотхондоо ирэхэд хордлогын асуудал дэгдсэн байсныг тэрбээр хэллээ. “Уг нь энэ байрыг анх авахдаа төвлөрсөн шугамд холбогдсон гэж ойлгож байлаа.

Хордлого гарсны дараа л гүний худгаас ус хэрэглэж байснаа мэдлээ. Үнэхээр гайхаж байна. Үнэтэй хотхонд амьдардаг нэртэй. Гэтэл гэр хорооллоос ялгарахааргүй зөөврийн ус хэрэглэдэг, ариун цэврийн өрөөндөө орох эрхгүй болчихоод байна.

Ямар сайндаа хүйтэн нойтон. болчихсон байхад зуслангийн байшин руугаа дахин, дахин явж байх вэ. Усны суурь хураамж, ус халаасны төлбөр, халуун ус гээд зөндөө их мөнгө авдаг. Ийм асуудал үүсээд байгаа болохоор усны төлбөрөө төлөхгүй” гэж Ш.Мягмаржав гуай бухимдаж байв.

ИРГЭД ОЛНООР ХОРДСОН АСУУДАЛД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

Хотхоны орцны хаалган дээр ХӨСҮТ-өөс гэдэсний халдвараас сэргийлэх зөвлөмжийг наасан байлаа. Тус хотхоныг “Голд компас" орон сууц ашиглалтын алба хариуцдаг юм байна. Менежер бүсгүй н.Ариунаа мэргэжлийн хяналтын байгууллага 19 цэгээс дээж аван шинжилгээ хийж байгааг дуулгасан юм. Хордлогын эх үүсвэр гэвэл өнгөрсөн зун бороо их орсон.

Түүнээс үүдэж хөрсний бохирдол гүний усанд орсон байж болзошгүй гэсэн таамгийг тэрбээр хэлж байв. Иргэд ийнхүү олноор хордож, эмнэлэгт хүргэгдсэн үйл явдал нийслэлийн холбогдох байгууллагуудын хувьд гэнэтийн явдал болсон. Нийслэлийн онцгой комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар зэрэг хэд, хэдэн байгууллага хамтран ажиллаж байгаа аж.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хордлогын шалтгааныг тодорхойлох шинжилгээг ахалж буй. Шинжилгээ хэрхэн хийгдэж байгаа талаар тус газраас тодруулахад “Хордлого гарсны дараа хотхоны уснаас дээж авч шинжилгээ хийхэд гэдэсний эмгэг төрүүлэгч нян илэрсэн. Уг нь гүний, ундны уснаас ийм нян илрэх ёсгүй.

Тэгэхээр мэдээж ус бохирдсон байсан гэсэн үг. Усны эрүүл ахуйг тухайн орон сууц хариуцсан контор байнгын хянаж, шинжилгээнд тогтмол хамруулж байх ёстой. Тиймээс энэ асуудал дээр зөрчлийн хэрэг үүсээд байгаа. Түүнээс гадна хотхоны хэрэглээний усыг тэр чигээр нь хааж, бүх шугам хоолойг нь ариутгал, халдваргүйтэл хийсэн. Эргээд цэвэр усаараа шугам, хоолойгоо угаагаад, цэвэр уснаас нь дээж аваад байна.

Шинжилгээний хариу пүрэв гаригт гарна. “Sunshine village” хотхоныг цаашид төвлөрсөн усан хангамжид холбох талаар холбогдох газруудад санал хүргүүлээд байна. Ундны ус ингэж бохирдох нь нөгөө талаар хөрсний бохирдолтой холбоотой байх магадлалтай. Хөрсний бохирдол одоо манайд 30-40 метрийн гүнд нэвчээд байгаа судалгаа байдаг” гэсэн юм.

400 гаруй хүн эмнэлэгт хандаж, 40 хүн хэвтэн эмчлүүлэхэд хүрсэн ундны усны бохирдлын асуудал манай нийслэлийн хувьд анх удаагийнх биш юм. Зайсан дахь нийтийн хоолны газарт ч энэ төрлийн халдвар илэрч, олон тооны хүмүүс эмнэлгийн тусламж авч байсан нь саяхан. Иргэдийн хордлогын эх үүсвэр нь ундны ус болоод байгаа. Харин ундны усаа гүний худгаас авдаг байж таараад байгаа юм.

Нийслэлийн гэр хорооллын иргэд гүний худгаасаа хордоогүй хэр нь хотын хамгийн үнэ цэнэтэй байрлалд амьдардаг, үйлчилгээ авсан иргэд хордох болсон нь ямар учиртай хэрэг вэ. Гүний худагтай өөр хэчнээн хотхон, хороолол байна вэ, тэнд ч бас ийм эрсдэл отож байгаа юм биш биз.

ЗАЙСАН ОРЧИМД 430 ГҮНИЙ ХУДАГТАЙ

“Sunshine village” шиг төвлөрсөн усан хангамжид холбогдоогүй томоохон хотхон, хороолол нийслэлд дахиад байдаг эсэхийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тодруулахад мэргэжилтэн бүсгүй “Зайсан орчим тэр чигээрээ ундны усаа гүний худгаас хангадаг шүү дээ" гэв. Яг хэчнээн байгааг мэдэх боломжгүй гэж байна. Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд гүний худагтай хотхон, хороолол байдгийг тэрбээр гайхаж байв.

Төвлөрсөн шугамд холбогдоогүй эсэхийг гүний худгийн зөвшөөрөл авсан тоон мэдээллээс харж болдог гэнэ. Нийслэлийн байгаль орчны газар гүний худгийн зөвшөөрөл олгодог аж. Тус газрын мэргэжилтэн н.Тамир “Зайсан орчимд 470 гүний худаг зөвшөөрөлтэй байна” гэлээ.

Үүнийг бүгдийг нь орон сууцны хороолол гэж харж болохгүй ч олонх нь гэдэг нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, ийм тооны хотхон, хороолол өнөөдөр төвлөрсөн шугамд холбогдоогүй, гэр хороолол шиг дундаа гүний худагтай, тэндээсээ оршин суугчдынхаа ундны усыг хангадаг байх нь.

Зөвхөн гүний худгаар зогсохгүй уурын зуухаар галлагаа хийж дулаанаа хангадаг хотхон, хороолол ч байдаг гэх. Тэдгээр хорооллуудын нөхцөл байдал ямар байгааг сурвалжиллаа.

ХУДГААС УС ТАТДАГ “ЗАЙСАН РОЯАЛ ГРИЙН ВИЛЛА”, “СӨҮЛ РОЯАЛ КАУНТ”...

Хан-Уул дүүрэгт Зайсан орчимд хамгийн анх ашиглалтад орж байсан хороолол бол “Зайсан рояал грийн вилла”. Ашиглалтад ороод 10 орчим жил болж буй. Найман блокод 160 орчим айл амьдардаг тус хотхон одоог хүртэл төвлөрсөн шугамд холбогдоогүй. Гүний худагтай. Оршин суугчид анх байраа худалдаж авахдаа төвлөрсөн шугамд холбогдоогүй тухай мэдээгүй гэцгээж байв.

Тийм ч учраас ус байсхийгээд тасардаг тухай хэлэн, гайхаж байгаа нэгэн ч байна. Харин зарим айл ус цэвэршүүлэгч хэрэглэдэг болохоор усны чанарын асуудалд санаа зовдоггүй гэж байв. Одоогийн ханшаар тус байрны м.кв гурван сая төгрөг. Анх ашиглалтад орох үед хамгийн өндөр үнэтэй байсан гэнэ. Төвлөрсөн шугамд холбогдоогүй хэр нь өндөр үнэтэй худалдаалагддагийг тус хотхоны СӨХ-ны даргаас тодруулахад “Иргэд хаана ямар байршилд байр сонгож авах нь өөрсдийнх нь эрх” гэж байна.

Гүний худгийн ус эрүүл ахуйн шаардлага хангадаг эсэх талаар “Манай худаг 70 метрийн гүнээс усаа цуглуулдаг. Хяналтаар оператор байнга ажилладаг” гэв. Тэрбээр гүний усны чанарт гэр хорооллын нүхэн жорлон нөлөөлж байх магадлалтай.

Түүнээс гадна гүний худагтай хороолол, аж ахуйн нэгжүүдийн усан санг гаднаас хэн ч ямар ч аргаар бохирдуулах эрсдэлтэй. Усан сангийн харуул хамгаалалтын талаар нэгдсэн стандарт манай улсад байдаггүй нь цаашид эрсдэл дагуулж мэдэхээр байна гэдгийг онцолсон.

Тансаг зэрэглэлээрээ томоохонд тооцогддог хотхоны нэг бол “Сөүл рояал каунт”. Тус хотхон бас л өнөөг хүртэл төвлөрсөн шугамд холбогдоогүй, худгаас усаа татдаг. 100 орчим айл өрхтэй.

Иргэдийн зүгээс төвлөрсөн шугамд холбох асуудлыг байнга тавьж иржээ. Учир нь хавар болоход гүний усны хэмжээ татарч, ус тасрах тохиолдол гардаг ажээ. Тус хотхоныг хариуцдаг орон сууцны контор нь “Эрчим скай стар" гэх компани байна. Тус компани Зайсан орчимд 11 хотхоныг хариуцдаг гэнэ. Гүний худгийн усыг улиралд нэг удаа тогтмол шинжлүүлдэг тухай захирал Л.Цэцгээ дуулгасан.

Тэрбээр “Конторын хувьд хамгийн том асуудал гүний худаг байдаг. Хавар болоход гүний худгийн усны хэмжээ татарч, ус тасалдахад хүрдэг. Түүгээр зогсохгүй маш хатуулагтай ус байдаг учир эрүүл ахуйн хувьд ч асуудалтай. Уг нь төвлөрсөн шугамд холбогдчихвол олон янзын шүүлтүүрээр шүүгдэж, цэвэршдэг. Харин гүний худгаас ус татдаг тохиолдолд ийм давхар шүүлтүүр ажилладаггүй” гэлээ.

Ийнхүү гүний худагтай тансаг хорооллууд ар араасаа хөврөх шинжтэй. Асуудал дагуулсан “Sunshine village” орчмын хорооллууд ч гүний худагтай. Барьж эхлэхээсээ л үнэ, зэрэглэлээрээ баячуудыг хуйлруулж байсан “Олимп” хотхонд гүний худагны усны асуудал гарч байсан удаатай. Одоо төвлөрсөн шугамд холбогдсон эсэх нь ч тодорхойгүй.

ЗАЙСАНГ ТӨВЛӨРСӨН ШУГАМ СҮЛЖЭЭНД ХОЛБОХ ТӨСӨВ СУУГДСАН ГЭВ

Тансаг хорооллууд гүний худагтай байдаг нь нийслэлийн төвлөрсөн шугамууд ачааллаа дийлдэггүйтэй холбоотой. Мөн тийшээ төвлөрсөн шугам тавигдаагүй байгаа нь ингэж амьдрахад хүргэж буй. Энэ асуудал цаашид хэрхэн шийдэгдэх талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний мэргэжилтэн ярихдаа “Улсын төсөв дээр Зайсанд усан сан барьж төвлөрсөн шугам сүлжээнд холбох төсөв тавигдан.

Хан-Уулын ЗДТГ-т эрхийг нь шилжүүлээд худалдан авах ажиллагаа зохион байгуулагдчихсан. “Төсөл хэрэгжүүлэгч нь сонгон шалгарсан. Ингэснээр Зайсанд төвлөрсөн шугам сүлжээний том кольцо шугамууд хийгдэх төлөвлөгөөтэй байна" гэсэн тайлбар өгсөн юм.

3.4 тэрбум төгрөгийн төсөвтэй уг байгууламж хийгдчихвэл усны асуудал шийдэгдэх нь. Харин ашиглалтад орсны дараа л итгэе гэх СӨХ-нууд байсан нь анхаарал татсан юм. Зайсан орчмыг төвлөрсөн шугамд холбох асуудал эртнээс яригдсан ч ажил хэрэг болж чадалгүй өдийг хүрсэн байна.

ИРГЭДИЙН ХИЙРХЭЛ, БАРИЛГЫН КОМПАНИУДЫН АШГИЙН ТӨЛӨӨХ АЛХАМ ЯМАР АЮУЛД ХҮРГЭХ ВЭ?

Барилгын компаниуд байраа зарахдаа “Манай хотхон тансаг” гэхээс биш “Гүний худагтай” гэж хэлдэггүй биз. Хэрэв сэргэлэнтээд олоод мэдчихсэн захиалагчид “Гүний ус хамгийн аюулгүй” гэж хүртэл итгүүлсэн тохиолдол байна. “Sunshine village” хотхоны гүний худагтайг мэдсэн захиалагчид “Гүний ус илүү чанартай. Бусад газарт ус тасарч байхад гүний худагтай хотхонд ус тасардаггүй” гэж чихэн дээр нь цэцэг ургуулж байж.

Гэтэл өнөөдөр хүмүүс зуу зуугаар хордоод эмнэлэгт хүргэгдэж байдаг. Дээрээс нь 60, 70 метрийн гүнээс хатуулагтай усыг ямар ч цэвэршүүлэх технологигүйгээр айл өрхүүдэд шахчихаад цэвэр, усны түвшин улирлаас хамаараад багасаж байхад “Ус хэзээ ч тасрахгүй” гэдэг маркетингтай хотхонууд үүгээр зогсохгүй. Нөгөө талд “Гүүр даваад амьдарчихвал...” гэсэн иргэдийн хийрхэл өнөө үед хэтэрхий өндрөө авсан нь нууц биш.

Бусдад баян, тансаг, юмтай харагдах гэсэн чамирхал дээр барилгын компаниуд ингэж тоглож байна. Хамгийн багадаа ам метр нь гурван саяас дээш хэдэн арван саяар үнэлэгддэг Зайсан орчмын тансаг хотхонууд одоо гэр хорооллоос ялгагдахааргүй болчихлоо.

Тэгвэл тансаг хорооллууд яагаад өндөр үнэтэй байх ёстой гэж. Гүний худагтай, уурын зуухтай тансаг хорооллуудаас яагаад өндөр үнэтэй байдгийг лавлах гэхэд эхнээсээ л ам алгадах шинжтэй. Тэгвэл одоо ядаж захын дүүргийн орон сууцны үнийн дүнгээр бодож, оршин суугчдадаа зөрүүг олговол таарна. Иргэд ч хийрхэхээ больж, ядаж ямар байранд орох гэж байгаагаа нарийн сайн судалдаг баймаар юм.

Иргэдийн хийрхэл, барилгын компаниудын ашгийн төлөөх алхам юу ч дуулгаж мэдэхээр болчихоод байна. Бохир нь халиад ундны усандаа орчихсон, зоорийн давхар нь усанд автчихдаг тохиолдол Улаанбаатар хотын үнэтэй байршилд дуулдаж л байлаа.

Гүний худгаа төвлөрсөн шугамаар солихгүй бол иргэд оршин суугчид бүр ч илүү эрсдэлд хүрэх аюултайг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байна.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин

ӨВӨӨГИЙНХӨӨ ЗАХИАСЫГ БИЕЛҮҮЛЖ ЯВАА ХҮМҮҮНЛЭГЧ ЗАЛУУ
ӨВӨӨГИЙНХӨӨ ЗАХИАСЫГ БИЕЛҮҮЛЖ ЯВАА ХҮМҮҮНЛЭГЧ ЗАЛУУ
 
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

Б.Даваадалай: Уурхайн менежментээс баялгийн удирдлагад шилжиж байна

Д.Баярхүү: Хэлбэр ялж, агуулга ялагдав

Д.Баярхүү: Хэлбэр ялж, агуулга ялагдав

Наадмын асарт УИХ-ын гишүүдийг биш, хөдөлмөрийн баатруудаа суулгадаг больё

Наадмын асарт УИХ-ын гишүүдийг биш, хөдөлмөрийн баатруудаа суулгадаг больё

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

“УБТЗ” ХНН Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр 10 мянга шахам хүнд үйлчлэв

“УБТЗ” ХНН Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр 10 мянга шахам хүнд үйлчлэв

“УБТЗ” ХНН 2025 оны ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгжийн 3-рт жагслаа

“УБТЗ” ХНН 2025 оны ТОП-10 төрийн өмчит аж ахуйн нэгжийн 3-рт жагслаа

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

Цогт-Овоочууд Ерөнхий сайд Н.Учралыг тууштай ажиллана гэж найдаж байна

Цогт-Овоочууд Ерөнхий сайд Н.Учралыг тууштай ажиллана гэж найдаж байна

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

Хойд Солонгосын цэргүүд Украинтай хэрхэн байлдсан бэ?

Хойд Солонгосын цэргүүд Украинтай хэрхэн байлдсан бэ?

Б.Аззаяа: Монгол охидын эрэлхэг дайчин зан чанарыг “Miss Global 2026” тэмцээний тайзан дээр харуулна

Б.Аззаяа: Монгол охидын эрэлхэг дайчин зан чанарыг “Miss Global 2026” тэмцээний тайзан дээр харуулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Н.Сарангарав: Бид жуулчдын тоонд биш чанарт анхаарах цаг болсон

Н.Сарангарав: Бид жуулчдын тоонд биш чанарт анхаарах цаг болсон

Ван И-гийн айлчлалын эргэн тойронд

Ван И-гийн айлчлалын эргэн тойронд

Хятадын “буруу үйлдэл“-ийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв

Хятадын “буруу үйлдэл“-ийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв

АН-ЫНХНЫ АМБИЦ НЬ ИХЭДСЭН АКЦ БУЮУ УЛААН МАХНЫ ХЭРҮҮЛ

АН-ЫНХНЫ АМБИЦ НЬ ИХЭДСЭН АКЦ БУЮУ УЛААН МАХНЫ ХЭРҮҮЛ

Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ

Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ

П.Мөнхтулга: Бөхийн дэвжээн дээр зүй бус үйлдэл гаргадаг олон бөх байхад яагаад заавал Архангайн бөхөд хариуцлага тооцоод байгаа юм бэ?

П.Мөнхтулга: Бөхийн дэвжээн дээр зүй бус үйлдэл гаргадаг олон бөх байхад яагаад заавал Архангайн бөхөд хариуцлага тооцоод байгаа юм бэ?

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Түүх өөрт нь ялалт авчирна гэж Путин найдсаар...

Түүх өөрт нь ялалт авчирна гэж Путин найдсаар...

Д.Баярхүү: Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй!

Д.Баярхүү: Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй!

Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ

Дэлхийн банк 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулжээ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ӨРГӨН ХҮРЭЭНД ХАМТРАХААР ТОХИРОЛЦОВ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ӨРГӨН ХҮРЭЭНД ХАМТРАХААР ТОХИРОЛЦОВ

Судлаач Ганаа: Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хийгээд бусниулахуй

Судлаач Ганаа: Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх хийгээд бусниулахуй

Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл

Д.Баярхүү: Нисэх хүчний хөгжил нь Израилийг дэлхийн цэргийн томхон гүрэн болгожээ

Д.Баярхүү: Нисэх хүчний хөгжил нь Израилийг дэлхийн цэргийн томхон гүрэн болгожээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​