fbpx Б.НАМИНЧИМЭД: МОНГОЛ ХҮНД ОЛОН САЙХАН ЯЗГУУР ЧАНАР БИЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
92 минут 54 секунд

Б.НАМИНЧИМЭД: МОНГОЛ ХҮНД ОЛОН САЙХАН ЯЗГУУР ЧАНАР БИЙ

Үргэлжлэл:

 Монголчуудыг цусаа үзэхээр улайрдаг гэдэг. Тэр утгаар нь Үхэр монгол ч гэж нэрлэх нь бас бий шүү. Та энэ талаар юу гэж бодож байна?

Үнэн үнэн. Үнэхээр бидэнд нэг тийм онцлог хэв шинж байж. Юув гэхээр монгол хүн барагтай юманд хөдөлдөггүй, тэсвэртэй, хүлээцтэй ч юм шиг, эсвэл алмай тэнэг, хэнэггүй ч юм шиг байгаад л байдаг, тэгээд асуудал бүр эцэстээ очиж, үхэх сэхэхдээ тулахаар буюу цусаа үзэхээр л гэнэтхэн сүйд болоод босоод ирдэг. Тэгээд нэг босчихоороо дийлдэхээргүй догширч улайрчихдаг байна. Яг л монгол үхэр шигээ. “Сүх далайтал үхэр амар” гэдэг үг зүгээр нэг гарчихаагүй. Мал нядлагч сүхээ далайтал үхэр амар тайван л байж байдаг. Хэрвээ эхний цохилтоор нам л цохиж чадаагүй бол монгол үхэр орилоод, улайраад сүйд хийгээд хаячихдаг юм. Бүр хүчрэгдэхгүй болчихно. Монгол хүн ч мөн адил. Энэ нэг талаар хэнэггүй, алмай тэнэг мэт ч нөгөө талаар бас тийм ч муу шинж биш юм аа. Өөрөөр хэлбэл нэг шийдээд хөдөлбөл тэднийг юу ч, үхэл ч зогсоож чаддаггүй тийм онцлог чанартай байна. Их гүрний үед дэлхий даяар монгол дайчдыг хаана ч хэн ч зогсоож чадахгүй бүтэн жаран болсон. Харин хөдөлтлөө л их юм болдог болохоос. Муугаар бол алмай тэнэгийнх, сайнаар бол хүлээцтэй амгалан, итгэмтгийнх юм. Аль аль нь бий.

Монголчуудтай худалдаа наймаа хийж байсан доншуур наймаачид бидний энэ нэг нийтлэг төлөв байдлыг нь анзаарч, “Хай, монголчууд үхэртэйгээ адилхан ва, үхэр монгол ва” гэсэн юм гэнэ билээ. Хууччуул тэгэж ярьдаг байв.

Харин одоо бол энэ хүлээцтэй, амгалан байдал өөрчлөгдсөн. Маш агдуу, түргэн зантай, юм болоогүй байхад л шалчигнаад шарваганаад унадаг, дав дув хийсэн далчигнуур болж өөрчлөгдөж байгаа. Тэгээд нэг их омог сүр болох атлаа яг аминд нь тулаад ирэх үед хий нь гарсан гүзээ шиг шалчийгаад ирдэг болсон. Өөрөөр хэлбэл тэр унаган монгол шинжээ их алдсан.

  • Монголчуудыг бас гэнэн итгэмтгий, түүгээрээ хүүхэд шиг тэнэг ч гэдэг...?

Хар буруу санаагүй, бусдыг хуурч мэхэлж мэдэхгүй хүмүүс л гэнэн, итгэмтгий байдаг юм шүү дээ. Хүүхэд яагаад гэнэхэн байдаг гэхээр хүн хуурч, хар буруу санаа суугаагүй байгаа хэрэг. Монголчуудад тийм язгуурын бусдыг хуурч, хар буруу санаж чаддаггүй сайн шинж байсан болоод л тэгэж хэлээд байгаа хэрэг. Энэ чинь тийм ч муу юм биш. Яахав, ухаан дутахаар гэнэн нь тэнэг болдог, ухаантайгаа, эр зоригтойгоо, авьяас чадвартайгаа хослохоор гэнэн нь яруу сайхан сэтгэл татам дүр төрхийг бий болгодог. Цахиур Төмөрт яагаад эр эмгүй сэтгэл татагдаад байдаг нь энэ шүү дээ. Тэр бас л гэнэн итгэмтгий, тиймээс л Түгжилд хутгалуулдаг, бас хожим алуулдаг. 

“Тунгалаг Тамир” романы Эрдэнийн дүр бол ер нь монголчуудад их нийтлэг байсан хэв шинж шүү дээ. Эрдэнэ бусдад хар муу санаж чаддаггүй, Итгэлтийг өөр шигээ л боддог учир түүнд дандаа маллуулж байдаг. Эрдэнэ гэнэн итгэмтгий учир Долгорын ганц үг түүнд яг л ертөнц хөмөрчихөж буй мэт болоод, эвэрлүүгээ дэлсүүлсэн үхэр шиг тэнээд явчихдаг шүү дээ. Гэхдээ Эрдэнийг тэнэг, ухаан муутай хүн гэх үү? Үгүй, Эрдэнэ ухаалаг, эргэцүүлэн бодох чадвартэй, шударга шулуухан зантай. Бас амьдрах чадвартай, эр зоригтой, арга самбаатай, хөдөлмөрч. Гэхдээ л Итгэлтэд маллуулаад байдаг.

  • Итгэлт ч бас монгол хүн шүү дээ. Гэтэл тэр шуналтай, дотуур тамиртай, эрх ашгаа бүхнээс дээгүүрт тавьдаг, бүхнийг зөвхөн зоосны нүхээр хардаг...

Тийм, Итгэлт монгол хүн. Бид бүхэл бүтэн ард түмний тухайд ярьж байгаа учраас тэдэн дотор Цахиур Төмөр шиг нь ч, Дулмаа, Эрдэнэ, Итгэлт шиг нь ч, Бадарч, Галсан, бүр Түгшил шиг хог нь ч бий. Гэхдээ аль шинж нь нийтлэг байсан тухай ярилцаж байгаа шүү дээ.

Чухам Эрдэнэ, Ням өвгөн, Галсан шиг гэнэн итгэмтгий хүмүүс нь олонх учраас л Итгэлт шиг цөөнхүүд тэгэж баяжиж чадаад байсан хэрэг. Гэхдээ Эрдэнэ, Ням, Галсан нар гурвуулаа гэнэн итгэмтгий боловч мөн өөр өөр түвшний гэнэн чанартай, Эрдэнийг дээр хэлсэн, Ням өвгөн бол хүч зориг мөхөсдүү, тэрүүхэндээ өөрийгөө под хийтэл болгоод, довоо шарлуулчих төдий, гэвч орчлон хорвоогийн явдлыг аль хэдийнээ бас дотроо хөөрхөн тунгаачихдаг, буяныг санах сэтгэл нь илүү талдаа. Мал нийгэмчлэхэд хувьдаа малтай байж үзээгүй Нямынх хэдэн үхэртэй болоод, тогоо хүртэл тавьж үздэг. Тэгээд “Ээ, Ардын төрийн минь буян” гэх атлаа бас давхар “Итгэлтийн ч буян бас бий дээ” гэж суудаг. Харин Галсан бол жинхэнэ утгаараа гэнэн тэнэг нь.

Ер нь “Тунгалаг Тамир” роман бол монгол ертөнцийг нэвт шувт тольдсон манай үндэсний шинжтэй сор туурвил. Яахав, цаг зүгийн үзэл суртал романд хавчуулагдсан ч тэр нь түүний уран сайхны ур чадварыг бүхэлд нь далдалж, үгүйсгэж чадахгүй.

  • Монголчуудыг бас их ичимхий гэдэг... ?

“Цэвэр ичимхий монгол бүсгүй еэ” гээд бид дуулдаг байх аа. Энэ цэвэр ичимхий гэдэг чинь уг нь их сайхан, ер бусын цэвэр тунгалаг дотоод ертөнцтэйг илэрхийлнэ. Сэтгэл, хайр өөрийн эрхгүй татдаг нь тэр дотоод ертөнцөд нь байгаа юм. Монгол хүний бас нэг унаган чанар байжээ. Ичимхий байна гэдэг нь тэнэг, гэнэн байна гэсэн үг биш, харин мөн чанартай, ёс зүйн язгуур өгөгдөлтэй байгаа гэсэн үг. Хэзээ ичихээ байна, тэр цагт хүн алга болно. “Ичих нүүрэндээ илгэ наасан” гэдэг нь ичиж айхыг байгаад хүн ёсоо мартаад, цайчихсан, улайчихсан хүнийг хэлдэг.

  • Одоо бол залуус, ялангуяа хүүхдүүд ичих нь их бага, харин ч илүү нээлттэй, ил тод болоод байгаа. Үүнийг хүн ёсоо мартаад байгаа гэж ойлгох уу?

За, нээлттэй байх ичих нүүрэндээ илгэ наах хоёр чинь нэг зүйл биш, их ялгаатай. Хэдий нээлттэй, чөлөөтэй ч болж бүтэхгүй, ёс бус зүйлд ичиж, эмээж, гэмшиж байгаа л бол ичих нүүртэйгээ байгаа хэрэг. 

Цаг үеэ дагаад залуус, ялангуяа хүүхэд багачууд маань нээлттэй ил тод харилцдаг болсныг хүн ёсоо мартчихлаа гэж хэлж болохгүй. Харин ч хөгжил дэвшил.

  • Монголчуудыг их эмзэг сул гентэй, дархлаа муу, бусад үндэстэнтэй хольцолдохоор амархан уусаад алга болчихдог гэдэг?.

Зарим ген нь амархан уусаж мөхдөг, зарим нь удаан тэсдэг, тэсээд зогсохгүй хавьтсан ойртсоноо дарангуйлан өөрийнх болгож байдгыг, ерөөсөө ч тийм үзэгдэл байдаг эсэхийг, эсвэл энэ нь генийнх бус соёлтой холбоотой ч байж болохыг эрх биш судлаачид судалж байдаг байх аа.

Гэхдээ бодит байдал дээр бол яах ч аргагүй монгол ген их эмзэг хялбархан алга болчихдог мэт анзаарагддаг. Их гүрний үед дундад Ази, умард Хятад, бүр Ойрхи Дорнод, Дорнод Орос даяар монголчууд цацагдсан. Ихэнх нь одоо зүс царай, хэл яриа сураггүй, заримаас нь нэр ч үлдсэнгүй. Зөвхөн хөх толбо буюу Ор мэнгэ л нэг бүдэг бадаг үлдэж байна. Хэдэн жилийн өмнө Энэтхэгт нэг лал шүтлэгт пакистан залуутай танилцсан. Дэлгүүрээс найз охиндоо сари авч өгөөд, хойт, урд хормойноос нь угзраад юм хэлээд байхаар нь сонирхож асуусан. Алт мөнгө, хоол унд арвин болтугай гэж ерөөж байгаа, заншил гэнэ. Хонь хурга, унага даага гэдгээрээ л ялгаатай болохоос манайхтай адил. Гэтэл тэд 1947 онд Энэтхэг задарч, лалын шашинт Пакистан улс байгуулагдахад тийш гарсан Энэтхэгийн эзэн захирагч явсан Моголуудын удам гэнэ. Тэр залуугийн зүс царай, явдал гишгээнээс монгол гэх үнэр ч алга. Гагцхүү тэр нэг ёс заншил нь тэсэж үлдсэн байна. Мэдээж хэрэг унага даага, хонь хурга байхгүй болсон тул оронд нь алт мөнгө, хоол унд ерөөдөг болсон хэрэг.

Эрхбиш Халимаг, Дээд Монголчууд, Буриад, Уулын Алтайн, Өвөрлөгчид, Алшаа, Баянгол, Бор талын гээд энд тэнд хэсэг бусаг газарт монголчууд нэг юм тэсээд байна. Тэд чинь саяхан болтол монголтойгоо цуг байсан учраас үлдсэн хэрэг. Тасарсан хэсэг нь тэр чигтээ уусчихсан. Хүлэгийн улсад нэн их жин нөлөөтэй явсан Жалайрууд сураггүй, Төмөрийн Барлусууд ч сураггүй, Астрахан, Крым, Энэтхэг, Дундад Азийн Стануудад байсан нь ч нэр төдий. Тэгэхээр нээрээ эмзэг хэврэгхэн ч юм уу даа гэмээр.

Хэрвээ үнэхээр л монгол ген амархан уусчихдаг эмзэг байгаа юм бол тэр чинь муу шинж биш юм шүү дээ. Сүүдрээ хүртэл тусгахад гэмтдэг гэгдэх ариун нандин Вансэмбэрүү цэцэг уулын тагтад нэн бэрх газар ховорхон ургадаг бол хогийн ургамал яаж ч устгасан, ад үзсэн хаа сайгүй сагсайж байдаг.

Бидний ген эмзэг байгаа нь үнэн бол ариунаар нь хадгалан, нандигнан явах ёстой гэсэн үг ээ дээ. Муу биш, харин ч сайн үзүүлэлт биш үү? Нөгөө талаар яах ч аргагүй бид хэт цөөхөн учраас энэ тал дээр онцгой анхаарахгүй бол болохгүй гэдгээ мэддэг, тэгээд түүнээ энэ мэтээр илэрхийлдэг ч байж болно. Хэрвээ бид 100 саяулаа байсан бол хэзээ ч ийм яриа гарахгүй.  

  • Та ямар ч тохиолдолд монголоо өмөөрч, ямар ч сөрөг агуулгыг эерэг болгож байна шүү?

Би монгол хүн учраас монголоо өмөөрөхөөс өөр яах вэ? Ингэхэд биднийг хятад нь, орос нь, япон нь сэтгэлийнхээ мухраас өмөөрөх үү? Гэхдээ өмөөрөхөд учир бас бий. Муу муухайг нь ч харахыг хүсдэггүй, бүхэнд өмөөрч байж хүүхдээ эрхийн балай болгочихдог шиг бүхэнд өмөөрч, цээжээ дэлдэх нь хийрхэл. Энэ цаг үед монголчуудын муу муухайг л ихэвчлэн ярьж, муучилах хэтэрхий болсон тул бид сайн сайхан талыг нь ярихаас аргагүй байна. Ер нь үндэстнийхээ сайн сайхныг ярихийн муу нь юу байх билээ. Хүүхдийг хүртэл дандаа муучилж дооршаагаад байвал өөртөө итгэлгүй болж өсөж хүмүүждэг шүү дээ.

  • “Монгол хүн 60 хүрч ухаан ороод, 61-тэйдээ хорвоог орхидог” гэсэн нэг ёж үг байдаг...? Энэ цагийн аясыг хараад байхад үнэн ч юм уу гэмээр, үнэхээр л гудамжинд, замд, алив үйлчилгээнд бидний харилцаанд ихээхэн доголдол байна. Маш их ууртай, хэрүүлч, юм болоогүй байхад л өрвөлзөөд эхэлнэ. Ихэнхдээ өөрийнхөөг зөв гэж дайрна. Дээр нь их бэртэгчин, хувиа хичээсэн, би л болж байвал, тэнгэр нуртал яав л гэж гэсэн хандлага давамгайлдаг. Бид тийм хожуу ухаан ордог, сэтгэлгээний хувьд дутагдалтай үндэстэн үү? Аль эсвэл... өөр учир шалтгаан байна уу?

Угаасаа л монгол хүн тийм бүдүүлэг, мулгуу талдаа, тэгээд үхэхийнхээ өмнө нэг сэхээрдэг, гэвч хожимдсон байдаг гэсэн ойлголт юм, наадах чинь.

Гэхдээ монголчууд түүхийнхээ бүхий л явцад дандаа яг ийм муу ааш араншинтай байсан уу, гэвэл үгүй. Үнэхээр л тийм байсан юм бол яагаад тэр Төвөд, Уйгурууд дундад зуунд Монгол хүнийг хүний дээд гэж үзэж байсан юм бэ? Бүр хэдэн зууны туршид шүү дээ. Яагаад монголчууд өөрсдийнхөө өв соёлд энэ дурдсан муу шинжүүдэд нэн таагүй хандаж, “Монгол хүн байна даа, арай ч дээ” гэж гайхаж, цочиж явсан юм бэ? Яагаад Монголчуудын тухай бичиж үлдээсэн аялагчдын тэмдэглэлд эсрэгээрээ байна вэ? Бүр “Монголчуудыг хоорондоо маргалдаж, хэрэлдэж байхыг харсангүй, тэр бүү хэл дуугаа ч өндөрсгөдөггүй” гэсэн нь бий. Энэ мэт тэмдэглэлийг монголд хайртай хүмүүс биш, тагнуул туршуулууд голдуу бичсэн байдаг.

Монголчууд угаасаа тийм болхи муу үндэстэн байсан юм бол яагаад түүхэндээ хэд хэдэн сүпэр эзэнт гүрнийг бүтээж, хүн төрөлхтний түүхийг өөрчилж чадаад байсан юм бэ? Дэлхийн эзэн хаад, захирагчид болоод байсан хэрэг вэ? Болхи бүдүүлэгчүүд хэзээ ч сүпэр эзэнт гүрнийг бүтээж чадахгүй дээ.

Гэвч үнэхээр л чиний хэлээд буй муу шинжүүд өнөө цагт илэрхий, үгүйсгэх аргагүй байгаа нь үнэн. Яагаад тэр вэ гэж бид өөрсдөөсөө тэр бүр асуудаг билүү? Өвддөг, зовдог, урууддаг, сэхдэг хувь хүнтэй л адил ард түмэн гэдэг чинь бас уруудан доройтдог, ядарч туйлддаг, бүр мөхөж түүхийн тавцангаас арчигддаг ч хувь тавилантай. Дандаа ялаад мандаад байдаг юм байхгүй. Хамгийн урт удаан оршин тогтносон эзэнт гүрэн Ром, гэвч өнөө түүнээс зөвхөн дурсамж л үлдсэн. Улс гүрнүүдийн мөхөл сэхлийн үзэгдэх өнгөнд эд баялаг, эр цэрэг, техник технологи, бүтэц тогтолцоо, төр ёс харагддаг ч цаад мөн чанарт нь хүний хөгжил л байдаг. Хүчирхэг иргэдтэй бол хөгждөг, ёс зүйгүй, хувиа бодсон, бүдүүлэг мунхаглал газар авсан бол сүйрдэг. Тийм л жамтай. Айхтар онолсоод байх юм үгүй.

Манай ард түмэн ч тэр жамаас гажаагүй, сэхэхдээ сэхэж, уруудахдаа уруудаж яваа. Бид уруудаад, доройтоод, бүр мөхөх үү, үгүй юу гэдэг дээрээ тулсан үе саяхных, яг 100 жилийн өмнө. Соц 70 жилд жаахан сэргэсэн, гол нь жаахан ч болов газар нутаг дээрээ тусгаар тогтнолтой болоод авсан. Гэвч баттай сайн сэргэж чадаагүй л явна. Эргээд сөхөрчих гээд байгаа тал байна.

Энэ цаг үед яагаад монгол хүмүүст тийм муу шинжүүд хүчтэй анзаарагдаад байгаа вэ гэхээр, нэгдүгээрт, түүхэн хоцрогдлын сүүдэр гүйцэд арилаагүй байна, хоёрт, цаг үеийн нөлөө байна. Би өмнө хэлсэн дээ, энэ цаг үе монголчуудыг их эвдэж байна гэж... Үнэхээр л их эвдэгдсэн. Яах аргагүй хувиа л бод, материаллаг баялаг л бүтээх нь хүний нийгмийн хөгжлийн зорилго гэсэн хэт болхи бүдүүлэг материалист үзэл рүү гулсаж, оюун суртхууныхаа нандин юмаас холдож хөндийрсөн. Мунхаглал газар авсан. Гуравт, угаасаа энэ суурьшил гэдэг юм чинь нүүдэлч монголчуудын язгууртай харшлаад, хямрал үүсгээд байна уу даа гэж надад бодогдоод байгаа. Чамд тааламжгүй орчинд чамайг удаан байлгавал чи өөрийн эрхгүй л бухимдаад, стрессдээд эхэлнэ. Түүнтэй чинь адилхан. Энэ сууриншилд дасаж, уугуулшиж, урбан соёл бэхжих болтол тодорхой цаг хугацаа хэрэгтэй ч бас давагдашгүй мэт хүчин зүйл ч бий. Хоёр соёл зэрэгцэн оршиж, нийлэгших үйл явц өрнөж байна. Энэ үйл явцын дүнд уламжлалт соёл нь их хэмжээгээр эвдэгдсэн, мартагдан үгүйсгэгдсэн, гэтэл шинэ соёлын зүйлсийг хэвшүүлж, хуучнаа орчин үежүүлж, шингээж авч чадаагүй байдал, түүнээс үүдсэн хямрал, соёлгүйжилтийн хоосон орон зай бий болсон. Яахав, нэг үеэ бодвол харьцангуй орчин үежсэн, соёлжсон үеийнхэн гарч ирж байгаа, гэвч тийм ч хангалттай бус байна. Цаг хугацаа хэрэгтэй байх л даа. Гэхдээ орчин үеийнхэнд үндэсний гэх шинж хэр байгаа вэ гэдгийг бас бодолцох, анхаарах л ёстой.

За тэгэхээр өнөөх “Монгол хүн 60 хүртлээ тэнэг байдаг” гэдэг нь хоцрогдол, цаг үеийн хямрал, соёлын зөрчил болохоос угаасаа монгол хүн тийм муу муухай араншинтай, соёлждоггүй болхи бүдүүлэг, бусад үндэстнүүдээс угаасаа л муу, тэнэг гэж би л бодохгүй байна. Уг нь монголчууд чинь тун сайхан ёс зүй, уламжлалтай ард түмэн. Харин ч энэ үгийг эерэгээр нь ойлгож, тайлбарлах боломжтой.

  • Тэгвэл энэ үг яагаад ийм нийтлэг түгээмэл яригддаг юм бол?

Ер нь монголчууд бидэнд зориудаар зохиогоод өгчихсөн, бүр итгүүлчихсэн зүйлс мэр сэр бий шүү. Тэдний л нэг нь. Үндэстэн өөрсдийгөө муучлаад, хараагаад л эхэлбэл уруудаж доройтоод ирдэг нь хууль. Тэр дундаа манайх шиг билгэдэлд ихээхэн хамааралтай, анхаардаг улсад бүр ч их нөлөөтэй. Алдаа дутагдал бол бидэнд байгаа, түүнээ ил тод ярилцаж, шүүмжлэн хэлэлцэж, засаж залруулах ёстой, ядахдаа эрмэлзэх хэрэгтэй байх. Харин “Өө, та нар засрахгүй, угаасаа тийм хогийн новшнууд гэдгээ мэдэж авцгаа” гэж буй бол тэр чинь хараал зүхэл, гадуурхал, муучлал. Их ялгаатай ойлголтууд.

  • Бидэнд зориуд зохиогоод өгчихсөн, итгүүлчихсэн өөр ямар зүйлс байна вэ?

Одоо Халхын хангуудын тухай нэг домог шиг зүйл байдаг даа. Манжийн хаан Халхын хангуудын өмнүүр эмээл, хазаараа хөглөрүүлсэн морь гаргаж сорьж гэнэ. Тэгтэл Засагт хан нь засаад, Түшээт хан нь түшээд өнгөрөөж, Сэцэн хан нь эмээлийг нь авч, дотроос нь юм аваад, дахин эмээллээд явуулж гэнэ, тиймээс зассаныг нь Засагт хан, түшсэнийг нь Түшээт хан, эмээлийг авч янзалсныг нь Сэцэн хан гэх мэтээр нэрлэж гэнэ гээд...

  • Тийм домог байдаг. Гэхдээ энэ яагаад зохиомол болох вэ?

Нэгд халхын хангуудын үүсэл аль Түмэнзасагт ханы үе буюу 1500-аад оны дунд үеэс эхлэлтэй. Тэр үед юун манжууд байхав... Түүнээс бараг зуун тавин жилийн дараа Манж түүхийн тавцан дээр гарч ирсэн.

Хоёрт, нэрлэсэн нэрийн талаар гэвэл Гэрсэнз жалайр хунтайжийн ахмад хөвүүн Ашихай дарханы хүү Баяндарь хунтайжийн үед буюу 1580-аад оны төгсгөлөөр Засагт хан гэдэг нэр анхлан гарч ирсэн байдаг. Харин түүнээс дариу 100 гаруй жилийн дараа 1691 онд Халх нь манжид дагаар орж байв. Ер Халх дотроо Засагт ханууд зонхилогч байр суурьтай, Халх-Ойрдын чуулганд дээгүүр суудалтай, Тарвагатайн Улаан бураад болсон чуулганыг ч Засагт хан Субадай тэргүүлж байжээ. Ер нь Халхын анхны долоон хошууны 4 нь Засагт ханд харьяалагдаж байв.

Галдан бошигттой ойр байж, холбоолсон учир, бас Засагт ханыг тойрч бүлэглэл үүсэх магадлалтай учир манж нар Засагт ханыг эрх чадамжийг буулгаж, газар нутгийг нь ч багасгасан. 1911 онд Тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн өрнөхөд зарим ноёдын зүгээс Чингисийн угсааныхнаар Төрийн тэргүүн тавина гэсэн санал гаргаж, тэр үеийн Засагт хан Содномравданд хаан болох санал тавьж байсан байдаг. Мэдээж хэрэг мөн тухайн үед халхын хангууд дотроо нэр нөлөөгөөр ч, насаар ч илүү нь Содномравдан байж. Харамсалтай нь Содномравдан хан Богд хаант Монгол Улс байгуулагдсанаас хойш хэдхэн сарын дараа хамгийн түрүүнд хорлогдсон.

Энэ бүхнээс эргэцүүлэхээр Засагт хан нь засаглах, Түшээт хан түших, Сэцэн хан зөвлөх, сэцлэх учиртай анхлан үүссэн юм биш байгаа гэсэн таамнал надад төрдөг. Үүнийг манай судлаачид эрх биш судалж байдаг байх.

Харин дээрх домогт бол Засагт хан, Түшээт хан нар мулгуу, юмны учир ойлгодоггүй дүртэй гарч байгаа. Сэцэн хан л жаахан сүйхээ гаргаснаас биш ерөөсөө гурвуулаа адилхан. Уг домгийн өгүүлэмжид Халхууд та нар бол бидний дохио зангаа дор байх ёстой номхон хүлцэнгүй албатууд юм шүү гэсэн утга маш тод байгаа. Ийм домгийг бид өөрсдөө зохиох гэж үү?. Энэ манж нараас бидэнд зориулан зориуд зохиож өгсөн “Та нар бол хэн ч биш юм шүү, бидний албатууд шүү” гэсэн ёж, давхар утгатай домог, түүнээ ч итгүүлчихсэн, бид одоо хүртэл итгэсэн хэвээр, ном бичиг, тэр бүү хэл ЕБС-ийн хичээлээс гадуур унших номдоо хүртэл оруулчихсан явна.

  • Нээрээ тийм бол нэн харамсалтай хэрэг юм.

Оросууд бидэнд манай түүхийг зохиож өгсөн тухай их ярьдаг, шүүмжилдэг. Тухайн үеийн үзэл суртлын хашаандаа тааруулж, манай түүхийг үнэхээр гуйвуулсан, гажуудуулсан юмс бий. Гэхдээ бүгдийг нь биш, бас тэгэж туйлшруулж болохгүй. Бид 90 оноос тэдгээрийг засаж, өөрчилсөөр ирлээ. Гэхдээ хэтрүүлээд нөгөө талруу нь туйлшруулж савах нь нэлээд байна. Энэ ч бас аргагүй л үзэгдэл. Харин Манж нарын энэ мэтээр бидний бүр өв соёлд хүртэл сэмхэн шургуулчихсан нэн халгаатай, хорлонтой олон зүйлсийг засаж залруулж буй эсэх нь мэдэгддэггүй. Ер нь манж нар хэдэн удаа монгол айл өрх бүрээр нэгжиж, монгол өв түүх бүхий ном судрыг хураан устгаж, оронд нь бурхны шашны судар ном тараасан байдаг. “Үүл хурвал бороо, Монгол хурвал цэрэг” болдог гэдгийг манж нар сайтар мэдэж, аль болох эвлэж нэгдэхгүй байлгаж, язгуурын омогт дайчдыг тарни номоор номхруулж, орхимжоор шалдалж, цалин пүнлүү, шан харамжаар цаламдаж, өрсөлдүүлэн сөхрүүлж авсныхаа хүчинд хэдэн зуунаар бидний эзэн сууж чадсан.

Өөрөөр хэлбэл манжууд биднийг язгуур мөн чанараас нь холдуулж, өөрсдийгөө таньж мэдрэх чадварыг нь алдагдуулж, номхон хүлцэнгүй албатаа байлгах гэж хичээсэн. Өчигдөрт чи хэн ч байгаагүй бол өнөөдөр ч мөн адил хэн ч биш гэсэн үг. Чиний эцэг чинь, өвөг чинь хэн ч биш байсан, тэгэхээр чи ч бас хог новш мөн гэж буй утга. Улс үндэстэнд ч мөн адил хамаатай ойлголт. Колоничлолын тархи угаалт ингэж л явдаг. Хамгийн түрүүнд тухайн үндэстний өв түүх, соёл уламжлалыг цэвэрлэдэг. Ой санамжаас нь арчдаг. Бид түүхэндээ ийм тархи угаалтуудад, өв соёлын геноцитэд байнга өртөж ирсэн. Одоо ч бас ялгаагүй.

  • Манай зарим түүхчдийн зүгээс Манжийн колоничлол гэж байгаагүй, харин ч манж нар биднийг аятайхан сайхан хадгалж байсан, бид вассал төдий нэртэй, холбоотон нь байсан гэж үздэг?

Колоничлол гэдгийг европын гүрнүүдээс Ази, Африкийн зарим орнуудыг үгүйрүүлэн тоносон, ард иргэдийг нь хядсан, боолчлон гинжилсэн жишгээр харвал манж нар монголчуудыг бараг л илж таалсан болоод явчихна.

Гэхдээ колоничлолийг зөвхөн тэр шалгуураар үзэх нь зөв ч юм уу даа. Эхэн үедээ монголчууд манжийн холбоотон, вассал маягтай байсан байх. Яваандаа ч болохоо байгаад ирсэн. 1911 онд чинь манайхан юуны төлөө тэмцэж, хотлоороо сүйд болж байсан хэрэг вэ. Ямар нэгэн гав гинж байсан л хэрэг шүү дээ. Ноёдууд бүгд л манжаас цалин пүнлүү авч байв. Манайд манжийн хууль ёс бүрэн утгаараа хэрэгжиж байв. Одоо манайхны яриад байдаг тэр Есөн эрүү гэдэг чинь манжийн эрүүгийн эрхзүй монголд хүчин төгөлдөр хэрэгжиж байсны л баталгаа шүү дээ. Хүний санаанд багтамгүй яргалал, тэр есөн эрүү чинь. Тэгээд цаашлаад цавчуургадах, хянгадах, махыг нь шулах, зоосны нүхээр сүвлэх, арьсыг нь хуулах, шөрмөсийг нь сугалах, модон илжгэнд хадах гэх мэт цаазын ялууд байна. Монголчуудын уламжлалд хүнийг бүү хэл малаа ч тэгэж тарчилгаж тамлах нь цээртэй. Анчид хүртэл ангаа аль болох шархдуулж зовоолгүй агнахыг эрхэмлэдэг байв. Сум хэмнэхээс илүүгээр амьтан зовоох вий гэсэн эмзэглэл. Тэгээд хоёр зууны турш энэ хуулиар яваад ирэхээр эцэст нь сураад эхэлж байгаа юм. Тэр 1930-аад оны эсэргүү бослогынхон баригдсан улаантнуудын зүрхийг нь сугалж, арьсыг нь хуулж, шөрмөсийг нь сугалж, бууны улайдсан сүмбээр ороолгож байсан нь халдвар авсных.

  • Монголчууд үнэхээр бусдыг тэгэж тамлаж хэрцгийлдэггүй байсан гэж үү? Их гүрний үед олон улс орнуудад хядлага үйлдсэн гэдэг.

Манай Их цааз хууль, Халх-Ойрдын цаазын бичгийг шалгаад хараарай, цавчиж цаазлах, ташуурдан гэсгээх л гэж бий. Амьдаар нь махыг нь шулж, арьсыг нь хуулах, шатаах гэх мэт яргаллын тухай юу ч байхгүй. Өөр бусад бүхий л түүхийн эх сурвалжуудад монголчууд хүнийг тэгэж аймшигтайгаар тарчилгаж байсан тухай зүйл байдаггүй.

Манж, хятадын эрүү аймшигтай. За тэр барууны ертөнц бол ер дутахгүй байсан. Ялангуяа дундад зуунд католик шашны эрх ашгийн үүднээс гэмгүй эмэгтэйчүүдэд шулам гэсэн дөнгө зүүж өгөөд мянга мянгаар нь амьдаар нь шатааж алсан шүү дээ. Католикууд нь протестантуудаа яргалж тамлахын тулд бараг бүхэл бүтэн шинжлэх ухаан бий болгохоо шахсан. Тэр том том чулуун хэрэм цайзуудад хүн тамладаг тусгай өрөөтэй, бүр тамладаг элдвийн машинуудыг олноор нь янз бүрээр нь зохион бүтээсэн нь ч бий. Өнөөдөр хөгжлөөрөө тэргүүлж буй Америк оронд мөн саяхан 70-80-хан жилийн өмнө цагаан арьст америк хүмүүс хар арьстнуудыг зөвхөн хар арьстай төрснийх нь төлөө амьдаар нь шатаагаад, бүгдээрээ тойрч баясдаг, пиво ууж, цэнгэдэг л байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацист германуудын бөөнөөр хорих лагеруудад юу болж байсныг эрх биш сонсож дуулсан л байх, мөн энүүхэн манай зүүн хилийн цаахна япончууд 731 гэдэг алдартай нууц анги дээрээ европчуудын тамлагчид ч атаархмаар аймшигтай туршилтуудыг амьд хүн дээр хийдэг байсан, тэр туршилтад монголчууд хүртэл өртсөн шүү дээ. Гэтэл монгол хүнд тийм бусдыг тамалж таашаал авдаг уламжлал байсангүй. Их гүрний үед олон хүн алсан л гэдэг, гэхдээ дайн тулааны талбарт дайснаа алж сөнөөх нэг хэрэг, тамалж, тарчилгах нь өөр явдал шүү дээ.

  • Тэгэхээр тэр манжийн хатуу харгис эрүүгийн хууль манайд хэрэгжиж байжээ?.

Тэгсэн. За тэр манжуудаас монголчуудыг алж хядсан нь бол аймшигтай юм болсон. Зүүн гарын хаант улсын хүн ам үндсэндээ хядагдаж дууссан. Багадаа 600 мянга, ихдээ нэг сая баруун монголчууд хядуулсан. Манжийн цэргийн эрхтнүүдийн тайланд ч, тэр цаг үед Зүүн гар нутгаар явсан аялагчдын тэмдэглэлд ч хядлага ямар өргөн хүрээтэй, хайр найргүй байсныг илтгэдэг. Зүүн гарын хаант улсын хэдэн зуун км газарт үхдэл хүүрээс өөр эзэнгүй болж байжээ. Тэр үед Ойрдуудын дунд гарсан дуу хүртэл бий.

“... Бөн бөн дэгдэе...

Туулай болоё

Хаана очиж бутны оёорт хоргодоё доо...” гээд. Бүр орох байх газаргүй болж, аргаа барсны илрэл. Манж цэргүүд гар гараасаа барих нь холгүй самнаж нуугдсаныг олж устгаж байжээ. Тэгэхээр колоничлол байлгүй яахав. Бид тэр хядагдсан хэсгээ мартчихдаг, Монгол гэдгийг зөвхөн тухайн үеийн Халх буюу өнөөдрийн Монгол Улсын хэмжээнд ойлгодог байж таарахгүй. Бид чинь Манжийн түрэмгийлэл эхлэхээс өмнө амьдарч байсан газар нутгийнхаа тавны нэгд ч хүрэхгүй хэсэгт аж төрж байгаа шүү дээ.

Ерөөсөө ч бид Манжийн эрхшээлд орсон үеэс л бараг бүх талаар хоцрогдоод эхэлсэн нь харагддаг. Хоёр зуун жилийн туршид шүү. Тэр цаг үед шашин л хөгжсөн, бүр Монголын Буддизм гэгдэх хэмжээнд хүртэл Буддизмыг хөгжүүлсэн, бас хэтрээд гурван эрийн нэг нь лам болдогтоо хүртэл тулсан. Энэ чинь мөхөл сүйрлийн шинж, ямар ч юм хэмжээнээсээ хэтрэхээр гамшиг болдог. Тэгээд яг дундад зуундаа гацчихсан. Дэлхий нисэх онгоц хийж байхад, Эйфелийн цамхаг босгож байхад бид чинь төмөр царцаа тоонон дээгүүр эргэлдэх тухай бошго домог яриад сууж байв. Төвөд манай хоёр нэг ижилдүү замаар замначихсан, азаар өнгөрсөн зуунд бид алдаа оноо, төлбөр төлөөс ихтэй ч өөр замыг сонгосноор дундад зууны хоцрогдлоос урагш ахисан. Харин Төвөд хуучнаа авч үлдсэнээрээ хүчин мөхөсдөж, хятадын дээвэр дор ороод, өнөөдөр мөхөж байна.

Дээр ярьсан манай үндэстэнд буй соёлын хоцрогдол гээд байгаа нь чухам тэр манжийн үеэс дундад зуундаа гацчихсаны үлдэгдэл, ул мөр өдий хүртэл гүйцэд салж өгөхгүй байгаатай холбоотой.

Колоничлол гэдгийг ер ямар хэмжээнд хүлээн зөвшөөрөх ёстой вэ гэдэг зүйл өнөөдөр их ээдрээтэй болоод ирсэн. Тухайлбал Хятадуудын Төвдөд, Шинжаан Уйгурт, Өвөр Монголд явуулж буй бодлого нь колоничлол мөн үү?

  • Саяхан манай сэтгүүлчид Төвөдөд зорчоод ирэхдээ тэдний хөгжиж цэцэглэж буйг, Төвөдүүдийн азтайг гайхаж шагшрах нь холгүй байна билээ?

Аргагүй шүү дээ, тэднийг хаагуур явуулж, юу үзүүлэхээ хятадууд мэдэлгүй дээ. XIV Далай лам “Төвөдүүдийн тусгаар тогтнолын тухай ярих ямар ч боломжгүй болсон. Түүнийг хүлээн зөвшөөрнө. Гагцхүү Төвөдийн өвөрмөц соёлыг яаж хадгалж авч үлдэх вэ гэдэг л асуудал үлдсэн” гээд асгартал уйлж байсан. Нүдэн дээр Төвөд ч, Өвөр Монгол ч, Шинжаан Уйгур ч цэцэглэн хөгжиж, эд баялгаар хахаж буй боловч уугуул иргэдийн хувьд мөхөж байгаа нь бодит үнэн юм. Тэр хүн далай дотор хэр удаан тэсэх вэ гэдэг л асуудал байхаас биш өөр асуудал байхгүй. Далай багштаны нулимс чухам үүнийг л өгүүлдэг. Хөх нуур орчмын дээд монгол малчид хаяа залгаа төвөдүүдтэй бэлчээрээс болж байнгад зөрчилдөж ирсэн байдаг. Ихэнхдээ тооны олонд дээд монголчууд ялагдана. Гэхдээ тэдний хувьд бэлчээрийг нь булааж ялсан төвдүүдийг ялдаг ганц л зүйл байдаг гэнэ. “Төвөд чи монгол намайг албал ал. Би үхлээ ч Монгол Улс ард үлдэнэ. Харин төвөд чи надаас хойш урт удаан наслаарай. Яагаад гэвэл чамаар төвөд гэдэг улс дуусах учраас” гэж хэлж нэг нам болгодог гэж байгаа. Ёстой орчлон хөрвөөхгүй л юм бол төвөд гэдэг улс зөвхөн түүхэнд л нэр нь үлдэнэ.

Манай өвөрлөгч малчид, иргэд зоос ихтэй болсон, хятадын засгаас хоолойд нь тултал тултал зоос өгсөн. Бэлчээрийг нь аваад ч өгсөн, бас малын хөл тутамд нь татвар авах биш, бүр нэмж татаас мөнгө ч өгсөн. Ахуйн хувьд бидэнтэй харьцуулах аргагүй баян тансаг, гэвч тэдний зүрх сэтгэл, хүсэл бодол нь томоос том, хүндээс хүнд гав гинжтэй. Төвөд ч, уйгурууд ч мөн адил тийм байгаа.

Орчин цагийн колоничлол зүсээ хувиргачихсан. Цэрэг зэвсгийн оронд тархи угаалтыг, гав гинжний оронд ходоод, хэрэглээг нь ашигладаг болсон. Улс орнуудыг, хүн ардыг үзэл суртлаар дарамталж, хөрөнгө санхүүгээр гинжилж байна. Хачирхалтай нь боолчлогдож буй хүн өөрсдийгөө гав гинжтэй байгаа гэдгээ мэддэггүйд, харин ч эрх чөлөөтэй гэж бүрэн дүүрэн эргэлзээгүй итгэдэгт л энэ шинэ цагийн колоничлолын аюул нь байгаа.

  • Та дээрх “Монгол хүн 60 хүрээд ухаан орж, 61-эндээ үхдэг” гэсэн үгийг эергээр нь ойлгож, тайлбарлах ч боломжтой гэлээ. Хэрхэн яаж тийн тайлбарлах вэ?

Ухаан орох ба соёлжих, иргэнших гэх мэт нь ялгаатай ойлголтууд шүү. Балар тайгын модон урцанд, эсвэл эзгүй мэт элсэн цөлийн аглагт амьдардаг хэдий ч амьдралын мөн чанарыг дээд хэмжээний соёлжсон, иргэншсэн, мэдлэгжсэн орчин үеийн нийгмийн гишүүнтэй харьцуулах аргагүй гүн гүнзгий ухааран ойлгосон хүн байх нь бий.

Монгол хүн 60 хүрээд ухаан ордог гэдэг нь соёлжоод, иргэншээд, мэдлэгжээд гэсэн утгаараа биш, харин алаг хорвоогийн эрээн бараантай амьдралын учрыг алдан онож явсаар таньж ухаарч буй тухай яриа. Энэ ертөнцөд мэндэлсний хэрэг чинь идэж уух, эдэлж хэрэглэхэд биш, харин ухааран таньж, сэтгэл амирлахад юм. Тэр утгаараа хүмүүний ертөнцөд ирснийхээ хэргийг амьддаа гүйцээчихлээ гэсэн үг. Нинж сэтгэлийн чинадад хүрч, товчхондоо гэгээрлийн мөрд ойртдог байж магадгүй. Яагаад гэвэл монгол хөгшдийн үйлдэл, зан араншин бусад үндэстнийхээс ихээхэн өөр. Америк, европын өндөр настнуудтай харьцуулахад манай хөх өвгөд, эмгэд нэг тийм ертөнцийг таньж, амталж ханасан мэт байдалтай. Гэхдээ би хуучны хөгшдийн тухайд ярьж байна шүү дээ. Тэдний сэтгэлд орчлон хорвоо бүхэлдээ багтчихсан мэт байдаг. Алт мөнгөний ч учрыг нягталчихсан. Амьтны үр ялгалгүй бүхнийг энэрэн хайрлана. Ач зээ нараа ч өсгөлцөнө. Авах гээхийн ухааныг ч хэлж, ярина. Наанаа тэр хүн бүдүүлэг, соёлгүй, орчин цагийн ном эрдэмгүй, технологийн түй ч мэдлэггүй, улс төр ойлгодоггүй ч байж болно. Гэвч мөн чанартаа жинхэнэ үнэн мэдлэгийн уурхайнууд байж байдаг. Тийм хөгшид их байсан. Мэдээж хэрэг бүгдээрээ биш л дээ, нийтлэгдээ тийм байв. Одоо ч хөдөөгүүр тийм уг суурьтай, язгууртай, егзөр хөх хөгшид байж л байна. Түрүү жил би хөдөөгийн нэг суманд очоод дарга нараас нь нутгийнхаа учир уг мэдэх хөгшинтэй уулзуулж өгөхийг хүссэн. Уриалгахан дагуулж аваад хэдэн арван км газар давхиж нэг өвгөнтэй уулзууллаа. Овоо сүрхий ном сонин уншсан, насаараа дарга даамал хийсэн, одоо энэ мэдээллийн хэрэгслүүдээр хахаж байдаг хэн бүхний ярьдагийг л ярьдаг, тэр хүнээс уг углуургатай үг сонсоход бэрх. Гэтэл саахалтад нь ёстой учиг мэддэг нэг самган сууж байдаг байгаа. Насаараа мал дагасан атлаа ухаан нь цэлмэчихсэн, сэтгэл нь гэгээрчихсэн. Ер нь хоёрын хооронд боловсрол зарим хүний танин мэдэхүйг хязгаарлаж, чөдөрлөчихдөг тал байна.

“Учир мэддэг хүн” гэдэг нь олон сургууль соёл дүүргэсэн, эрдэм ном их үзсэн, их мэдлэгтэй гэсэн үг биш, алив юмс, үзэгдэл, үйлдлийн ил далд учрыг сайтар ялган салгаж, ухаж ойлгох чадвартай гэсэн үг.

Энэ мөн чанарыг ухааран таньж буй байдал нь зөвхөн энэхэн насны явдал төдий биш, сүнсний хөгжил гэж үздэг. Монгол хүн болж төрөх нь сүнсний хөгжлийн нэн чухал дэвшил шат байх нь ээ. Тиймээс л тэр зарим үндэстнүүд “Хойт төрөлдөө монгол хүн болж төрөөрэй” гэж ерөөдөг байсан нь зөвхөн энэ замба тивийн амьдралдаа чанартай сайхан хүн болж төрөх төдий биш, сүнсээ хүртэл ахиулаад хөгжүүлээд авах боломж гэж хардаг байж. Тэр Уйгур, Төвөдүүд чинь бурхны шашинтнууд шүү дээ.

Тэгэхээр тэр “60 хүрээд ухаан ордог” гэдгийг ингэж бас ойлгож болохоор байгаа биз...  Харин тэр соёлтой харилцаа гэдэг чинь заримдаа засдаг хуурамч шинжтэй байдаг. Наашаа харж инээгээд, цаашаа харж ярвайдаг нь бас бий гэсэн үг. Харин монголчуудын хувьд соёл гэдэг нь хүний дотоод мөн чанартайгаа заавал нийцэж байх ёстой гэж үздэг.

  • Тэгэхээр бусад үндэстнүүдэд тийм ухаарах боломж хомс байдаг гэсэн үг үү? Яагаад Монголчууд гэж? Энэ өнөөх өөрийн үндэстнээ бусдаас дээгүүрт тавьж буй хандлага биш үү?

Хувь заяаны гэх юм уу, юуных гэх юм, юутай ч нэг, хоёр давуу өгөгдөл гарцаагүй байна.

Эхнийх нь Монголын энэ газар нутаг маань нэн өвөрмөц юм. Жилийн дөрвөн улирал нь тэнцүү болдог. Байгалийн олон өнгө, хувирлыг байнгад үзэж, харж, таашааж, мэдэрч байна. Өдөр шөнө нь 20 хэм, өвөл зун нь 50 хэмийн дундаж зөрүүтэй. Дээр нь өдөр тутамдаа хувьсан өөрчлөгдөж байдаг тэнгэрийн дор нүүдэллэн, орчиж амьдардаг ер бусын амьдралын хэвшил байна. Энэ бүхэн нь хүнд байнгын болзол үгүй шалгууруудыг тулгаж байдаг. Энэ эрс тэс байдалд дасан зохицож амьдрах шаардлагатай. Энэ нь хүнийг тэсвэр хатуужилтай, мэдрэмтгий, уян хатан чөлөөт сэтгэлгээтэй, догматизмд автах нь бага, аливааг олон учир шалтгаант талаас нь, бүхэлд нь ерөнхийлж харах сэтгэлгээг давамгай хөгжүүлнэ. Бидний аливаад хурдан дасдаг, сурдаг, өөриймсчихдөг чанар чинь үүнтэй холбоотой хэрэг. Боломжгүй мэт зүйлийг ч болгочих учир бас байдаг гэдгийг мэддэг, итгэдэг, тийм зөн совин, ой санамж нь заяамал, тиймээс бидэнд билгэ ухаан их хөгжсөн.

Монгол нутаг чинь бас усны эх ундарга, хагалбар нутаг, агаар нь хуурай учир тэнгэр нэн тунгалаг, од эрхэст ойр мэт сэтгэгдэл төрдөг. Нүүдэлч малчин хүн амьдралынхаа хагасаас илүү хувийг нь задгай тэнгэрийн дор малынхаа дэргэд, хувьсан өөрчлөгдөж буй байгал хийгээд юмс үзэгдлийн дунд өнгөрөөдөг. Хүмүүсийн хоорондын харилцааг харах нэг хэрэг, харин хүн дотор нь багтдаг орчлон ертөнцийн бүхий л үзэгдэл юмсыг дувт ажиглах шаардлагатай нөхцөлд аж төрөх нь их өвөрмөц бясалгагч, билгэдэлч сэтгэлгээний хэв шинжийг бүрдүүлж өгөөд байна. Өнөөх дээр өгүүлсэн аливааг бүхэлтгэж буюу эхэлж ерөнхийлж хардаг, туйлширдаггүй, амгалан хүлээцтэй сэтгэлгээ, зан араншин, алсыг нь хардаг цөлх ухааны хэв шинж чинь чухам эндээс үүдэлтэй. Одоо намар цагаар шувууд хэрхэн буцаж байгааг харж, ирэх хаврыг тандах, жаргаж буй нарны байдлыг шинжиж маргаашаа төлөвлөх, од мичдээ харж, улирлаа шинжих гээд, тэр бүү хэл хүний амьдрал хийгээд байгалийн алив үзэгдлүүдийн учир холбогдлыг ч анзаарч ажиглах хэрэгцээ шаардлага дор аж төрнө. Эс ажиглаваас, эс мэдвээс тэр хатуу ширүүн байгал дор тэсэн амьдарч эс чадна.

“Хойт хоолойд цас унаж уу?” “Үгүй, хараараа байна”, “Аө, тэгвэл хэсэгтээ энэ бэлд жавар ирэхгүй нь. Өвөлжөөлөхөө түр азнахаас”. “Манай тэр үү, яахав тэгэж л байг. Өвчигнөж байгаад аяндаа аярна” гэх мэтээр л ярина.

Эндээс хорвоогийн бүхий л үзэгдэл, юмс нь цаг хугацааны орчил дотор өөр хоорондоо нэн нарийн учир шалтгаанаар барилдсан болохыг ухаж мэдээд, ертөнц бол бүхэллэг юм байна, цулдаа нэг л амьтай юм байна, нэг хуультай юм байна, би би гэх учир шалтгаан үгүй юм байна, бид гэх нь илүү утга учиртай юм байна, өдөр шөнө ээлжилдэг лугаа адил зовлон жаргал ч ээлжилдэг, өдөр шөнө, гэрэл сүүдэр тэнцүү шиг сайн муу ч, сайхан муухай ч тэнцүү гэдгийг таньж мэдэрнэ л гэсэн үг. Хэдэн мянганаар аж төрж ирсэн энэ уламжлал нь монгол хүн гэдэг нэг өвөрмөц бие цогцос, өвөрмөц оюун сэтгэлгээний ертөнцийг бий болгожээ. Энэ мэт нь бидэнд давуу тал боломж өгөөд байгаа хэрэг.

Суурин соёл гэдэг маань тариачин соёл. Тарианыхаа шангийн цараагаар, эсвэл суурингийнхаа гудамжны уртаар л үйл амьдрал нь өрнөж, ажил үйл нь үргэлжийн давтагдах учир боломжийг зөвхөн тэр л хонхрынхоо хэмжээнд харна. Тэд хувьсан өөрчлөгдөөд ирвэл харин ч хурдан мөхнө. Тиймээс догмад баригдамхай, аргад шүтэх сэтгэлгээ давамгай хэвшиж тогтсон. Тарианы шангийн хонхорт аж төрөх, байнгын хувьсан өөрчлөгдөх тэнгэрийн дор байгалийн орчилд нүүдэллэн аж төрөх хоёрт ялгаа их бий. Яах ч аргагүй хоёр өөр ялгаатай соёл, сэтгэлгээ, ертөнцийг бий болгож таарна.

Мэдээж хэрэг суурин соёлд ч бас олон давуу талууд бий, сул тал ч бий. Тэдний гол чухал давуу тал нь арга ухаанд, эд баялагт гаажтай бөгөөд, энэ нь ахуйг хөгжүүлсээр өнөөгийн хөгжилд хэт давамгайлах болсон байна. Бид тэр өөр иргэншлийн хэт туйлширсэн давамгайлал, түрэмгийлэл дор оршиж байгаа нэн эмзэг, нэн цөөнх болчихсон иргэншлийн төлөөлөгчид, сүүлчийн голомт гэдгээ мартаж, мөхөөж боломгүй. Яагаад гэвэл энэ нүүдэлч соёл, ертөнцийн мөн чанарыг хадгалж авч үлдэх нь зөвхөн бидний хэрэг төдий биш, хүн төрөлхтний хэрэг юм, уг нь.

Онцлог давуу байдлаа мэдэж, үүрэг хариуцлагаа мэдрэх нь нэг хэрэг, бардамнан онгирох, бусдыг дорд үзэх нь огт өөр хэрэг шүү дээ.

  • Монголчууд өөрсдийгөө тэнгэр гаралтай гэдэг. Энэ чухам юу гэсэн үг вэ? Хөөрүү тэнэглэл үү, эсвэл үнэхээр тэгэж үзэх учир шалтгаан бий юу?

Ер алив хэл соёл, заншил ялгаатай үндэстэн бүрд өөрийн язгуур шинж гэдэг зүйл гарцаагүй байдаг. Тэр язгуур шинжээр нь тодорхойлж нэрлэж ирсэн уламжлал ч бас байна. Тухайлбал хятадуудыг лус язгууртай, лус нь газар усны эзэн учир эд баялгийг шүтдэг, түүнийг бүтээдэг, төвөдүүд мангас язгууртай учир атаа хилэнц ихтэй, жатга шидэд сайн, монголчууд асур тэнгэрээс тасарч төрсөн учир омог цөс ихтэй, бэлгэдэлд оршдог, хийморьлиг дайчин гэх мэтээр... Оросуудыг эрдэнэшишийн түрүүнээс гарсан, эм заан шинжтэй, энэтхэгчүүд далайн замгаас гаралтай гэх нь ч бас байдаг юм билээ. Тэр бүгдэд тодорхой шинж байх ба үнэхээр л тухайн үндэстнээ зөв тодорхойлсон мэт. Энэ бүгдийг тусгайлан судалсан хүмүүс эрх биш байдаг байх. Тэд илүү нарийн зүйлсийг хэлэх биз ээ. Би эдгээрийг хоосон домог гэж бодохгүй байна. Ямар нэгэн хамаарал, учир шалтгаан гарцаагүй бийдэг.

  • Ирэх зууныг домгийн зуун болно гэдэг юм билээ. Та түүнд итгэдэг үү?

Итгэлгүй яахав. Эхний учир нь, хүн төрөлхтний техник технологийн хэт хөгжил нь бидний төсөөлж ч байгаагүй үлгэр домгийн мэт ертөнцийг бүтээж байна. Хиймэл оюун ухаан, дижитал эрин, виртуал ертөнц, өөр гариг ертөнцийг эзэмших сансрын супер технологи, үүлэн технологи гээд, одоо ч бид төсөөлөхөд нэн бэрх зүйлс удахгүй бодит зүйлс болно. Гучхан жилийн өмнө ухаалаг утасны тухай хэн нэгэн ярьсан бол бидний хэд нь итгэх байсан бол. Одоо хүүхэд төрөхдөө л ухаалаг утсаар тоглож мэдэхтэйгээ төрж байна.

Гэхдээ энэ бол домгийн эриний гол шинж биш. Гол учир нь эртний домгуудийн далд чинадад байдаг нууцуудыг нээж, ухаж ойлгоход л байх болов уу. Өөрөөр хэлбэл орчин цагийн шинжлэх ухааны хөгжил эртний домгуудын нууцыг тайлж хүчрэх хэмжээнд хүрнэ л гэсэн үг. Түүнээс баахан домог зохиогоод, түүндээ итгээд, төөрөөд, мунгинаад явахын нэр биш.

  • Үүнд манай үндэстний түүх домог, ялангуяа Тэнгэр шүтлэг итгэл бишрэл ч бас хамаарах байх аа?

Тэгэлгүй яахав. Дээрх “Монголчууд бол тэнгэрээс тасарч төрсөн, тэнгэрлэг заяатай” гэдэг үгэнд их учир бий. Бид чинь газар малтаж, шавар чулуу овоолж аж төрж явсангүй, морин дэл дээр хийсгэж, хээрийн бэлчээрт, задгай тэнгэрийн дор уртын дуугаа дуулан бясалгаж, аж төрж иржээ. Орчлон ертөнц гэдэг нь нэгэн түгээмэл хүчирхэг хуулийн дор оршин тогтнодог болохыг таньж мэдээд, тэр хуулиа Тэнгэрийн хууль буюу Тэнгэрийн жам гэж нэрлэж байж. Төр гэдгээ тэрхүү Тэнгэрийн жамыг энэ газар дэлхийд сахиулагч хэмээн үзжээ. Тиймээс Төрөө Тэнгэрийн төр хэмээн дээдэлж, “Төрийн сүлд өршөөг” гэж хүртэл залбирдаг байжээ. Өөр ингэж үздэг, залбирдаг ард түмэн байдаг эсэхийг мэдэхгүй юм. Бараг л үгүй болов уу. Одоо нийтэд түгсэн Төрийн тухай ойлголт бол монголчуудын энэ үзлийн таг эсрэг, тиймээс л төрөө хүссэнээрээ харааж зүхэж болдог. Юун “Төрийн сүлд өршөөг” гэж залбирах билээ. Нулимж харааж болдог зүйл учраас тийм төрд гахай, нохой ч очоод суучих боломжтой болчихно.

Дэлхий даяар ёс суртхуун гэдэг зүйлийг ихэнхдээ хүмүүсийн хоорондын харилцааны зүй зохист хэм хэмжээ гэдэг хүрээнд ойлгодог бол харин монголчуудын хувьд Орчлон ертөнцийн төлөө оршихийг ёс суртхуун гэж үзнэ. Өөрөөр хэлбэл өнөөх байгал ертөнцийн суурь хууль буюу Тэнгэрийн жамд нийцэж аж төрөхийгөө зөв амьдрал гэж үзээд байгаа хэрэг. Зарчмын маш том ялгаатай ойлголтууд. Ус булгийн хажууд буучихаад байгаа хэрнээ л усаа асгаж цутгаж хэрэглэхгүй, гамнаж хэрэглээд байдаг нь дахин ус зөөхөөс залхуурсных биш, харин өнөөх орчлон оршихуйг хайрлаад буйнх. Хөөтэй тогоогоо шинэ ургаж буй зүлгэн дээр тавьдаггүй чинь, ус булаг руу бохир сав шанага авч очдоггүй, нэгнээ бүү хэл малаа ч харааж зүхдэггүй, буу ч шагайдаггүй, морь аргамжсан бол маргааш нь гадсаа сугалаад, нүхийг нь шороогоор дүүргэдэг гэх мэт чинь бас л тийм сэтгэлгээ, тэр бүхнээ зөв амьдрахуйн хэм хэмжээ буюу ёс суртхууны хэм хэмжээнд үзэж байжээ. Зөвхөн хүн хоорондын харилцаанд биш, бүхий л оршихуйн харилцаанд ёс суртхууныг авч үзэж байгаа хэрэг шүү дээ. Хүнд юм өгч авахдаа заавал баруун гараараа авдаг, цай хоолны аягыг хүртэл ирмэг давуулж барьдаггүй, босгон дээр гишгэдэггүй, орондоо дуу аялдаггүй, ширээн авдар дээр сандайлдаггүй, айлд ороод голомт руу нь хөлөө жийж суудаггүй, малгай бүсээ бүсэлхээс доор газар тавьдаггүй дээдэлдэг гээд монголчуудын зан суртхуун, ёс заншил, соёл, үйлдэл бүхэнд нь нарийн утга учир бий. Тэр олон нарийн утга учир бүхэн явсаар Тэнгэрийн жам гэдэгт нэгтгэгдэн зангидагдаж байдаг.

  • Нүүдэлч амьдрал бас их хэмнэлттэй, одоо минималист гээд дэлхий нийтээр шагшраад байгаа зеровест амьдралын хэвшил манай нүүдэлч ахуйд байжээ.  

Зүгээр л хэмнэлттэй цомхон, ахуйн элдэв дарамтгүй амьдрах нэг хэрэг, харин ертөнцийн хуулинд нийцэж орших үзэл санаагаар тийн хэмнэлттэй амьдрах хоёр чинь бас л ялгаатай.

Нүүдэлчид хог хаягдал гаргадаггүй, илүү дутуу хог новш овоолдоггүй, зайлшгүй хэрэгцээндээ таарснаас илүү юм чирч явдаггүй, бүх амьдралынх нь хэмнэл Тэнгэрийн жам буюу байгалийн, орчлонгийн хуулин дор, түүнд зохицож байдаг. Монголчууд чинь малынхаа амьсгаанаас бусдыг нь хэрэглэдэг. Сэвсийг нь хүртэл хужиртай холиод малаа тэжээчихнэ. Цусыг нь цутгаад идчихнэ. Гэтэл исламын ертөнцөд толгойг нь огтолж цусыг нь юүлээд цагаан болсон малынх л махыг иддэг ёстой. Юун цус идэх байхав.

Монголчууд “амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй” гэдэгт эргэлзээгүй итгэдэг ард түмэн байжээ. Энэ их том танин мэдэхүй. Үнэхээр л дов бүхэнд эзэн бий. Ингэж итгэдэг ард түмэн хүн хүндээ байтугай газар дэлхийд хандах хандлага өөр байхаас яахав. Би дээр хэлсэн, монголчуудын ертөнцийн ойлгохын тулд орчин үеийн квант төдийгүй астро физикийн шинэ ололт нээлтүүдийг ч мэдэх шаардлагатай гэж.

  • Монголчуудын хийморьлог, цоглог жавхаалаг байх тухай ойлголт нь ч бас энэ Тэнгэр үзэлтэй нь холбоотой юу?

Тэгэлгүй яахав. Өнөөх Тэнгэрийн жамд буюу байгалийн оршихуйн суурь хуульд нийцэж, түүний төлөө явбаас, өөрөөр хэлбэл зөв амьдарваас, зөвийг үйлдвээс, зөвийг бодож, зөвд итгэж явбаас хийморьтой байдаг нь бас л хууль. Түүнээс биш гаж бурууг хийж хийчихээд, хэн нэгнээр хийморийн сан тавиулчихаараа хийморь нь сэргэчихдэг юм биш. Энэ нь өнөөх байгалийн суурь хууль өөрийнх нь төлөө зөв оршиж буй бүхнийг тэтгэж дэмжиж байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл Тэнгэр тэтгээд буй хэрэг. Хүний биед ямар нэгэн өвчний вирус орвол дархлааны систем ажиллаж, тэдгээр вирусыг идэж устгадаг. Харин бие организм бүхэлдээ тэр дархлааны системээ дэмжиж байдаг. Яг түүн шиг л орчлон хорвоогийн оршихуйн суурь хуулийг сахиж, түүнд сүсэглэж яваа хэнийг ч тэр хууль тэтгэж дэмжинэ гэдэгт эргэлзээгүй итгэдэг. Монголчуудын Тэнгэр шүтлэг гэдэг нь зүгээр нэг болсон болоогүй бөөгийн онгод төдий ч, дээр хөхрөгч хөх тэнгэр төдий ч зүйл биш.

Энэ мэтээр ертөнц цул бүхэллэг, бас нэг амьтай, нэг хуультай, түүнийг нь Тэнгэрийн жам гэдэг ба бид амьдралынхаа бүхий л үйлдлийг, оршлийг тэр жамд нийцүүлэн аж төрдөг, системчлэгдсэн шүтлэгтэй, тэр нь бүр ахуй амьдралын алхам тутамд хэрэглэгдэх үй түмэн ёс заншил, зан үйл, хэв суртал болтлоо шингэсэн биежсэн учраас л тэнгэрээс гаралтай, тэнгэрт тэтгэгдсэн гэж өөрсдийгөө үздэг хэрэг. Ер юмс үзэгдэл үзэгдэж харагдаж буйгаасаа хэдэн зуу дахин илүү нарийн учир шалтгаантай, шүтэн барилдлагатай байдаг. Түүнийг л танин мэдсэн ард түмэн юм. Тэр Асур тэнгэр гэдэг нь тэнгэр, хүн хоёрын дундын, асар хүчирхэг оршихуй юм гэнэ билээ. Омог ихтэй, дайнч. Манайхны мөн чанарт дөхүү л байгаа биз.

Тэр Монголын Эзэнт гүрний үед дэлхийн янз бүрийн шашин шүтлэг, соёл, үнэт зүйлтэй 40 гаруй үндэстнийг нэгэн туган дор зөрчилгүй энх амгалан засаглаж байсны учир нь бас л энэ бүхнийг цултгаж хардаг Тэнгэр үзэлтэй нь холбоотой шүү дээ. Чухам монголчууд л аль нэг шашныг бусдаас нь дээр тавьж байсангүй, өөр өөрсдийнхөөрөө хувьд ногдсон шашнаа шүтээд, нэг нэгнээ хүндэтгээд, зэрэгцэн энх амгалан аж төрөх боломжийг хүн төрөлтний түүхэнд анх удаа бүтэн утгаар нь хэрэгжүүлж чадсан. Хожим Америкчууд түүнээс нь үлгэр авсан.

  • Боловсролтой, шинжлэх ухаанд итгэдэг хүмүүс ихэнхдээ хэсэг бусаг үлгэр домог төдий, шинжлэх ухааны үндэслэлгүй гэж энэ Тэнгэр үзэлд их эргэлзэх нь их байдаг. Та энэ талаар юу хэлэх вэ? Бас зөвхөн бөөгөөр л төлөөлүүлж Тэнгэр үзлийг төсөөлдөг.

Одоо юу хэлэх вэ дээ. Манай улс төр, хуульчдийн их ишэлдэг, номыг нь дагадаг Монтескье “Байгал ертөнцийн тогтоосон мөнхийн хөдлөшгүй хууль гэж байдаг, бас хүмүүсийн зохиосон өөрчилж болдог хууль гэж байдаг” гэснийг анзаараарай. Бид тэр мөнхийн хөдлөшгүй хуулийг нэлээд гүн, царайтайгаар таньж мэдэж, тэнд амьдрал ахуйгаа нийцүүлж л ирсэн үндэстэн. Бас Монтескье улс үндэстэн бүрийн сахидаг хууль ёс нь өөрсдийнх нь амьдардаг орчин нөхцөл байдал, цаг агаар, шашин шүтлэг, амьдралынх нь хэв маяг, бүр газар нутгийнх нь хэмжээтэй ч нягт хамааралтай, шүтэлцээтэй байдаг талаар сургасан. Цаг агаар нь хүн ардын амьдралын хэв маяг болоод түүнийг дагасан хууль ёсонд онцгой нөлөөлдгийг ч дурдсан. Энэ бүгдийг харьцуулж, эргэцүүлж үзэхэд илүүдэх юу билээ л гэж хэлмээр.

Нөгөө талаар боловсрол гэдэг нь оюун сэтгэлгээний эрх чөлөө, харьцуулах, эргэцүүлэн бодох, ухан ойлгох чадварын илэрхийлэл болохоос биш шинжлэх ухааны догмад автахын нэр ч бас биш юм. Энэ бидний нүдэнд харагддаг, мэдэгддэг ертөнц бүхий л физик ертөнцийн 4-6 орчим л хувь нь юм гэдэг. Би биш, Физикийн шинжлэх ухааныхан хэлээд, судлаад, таамаглаад байна. Бусад 95 орчим хувь нь далд ертөнц байна. Шинжлэх ухаан бол тэр 4-6 орчим хувь дотроо байгаа үзэгдэл юмстай л зууралдаж яваа шүү дээ. Тэгэхээр Шинжлэх ухаанд хийгдээгүй ажил, нээгдээгүй нууцууд асар их байгаа биз. Дээр өгүүлсэн дээ, Домгийн эриний шинж чанар ямар байх тухай.

  • Монтескьегээс бид ихэвчлэн хүний эрх болоод засаглал хуваах онолыг нь л яриад байгаа нь анзаарагддаг. Харин энэ байгалийн өөрчлөгдөшгүй хууль болон цаг агаарын нөхцөл хууль төрд тусдаг талаар бараг л ярьдаггүй юм байна шүү. Ингэхэд Монголчуудаас өөр ингэж өөрсдийгөө тэнгэртэй холбож үздэг ард түмэн бий болов уу?

Юутай ч Еврейчүүд өөрсдийгөө “Бурхнаас сонгогдсон үндэстэн” гэдэгтээ бүрнээ итгэдэг нь үнэн юмдаг. Хар багаас нь судар номоороо уламжлан итгүүлж байна. Гэтэл Еврейчүүд чинь хамгийн их шинжлэх ухаанч, бас хамгийн рационалист үзэлтэй ард түмэн шүү дээ. Нэг зүйлийг хэлээд л байгаа биз. Чухам тэд өөрсдийгөө бурхнаас сонгогдсон ганц үндэстэн гэж эргэлзээгүй итгэдэг нь тэдний хүчирхэг оршлийнх нь гол тулгуур болж байдаг. Энэ он удаан жилийн гадуурхал, тэнүүчлэл, хядлагад тэсээд үлдсэнийх нь ганц шалтгаан болж байдаг.

Тийм атал Тэнгэрийн жамыг буюу орчлон оршихуйн хуулийг танин мэдэж, амьдрал ахуйнхаа бүхий л зүйлст шингээж амьдарч ирсэн ард түмэн өөрсдийгөө яагаад Тэнгэрлэг буюу Тэнгэрийн ивээлийг хүртдэг ард түмэн гэж нэрлэх нь, итгэх нь шинжлэх ухаанч бус, тэнэг шизотой хэрэг болдог билээ? Монголчуудын танин мэдсэн өндөрлөгт магад өнөөдрийн шинжлэх ухаан хүрээгүй ч байж болно. Үгүй гэдгийг яаж батлах вэ?

Нөгөө талаар еврей нарын өөрсдийгөө Бурханд сонгогдсон үндэстэн гэж үзэх үзлийн суурь, бидний Тэнгэр гэх үзлийн суурь хоёрт ихээхэн ялгаа бий. Еврей нар бол аргад төгс нэвтэрсэн хүмүүс. Арга ухааны туйл дээр сууж байдаг. Энэ эрин цаг үе бол тэдний эрин. Тэд манлайлж, тэд эрхшээж байгаа. Өөрөөр хэлбэл арга ухаан эрхшээж буй эрин. Өнөөдөр дэлхийн санхүү, улс төрийн цаад угт ихэнхдээ еврей нар, тэдний мөнгө санхүү байдаг. Харин монголчууд бид бол хүн төрлөхтний билгэ ухааны манлайд нь байдаг үндэстэн. Орчин цагийн хөгжил дэвшил нь аргад тулгуурлаж хөгжсөн. Тиймээс өрөөсгөл, доголон, энэ хэвээр хол явахгүй, өөрөө өөрийгөө сүйрүүлж мэдэх тийм хөгжил. Тиймээс дэлхийн сэтгэдэг боддог хэсэг нь гарц эрж хайгаад эхэлсэн. Зүй нь арга билгийн зүй зохист харьцаанд хөгжил зүй зохистой урагшлах ёстой байх. Билгэдэл зүй, билгэ ухааныг хүлээн зөвшөөрч, учрыг нь тайлах аваас хүн төрөлхтөн зөв гарцаа олох болов уу. Дээр өгүүлсэн тэр домгийн эриний учир ч бас энд бий. Тэгэхээр Монголчууд бид өөрсдийгөө сэрж мэдэрч, итгэж найдах нь зөвхөн өөрсдийн оршин тогтнолын төлөө ч хэрэг бас биш болж таарна. Монголын билгэдэлт үзэл, ертөнцийн цөм нь чухам Тэнгэр үзэл.

  • Сонирхолтой, гэхдээ итгэхэд бэрх л сонсогдож байна. Ер нь монголчуудын бэлгэдэлт сэтгэлгээнээс бодит амьдралд хэрэг болдог, хэрэгждэг зүйлс бий юу?

Байлгүй яахав. “Амны билгээс ашдийн билэг”, “Санаа сайн бол заяа сайн” ч гэдэг юм уу, ойролцоо утга бүхий үгс нэлээн хэд бий. Үг гэдэг маш хүчтэй энергитэй, үр дагавартай байдгийг, үгээр хүнийг сэхээж ч, алж ч болдгийг таньж мэдсэн ард түмэн. Үгний цаана санаа утга бий. Тэр утга хэлж буйн ч, сонсож буйн ч оюун тархинд боловсорч, төсөөлөгдөж, тэр нь амьдралд нөлөөлж, ул мөрөө үлдээж байдаг. Тэгэхээр сайн сайхныг хэлж, алив зүйлийг, зүүдийг хүртэл сайн сайхнаар тайлахыг эрмэлздэг, эсрэгээрээ муу үг хэлэхийг цээрлэдэг байж. “Муу үг модон улаатай” ч гэдэг. Ховч, муу үгтэй, бусдыг муулдаг хүнд таагүй хандана, хомхой шуналтай хүнийг “Хорхой нүдэт” гээд, мөн л янзгүй. Манай эмээ “байхгүй, байдаггүй” гэдэг үгийг цээрлэдэг хүн байж. Аргагүй хэлэхээр бол “байдаг нь” гэнэ. Тэгэхээр хүмүүс ойлгодог байжээ. Үнэхээр л дутагдаж гачигдахын зовлонд уналгүй насыг элээсэн. Чи зүгээр л эргэн тойрондоо буй муу амладаг, дандаа зовлон тоочиж, уйлан дуугарч, гаслан гангинаж, бусдыг ямагт өөлж, мууг нь дуудаж, хов зөөж байдаг хүмүүсийг анзаар. Тэдний амьдрал, ажил үйлс нь ямар байгааг ажигла. Надаас нотолгоо нэхэлтгүй амьдрал хэлээд л өгнө.

Хэдэн жилийн өмнө манайхан “Нууц” / “The Secret” гэдэг номын хэдэн ч цувралыг орчуулан олноороо шууран уншив даа. Угтаа манай дээрх хэдэн зүйр үгсийг л бодит амьдрал дээр баталж нотолсон номууд. Хүний итгэл бишрэл гэдэг ямар хүчирхэг бодит мөн чанартай талаар хуучны домог ч бий. Орчин цагийн шинжлэх ухааны судалгаанд орсон баримтууд ч олон бий.

  • Та тухайлан нэг домог, бас нэг баримт хэлээч...?

Алс оронд ном үзэхээр явсан хүүдээ ээж нь Цагаан дарь эх захисан тухай домог бий. Хүү мартчихаж, нутгийнхаа захад ирээд ээжийн захиасыг гэнэт санажээ. Тэгээд газраас нэг цагаан чулуу аваад, хадгаар боон ээждээ авчирч өгдөг. “Та задалж үзэж болохгүй шүү, үзвэл чулуу болчихдог” гээд, ээжийгээ хуурчихаж байгаа юм. Ээжийгээ өнгөрсөний дараа үзэхүл өнөөх чулуу үнэхээр цагаан дарь эхийн дүрстэй болчихсонь ээжийнх нь итгэл бишрэл чулууг амилуулсан байсан гээд. Мэдээж хэрэг яг ийм явдал үнэхээр болсон эсэх нь эргэлзээтэй, харин энэ домогт өгүүлж буй агуулга нь үнэн юм. Өөрөөр хэлбэл хүний итгэл бишрэл гайхалтай бүтээгч чадвартай гэдэг нь үнэн.

Коммунист хятадад шуугиан тарьж, эмгүйгээр, бусад эмчилгээгүйгээр алив өвчнийг зөвхөн сэтгэл заслын аргаар эмчлэх боломжтой болохыг баталсан Өвөрмонгол эмч Нагунбилэгийн туршлага бэлхэн байна. Хатуу материалист коммунистууд хүртэл хүлээн зөвшөөрөөд шагнал урамшлаа өгсөн.

Квант түвшинд ертөнц нь материаллаг шинж чанар маш өчүүхэн, харин материаллаг бус шинж чанар хэт давамгай гэнэ. Тэдгээрийн харилцан үйлчлэл, нөлөөллийг тайлбарлахад нэн бэрх гэнэ. Би яг шинжлэх ухааных нь хэлээр ярьж чадахгүй байгаа учир бүдүүн тойм хэлэв.

За тэр усны шинж чанарт сайн муу үг хэрхэн нөлөөлдгийг судалсан япон эрдэмтний судалгаа ч байна. Бас амьтны нэг төрөл зүйлд газар нутгийн холоос үл хамааран аюултай гэсэн мэдээлэл маш хурдан түгдэг талаарх амьтан судлаачдыг туршилт, судалгаанууд ч байна. Өө тийм, хамгийн гол нь физикчид Ертөнц бол нэг л амьтай юм байна гэсэн гаргалгаа гаргаад байгаа. Бид эхлээд ард түмний маань өвд чухам юу байгаа вэ гэдгийг сайтар ухаж, судлах учиртайгаас биш хоцрогдол, шинжлэх ухаанч бус гэж үгүйсгэж болохгүй л дээ.

  • Ер нь цэвэр үндэстэн гэж байдаггүй, ямар нэгэн хольцоо заавал байдаг, ер нь тэгэж ч үндэстэн өсөж, сайжирч байдаг гэдэг юм билээ, генетикчид. Харин монголчууд эрлийзжих нь үндэстний оршин тогтнолд аюултай гэж бидний олонхи маань үздэг?

Угаасаа 100 хувь цэвэр үндэстэн гэж байхгүй л дээ. Тэр дундаа хэдэнтээ дэлхийн гүрэн болж явсан Монголчуудын хувьд бүр ч боломжгүй. Орос, казах, тангад, сартуулууд гээд бид баруун зүгийнхэнтэй тодорхой хэмжээгээр цус холилдож, авьяаслаг үр удмаа үлдээж, цусаа сэлбэн сайжруулсаар ирсэн. Тэднийгээ хэзээ ч эрлийз, хурлийзаар нь дуудан гадуурхаж байсангүй. С.Зоригийг хар л даа. Тэр чинь 50 хувь орос цустай, орос ээжтэй хүн. Зоригийг “Муу эрлийз” гэж харааж байхыг би л сонссонгүй. Гэхдээ эрлийжилт нь хэдий хувь хэмжээнд байх ёстой вэ гэдэг өөр асуудал. Хэтэрвэл мэдээж бид уусгагч биш уусагч болж хувирна. Бид байхгүй болно.

Гагцхүү бид урд зүгийнхэнтэй л эрлийзжихээс болгоомжилж, хятадтай суувал “цус харлана” гэж үзэж, захиж, сэрэмжлүүлж ирсэн байдаг. Би өөрийн хийсвэр төсөөллөө биш, бодит үзэгдэл ярьж байна шүү. Энэ үнэн, үнэхээр болгоомжилж ирсэн. Энд түүхэн санамж ч нөлөөлдөг байх, түүнээс илүүгээр үнэхээр урд зүгийн удамтнууд болдоггүйд л асуудал нь байгаа. Тэд хэт аргад шүтэмхий, энэ нь билэг суурьтай манай монгол ертөнцийн оршихуйд шууд харшлаад зөрчил, тэмцэл, хямрал үүсгээд байдаг. Мөн цаанаас нь татдаг хүч, наанаас нь тийшээ элгэмсүү байх хандлага ч, урд зүгээс наашаа улангасан тэмүүлдэг нь ч анзаарагддаг.

  • Хятад төрийн тэргүүнийхээ түвшинд Монголын тусгаар тогтнолыг хүндэтгэн хүлээн зөвшөөрнө гэж нэг бус удаа мэдэгдсэн шүү дээ. Ийм нөхцөлд урд зүгээс болгоомжлох нь сүүдрээсээ үргэхтэй адил хэрэг гэж шүүмжилдэг хүмүүс байдаг.

Нэг бол маш гэнэн тэнэгийн, эсвэл нэн нарийн бодлоготны үг байна, наадах чинь. Төр унадаг, босдог, солигддог, төрийн бодлого ч өөрчлөгддөг зүйл. Харин ард түмний мянга мянган жилийн хүсэл сонирхол гэдэг тийм амар дарагддаггүй. Саяхан болтол, хятадын дунд сургуулийн сурах бичигт монголын газрын зураг байхгүй байсныг, ямар дээвэр туурган дор үзүүлдэг байсныг бид мэднэ. Тэр сурах бичгээр хүмүүжсэн сая сая хятад хүмүүс өнөөдөр Монголыг хятадын нэг хэсэг гэж үздэг хэвээр байгаа. Саяхан болтол хятад эхнэр нөхөртөө “Чи ямар надад ар газрын цагаан мөөгний шөл уулгасан биш” гэж ачирхдаг байсныг, 1945 онд Мао “Одоо Ар Монголоо авьяа” гэж Сталинийг хэрхэн тулган дахин дахин шахамдуулж байсныг ч мартаж болохгүй.  Бид Өвөр монголоо, Дээд Монголоо, Баруун Монголоо алдсан маань багадаагүй.

Гэхдээ бид энэ мэтийг мартахгүй байна гэдэг нь хятадтай шууд алалцаж, дайсагнаж, хилээ хаах тухай хийрхэл биш юм. Хүмүүс тэр түвшинд нь туйлшруулж ойлгож, үгүйсгэж шоолдог. Төр төмбөгөр, ёс ёмбогор. Бид төрийнхөө бодлогын түвшинд сайн хөршийн хэмжээнд хятадтай харьцаж, тэдний эрчтэй хөгжлийн үр шимээс ч хүртэж, эгнэшгүй том зах зээлийг нь зөв, оновчтой ухаалаг ашиглах, хамтран ажиллахыг ямагт эрмэлзэж явах ёстой. Хятад инээвэл инээж, инээхгүй байсан ч инээж, харин дотроо бол юуг ч мартаж болохгүй.

  • Бид эдийн засгийн хувь өмнөд хөршдөө бараг л хараат болчихоод байгаа шүү дээ?

Харин тийм. Одоо урагшаа гардаг хэдэн боомтыг хаахад л бид нам зогсоно. Эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг юм байхгүйтэй адил болсон. “Тийм юм байхгүй, энэ чинь чөлөөт зах зээл, эдийн засгийн интегралчлал” гэдэг хүмүүс бий. Гэхдээ чөлөөт зах зээл гэдэг чинь янхан хүүхэн шиг хамаг юм аа дэлгээд хэвтэхийн нэр биш. Хятад нь сайнаар аварга том зах зээл, муугаар бол мангас. Харамсалтай нь бид бодлогогүйгээс тэдний аварга том гэх давуу талыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадсангүй, харин бүр мангас болгон хувиргаад байна. Манай ЭЗ урд хөршийн түүхий эдийн бааз болон хувирч байгаа. Эдийн засаг, ходоод, хэтэвчээр дамжин манай улс төр, цаашлаад үндэсний оюун санаанд ч нөлөөгөө тэлж буй үзэгдэл тодорхой анзаарагдаж эхэлсэн. Монгол хүүхнүүд зуу зуугаараа хятадтай сууж байна. Орой болгон манай ТВ-ээр хятадын сериал гардаг болсон. Манай газар нутгийн ашиглалтын хайгуулын 70 гаруй хувийг нь өмнөдүүд эзэмшдэг. Газар тариаланд рапсаас өөр зүйл тариад нэмэргүй нөхцөл байдлыг тулган хүлээлгэж байна. Манай 70 сая малын түүхий эдийг үнэгүйдүүлж чадаж байна. Жижиг дунд үйлдвэрүүд хөл дээрээ босох боломжийг ч хааж байгаа. Урд хөршөөр дамжсан хар тамхины хэрэглээ газар авч, тагнуул цагдаагийнхан хүчрэхгүй талдаа байна. Хойт хөршийг үзэн ядах үзлийг улам дэвэргэж байна. Улс төрд эх сурвалж нь тодорхойгүй их мөнгөтэй хүмүүс орж ирдэг болсон. Одоо МАН-ынхан сонгуульд ялсан дүүрэг, тойрог, сумынхнаа хятадад хэдэн зуугаар нь айлчлуулж байгаагийн зардлыг хэн гаргадаг вэ? Бид дотроо эвдрэл тэмцэл, үл ойлголцолд байсаар байна.

Гэхдээ энэ бүхний буруутан нь хэн бэ? Хятадууд биш шүү. Тэд хийх ёстойгоо л хийж байгаа. Харин дотроо бодолгүй, доороо суурьгүй бид буруутай.

  • Та “Уртын дуугаа дуулан бясалгаж” гэж хэллээ. Яагаад ингэж хэлэв?

Би бараг 40 хүртлээ уртын дууг учиргүй шимтэн сонсож байсангүй. Яахав ээжийн зааж өгсөн хэдэн дууг бол хааяа амандаа гүвтнэнэ. Сайхан мэт санагддаг ч юундаа сайхныг нь сайтар мэддэггүй, ойлгодоггүй явжээ. Хорь хүртэл насанд бол уртын дуу гэдэг чинь бүр бөөн уйтгар гуниг санагддаг байлаа.

Харин дөч гараад ирснээс хойш уртын дууг сонсохоор өөрийн эрхгүй орчлон хорвоод уусан нэгдэж буй мэт мэдрэмж төрдөг болсон, нулимс асгарах нь энүүхэнд. Түрүү жил Дундговь аймгийн Дэрэн суманд алдарт уртын дууч Дадьсүрэн гуайтай элдвийг хуучилж суухад, өвгөн ярьж байна билээ. “Насны залууд уртын дууг хоолойны бядаар дуулчихдаг, одоо ч залуус бас бяд болоод нотоор дуулчихаад байгаа. Гэхдээ л тэр дуу бүтэн амилдаггүй. Ямар үед дуучин уртын дууг бүрэн амилуулдаг вэ гэхээр 50 дөхсөн үедээ, амьдрал туулаад, учир таниад, ухаарч эргэцүүлээд, сэтгэл нь зөөлөрсөн үедээ л жинхэнэ утгаар нь уртын дууг дуулдаг болдог. Дуугаа, үг аяа мэдрээд дуутайгаа нэг болоод байгаа хэрэг” гэж хөөрсөн.

Уртын дууны үг, ая нь хослоод хорвоо ертөнцийн, хүний амьдралын гоо сайхныг, эв найрслийг, үнэн мөнийг таньсан гүн ухаарал, мэдрэмж, түүнээс үүдсэн уярал хайр хүчтэй илэрч байдаг. Уртын дуу ая шиг уужуу амьсгал авахыг, бас уужуу хараа, сэтгэл оюуны уужралыг өгч байдаг.

Бас “Уртын дууг тайзан дээр дуулахад тохиромж муутай, морин дэл дээр, задгай тэнгэрийн дор дуулахад өөрийн эрхгүй сэтгэл зүрхний гүнээс ундардаг, хорвоо ертөнцтэй нэг цул болохоо мэдэрдэг” гэж хэлж байв. Тэгээд өвгөн дуучны төрсөн гэрийнх нь бууринд очиж, өвгөнөөр “Уяхан замба тивийн наран” дууг задгай тэнгэрийн дор аялуулсан. Өөрөө өөр.. Монгол хүний нүнжиг гэж нэг юм байдаг даа. Тэр нүнжиг тэгэхэд илүү тод мэдрэгддэг юм билээ.

Наран ургах цагаар ч юм уу, эсвэл тэргэл сартай намуухан шөнөөр задгай суман хатиртай морин дээр хөндөлдөсхийж суучихаад, уртын дуу аялан явахын сайхныг хэлэх аргагүй. Тэгэхээр уртын дуу ухаарал, уярал, гүн бодрол, бясалгалаас төрсөн хэрэг. Орчлонг таньсан ухаарал гэдэг ойр зуурын хэрэг явдлыг мэдэхээс их өөр. Том ухаарлаас уярал төрдөг, харин ойр зуурын хэрэг явдлыг мэдэх нь зарим үед уур унтууцал, үзэн ядалтыг ч төрүүлнэ.

Ингэхэд уртын дууны аяыг зохиочихдог хөгжмийн зохиолч их ховор байдаг юм гэнэ билээ. Магсар хурцын Дугаржав, их дууч Дорждагва нараас өөр тэгэж зохиосон хүн байгаа юм уу? Дээр нь монголоос өөр ийм уртын дуутай ард түмэн гэж би л сонссонгүй, яахав японд уртаар аялгуулдаг дуу бий ч биднийхээс их өөр сонсогддог юм билээ.

  • Киргизүүд дэлхийн нүүдэлчдийн их наадам гэж зохион байгуулж, нүүдэлчдийн соёлыг өөртөө татахаар хичээж байгаа талаар Та сонссон байлгүй?

Сонссон сонссон. Бүр тэр наадамд очиж оролцоод ирсэн хүнээс нь юу болсон тухай яриулаад ч амжсан. Бид санаачилга алдаад байна уу даа гэж бодогдсон шүү. Тэд дэлхийн нүүдэлчдийн голомтыг бий болгоод зогсохгүй Тэнгэр үзлийн тахилга төвийг ч байгуулахаар эрмэлзэж байгаа юм билээ. Уг нь Дэлхийн нүүдэлчдийн голомт нутаг бол монгол орон яах аргагүй мөн юм. Эртний нүүдэлчид болох аланууд, скифүүд, хөх түрэгүүд, куманууд, эдүгээгийн киргиз хийгээд казахууд бүгд л Хүннүгээс эхтэй, ямар нэгэн хэлхээ холбоотой. Саяхан болтол скифүүдийг монголтой хамаагүй гэж үздэг байсан, харин ойрмогхоны археологийн шинэ судалгаагаар Хүннүтэй холбоотой болж таарах шиг болов.

Ерөөсөө дэлхийн нүүдэлчдийн эцэг үндэстэн нь Шар тэнгисээс Каспий хүртэл, цаашлаад Дунай хүртэл нүүдэллэн аж төрж байсан Хүннү нар. Гэтэл тэд бүхий л талаараа Монголчууд бидний өвөг дээдэс болж таардаг. Ази даяар тархсан Хүннүгийн булш бунханы 90 гаруй хувь нь өнөөгийн Монгол орны газар нутагт байгаа нь энэ нутаг орон бол Хүннүгийн буюу нүүдэлчдийн голомт, этүгэн гэдгийг хэлнэ. Генийн хувьд ч, уламжлалт соёлын хувьд ч монголчууд шууд залгамж болох нь нотлогдсон.

Нүүдэлчдийн сонгодог өв соёл нэлээд бүрэн цогц байдлаараа хадгалагдаж үлдсэн орон нь ч монгол байна. Гэтэл бид санаачилга алдаж, алмай байдалтай сууна. Ноён уулаа ухаж, энэ цаг зууртаа л хэрэглэх хэдэн халтар доллар болгох тухай улайрч байхаар Хүннүгийн их хаадын тахилгат тэр уулыг дэлхийн нүүдэлчдийн оюун санаа, итгэл бишрэлийн төв, шүтээн тахилга болгосон бол бидэнд мөн ч их хэрэгтэй гэж ч бодогдох. Энд тэнд Монгол судлалын төвүүд байдаг ч ихэнхдээ хэл сурах, соёлын илрэлүүдтэй танилцах төдийгөөр их өнгөцхөн үзээд байх шиг санагддаг. Харин тийм том шүтээн тахилга бүхий төв байгуулчихвал Тэнгэр үзэл буюу нүүдэлчдийн оюун сэтгэлгээний цөмийг илүү углуургатай судлах боломж ч нээгдэж магадгүй.

  • Монголчуудын ертөнцийг үзэх уламжлалт үзэл буюу энэ ертөнц цул, нэг амьтай гэх үзэл нь орчин цагт хэр нийцтэй байж чадах вэ?

Харин ч маш их нийцтэй юм биш үү. Одоо дэлхий хавтгайрч, жижигрэх хэрээр, бас шинжлэх ухаан хөгжих хэрээр энэ орчлон ертөнцийн чинь олон зүйл өөр хоорондоо нягт холбоотой, харилцан бие биедээ нөлөөлж, үйлчилж байдгийг мэдэж, хараад эхэллээ шүү дээ. Одоо дэлхийн дулаарал, экологийн хямралын тухай их ярьдаг боллоо. Тэдгээрийн учир шалтгааныг нь ч, гарах гарцыг нь ч тодорхойлж байна. Хүн төрөлхтөн энэ газар дэлхийгээ, усаа, агаараа идэж, ууж, ховх сорж болдог зүйл мэт, хэрэглээд хэрэгцээ нь дуусчихаар хаячихаж болдог эд хогшил шигээ санаж ашиглаж, хэрэглэж ирсний л үр дагавар. Өөрөө өөрийгөө хутгалж, сөнөөж буйтай адилхан. Ингээд гамшиг гай нүүрлээд ирэхээр л аргагүйн эрхэнд ингэж шувдаг шунахай байж болдоггүй юм байна, газар дэлхийгээ амьд мэт, өөр шигээ, ээж шигээ хайрлах, хямгадах, сэргээх ёстой гэдгийг ойлгох шиг болов. Өнөөх монголчуудын бүгд нэг амьтай, цул юм гэдэг рүү явж байна. Тэгэхээс ч аргагүй юм. Тэд чинь би төвтэй байсан, одоо бид төв рүү дөнгөж л харж эхэлж байна.

Гэхдээ одоо бол зөвхөн энэ бөөрөнхий ганц дэлхийнхээ түвшинд л үзэж харж байна, харин бидний уламжлал бол бүхий л оршихуйн түвшинд, ил хийгээд далдтай нь, ирэх хийгээд өнгөрсөнтэй нь хамт харж, халиаж байдаг.

Хаа байгаа дэлхийн нөгөө бөөрөн дээр болж буй үйл явдал бидний идэх талхны үнэд хүртэл нөлөөлдөг болж байгаа нь нэг талаар улс төр, эдийн засаг даяарчлагдсаных, гэвч мөн чанартаа алив юмс, үзэгдэл нягт шүтэлцээтэй, харилцан хамааралтай. Тэр л жамынхаа дагуу өрнөж буй хэрэг. Даяаршаагүй эрт цагт ч мөн адил тэр жамын дагуу л байсан, гагцхүү мэдээлэл авах, солилцох боломжгүйгээс үйл явдлын цар, нөлөө маш удаан, алсуур байж. Гэхдээ мөнх цаг хугацааны хувьд ялгаагүй.

Монгол залуус маань цаг уурын дулаарал, дайн энхийн асуудал, хүний эрх гэх мэт дэлхийн глобал асуудалд санаа зовниж, бодож сэтгэж, дэлхийн иргэн болж байгаа нь сайн хэрэг, гэхдээ хаана тулж байгаагаа мэдэхгүй бол хэлбэр хөөсөн, эсвэл төөрчихсөн өрөвдөлтэй амьтан болохоос цааш хэтрэхгүй шүү.

  • Монголчуудын энэ уламжлалт үзлийг нийгэм хэр хүлээж авч байгаа вэ? Ямар бэрхшээл саад байдаг вэ?

Хоёр талдаа л туйлшрал байгаа. Нэг нь хэт үгүйсгэж, нөгөө нь хэт хөөрцөглөж хэтрүүлж туйлширч байна. Үгүйсгэгчид, эсэргүүцэгчдээс илүүгээр хийрхэж, хөөрцөглөгсөд энэ язгуур үзэл санаанд илүү халтай. Яагаад гэвэл тэднээр төлөөлүүлж тэнгэр үзлийг олон түмэн харж, итгэл алдардаг. Мөн болсон болоогүй маш олон бөө нар гарч ирэв. Түүнийг дагасан мухар сүсэг, хийрхэл, бас үгүйсгэл ч их байна. Гэхдээ ийм нэг шалгуурыг гарцаагүй л давах ёстой байжээ. Давахын тулд илүү бодитой ултай судалгаа, дүгнэлт, хүсэл эрмэлзэл, эрэл хайгуул шаардлагатай. Тэр хэмжээгээр энэ үзэл санааг илүү хүчирхэг тодорхойгоор сэргэнэ.

  • Та бид Монгол хүн, түүний оршихуйн ертөнцийн тухай зөндөө ярилцлаа. Ярьж амжаагүй зүйл ч бишгүй үлдсэн байх.

Үлдэлгүй яах вэ. Хэдэн мянганы урт баялаг түүхтэй бүхэл бүтэн ард түмний тухай, тэдний оюун сэтгэлгээний ертөнцийн тухай учраас тийм амар дуусахгүй. Бид зах зухаас нь хэлтлэх төдий л сөхөв. Мөн би энэ талаар тусгайлан судалсан мэргэжлийн судлаач биш, зөвхөн уран бүтээлчийн хувиас, өв соёлдоо хайртай нэгний адил зүгээр байж чаддаггүй, сонирхож, өнгөлзөж л явдаг нэгэн. Зөв бурууг нь ялгаж болгооно биз ээ.

  • Та энэ монгол ертөнцийн тухай ном бичих үү?

Ер нь бичээд л байгаа шүү дээ. Нийтлэлүүддээ голчлон энэ асуудлыг хөнддөг. Мөн “Эгнэшгүй нөхрийг олов”-д нэлээд тодорхой бичсэн. “Аугаа Эрин” цувралдаа тэр эрин цаг үеийн учир шалтгааныг гаргахсан гэж бодож сууна.

Гэхдээ ер нь бол Дагестаны хөвүүн Расул “Миний Дагестан” гэж бичсэн шиг нэг тийм “Миний Монгол” гэсэн ном биччих юмсан гэсэн бодол, хүсэл цээжний мухарт уугиад л явдаг. Багагүй юмс цуглуулсан, энд миний яриад байгаа чинь тэр цуглуулсан юмын маань л хэсэг. Одоо жаахан тэнэхэд бараг л материалуудаа дөхүүлчих болов уу.

  • Таньд баярлалаа.
  • Дараагийн цувралд өнөөгийн улс төр, хямралын шалтгаан, Үндсэн хуулийн өөрчлөлтийн сэдэв бий.

Ярилцсан Ч.Амартүвшин

Шуурхай.мн 

Оны онцлох тамирчид: Мөнхбатын Уранцэцэг
Оны онцлох тамирчид: Мөнхбатын Уранцэцэг
 
“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ
“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ

“Тэнүүн Огоо“ ХХК-ийн хөрөнгийг 75 тэрбумаар үнэлж, нийслэлийн өмчид бүртгэж авчээ

ЦЕГ: Өмгөөлөгч Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон, хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан

ЦЕГ: Өмгөөлөгч Б арын суудал дээр нас барсан байдалтай олдсон, хохирогчийн нэр дээр бүртгэгдсэн галт зэвсэг, сум, хонгио, гар утас болон бусад зүйлийг эд мөрийн баримтыг бэхжүүлэн авсан

Г.Дашням улс төрд орохдоо л МАН-ын дүрмийг зөрчсөн үү?

Г.Дашням улс төрд орохдоо л МАН-ын дүрмийг зөрчсөн үү?

Л.Чинбатыг маргааш шүүнэ, түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр илчилсэн иргэнийг яллагдагчаар татсан гэв үү

Л.Чинбатыг маргааш шүүнэ, түүний хүн дайрах үйлдлийг бичлэгээр илчилсэн иргэнийг яллагдагчаар татсан гэв үү

Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

Т.Сүхболд генералд “тэсэлсэн”-үүдээ эцэслэх үүрэг бий

“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

“...Сонгуулийн санхүүжилт” гэсэн банк дахь доллар, чингэлэгтэй юанийг СМА юу гэдэг вэ?!

Ц.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “HERO” Б.Баатар нарын гурвал хэзээ ч салахгүй нь...

Ц.Уянга: Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, “HERO” Б.Баатар нарын гурвал хэзээ ч салахгүй нь...

Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу?

Шүүхийн нотолсон “Эрүүдэн шүүсэн хэрэг”-ийг нууцаас гаргах уу?

126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

126 гишүүнийг ингэж “дэглэнэ”

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г албадан авчирчлаа

Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв

Байр суурь: Намуудын дарга нар СЕХ-нд хүсэлтээ өгөхдөө юу өгүүлэв

Баабар: Хөгжлийн диалектик

Баабар: Хөгжлийн диалектик

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Цагаан суваргын 34 хувь МАК-д үлдэх үү, Баялгийн санд ирэх үү?!

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Алсаас агсам тавьж байхаар гутлаа тослоод, зангиагаа зүүгээд, нөхдөө хөтөлж ирээд шалгуулчих хэрэгтэй

Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ

Өмгөөлөгч нас барсны дараа Б.Булганыг хамгаалалтад авчээ

С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ

“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо

“Шинчеонжи” шашны хохирогч П.Ариунгэрэл: Өндөр боловсролтой эгч маань шашны гаж урсгалд ороод ар гэрээ ч танихгүй болчихлоо

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргажээ

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Цаазын ялгүй болсноос хойш хэрэгтнүүд гэмшиж, айх нь багассан гэв

Цаазын ялгүй болсноос хойш хэрэгтнүүд гэмшиж, айх нь багассан гэв

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​