“Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон Б.Мөнгөншагай болон зургаан шүүгчийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:30 цагт эхэлсэн боловч шүүгдэгч Ж.Цэцгээгийн өмгөөлөгч Б.Манлайжав нь /ХӨСҮТ-ийн тандалт судалгааны төвийн эмчийн магадлагаагаар 14 хоног тусгаарлагдсан/ талаар хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Э.Халиунбаярын өмгөөлөгч А.Золжаргал нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүгдэгч нарыг өмгөөлөх эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулахаар тогтов.
Шүүхээс: өмгөөлөгч П.Одонтунгалаг, А.Золжаргал нарыг Зөрчлийн хуулийн 15.7 дугаар зүйлийн 2-д /Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирэх, эсхүл шүүхэд мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, эсхүл шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаанд саад учруулсан бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ заасны дагуу тус бүрийг 300.000 төгрөгөөр торгож, шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09 цаг 30 минутад товлолоо.
Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд нэр бүхий 17 шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байдаг. Тэднээс зургаан шүүгчийг "Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдуулан хэргийг тусгаарлаж, яллах дүгнэлт үйлдээд байгаа юм.
Б.Аз