fbpx

Вакциныг “хэрэглэх, эс хэрэглэх”-ийн хариуг чих тавин хүлээсэн өдөр хоногууд эхэллээ


Коронавирусийн эсрэг шинээр гаргасан вакциныхаа эмнэл зүйн гурав дахь туршилтыг хийж, үр дүнг нь 95 хувь гэж зарласан Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниуд эмчилгээнд хэрэглэх албан ёсны зөвшөөрөл авах өргөдөл, дагалдах материалаа Америкийн Хүнс, эмийн газарт өнөөдөр өглөө. Германы “BioNTech”-ийн ерөнхий захирал, түрэг гаралтай эрдэмтэн Угур Сахин өргөдөл өгснөө “боломжит вакциныг дэлхийн хүн амд түргэн шуурхай хүргэх чухал алхам” хэмээн тодорхойллоо.

1906 оноос эхлэн  АНУ-ын иргэдийн эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа явуулж буй  Америкийн Хүнс, эмийн газар (Food and Drug Administration) нь шинээр гаргасан вакциныг хэрэглэх эсэхэд зөвшөөрөл өгдөг монопол эрхтэй Төрийн байгууллага юм. Хэрвээ тус газар өргөдөлд хавсаргасан баримт материалд дүн шинжилгээ хийж “Pfizer”-“BioNTech” компанийн вакциныг хэрэглэх зөвшөөрөл өгвөл хүнтөрөлхтний хүсэн хүлээж байсан Коронавирусийн цар тахлыг хазаарлах, улмаар ялан дийлэх замын “ногоон гэрэл” асах учиртай. Гэхдээ хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөллийн эрсдэлийг дутуу тооцсон байна гэж дүгнэвэл, манайд тендерийн материалыг хүлээж авах боломжгүй хэмээн буцаадаг шиг, вакциныг тэнцүүлэлгүй “унагаж” зохиогчдод нь зөвшөөрөл өгөхгүй байх бүрэн эрх нь Америкийн Хүнс, эмийн газарт хадгалагдаж буй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн, монголчууд бидэнд одоохондоо Коронавирусийн эсрэг сахилга хариуцлагын вакцин байгаа. Жинхэнэ вакцин хэзээ хэрэглээнд гарахыг сонордсон хүлээлтийн шаналгаат өдөр хоногууд ийнхүү эхэллээ.

Эх сурвалж: shuurhai.mn


Энэ мэдээ таалагдаж байвал: