Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хяналтын прокурор Г. Бясман "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг Прокурорын газарт ирүүлсэн. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна. Хэргийг хянаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн товчхон мэдээлэл өглөө. Энэ мэдээллийн талаар тодруулбал олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийнх нь талаар мэдээ, мэдээлэл бэлтгэсэн нэр бүхий сэтгүүлч, сурвалжлагчдыг нууцаар чагнасан, тагнасан гэх мэдээлэл тарсаар байна. Уг хэргийг шалгаж байгаа гэдгийг прокурор дээрх мэдээллээр баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
Шуурхай.мн