Төрийн түшээ гэхээсээ илүүтэй Монголын тэргүүн баячуудын нэг “Болд төмөр ерөө” компанийн эзэн Б.Дэлгэрсайхан оффшор бүсийн тухай шуугиан дэгдэж байхад “Бизнес хийж байсан хүний хувьд Монголын хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь нь оффшор бүсээс орж ирдгийг дахин хэлье. Ингэх ч учиртай. Цаашид ч ийм л байх биз. Оффшор дансыг мангас шиг ойлгоод байвал манайд хөрөнгө оруулалт ирэхгүй. Төрийн өндөр албан тушаалтан оффшор данс эзэмших нь байж боломгүй зүйл ч гэлээ урьд нь бизнес хийж байгаад улс төрд орж ирсэн хүмүүс яах ёстой юм бэ. Чи оффшор данстай байсан гэж хандах уу. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар зөвхөн дотоодод нуусан хөрөнгө л ил болсон. Төрийн албан хаагчийн гэр бүл, үр хүүхдийг нь давхар шийтгэсэн юм шиг хууль баталж болохгүй” хэмээн өмөөрөөд авсан.
Оффшор бүсэд мөнгө байршуулахыг дэмжсэн анхны Төрийн түшээгээр Б.Дэлгэрсайханыг нэрлэж болно. Гэтэл оффшор бүсийг хамгаалагч бас түшээ тодрон гарлаа. Энэ бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь юм. Тэрбээр “Дэлхий нийтийн зах зээлд өрсөлдөөнд орохын тулд бид оффшор бүсэд зайлшгүй хөрөнгө байршуулах шаардлагатай” хэмээн үзжээ. Н.Оюундарийн Хөрөнгө орлогын мэдээллийг харвал оффшор бүсэд байршуулаад байхаар бизнесгүй юм билээ. Гэвч улстөрд орж ирсэн зорилго юу юм. Оффшор бүсэд байрших хэмжээний хөрөнгө мөнгөгүй Н.Оюундарь УИХ-д орж ирээд нэг жил гаруйн хугацаа өнгөрөхөд яагаад оффшор бүсийг зөвтгөх болов гээд сонирхол татах зүйл бишгүй бий. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал жилдээ 30 орчим сая төгрөг олдог мөн хэмжээний мөнгөн хадгаламжтай, гурван орон сууцтай гэсэн байна лээ. Үүнээс харвал оффшор бүсэд мөнгө байршуулах хэмжээний хөрөнгө алга байна.
УИХ-ын гишүүд ийнхүү нэг нэгээрээ оффшор бүсийг өмгөөлөөд эхлүүл утгаа алдах биз ээ. Магадгүй, манай түшээдээс оффшор бүсэд мөнгөтэй хүмүүс цөөнгүй байгаагийн зэрэгцээ тус бүсийг сонирхож буй гишүүд ч олон байж таарна. Тэгэхээр тодорхой зорилгын үүднээс ийнхүү нууц дансыг дэлхий нийтийн жишиг хэмээн өмөөрөөд эхлэв үү. Тэдний ярьж байгаа зүйлд нэг утга бий. Эдийн засгийн таагүй байдалд оффшорыг буруутгаад байвал Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалт зогсоно хэмээн айлгаж сүрдүүлсэн маягийн тайлбар хийх болжээ. Үүнээс гадна улстөрчдийн бизнес бүлэглэлд багтах “Петровис”-ын Ж.Оюунгэрэл ч оффшор бүсийг өмгөөлсөн байр суурийг илэрхийлж байгаагийн цаана ч өөр эрх ашиг байна уу гэж хардаж болохоор. Анзаарч байхад нэг нэгээрээ оффшорыг өмөөрөөд байх янзтай.
Х.Баатар
Шуурхай.мн