Нийгэм / 2017/12/15 / 4

Х.Булгантуяа: Шинэ оны өмнө урамшуулал, тэтгэмжийг олгоно



Засгийн газраас төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг, хүүхэд бүрт он дуустал хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Энэ талаар Сангийн дэд сайд Х.БУЛГАНТУЯАГААС тодрууллаа.

-Дэд сайд аа, Засгийн газраас төрийн албан хаагч бүрт 300 мянган төгрөгийн урамшуулал, хүүхэд бүрт 20 мянган төгрөгийг олгохоор болсон. Энэ шийдвэр хэвээрээ байгаа гэж ойлгож байна, зөв үү?

-Тийм ээ, төрийн албан хаагч болон хүүхэд бүрт олгох урамшуулал, тэтгэмжийн мөнгийг энэ онд багтааж гар дээр нь өгөх бүх санхүүжилтийг бид шийдсэн. Тийм болохоор шинэ оны өмнө энэ бүх урамшуулал, тэтгэлэг иргэдийн гарт очих болно. Хэдийгээр улс орны санхүү, эдийн засаг хүнд байгаа ч бид амласан ёсоор энэ ажлыг хийж гүйцэтгэнэ.

-Ирэх онд яах юм бол?

-Бид аль болох иргэдийнхээ амьдрал амьжиргааг өөд татах бодлого барьж байгаа. Тийм ч учраас ирэх онд төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийн урамшууллын хэмжээг багасгахгүйгээр нэг удаа хүртээхээр улсын төсөвт хөрөнгө мөнгийг суулгасан. Харин хүүхдийн мөнгөний тухайд амьжиргааны төвшин доогуур айл өрхийн хүүхдүүдэд мөнгийг нь олгоно. Гэхдээ судалгаанд суурилж, 60 хүртэл хувьд нь олгохоор төлөвлөсөн. Хэрэв мөнгө санхүүгийн боломж бололцоо бүрдвэл хүүхдүүдээ нийтэд нь хамруулахыг л хүсч байна. Гэхдээ ОУВС-тай хийсэн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-ийн хүрээнд бидний хүлээсэн үүрэг, авсан амлалт байгааг олон нийт маань зөв ойлгож, хүлээцтэй хандана гэдэгт итгэж байна.

Д.МӨНХ