Төв аймгийн Заамар суманд бичил уурхайд өнгөрсөн бямба гаригт ажиллаж байсан 7 ажилчин техникийн спирт ууснаас 4 нь нас барсан гэх мэдээлэл гараад байгаа.
Орон нутгийн эх сурвалжийн хэлж буйгаар нийт 7 хүн техникийн спиртэд хордсоноос 1 нь уурхай дээрээ, 2 нь Заамар сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэгдэн нас баржээ. Заамар сумын Эрүүл мэндийн төвд 4 хүнийг хүргүүлсний дараа 1 нь нас баржээ. Ингээд 3 хүнийг Улаанбаатар хот руу яаралтай хүргүүлсэн байна.
Хордсон ажилчид бичил уурхайд бус томоохон уурхайд ажиллаж байсныг орон нутгийн эх сурвалж хэлж байна. Чухам ямар уурхайд ажиллаж байсан талаарх мэдээлэл хаалттай байгааг хэлж байв. Мөн орон нутгийн харьяат бус бусад аймаг, нийслэлийн иргэд байх магадлалтай гэнэ. Учир нь өчигдөр хүртэл талийгаачдын гэр бүлийн хүмүүс ирээгүй байсан байна. Өчигдөр Төв аймгаас задлан шинжилгээний багийнхан ирж Заамар суманд талийгаач болсон хүмүүсийн үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээнд оруулжээ.
Бид удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР