УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын Ж.Сүхбаатарын тавьсан асуулга анхаарал татав. Тэрээр хэд хэдэн хуулийн төсөл УИХ-ын чуулганаар орж ирэх ёстойг сануулан түүний дотор Шүүгл үлээгчийн тухай хууль байв. Тэрээр “Шүүгл үлээгчийн тухай хуулийн төслийг АТГ бэлдсэн гэж ойлгож байгаа. Европын холбоо, Хүний эрхийн байгууллагууд Монгол Улсыг хараад байгаа. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт энэ чиглэлийн үүрэг даалгавар дутуу гээд байгаа. Гэтэл хэлэлцэх хуулийн төсөлд энэ хуулийн төсөл харагдахгүй байна. Уг нь хүний эрхийн өдөр энэ хуулийг оруулж ирээд батлаад явчихсан бол хүний эрхийн асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед зөв болох байсан. Ер нь Хууль зүйн яам хэлэлцэх асуудал, хуулийн төслүүдийг эрэмбэлмээр байна” гэв.
Энэ асуултын хариуд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Б.Цогтбаатар гишүүн хууль санаачлахаар төлөвлөөд ажиллаж байсан. Үндсэн чиглэлээр гишүүдийн хууль санаалчах эрхийг хязгаарлаагүй” гэлээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР