Коронавирусийн шинжилгээний цэгүүдэд хийсэн шалгалтаар шинжилгээний сорьц хөлдсөн, дээж холилдож, нэр хаяг солигдсон асуудал үүссэнийг бид мэдээлж байсан. Тэгвэл ийм хариуцлагагүй үйлдэл давтагджээ.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 44-р сургууль дээр байх шинжилгээний цэгээс ХӨСҮТ- рүү энэ сарын 22-нд очсон 507 дээжийн хуруу шилэн дээрх бар код арилжээ. Тиймээс тухайн өдөр ажилласан эмч нарыг өчигдөр орой яаралтайгаар дуудаж, шөнөжин бүртгэлийг нягтлуулан, дахин бүртгэл үүсгэсэн байна.
Бар код нь ямар зориулалттайг албаны эх сурвалжаас тодруулбал, тухайн дээжний эзэн хэн болохыг бүртгэлд тусгасан баримт. Хэний шинжилгээ болохыг бүртгэсэн тоон бүртгэл аж. Өөрөөр хэлбэл, хуруу шилэн дээрх бар код, бүртгэлийн дэвтэр дээр бичигдэж, тухайн кодтой иргэний шинжилгээний хариу тодорхой болно гэсэн үг.
Гэтэл 507 дээжийн бар код арилснаар тухайн 507 иргэний шинжилгээний хариу хоорондоо холилдож, солигдох үндэслэл болох юм.