fbpx Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюу толгойн төслийн талаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
18 минут 6 секунд

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюу толгойн төслийн талаар байр сууриа илэрхийлснийг хүргэж байна

Оюу толгойн төслийн асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, Рио Тинто нүүдэл хийж эхлээд байгаа энэ үед Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг байр сууриа илэрхийлжээ.

Түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

“Оюу Толгой” төслийн ЗГ-ын ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга, эрхэм дүү Б.Солонгод эргэцүүлэн дайх үгс

Эрхэм дүүгийн ажиллаж байгаа Засгийн газрын “гал тогоог” 1980-аад оны эхнээс удирдан хууль дээдлэх, улс төрөөс ангид байх, хувь хүн, аль нэг намын нөлөөг улс орны эрх ашгаас илүүд тавихгүй байх зарчмыг үе үеийн Засгийн газруудад баримталж ирж чадсан нэр нэгт, амьдай Ш.Солонго даргын үлдээсэн зайг орлохоор, “Ivy league”-н сургуулийг дүүргэсэн чадалтай боловсролтой, залуу бүсгүй томилогдсон мэдээг хувьдаа талархан хүлээн авч байсан маань саяхан.

ОТ төслийн талаарх мэдэгдэл, ярилцлагыг чинь өнгөрсөн долоо хоногт хэвлэлээс үзлээ. Нөгөөтэйгүүр дарангуйлагч болохоор санаархсан, далдын ашиг сонирхлыг дотоодын эрх ашгаас дээр тавьсан жонхуурсан Ерөнхийлөгч шүүх, прокурорт нөлөөлж энэ асуудлыг анхнаас нь гардсан хэдэн хүмүүсийг “далд хийж”, амыг нь хамхисан учраас арай дэндүү гүтгүүлж байгаа тэдний өмнөөс дуугарахгүй бол болохгүй нь.

Үгээ хэлэх, тайлбар өгөх боломжгүй хүмүүсийг эрхэм дүү эх орноо 22 тэрбумын өрөнд унагаасан хүмүүс болгоод зарлачихлаа. Олон нийтийн сүлжээний “халуурал” түр намжиг, асуудалд сэтгэлийн хөөрлөөр бүү хандаасай гэсэндээ өнөөдрийг хүргэлээ. ОТ гэрээ гэхээр л үсчдэг хэдэн популист улс төрчдөөс, мөн мэдээлэл, мэдлэг дутмаг хүмүүсээс арай өөрөөр асуудалд хандах болов уу гэж найдан өөртэй чинь уулзаж, танилцаж амжаагүй ч хэдэн санааг эрхэм дүүд илгээе.

Аливаа асуудалд улс төр, хууль эрх зүйн өнцгөөс хандахаас гадна ер нь “Common sense” гэж зүйл бий. Монголчууд бид цөлх ухаан ч гэж ярьдаг, эсхүл “Амьдралын хар ухаан” ч хэмээдэг. Эрхэм дүүгийн ярилцлагаас үзэхэд Рио Тинто манай Засгийн газарт 2051 он хүртэл ноогдол ашиг өгөхгүй, орлогын албан татвар бараг төлөхгүй, тэгээд дээрээс нь ЗГ-ыг 22 тэрбум долларын өрөнд орно гэсэн тооцоо гаргаж өгчээ дээ янз нь. Дахиад хар ухаанаар бодоод үзье. 34 хувийг эзэмшиж байгаа тал 22 тэрбумын өрөнд орохоор бол 66 хувийг эзэмшиж байгаа нөгөө тал бараг 2 дахин буюу 44 тэрбумын өрөнд орох нь. 66 тэрбумын өрөнд орох төслийг олон улсад хэн санхүүжүүлэх үү? Нэмж санхүүжүүлэх нь байтугай, оруулсан хөрөнгөө нэн яаралтай татаж авна гээд бөөн юм болно биз дээ.

Нөгөөтэйгүүр эрхэм дүүгийн онцлон шүүмжлээд байгаа “Дубайн гэрээ” гэгчид чинь Монголын Засгийн газар болон Рио Тинто-гийн хүлээх үр өгөөжийн харьцааг 53:47 байна гээд анх удаа 2 талаасаа хүлээн зөвшөөрч бичгээр үйлдсэн байгаа. “Дубайн гэрээ” гэж нэрлээд байгаа Санхүүжилтийн төлөвлөгөөний Ерөнхий зүйлийн 2.2-ын Б хэсэгт:”Далд уурхайн ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу ОТ төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор МУ-ын Засгийн газар нь ОТ төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гэсэн байгаа.

Энэ 53:47 хувийн үр өгөөжийн харьцуулсан бүх тооцооллыг хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд болох олон улсын хууль, санхүүгийн зөвлөх компаниуд Shearman Sterling, Comprador тухайн үеийн “Эрдэнэс Монгол” төрийн өмчийн компани хөрөнгө зарж төслийн нийт үргэлжлэх хугацаанд гаргуулсан. Энэ үр өгөөжийн задаргааг орлого, татварынх нь нэр төрөл бүрээр нь гаргасан байгаа. Энэ тооцооллыг 2015 онд хоёр тал хүлээн зөвшөөрч Дубайд Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Энэ тооцоолол нууц биш. Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг торны ард суулгасан болохоор ядаж тэр үед ажлын хэсэгт орж ажилласан Ч.Отгочулуутай уулзаад мэдээлэл авах хэрэгтэй. ОТ-ын асуудал аль нэг намын асуудал биш учир ЗГ, “Эрдэнэс-Монгол” компанийн институцийн залгамж чанарыг намчирхалгүй байнга хадгалж явах учиртай. Үүнийг улс төрийн тогоотой гүн гүнзгий холилдчихоогүй өөр шиг чинь хүмүүс илүү холбох ёстой юм. Өөрт чинь хэвлэлийн бага хурал хийж хэрүүлийн сэдэв шидэж чаддаг улс төрчид биш хэлэлцээр, гэрээн дээр ажиллаж хэцүү асуудлыг шийдэж чаддаг мэргэжлийн хүмүүс илүү хэрэгтэй. Ажлын хэсэг одоо өөрсдийн хөндлөнгийн олон улсын аудит ажиллуулахаас гадна урд нь ажилласан олон улсын зөвлөх 2 байгууллагыг дахин дуудаж тооцооллоо нэгтгэх нь чухал. Тэгээд ч ЗГ-ын зүгээс Рио Тинто-той 5 жил тутам гэрээг дүгнэж сайжруулж байхаар харилцан тохирсон. 2009 оны ХОГэрээг 2011 онд сайжруулж нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2015 оны Санхүүжилтийн төлөвлөгөөг дүгнэх, нэмэлт өөрчлөлт хийх 5 жилийн цаг хугацаа ч өнгөрөөд байна.

2015 оны тооцооллоор манай тал зэсийн үнийг 6000 доллараас дээш байх тохиолдолд Монгол Улсын ЗГ төслийн үргэлжлэх нийт хугацаанд 22 тэрбум долларын өрөнд орох бус эсрэгээр 46 тэрбум долларын үр өгөөж хүртэхээр байгаа. Үүнээс ААН-н орлогын албан татвараар 14,5 тэрбум доллар орохоор бий. Хэрвээ манай тал 22 тэрбум долларын өрөнд орохоор байгаа бол, ААНОАТ-ыг 4-хэн жил төлөхөөр шинэ тооцоог нөгөө тал гаргаж ирж байгаа бол энэ 53:47 харьцаа хадгалагдах ямар ч боломжгүй болсон нь ойлгомжтой. Иймд харилцан тохиролцсон 53:47 харьцаа алдагдсан бол Дубайн гэрээнд өөрчлөлт оруулах эрх үүснэ. Арбитрт очилгүйгээр 2 тал хэлэлцээний ширээний ард дахин суух эрхтэй, бас шаардлагатай боллоо гэсэн үг.

Энэ ажлыг хариуцаж яриа хэлэлцээ хийх гэж байгаа хүний хувьд, ширээний нөгөө талд суугаа нээлттэй, хяналттай компанийн удирдлага, хүмүүстэй нэг биш уулзсаны хувьд нэгэн зүйлийг эрхэм дүү аль хэдийн анзаараа бизээ. Монгол Улсынхаа хамгийн том төслийг хөдөлгөх, сайжруулах эрхэм зорилго тавьсан хүмүүс хэзээ ч ширээний доогуур тохиролцох, хувийн асуудлаа шийдүүлэх, олны хардаад байгаа шиг авлига хахууль авах ямар ч боломж нөхцөлгүйг одоо эрх биш өөрөө ойлгоо бизээ. 2009 оны ХОГ хэлцэл хийж байсан хүмүүсийг авлига авсан гэдэгт би огт итгэдэггүй, 2015 онд ч байдал яг ийм байсныг хяналт тавьж байсны хувьд би 100 хувь баталж чадна. Өнөөдөр ч эрхэм дүү ийм байдалд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Дээрээс захиалга авч, “Эзэн”-ий хатуу шахалтын доор ажиллаж байсан мөрдөгчид, прокурор, шүүгч нар ч хахууль, авлига авсныг “ОТ хэрэг” гэгч дээр хэний ч эсрэг нотолж тогтоож яллаж чадаагүй. Цаашид ч чадах ч үгүй, яагаад гэвэл хэзээ ч авлигын асуудал байгаагүй учраас тэр.

Манай дотоодод өр зээл, ногдол ашиг гээд мөнхийн маргаан дагуулж байгаа гол гогцоо УИХ-аас баталж ЗГ хэрэгжүүлэхээс өөр аргагүй байсан 34 хувийн санхүүжилт дээр гардаг. 34 хувийн ноогдол ашиг Монголын талын хүртэх үр өгөөж дотор хэдэн хувийг эзэлж байгааг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Гол асуудал, гол орлого мэт л андуурч улс төрждөг. 34 хувийн ноогдол ашиг бол манай хүртэх үр өгөөж дотор 20 хүрэхгүй хувийг эзэлдэг. Тиймээ, ердөө 17 хувь! Бусад төрөл бүрийн татвар, төлбөр дийлэнх 80-аас дээш хувийг бүрдүүлж байнаа гэсэн үг. Манай 34 хувьд оногдох ногдол ашиг, Монголд ирэх мөнгөн урсгалын 17 хувийг л бүрдүүлж байгаа ч түүнийг хангахын тулд авсан зээл, зээлийн хүү төлбөр энэ бүх хэрүүлийг, улс төржилтийг, популизмыг, үл ойлголтыг төрүүлж байгаа болохоор уг хувийг өөр роялти татвараар солих нь зүйтэй гэсэн санал сүүлийн үед ихээр гарах болсон нь ч ийм учиртай. Эрхэм дүүд хэлэхэд 34 хувийг роялти татвараар солих шийдвэрийг УИХ-аар гаргуулна гэдэг амаргүй даваа. Босоо Ганбаа, Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ гээд поп ертөнцийн “Далай даян, дархан аваргууд” байгаа Их хурал шүү дээ. Наадуул чинь асуудал яаж шийдэх үү гэдгээс илүү ард олноос яаж оноо цуглуулахаа л боддог хүмүүс.

Энэ бүхнийг даваад УИХ-аас шийдвэр гаргуулж чадлаа гэж бодьё. Улс нийтийн эрх ашгийн төлөө хувийн асуудлаа умартан зүтгэсэн хүмүүст төрийн нэрийн өмнөөс улс төр ямар “шагнал” өгч шорон оронд томилолт өвөртлүүлдгийг төрийн байгууллагынхан одоо сайтар ойлгож санаа сэтгэл дотроо айж хулчийсан байгаа. Тэд хэзээ ч санал санаачлага гаргахгүй, гагцхүү хэлсэн шахсанаар чинь дуртай дургүй хөдөлнө. Ачааны хүндийг өөрөө л үүрнэ гэсэн үг. Ерөнхий сайд чинь, ХЭГ-ын дарга чинь энэ асуудлыг шийдэх улс төрийн манлайлал үзүүлэхгүй, зориг зүрх гаргаж шийдэхгүй л бол өөрөө мянга чардайгаад ямар ч нэмэргүй, үр дүнгүй ажил болоод л өнгөрнө. Ядаж байхад эргэн тойронд чинь өнөөдөр инээж нуруугаар тэврэх ч маргааш хэрэг гарвал нуруу руу чинь хутгалах зантай хүн нэг бус байгаа.

Эрхэм дүүгийн ажил хийх, асуудал шийдэх урам зоригийг мохоох гэсэнгүй. Бодит үнэнг л мэдэр гэсэн юм. Хэрвээ 1979 онд Эрдэнэтийн гэрээг анх хийсэн хүмүүсийн зөвхөн Зөвлөлтийн хэлсэн маш доогуур үнээр зэсийн баяжмалаа худалдана, 2003 он хүртэл татвар авахгүй, үйлдвэрээс ашиг авах бүү хэл төсвөөс татаас өгнө гэдэг заалтууд өнөөдрийн нээлттэй нийгэмд байсан бол бараг цаазын ял сонсох байсан биз. ОТ дээр үүнээс хамаагүй дээр гэрээ хийсэн хүмүүс өнөөдөр эрх чөлөөгөө хасуулаад шоронд хадагдаад байна. Харь улс руу ашгийн тал хувь нь урсаж байсан Эрдэнэтийг сонголтгүй нөхцлөөр Монголдоо буцааж авчирсан хүмүүс ч өнөөдөр ялтан болоод сууж байна.

Хэлэлцээ хийгээд хичнээн ахиц дэвшил гаргасан ч эрхэм дүүг попуудын өлөн сүрэг хүлээж байгаа. Ногдол ашгийн хугацааг хичнээн наашлуулсан ч тэд өнөөдрөөс эхэлж авах байсан юм л гэнэ. 34 хувийг роялти татвар болгох гэвэл Монголчууд баялгийн ордоо Рио Тинтод 100 хувь бэлэглэж, тэг хувьтай хоосон хоцорлоо л гэж мушгина, татварын маргаанаа нэг тийш болговол гүйцэд авсангүй ээ л гэнэ. ОТ-г л шүүмжлэх нь миний дахин сонгогдох баталгаа гээд бооцоо тавьчихсан сүрэг цөөвөр л байгаа гэж мэд. ОТ төслийг эх орондоо яаж ч ашигтай шийдсэн ч сайнаар бодоход шүүмжлүүлж хараалгуулна, саараар бодоход 2009, 2015 оны ах нартайгаа “хам хэрэгтэн” болох хувь заяа эрхэм дүүг хүлээж байгаа болохоор тэр.

Ажил хариуцаж байгаа хүний хувьд хэвлэл мэдээлэл Чуулган, Засгийн хуралдаан дээр хэлж байгаа үг, байр суурь болгон чухал ач холбогдолтой. Ганц ярилцлагаараа хэдэн хүнд 22 тэрбум долларын төлбөр тавихаас илүү уршиг, үр дагавар гарч болно. Гэрээ хэлэлцээрт нөлөөлөхөөс авахуулаад гадаадын хөрөнгө оруулалт, төгрөг долларын үнэ ханш, хөрөнгийн биржийн үнэ ханшид ч нөлөөлнө. Ковид өвчин мэдээж хазаарлагдана, хил гааль худалдаа нээгдэнэ. Өнөөдрийн манай агшсан эдийн засгийг хурдан тэлэхэд гадаадын хөрөнгө оруулалт л хамгийн чухал үр дүнг өгнө. Ядаж өөр шиг чинь хүмүүс гадаадын хөрөнгө оруулалтын талаар Босоо Ганбаа шиг хамаагүй хандмааргүй байна. Гадагшаа дуугарч байгаа сувгаа нэг болгох хэрэгтэй. Өнөөдөр нэг нь гарч ирээд ЗГ гэрээг цуцална гээд, маргааш нь нөгөө нь болчимгүй мэдэгдлээ засах гээд цуцлахгүй гээд байх юм бол ажилд тус гэхээсээ илүү ус л болно.

Монголчууд нэгдэж нийлж байж л Рио Тинто шиг үндэстэн дамнасан том корпорацитай эн тэнцүү хэлэлцээ хийж, хамтарч чадна. Өнгөрсөн жилүүдийг эргэн харахад бид дандаа дотроо хэмлэлдэж, гаднаа өгөөш өгч, бие биенээ харлуулж, гүтгэж хорьж цагдаж байснаас гадагшаа нэг хүч болж хэзээ ч ажиллаж чадаагүй иржээ.

Нөгөөтэйгүүр Засгийн газар, Рио Тинто 2 нэг завинд суусан нэг эрх ашигтай, олбол хамт олно, алдвал хамт алдана гэдгээ хаана хаанаа ойлгох цаг иржээ.

Эцэст нь эрхэм дүүд нэгэн зүйлийг захья. Намайг Ерөнхий сайдаар томилогдох үед Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Тони Блэйр баяр хүргэж захидал ирүүлсэн юм. Тэр “Ерөнхий сайдаар ажилласныхаа дараа би зарим асуудал дээр арай л зориг зүрхтэй, шийдэмгий байж чадаагүйдээ дараа нь их харамссан, миний энэ алдааг битгий давтаарай” гэж надад зөвлөж байсан юм. Энэ нь ч дараа нь хүнд хэцүү шийдвэрүүд гаргахад надад их нөлөөлсөн. Ингэснээр ч ОТ-ын гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, ОТ-с дутахгүй том үйлдвэр болох Эрдэнэтийг сонголтгүй байсан ч Монголдоо буцааж авчрах шийдвэрүүдийг зоригтой гаргаж чадсан юм. Гэхдээ өнөөдөр шүүмжлүүлж, гүтгүүлж доромжлуулж байгаа ч маргааш Монгол эх оронд минь, Монгол түмэнд минь хэрэгтэй шийдвэрүүд байсан нь өдөр ирэх тутам улам тодорхой болно. Үүний ч нотолгоо болж өнөөдөр хөршөөсөө асуулгүйгээр хүмүүсийнхээ цахилгаан, дулааны мөнгийг даах шийдвэр гаргах боломж нэгэнт бүрджээ.

Ирээдүйд ОТ төсөл Монголыг минь авч явах болохоор, төр түмэндээ зүтгэсэн зөв, үр дүнтэй өв үлдээх болохоор, үр хүүхдүүд маань энэ төслийг улс төрийн капиталаа золин байж хийсэн хүмүүсийг зөвөөр ойлгож хүлээн авах нартай өдөр ирэх нь ойлгомжтой учраас асуудал хариуцсан хүний хувьд эрхэм дүү энэ асуудлын ард гарахаас өөр аргагүй. Эс зоригловоос эсхүл эртхэн ажлаа өгсөн нь дээр. Санаа зөв бол заяа зөв ч гэдэг. Амжилт хүсье, эрхэм дүүд!

Хүндэтгэсэн

Монгол Улсын 28 дах Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ОТ төслийн гүний уурхайн их бүтээн байгуулалтыг эхлүүлж чадсан

Ч.Сайханбилэг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Согтуурсан үедээ нөхрөө хутгалж, амь насыг нь хохироожээ
Согтуурсан үедээ нөхрөө хутгалж, амь насыг нь хохироожээ
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​